Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 120/ШШ2026/0031

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Өндөр алтай зам” ХХК /РД:5730775/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, О.Одбилэг,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч,

Гуравдагч этгээд: *******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, О.Одбилэг, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/27-02/131/12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. “Өндөр алтай зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А-14/25 дугаар тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...хөлсөөр ажиллах гэрээтэй, дампын оператор /шакманы/ Б.Пүрэвдаян нь үйлдвэрлэлийн осол бус өвчний улмаас нас барсан, мөн тухайн осолдогч нь ажлын бус цагаар архи согтууруулах ундааг нууцаар хэрэглэсэн нь ажилтантай хийсэн хөлсөөр ажиллах гэрээний 8.3, Компанийн дотоод журмын 8.4.15, Кемпийн дотоод журмын 5.1.1  заалтуудыг зөрчсөн тул үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй...” гэж дүгнэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг[1] /огноогүй/ гаргажээ.

3. Хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь дээрх актад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ хийн, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 07/27-02/131/12 дугаар дүгнэлтийг[2] гарган, уг дүгнэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн[3] байна.

4. Нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэлээ 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 120/ШЗ2026/0060 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “...Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.9, 3.10, 3.11-д заасны дагуу манай байгууллагаас томилогдсон комисс уг тохиолдлыг үйлдвэрлэлийн осол биш, архаг хууч өвчнөөр өнгөрсөн гэж дүгнэлтээ гаргасан, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр ч тэр зүрх судасны архаг хууч өвчтэй байсан талаар нь дүгнэсэн байдаг.

Гэтэл хөдөлмөрийн улсын байцаагч нь уг тохиолдол /Б.Пүрэвдаян тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч эмч байгаагүйн улмаас эмийн санд нас барсан/-ыг дүгнэхдээ манай актыг хүлээн зөвшөөрөөгүйн зэрэгцээ, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх хэсгийг үндэслэн үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн, уг дүгнэлтэд ямар гадны хүчин зүйлийн үйлчлэл нөлөөлөлд өртөж амиа алдсан гэдгийг огт дүгнээгүй. Өвчнөөр өнгөрсөн тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцоод байвал заавал үйлдвэрлэлийн осол гэж тусдаа хуулийн зүйл заалтаар "гадны хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн байх ёстой" гэж тусгах шаардлагагүй юм. Энэхүү тохиолдол нь үйлдвэрлэлийн осол мөн/биш гэж тогтоосон шийдвэрээс хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах хэсэгт зааснаар "үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтан нас барсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж ар гэрт нь олгох" заалт үйлчлэх болж манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна.

Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20 дах заалтыг зөрчиж дүгнэсэн хууль бус дүгнэлт байх тул энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ дүгнэлтийг манай байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүх рүү 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/27/02-131/12 тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн 4-д "Дүгнэлтийг эс зөвшөөрвөл Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 7.1 дэх хэсэгт зааснаар гомдлоо гаргах эрхтэй" гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан уг дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн улсын байцаагчийн 07/27/02-131/12 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дамжсан Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 240.3 километр хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2019 оноос хойш ажиллаж байгаа, төслийн хүрээнд манай компани “Грави стоне” ХХК-тай хамтран ажилласан. Үүнтэй холбоотой “Грави стоне” компанид хөлсөөр ажиллах гэрээ байгуулан төслийн талбайд ажиллаж байсан шакман тээврийн хэрэгслийн оператор Пүрэвдаян нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан үйл явдал тохиосон, үүнтэй холбоотой улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гаргасан, энэ дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөнтэй холбоотой дараах тайлбарыг өгч байна.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бэлтгэх дүрэмд ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт хариуцсан улсын байцаагчид хүргүүлнэ, 3.10-т үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт, хөдөлмөрийн хяналтын хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянаж баталгаажуулна, 3.11-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана гэж тус тус заасан байдаг.

