2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/07000

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 25

191/ШШ2025/07000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У Тоот хаягт оршин байрлах, Е ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, Ч овогт Э.Э /РД:****/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,991,132.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э.Э нь манай Е ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 13,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Э.Эаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн зээлдэгчийн барьцаалан зээл авсан улсын дугаартай Toyota aqua загварын хар саарал өнгийн автомашин нь хаана байгаан мэдэгдэхгүй байгаа тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2. 3.4.4. 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Э.Эаас үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 373,917.81 төгрөг төлж, үлдэгдэл 13,126,082.19 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 2025 оны 01 дугаар сарын 31-нийг хүртэл 896 хоногийн үндсэн хүү 11,615,349.89 төгрөгөөс 2,926.082.19 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,689,267.70 төгрөг.

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,815,349.89 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.Э нь манай Е ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 13,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй. 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Э.Эаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн зээлдэгчийн барьцаалан зээл авсан улсын дугаартай Toyota Aqua загварын хар саарал өнгийн автомашин нь хаана байгааг мэдэгдэхгүй байгаа тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

2025.02.03-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 13,126,082.19 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 8,689,267.70 төгрөг, нийт 21,815,349.89 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги тооцоогүй гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хоногийн алдангийг тооцоон дараах байдлаар нэхэмжлэлийг шаардлагыг ихэсгэж байна.

Үүнд: Иргэний хуулийн 232, 281 дүгээр зүйлийн 281.1 болон 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 284 дүгээр зүйлийн 284.1 заалт мөн зээлдэгчтэй байгуулсан 12061301 1100011 дугаартай зээлийн гэрээний 3.4. 3.6. 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Э.Эаас Үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 373,917.81 төгрөг төлж, үлдэгдэл 13,126,082.11 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 2024 оны 08 дугаар сарын 19-нийг хүртэл 731 хоногийн үндсэн хүү 9,479,214.87 төгрөгөөс 2,926,082.19 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,553,132.68 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 2025 оны 03 дугаар сарын сарын 26-ныг хүртэл 219 хоногийн алданги 4,311,918 төгрөг,

Нэхэмжлэлийн үнийн дүнг 2,175,782.98 төгрөгөөр нэмэгдүүлж нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,991,132.87 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагчаас Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлийн холбогдох заалтыг тус тус үндэслэж үндсэн зээлийн үлдэгдэл 13,126,082.19 төгрөг, гэрээнд заасан хүүгийн үлдэгдэл 6,553,132.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги буюу 219 хоногийн алданги 4,311,918 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,991,132.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 13,500,000 төгрөгийн зээл авснаас 373,917.81 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт, нийт зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөлтийг хийх ёстой байсан боловч 4 удаагийн эргэн төлөлт хийсэн.

4 удаагийн эргэн төлөлтөөс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасны дагуу эхэлж хүүг, дараа нь үндсэн зээлийг авдаг байгаа. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор зээлийн гэрээний 3.4-т заасан байгаа. Зээлийн гэрээний хугацааны хүү болох 2022 оны 8 сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 сарын 19-ний өдрийн хугацааны буюу 731 хоногийн үндсэн хүү 9,479,214.87 төгрөгийг төлөх ёстой байснаас 2,926,082.19 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,553,132.68 төгрөгийг төлөөгүй. Алдангийг гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд өгөх хүртэл хугацаа буюу 2024 оны 8 сарын 19-ний өдрөөс 2025 оны 3 сарын 26-ны өдрийг хүртэл 219 хоногийн алданги нэхэмжилж байгаа. Алданги тооцохдоо үндсэн зээлийн үлдэгдэл буюу 13,126,082.19 төгрөгөөс гэрээнд заасан 0,15 хувийн алданги тооцоход өдрийн алданги нь 19,689 төгрөг болж байгаа, үүнийг 219 хоногт үржихээр 4,311,918 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан 50 хувьд хүрээгүй учир энэ чигээр нь нэхэмжилж байгаа гэв.

 

2.Хариуцагч Э.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Е ХХК нэхэмжлэгч Э.Э надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие Э.Э Е ХХК-тай 2022 оны 8-р сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж авто машин барьцаалан 13,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй авсан. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож ажлаа хийх ямар ч боломжгүй цахим гав зүүж гавны цэнэгээс шалтгаалж 2-3 цаг байнгын цэнэглэх шаардлага гардаг. Миний бие Ханги Мандлын боомтод нүүрс тээвэр хийж хөдөлмөр эрхэлдэг. Тэнд унаж явж байсан машин бүх ажлын байр тээврийн хэрэгслүүд Хилийн цэргийн хашаанд бүх юм албадан саатуулагдсан. Миний зорчих эрх хязгаарлах ялын хугацаа 2025 оны 06-р сарын13-нд дуусна. Үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 3,299,999 төгрөгийг төлсөн 10,200,001 төгрөгийг зөвшөөрч байна. Хавсралтад заасан хугацаагаар төлөх Е ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Ломбардын үйл ажиллагаа явуулдаг газар.

2020 оноос эхлэн Монгол улсад ковид цар тахал гарч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04-р сарын 29-ний өдөр баталж. Тус хуулийн 14 дүгээр зүйлийг 2021 оны 01-р сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр 14 дүгээр зүйлийн 141.1.-д Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

141.2.-т Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй. Мөн мөнгөн зээлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зээлийн хүүг зохицуулсан байдаг.

18.5.-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.

18.6-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. Дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн туг хүү алданги авах эрхгүй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд Е ХХК нь Мөнгөн зээлийн тухай хуулийн 18.6-д ашиг олох зорилгоор хүү тог хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байх тул хүү алданги авах эрхгүй гэж үзэж байна. Е ХХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 3,299,999 төгрөгийг төлсөн 10,200,001 төгрөгийг зөвшөөрч байна. 10,200,001 төгрөгийг сард 1,000,000 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

 

2.2.Хариуцагч Т.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь 2022 оны 8 сард 13,500,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг тухайн үед төлөх ёстой байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал нь Монгол улс даяар корона цар тахал дэгдэж, үүнээс хойш төлөлтөө хийж чадаагүй, хөл хорио тогтоосон. Энэ нь Монгол улс даяар нийтэд илэрхий байдал үүссэн. Мөн 2022 оны 12 сарын 07-ны өдөр санамсар болгоомжгүй байдлаас болж Эрүүгийн хуулийн 27.10-т заасан зам тээврийн осол гаргаж дүүргээсээ гарж чадахааргүй буюу 2 жилийн хугацаанд гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлээ төлж чадаагүй. Тэгсэн хэдий ч тухайн үед Е ХХК-аас зээлтэй холбоотой мэдэгдэл мэдээлэл Э.Эад өгөөгүй. Тухайн үед Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталж байсан. Энэ талаар нэхэмжлэгч тал буюу барьцаалан зээлдүүлэх газарт энэ хуулийн 141.2-т зааснаар тухайн гэрээг бол шинэчлэх үүргийг хуулиар олгосон байсан, үүнийг олгоогүй. Мөн гэрээнд заагдаж нэхэмжлэгч тал үндэслэж байгаа Иргэний хуулийн 281, 236 дугаар зүйлд заасан алдангийн зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны 11 сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Энэ хуулиар тухайн этгээд нь санхүүгийн зээл үйл ажиллагаа явуулж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байхыг шаарддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсан, гаргуулахад Е ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байна гэх баримт ирсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд хүү авах эрх, хүүгийн болон алдангийн зохицуулалтыг зохицуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжилж байгаа үнийн дүн болон алданги, хүү гэж байгаа нь тухайн хуульд зааснаар үндэслэлгүй юм. Иймд үндсэн зээлээс 13,500,000 төгрөгөөс 3,299,000 төгрөг буюу 10,201,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1206130111000119 дугаартай Зээлийн гэрээ, 2022.08.19-ний 1206130111000119 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 1206130111000119 тоот зээл болон барьцааны гэрээний дагуу 2022.08.19-ний өдөр зээлж авсан 13,500,000 төгрөгийн зээлийн зээл хүүний хамт буцаан төлсөн хуваарь, зээл хүсэгчийн анкет, 2025.03.26-ны 84 дугаартай нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн, нэмэгдүүлэх тухай, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.04.21-ний 131 дугаартай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас итгэмжлэл, 2025.04.29-ний өдрийн хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн 2022/ШЦТ/955 шийтгэх тогтоол, 2025.08.10-ны хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025.05.15-ны 3/1889 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эад холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 21,815,349.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа Гэрээний үүрэгт 23,991,132.87 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 232, 281 дүгээр зүйлийн 281.1 болон 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 284 дүгээр зүйлийн 284.1 заалт мөн зээлдэгчтэй байгуулсан 12061301 1100011 дугаартай зээлийн гэрээний 3.4. 3.6. 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Э.Эаас Үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 373,917.81 төгрөг төлж, үлдэгдэл 13,126,082.11 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 2024 оны 08 дугаар сарын 19-нийг хүртэл 731 хоногийн үндсэн хүү 9,479,214.87 төгрөгөөс 2,926,082.19 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,553,132.68 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 2025 оны 03 дугаар сарын сарын 26-ныг хүртэл 219 хоногийн алданги 4,311,918 төгрөг,

Нэхэмжлэлийн үнийн дүнг 2,175,782.98 төгрөгөөр нэмэгдүүлж нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,991,132.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч та дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа тодорхойлсон. Үүнд: ...Энэ зээлийг тухайн үед төлөх ёстой байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал нь Монгол улс даяар цар тахал дэгдэж, үүнээс хойш төлөлтөө хийж чадаагүй, хөл хорио тогтоосон.

Мөн 2022 оны 12 сарын 07-ны өдөр санамсар болгоомжгүй байдлаас болж Эрүүгийн хуулийн 27.10-т заасан зам тээврийн осол гаргаж дүүргээсээ 2 жилийн хугацаанд гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлээ төлж чадаагүй.

Е ХХК-иас зээлтэй холбоотой мэдэгдэл мэдээлэл Э.Эад өгөөгүй.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталсан, барьцаалан зээлдүүлэх газарт энэ хуулийн 141.2-т зааснаар тухайн гэрээг бол шинэчлэх үүргийг хуулиар олгосон байсан, үүнийг олгоогүй.

Иргэний хуулийн 281, 236 дугаар зүйлд заасан алдангийн зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны 11 сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Энэ хуулиар тухайн этгээд нь санхүүгийн зээл үйл ажиллагаа явуулж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байхыг шаарддаг. Е ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд хүү авах эрх, хүүгийн болон алдангийн зохицуулалтыг зохицуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжилж байгаа үнийн дүн болон алданги, хүү гэж байгаа нь тухайн хуульд зааснаар үндэслэлгүй юм. Иймд үндсэн зээлээс 13,500,000 төгрөгөөс 3,299,000 төгрөг буюу 10,201,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Е ХХК, Э.Э нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1206130111000119 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 13,500,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулагдсан ба мөн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Е ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13,500,000 төгрөгийг хариуцагч Э.Эад өгсөн талаар тайлбарладаг ба зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан Зээлийн гэрээ нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.

 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн ба энэхүү маргаан нь уг хуулийн өөрчлөлтөөс өмнө зээлийн гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.7-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна батлан даалтын арга хэмжээг авах эрхтэй болж, 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар анзыг хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ тус тус шинээр бий болжээ. Мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно,

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Е ХХК-ийн хувьд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Э.Э нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг нэхэмжлэгч Е ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг.

 

Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субъектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон бөгөөд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байна. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ бусад зээлийн гэрээний төрлөөс ялгагдах гол шинж нь барьцаалан зээлдэх газар нь зээлдэгчид зээл олгох, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргийг хангуулдаг онцлогтой байдаг.

 

Е ХХК нь барьцаалан зээлдэх газрын хувьд зөвхөн хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргээ хангуулах эрхтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.-д Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно. гэж зааснаар гэрээг шинэчилж байгуулах байсан талаар дурдсан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хүү сарын 3 хувь, алдангийн хэмжээг 0.15 хувиар тохиролцсон байх тул дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсны үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Хэрэв зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт 1 сар төлөөгүй тохиолдолд 1 сар хүлээж 1 сар 1 дэх хоногоос хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлсэн мөнгөө, түүний хүү, алданги бусад зардлын хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв. гэж тохиролцжээ.

 

Гэтэл хариуцагч Э.Э нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Е ХХК 1 сар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 1 сар хүлээж 1 сар 1 дэх хоногоос нь барьцааны зүйлийг комиссын дуудлага худалдаагаар худалдах ажиллагаагаа хууль болон гэрээнд заасны дагуу хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал энэ хууль болон гэрээнд заасны дагуу барьцааны зүйлийг комиссын дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй, харин зээлийн хүүг тооцохдоо 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 2024 оны 08 дугаар сарын 19-ний хүртэл үндсэн хүүгээс үлдэгдэл 6,553,132.68 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч нь зээлийн үүрэгт нийтдээ 3,300,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үндсэн зээлээс 373,917.81 төгрөг, хүүгээс 2,926,082.19 төгрөгийг тус тус хасаж тооцсон талаар тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаар хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний хугацаанд дээрх төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

 

Иргэний хууль болон гэрээнд гэрээний хугацаа дууссанаас хойш талууд зээлийн хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй, харин хугацаандаа зээлийн үүргийг биелүүлээгүй нь барьцааны зүйлийг хуульд зааснаар худалдан борлуулах эрхийг нэхэмжлэгч талд олгосон байна.

 

Хэдийгээр барьцааны зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг эрж хайх болон хариуцагч талаас барьцааны зүйлийг бодитоор авах талаар шаардсан, мэдэгдсэн талаараа баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч Е ХХК нь үндсэн зээл 13,126,082.19 төгрөг, зээлийн хүү 6,553,132.68 төгрөгийг хариуцагч Э.Эаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй тул гэрээний

хугацаа дууссанаас хойш арав хоногийн хугацааны алдангийг хариуцагч хариуцах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ.

Алдангийн талаар талууд гэрээний 3.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байх тул уг хугацаа хэтрүүлснийг дээрх хуульд зааснаар 10 хоногоор хэтрүүлсэн тооцоход 295,188 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл зээл 13,126,082.19 төгрөг, хүү 6,553,132.66 төгрөг, алданги 295,188 төгрөг, нийт 19,974,402.85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,016,730.02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Э.Эаас 19,974,402.85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,016,730.02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 257,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС