Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

Б.*******т холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Н.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох 2324000350090 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их-уул сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, “******* ******* ******* ******* *******” ХХК-нд түлшний нярав ажилтай, ам бүл 4, эцэг, ах, эгчийн хамт аймаг талбайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / регистрийн дугаартай/ овогт ы *******,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын аа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.ын эзэмшлийн Iphone12 маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ы *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 45 /дөчин тав/  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр  сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******ийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын аа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.ын эзэмшлийн Iphone 12 маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль 1. бусаар хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.ын эзэмшлийн Iphone 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрээр гэм буруугийн талаар анхаасаа маргаагүй байдаг. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид учруулсан 1,600,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэглэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэх байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөөгүйтэй холбоотойгоор тайлбар хэлье. Шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, эцэгтэйгээ хамт амьдардаг. Шүүх хуралдааны явцад хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авсан. Өөрөө цагдан хоригдож байсан учраас хохирол төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгч миний бие ар гэртэй нь холбогдсон. Эцгийнх нь хувьд өөрийн боломжоороо хохирол төлсөн. Санхүүгийн байдал тааруу учраас хохирлоо төлөхөө илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хохирлыг нөхөн төлөөгүй гэх үндэслэлээр хорих ял оногдуулсан. Эцэг нь хохирлыг нөхөн төлсөн. Эцгээс нь өөр анхаарал халамж тавих хүн байдаггүй. Хэрэг шалгагдаж байх үед оргон зайлсан асуудал яригддаг. Ийм нөхцөл байдал байсан. Хуулийг ойлгож ухамсарлаагүйгээс болсон байх гэж бодож байна. Хариуцлагагүй хандсан үйлдэл байгаа. Хорих ялын тал орчим хувийг эдэлсэн. Оршин суух хаягийн хувьд, Их-уул сумын Зарт багт оршин суудаг байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Баянхошууны 39 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг. Эцэгтэйгээ хамт түр оршин суудаг. Төлөв томоотой байна гэдгээ илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөл байдал, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгөөч гэж хүсэх байна гэв. 

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд ...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл байдалд тухайн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний эцэст, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу тэнсэх боломжтой гэж хуульчлан зохицуулсан. Шүүгдэгч Б.*******ийн хувьд анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 09 дүгээр сард болсон. Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сард үйлдэгдсэн. 1 жилийн хугацаанд хохирлоо төлөх санаачилга гаргаагүй. Хохирол төлөхөөр завсарлага авсан боловч, хохирлоо төлөөгүй. Энэ нь гэмт хэрэгтээ хандаж буй байдлыг харуулах байх. Тухайн хэрэгт 2023 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Яллагдагч оргон зайлсан. Хаана оршин суугаа нь тодорхойгүй байсны улмаас Цагдаагийн газар эрэн сурвалжилсан. Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Шүүх, прокурор, цагдаагийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй гэдгийг тайлбарлан сануулсаар байтал, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хувийн байдлын хувьд дутагдалтай зүйл байсан. Анхан шатны шүүхийн зүгээс оногдуулсан ял шийтгэл нь хувийн байдал, хохирлоо төлөөгүй зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын аа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.ын эзэмшлийн Iphone12 маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Энэ нь

Насанд хүрээгүй хохирогч Х.ын  “...******* 2023 оны 03 дугаарын 07-ны өдрөөс хойш өөрийн “ ” нэртэй фэйсбүүк хаягнаас “a aa” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй найз болж чатаар харьцаж утсаар ярьж, видео калл хийж эхэлсэн энэ үед тухайн иргэн намайг а гэдэг би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул одоогоор Улаанбаатар хотод ажилладаг гэх зэргээр чат бичдэг ярьдаг байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би чамтай уулзахаар ирсэн байна.  Уулзъя гэж чат бичсэн тэр үед нь би Тосонцэнгэл суманд явж байна уулзахгүй гээд уулзаагүй. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг өнгөрөөд хичээлээ тараад гэр рүүгээ явах гээд сургуулийн арын хашааны хаалгаар гарах гэж байтал нэг жижиг эмэгтэй хүүхэд дагуулсан а гэгч намайг хайгаад явж байсан. Тэнд би а гэгчтэй анх тааралдаад 1 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбайтай сааданд очиж сууж хэсэг юм ярьсан. Энэ үед тухайн а гэгч миний утсыг аваад кодоо хэлээд өгчих гээд байсан би өөрөө царайгаа таниулъя гэхэд яагаад надаас кодоо нуугаад байгаа юм гэсээр байгаад миний утасны кодыг хэлүүлж авсан. Тэгээд тухайн  тоглоомын талбайтай сааданд хэсэг сууж байгаад намайг явах гэтэл чи надтай 17 цаг болтол автобус иртэл хамт байчих гээд миний утсыг өгөхгүй байсан. ******* үгүй хамт байж яах юм явлаа гээд утсаа аваад явтал сааднаас гарах хаалганы ойролцоо ирээд би явлаа гээд намайг тэвэрчхээд явсан. ******* тухайн газраас шууд гэртээ хариад утсаа үзтэл миний утас гадна талын хувцасны халаасанд байхгүй байсан. ******* утсаа хаячихлаа гэж бодоод Их-Уул сумын зарын групп болон Их-Уул сумын хөгжил цэцэглэлт иргэдийн оролцоо гэсэн хоёр газар утас гээсэн олж өгсөн хүнд шагналтай гэж зар оруултал гэсэн дугаараас утсыг чинь олсон надтай уулзаж утсаа ав, утсаа авмаар байвал мөнгө шилжүүл гэх зэргээр мессэж бичсэн бас а гэх фэйсбүүк хаягнаас чат бичиж байгаад намайг блок хийсэн. Тэгээд би утсаа олдохгүй болохоор нь гар утас алдсан тухайгаа сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр , , , , гэх найзуудтайгаа шийтгэлтэй хөзөр тоглож байгаад фэйсбүүк чатаар танилцъя гэсэн чат явуулаад хамгийн түрүүнд хариу явуулсан хүнтэй чатлана гэж тохироод би энэ хаяг руу чат явуулаад танилцаж харьцаж эхэлсэн. Тэрнээс өмнө энэ хүнийг би танихгүй. Бүтэн нэрийг нь ч бас мэдэхгүй. Хулгайд алдсан Iphone12 маркийн, хөх өнгийн гар утсыг манай бэр эгч 2022 оны 07 сард 2,100,000 төгрөгөөр Австрали улсаас захиж авчруулаад өөрөө хөдөө байдаг тул надад хонхны баярын бэлэг гэж өгсөн байсан. ******* гар утсаа алдсан тухайгаа өөрийн аав , ээж нарт хэлсэн мөн бэр эгч нар мэднэ. а гэх фэйсбүүк хаягнаас утсыг чинь олсон ийм хөөрхөн охин утасгүй яаж байх юм бэ, мөнгө шилжүүл эсвэл орой надтай уулз гэх зэргээр чат бичээд байсан. гэсэн дугаараас бас тэгж бичиж байсан энэ дугаараар нь хайхаар а гэсэн фэйсбүүк хаяг бүртгэлтэй гарч ирээд байсан. а гэсэн хаягаас энэ чиний утас мөн үү гэх зэргээр миний гар утасны зургийг над руу явуулсан. Миний алдсан утас нүүр царай таних болон гэсэн тоон кодтой мөн APPLE ID болон iclouds нь идэвхтэй надаас өөр хүн ашиглах боломжгүй байсан. а гэсэн хаягаас энэ чиний утас мөн үү гэж над руу миний утасны зургийг явуулахдаа кодыг нь тайлсан зураг явуулсан. Миний утасны кодыг тухайн өдөр надтай уулзсан а гэх хүн л дахин асуусаар байгаад өөрөө кодыг нь тайлсан. Тэр хүнээс өөр миний утасны кодыг мэдэх хүн байхгүй. Миний утасны кодыг тайлж байж утсан дээрх iclouds-ийг идэвхгүй болгодог. ******* өөрийн утасны iclouds-ийг өөр төхөөрөмжөөс идэвхтэй болгож утасны байршлаа хайх гэсэн боловч миний iclouds-ийг тухайн алдсан утаснаас гаргасан байсан тул миний утасны байршил илрээгүй...” гэсэн мэдүүлэг,

Ш.ын “...Охин маань утсаа алдсан талаараа хэлсэн. Хэрхэн яаж алдсан талаараа надад хэлээгүй. Мэдүүлэгт сууж байхдаа Их-Уул сумын цэцэрлэгт хүрээлэнгийн саадан хүүхэдтэй уулзсан. Тухайн хүүхэд нь охиныг маань тэвэрч авахдаа утсыг нь авсан гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар 1,600,000 төгрөгийн хохирол учирсан. Охины утасны мөнгө болох 1,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр уг хэрэгтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.гийн “...******* 2022 оны 07 дугаар сард Австрали улс руу монгол мөнгөөр 2,100,000 төгрөгөөр захиалга өгч Iphone12, 128GB, маркийн гар утас худалдан аваад өөрөө хөдөө байдаг тул хэрэглэхгүй болохоор өөрийн нөхөр ын дүү ад хичээл номоо хийхэд нь тус нэмэртэй байх юм болов уу гээд 2023 оны 04 дүгээр сарын эхэн үеэр хонхны баярын бэлэг болгон өгсөн. Гэтэл манай хадам дүү 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бэргээн би таны өгсөн утсыг хулгайд алдсан гэж хэлсэн тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж байсан. Модель нь америк улсад үйлдвэрлэгдсэн, 128GB санах ой бүхий, iphone12 маркийн, хөх өнгийн гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орчим өгсөн. Хайрцаг сав нь одоо бол байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ы “...Манайх нэрээр шүүж үзэхэд Б.******* гэх хүний нэр дээр Iphone12 марк загварын гар утас 800,000 төгрөгт 2023 оны 05 дугаар сарын 02-нд тавигдсан тэгээд 2023 оны 05 дугаар сарын 15-нд зээлээ хаагаад гар утсаа авсан байна. Гар утасны гэрээг ямар нэгэн байдлаар гаргаж өгөх боломжгүй тухайн 7 хоногтоо татвар руу явдаг гэж байсан. Манайх цаасаар бүртгэл хийдэггүй программ дээр хийдэг бүртгэл байгаа. Б. гэх хүн урьд өмнө ямар нэгэн эд зүйл тавьж байгаагүй нэг удаа л тавьсан мэдээлэлтэй байгаа. *******чиг баримттай хүнээр өөрийнхөө бичиг баримтыг мөнгөтэйгөө ирж авдаг журамтай эсвэл өөрөө л ирж авдаг байгаа тухайн Б. нь 2023 оны 05 дугаар сарын 15-нд өөрийн биеэр ирж авсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай: “...1 ширхэг Iphone12 /128GB/ маркийн гар утасны үнэлгээг 1,600,000 төгрөг гэж тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 83/, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-31/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

4. Давж заалдах гомдол болон эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Н.******* нар давж заалдах гомдолдоо ...шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.ын эзэмшлийн Iphone-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрээр гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй байдаг. Хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******т прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.******* давж заалдах гомдол гаргах үедээ бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Хэдий давж заалдах шатны шүүх хуралдаан болох үед бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн ч, түүний хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэхгүй удаашруулсан нөхцөл байдал, гэм буруу, хувийн зан төлөв, хүмүүжлийн байдалд нь дүгнэлт хийхэд тухайн шүүгдэгчид оногдуулсан 8 сарын хугацаатай хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                              Ж.БАТТОГТОХ