Манай байгууллагаас томилогдсон комисс шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө дүрэмд заасан хугацаанд акт гаргасан байх, огноог нь сайн мэдэхгүй, комисс уг тохиолдлыг үйлдвэрлэлийн осол биш, архаг хууч өвчнөөр өнгөрсөн гэдэг дүгнэлтийг гаргасан байтал улсын байцаагч нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр дүгнэхдээ манай актыг хүлээн зөвшөөрөөгүйн зэрэгцээ үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн байдаг. Дээрх дүрмийн 2.1.1 дэх заалт нь ажлын байран дээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасныг илтэд зөрчсөн үйлдэл болж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэдгийг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн осол, үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан.

Гэтэл улсын байцаагчийн дүгнэлтэд ямар гаднын хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж амиа алдсан бэ гэдгийг огт дүгнээгүй, өвчнөөр өнгөрсөн тохиолдолд тодорхой өвчнөөр өнгөрсөн тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцоод байвал үйлдвэрлэлийн осол гэж тусдаа хуулийн зүйл заалтаар гаднын хүчин зүйлийн үйлчлэлд өртөх гэж тусгайлан тусгах шаардлагагүй байсан. Уг ажилтан амиа алдсан тохиолдол нь өөрөө үйлдвэрлэлийн осол мөн биш эсэхээс хамаараад Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтан нас барсан бол 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж ар гэрт нь олгох заалт үйлчилж байгаа. Энэ дүгнэлтээс шалтгаалаад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасан заалтыг явцуу дүгнээд, тус заалтыг зөрчсөн гэж үзэж энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын байцаагчийн дүгнэлтийг манай байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад тус шүүх рүү 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Энэ дүгнэлтийн дүгнэх хэсгийн 4-д дүгнэлтийг эс зөвшөөрвөл Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан, мөн түрүүн дурдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан гүйцэтгэх дүрмийн 7.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд харьяаллын дагуу дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Ажлын байран дээр осол гарсан тухай бүрд ажил олгогч нь судлан бүртгэж, акт үйлдэж холбогдох байгууллагад мэдэгдэх бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хянах үүрэг нь зөвхөн ослын актыг баталгаажуулах эсвэл баталгаажуулах бус гээд хуульд заачихсан. Гэтэл улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргахдаа үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, нягтлан судалж үзсэнээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилго хангагдахаар байна. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлтэд осол гарсан шалтгаан, хүчин зүйлийг хэрхэн судалж хянасан талаар огт байхгүй, зөвхөн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа нас барсан гэдэг үндэслэлийг барьж үйлдвэрлэлийн осол гэж явцуу дүгнэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг явцуу дүгнэж, хуулийн шаардлага, зорилгод нийцээгүй байдлаар дүгнэсэн гэж үзэж байна.

Манай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад бие нь муудсан бүх тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж үзэх нь өрөөсгөл юм, комиссын архаг хууч өвчнөөр өнгөрсөн гэж дүгнэлтээ гаргасан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар зүрх судасны архаг хууч өвчтэй байсан талаар дүгнэлттэй холбоотой тусгагдсан нь харагдаж байна. Гэтэл хөдөлмөрийн улсын байцаагч уг тохиолдлыг дүгнэхдээ манай актыг хүлээн зөвшөөрөөгүй, дүрмийн 2.1.1 дэх хэсгийг үндэслэн үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход шинжилгээ хийгдээгүй, зөвхөн ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байх үед нас барсан гэдэг ерөнхий нөхцөлд тулгуурласан, энэ нь холбогдох хууль журмын дагуу үйлдвэрлэлийн осол гэж дүгнэхэд шалтгаан нөхцөл, холбоог заавал судалж тогтоох, баримтаар нотлох шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь шаардлага хангагдаагүй тул дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн дотоод журмын хувьд “Өндөр алтайн зам” ХХК-ийн дотоод журам байгаа, төслийг гүйцэтгэж байгаа, ажлын талбай дээр ажиллаж байгаа аль ч компанийн хүмүүс захиалагч талын дотоод журам болон техникийн дотоод журмыг мөрдөж ажиллахаар заагдсан байдаг. Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Өндөр алтайн зам” ХХК-ийн ХАБ-ын ажилтан өгч байсан, тухайн осолдогч иргэн нь “Грави стоне” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээтэй учраас манай компанид тухайн осолдогч иргэнийг эрүүл мэндийн үзлэг, сургалтад хамруулсан ч юм уу, тиймэрхүү баримт бичгийг манай компаниас гаргах боломжгүй, хоёр компанийн хооронд байгуулсан ажил гүйцэтгүүлэх гэрээнд тухайн тохиолдлыг нарийвчилж зохицуулсан заалт гэрээнд байхгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдол байхгүй. Иймд улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 07/27-02/131/12 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэв.

6. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн[4] болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь Б.Пүрэвдаянд холбогдох ослыг судлаад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.6, 3.1.20, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1, 2.1.4 дэх заалтуудыг хангаж байгаа, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны А/587 дугаар тушаалд "Зүрхний шигдээсний эмнэл зүйн заавар 2019"-ийн хэд хэдэн шинж тэмдэг болон өвчтөний нас барсан байдал, нас барсны гэрчилгээнд заасан оноштой тохирч байна гээд үйлдвэрлэлийн осол бус өвчний улмаас нас барсан гэж тогтоосон.

Тухайн комиссоос ирүүлсэн ослын актыг хянаж үзэхэд осолдогч Б.Пүрэвдаян нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 43-11 УКИ тээврийн хэрэгслийг жолоодон асфальтын үйлдвэрээс ачилт хийхээр явж байх үедээ буюу тээврийн хэрэгслээ жолоодож явах үедээ, тээврийн замын 160 дахь километрт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч эмч байхгүйн улмаас эмийн санд нас барсан болох нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, актын хавсралт материалууд болох гэрчүүдийн тайлбар мэдүүлэг, ослын судалгаа зэргээр нотлогдсон.

"Ажлын байр" гэдэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг гэж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн нэр томьёо, тодорхойлолтын Монгол улсын 4967:2000 стандартад ажиллагсад хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотой байнга ба түр хугацаатайгаар оршин байх буюу шилжин явах, ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтад байх газрыг гэж,  мөн байнгын ажлын байр гэж 4967:2000 стандартад ажиллагсад тасралтгүй 2 цагаас илүү хугацаанд эсвэл өдрийн нийт ажлын цагийн 50-иас дээш хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байрыг гэж тус тус зааснаар жолооч Б.Пүрэвдаяны ажлын байрны онцлог нь өдрийн нийт ажлын цагийн 50-иас дээш хувьд нь тээврийн хэрэгсэлдээ ажил үүргээ гүйцэтгэдэг байсан, тиймээс осолдогч Б.Пүрэвдаянд холбогдох осол нь дээрх дүрэм"-ийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарч байгаа тул миний бие үйлдвэрлэлийн осол мөн гэж үзсэн, осолдогч хэдийгээр "Грави стоне" ХХК-ийн ажилтан боловч тус үйлдвэрлэлийн ослыг "Өндөр алтайн зам" ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс "Өндөр алтайн зам" ХХК-ийн нэр дээр судлан бүртгэж, шийдвэрээ гаргасан, уг комиссын актыг манайд биеэр авчирч өгсөн "Өндөр алтайн зам" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер Б.Ууганнямаас “Б.Пүрэвдаянтай гэрээ байгуулсан "Грави стоне" ХХК нь манай компанийн туслан гүйцэтгэгч бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх асуудлыг манай компани бүрэн хариуцдаг” гэж тайлбарласан.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан заалтад хамаарч байсан тул үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэсэн.

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах гэсэн үүрэг дээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 120.1 дээр ажил олгогч нь ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ажил олгогч нь ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Тухайн ажилтан нь тухайн нөхцөл байдалд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж нас бараагүй ч гэсэн тухайн хүн ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Архаг хууч өвчтэй гэдэг нь нотлогдсон зүйл биш, ажлын байрны орчин, ажлынх нь онцлогоос шалтгаалаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн байх магадлалтай, энэ бүхнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

7. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн[5] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 07/27-02/131/12 тоот дугаар дүгнэлтийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна.

Б.Пүрэвдаян нь “Өндөр алтайн зам” ХХК-д 4 жил гаруй хугацаанд ажилласан, энэ хугацаанд анх ажилд орохдоо эрүүл мэндийн үзлэгт орсон, тухайн компаниуд эрүүл мэндийн шаардлага хангаж тэнцсэн ажилтныг ажилд авдаг уламжлалтай. Анкетад эрүүл мэндийн хувьд хааяа жаахан даралт ихэснэ гэсэн болохоос хавтаст хэрэгт архаг зүрхний шигдээс өвчтэй гэсэн нотолгооны зүйл хэргийн материалд байхгүй, судлан бүртгэх комиссын акт гарснаас хойш гарсан Шинжээчийн дүгнэлтэд архаг өвчтэй гэж гарсан боловч энэ нь нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт биш, өмнө нь хувиараа бүх шинжилгээ өгөхөд эрүүл гарч байсан, нэхэмжлэгч талын үүнтэй холбоотой тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

“Грави Стоне” ХХК, “Өндөр алтайн зам” ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, Б.Пүрэвдаян үүнээс хойш 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Грави Стоне” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ хийсэн, дампын оператороор гэрээ байгуулсан. Энэ хугацаанд ажиллаж байхад “Өндөр алтайн зам” ХХК нь 2024 оноос хойш буюу 4 жилийн хугацаанд огт нийгмийн даатгал төлүүлээгүй нөхцөл байдал ажиглагдаж байсан. Үйлдвэрийн осол, хурц хордлогыг нь судлан бүртгэх 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1.1-д зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагт амь нас нь хохирсон. Өөрөөр хэлбэл ажлын байр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 160 километрт нас барсан. Гэтэл нэхэмжлэгч талаас үйлдвэрлэлийн осол биш, архаг хууч өвчний улмаас өнгөрчихсөн хүн. Энэ ажлын байрны төлөө, энэ компанийн ажлыг гүйцэтгэж байгаад энэ хүн 2500 километр замыг туулж ажлаа хийдэг байсан. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Өмнөговь аймгийн компанийн хяналтад компанийн үйл ажиллагааг хийж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эрүүл мэндээрээ хохирч нас барсан тул үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дэх зааснаар амь нас нь хохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, ажилд томилогдохоос өмнө эрүүл мэндийн үзлэгт хамаарагдаж, ажилд эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэсэн дүгнэлтийг байгууллага өгсөн учраас энэ хүнийг ажиллуулж байгаа, энэ компанийн ажил үүргийг гүйцэтгэж явж байгаад зүрхний цочмог шигдээс өвчнөөр нас барсан. Хэргийн материалд авагдсан баримтуудаар үйлдвэрлэлийн ослын талаарх акт комиссын хуралдаан дээр дандаа “Өндөр алтайн зам” ХХК-ийн ажилчид, ХАБ-ын инженер оролцдог, өдөр тутмын зааварчилгааг мөн “Өндөр алтайн зам” ХХК хариуцдаг байсан нь нотлогдож байгаа. Өнөөдөр энэ компанийн төлөөлөгчид зүрхний цочмог шигдээсээр өнгөрчихсөн  гэж яриад байгаа боловч эрүүл мэндийн үзлэгт яаж хамруулсан юм, ажилтныхаа аюулгүй байдлыг яаж хангасан, яаж эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэдэг баримтгүй. “Өндөр алтайн зам” ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж актыг гаргасан, “Грави Стоне” ХХК-тай хамтарч ажилладаг гэдгээ нэхэмжлэлийнхээ шаардлага дээрч, хурал дээрч дурдсан, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, эмийн санд өнгөрсөн тул “Өндөр алтайн зам” ХХК-тай хамааралгүй гэж үзэх боломжгүй. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн нөхөр 2500 километрээс явж “Өндөр алтайн зам” ХХК-ийн ажлыг хийж байгаад амь насаараа хохирсон, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч талаас “...зүрхний өвчний улмаас нас барсан, ямар гадны хүчин зүйлийн үйлчлэл нөлөөлөлд өртөж амиа алдсан гэдгийг судалж баримтаар тогтоогоогүй байж үйлдвэрлэлийн осол гэж дүгнэлт гаргасан нь хууль бус, өвчнөөр өнгөрсөн тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцох ёсгүй, манай компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас хамааралгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна...”,

3. Хариуцагчаас “...Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, тогтоох үүрэг нь ажил олгогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн ослыг судлан бүртгэсэн актыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан, хууль, дүрэм зөрчөөгүй...”,

4. Гуравдагч этгээдийн зүгээс “...манай нөхөр ямар нэгэн хууч, архаг өвчтэй байгаагүй эрүүл хүн байсан, улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, хууль зөрчөөгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан, тухайн болсон үйл явдал, дээрх комиссын шийдвэр /акт/, хугацааны талаар талууд маргаагүй.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс /өмчийн бүх хэлбэр/ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд тус осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэгч “Өндөр алтайн зам” ХХК /захиалагч/ болон "Грави стоне" ХХК /гүйцэтгэгч/-иудын хооронд /Ажил гүйцэтгэх хугацаа нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл/ байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 56/25 дугаар “Ажил гүйцэтгүүлэх гэрээ”, "Грави стоне" ХХК, Б.Пүрэвдаянтай байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/25 дугаар “Хөлсөөр ажиллах гэрээ”, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, “Өндөр айлтайн зам” ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 76/26 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргээс[6] үзвэл, "Грави стоне" ХХК-тай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн оператор /Шакман/-оор ажиллаж байсан Б.Пүрэвдаян нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Өндөр алтайн зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төслийн талбайд ажиллаж байх үедээ /тээврийн хэрэгсэл жолоодон үйлдвэрээс ачилт хийхээр явж байсан гэх/ биеийн эрүүл мэндийн байдал нь муудан эмчийн тусламж авч чадаагүй, улмаас зүрх нь гэнэт зогсож нас барсан үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

8. Нэхэмжлэгч компанийн ажилтнаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энэхүү ослын талаар хариуцагчид мэдэгдсэн,[7] компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А-14/25 дугаар тушаалаар[8] байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...хөлсөөр ажиллах гэрээтэй, дампын оператор /шакманы/ Б.Пүрэвдаян нь үйлдвэрлэлийн осол бус өвчний улмаас нас барсан, мөн тухайн осолдогч нь ажлын бус цагаар архи согтууруулах ундааг нууцаар хэрэглэсэн нь ажилтантай хийсэн хөлсөөр ажиллах гэрээний 8.3, Компанийн дотоод журмын 8.4.15, Кемпийн дотоод журмын 5.1.1  заалтуудыг зөрчсөн тул үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй...” гэж дүгнэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” гаргаж, уг актыг хариуцагч хянаад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ /гар бичмэлээр/ хийн, “...Б.Пүрэвдаян ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “...дүрэм”-2.1.1-д заалтад хамаарч байна...” гэж үзэж 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 07/27-02/131/12 дугаар дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрмийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч талаас “...зүрхний өвчний улмаас нас барсан, ямар гадны хүчин зүйлийн үйлчлэл нөлөөлөлд өртөж амиа алдсан гэдгийг судалж баримтаар тогтоогоогүй байж үйлдвэрлэлийн осол гэж дүгнэлт гаргасан нь хууль бус, өвчнөөр өнгөрсөн тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцох ёсгүй, манай компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас манайд хамааралгүй...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба “осол гарахад нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан зэргийг судлах, тогтоох, баримт бүрдүүлэх, мэдэгдэх” зэрэг үүргийг дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажил олгогчийн байгуулсан комисс хэрэгжүүлж, өөрөө судлан, тогтоох, үүнд холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй, нэгэнт тогтоогоогүй, хүн нас барсан энэ тохиолдолд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

10. Хөдөлмөрийн тухай 41 дүгээр зүйлийн 41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор, 4 дүгээр зүйлд энэ хууль үйлчлэх субъектийг тодорхойлсноор “хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4-т "үйлдвэрлэлийн осол" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг” ойлгохоор тус тус заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас ...амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тус тус зохицуулсан байна.

11. Эдгээр зохицуулалтуудаас үзвэл, ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед бие нь муудаж, улмаар нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагын талаар гэрээ байгуулж буй этгээдүүд гэрээндээ тусгах, харин тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч компани хариуцахаар зохицуулжээ.

12. Хэдийгээр Б.Пүрэвдаян нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу “Өндөр алтайн зам” ХХК-ийн дээр дурьдсан төслийн талбайд, нэхэмжлэгч болон "Грави стоне" ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан энэ үед түүний биеийн эрүүл мэндийн байдал нь муудан, улмаар нас барсан байх тул дээрх хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ, дээрх 2025 оны 56/25 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлага /үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг “Өндөр алтайн зам”, "Грави стоне" ХХК-иудын хэн нь нөхөн төлөх/-ын талаар тусгагдаагүй байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу уг асуудлыг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгч буюу “Өндөр алтайн зам” ХХК хариуцах үндэслэлтэй.

13. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[9] үзвэл, нэхэмжлэгч компанийн зүгээс ажилтнуудад урьдчилсан, ээлжит давтан болон өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байсан гэж үзэхээр, мөн тухайн асуудал /энэ хэсгийн 11-д дурьдсан/-ын талаар дээрх 2025 оны 56/25 дугаар гэрээндээ тусгаагүй, хүн нас барсан энэ тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

14. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...Б.Пүрэвдаян нь ажлын бус цагаар архи согтууруулах ундааг нууцаар хэрэглэсэн нь ажилтантай хийсэн хөлсөөр ажиллах гэрээний 8.3, Компанийн дотоод журмын 8.4.15, Кемпийн дотоод журмын 5.1.1  заалтуудыг зөрчсөн тул үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй...” талаар дурьдагдсан ба Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМГ0625/164 дүгээр дүгнэлтээр[10] “...гэмтэл тогтоогдсонгүй, зүрх судас, элэг, нойр булчирхайн архаг өвчтэй байсан, энэ нь үхлийн шалтгаанд шууд холбоотой, талийгаач Б.Пүрэвдаян нь зүрхний цочмог шигдээсийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байна, нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна...” гэж дүгнэсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...шинжээчийн дүгнэлтээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон учраас энэ талаар маргах зүйлгүй...” гэх тайлбарыг гаргасан тул дээрх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

15. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт болох Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 07/27-02/131/12 дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

16. Иймд “Өндөр алтайн зам” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан, “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/27-02/131/12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Өндөр алтайн зам” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОТГОНЦЭЦЭГ

[1] Хавтаст хэргийн 9-10 дахь талд

[2] Хавтаст хэргийн 42-43 дахь талд

[3] Хавтаст хэргийн 29-30 дахь талд

[4] Хавтаст хэргийн 39-40 дахь талд

[5] Хавтаст хэргийн 20, 151 дэх талд

[6] Хавтаст хэргийн 16-22, 87, 90, 100 дахь талд

[7] Хавтаст хэргийн 47-48 дах талд

[8] Хавтаст хэргийн 91 дэх талд

[9] Хавтаст хэргийн 110-131 дэх талд

[10] Хавтаст хэргийн 184-186 дахь талд

2026 оны 06 сарын 05 өдөр                                     120/ШШ2026/0031                                           Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС