| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2026/0018/з |
| Дугаар | 120/ШШ2026/0029 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 120/ШШ2026/0029
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Эн Ти Би” ХХК /РД:2765071/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч,
Гуравдагч этгээд: *******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөөгөгч: ******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.
1. Нэхэмжлэгч нь “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын “...амралтын байрандаа буюу ажил дээрээ өвчний улмаас нас барсан, үйлдвэрлэлийн осолд хамааруулан тооцох үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хариуцагчаас хянаад, уг актад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэх тэмдэглэгээ хийж, 2025 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 07/27-02/129/08 дугаар “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт гаргасан.
2.2. Нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргасан байх ба Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07/00-00/001-06 дугаар шийдвэрээр “...2025 оны 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хэвээр үлдээж...” шийдвэрлэж, уг шийдвэрийг тус яамны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/3798 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шуудангаар ирүүлснийг тус шүүх 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “...манай компанийн хөдөлгөөн хяналтын ээлжийн ахлах ажилтан Загар овогтой Мөнхжаргал нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа буусны дараа, манай ажилчдын түрээсээр байрладаг "Пик Ойл" ХХК-ийн кемпийн амралтын байрны 07 тоот өрөөнд амарч байх үедээ 19:50-20:00 цагийн хооронд орон дээрээ хэвтээгээрээ хөдлөн гэдрэгээ харан ухаан алдаж зүрх нь зогссоны улмаас нас барсан нь анх харсан болон очиж анхны тусламж үзүүлсэн гэрчүүдийн тайлбар, яаралтай дуудлагаар ирсэн эмчийн үзлэгээр тогтоогддог. Мөн цагдаагийн байгууллага нас барсан шалтгааныг шалгаж тогтоосон бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Э.Баяржавхлангаас ирүүлсэн хөдөлмөрийн хяналтын байцаагчид ирүүлсэн мэдээлэлд Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2025 оны ӨМГ0625/125 тоот дүгнэлт "Талийгаач З.Мөнхжаргал нь зүрхний булчингийн цочмог шигдээсний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан” гэх дүгнэлтээр нас барсан шалтгааныг тогтоосон байдаг.
Манай компанийн холбогдох комисс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-ыг баталгаажуулсан. Бодит нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг үндэслэн талийгаач З.Мөнхжаргалыг өвчний улмаас нас барсан гэж үзэхээр, үйлдвэрлэлийн осолд хамааруулан тооцох хуулийн үндэслэл тогтоогдоогүй юм.
Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг буруу тайлбарлаж, өөрт нь олгогдоогүй эрх буюу "Үйлдвэрлэлийн осол" бодитоор болоогүй байхад Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11-д заасан хэрэглэх ёсгүй хууль, дүрмийг хэрэглэж ажил олгогч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, мөн талийгаачийн эхнэр улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэж "Үйлдвэрлэлийн осол" гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу их хэмжээний нөхөн төлбөрийг манай компаниас шаардаж байна.
Иймд Захиргааны Ерөнхий хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...тухайн акт гаргах болсон үндэслэл нь хууль ёсны юм уу, бүрэн судалж, манай компанийн эрх ашгийг тухайн дүгнэлтийг гаргахдаа асууж тодруулсан зүйл байдаг уу, сонсох ажиллагааг бүрэн жигд явуулсан уу, үгүй юу гэх үндэслэлээр өнөөдрийн шүүх хуралдаанд маргаж оролцоно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлоод өгчихсөн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар үйлдвэрлэлийн хүчин зүйлийн улмаас ажлын байран дээрээ, тухайн хүчин зүйлийн улмаас нас барсан, биед нь гэмтэл учирсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ гэж маш тодорхой заасан. Гэтэл хариуцагч нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийг тогтоогоогүй, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтийг авч танилцахад хүчин зүйлийг тогтоосон нэг ч үг, өгүүлбэр байдаггүй, дөрвөн хүчин зүйлийг аль хүчин зүйлд нь өртчихсөн нь тодорхойгүй.
Зөвхөн тухайн дүрмийнхээ 2.1.4-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна гээд биччихсэн. Тэгэхээр энэхүү акт нь үйлдвэрлэлийн осол гэж үзээд байгаа юм уу, үзэхгүй байгаа юм уу, хэнд хандаж, яаж гаргаад байгаа гэдэг нь тодорхойгүй акт байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4.1.1-4.1.6-д захиргааны акт нь хуульд үндэслэсэн байна гэх зарчмыг агуулсан байдаг. Гэтэл энэ захиргааны акт нь гарахдаа хуульд үндэслээгүй гарчихжээ. Үйлдвэрлэлийн ослыг зөвхөн тухайн байгууллагын орон тооны бус комисс нь тогтоодог, хэрвээ санал нийлэхгүй байгаа бол тусад нь акт дүгнэлтээ гаргах ёстой. Гэтэл энэхүү актаас үзэхэд захиргааны акт мөн үү, биш үү, түүнчлэн осол мөн гэж дүгнээд байгаа юм уу, биш гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, тухайн актыг гаргахдаа оролцогч талуудыг оролцуулаагүй, үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар манай компанийн эрх бүхий албан тушаалтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ч юм уу, тухайн цехийн даргыг оролцуулаад тайлбар, мэдээлэл ч юм уу, ямар нэгэн зүйл тодруулаагүйгээр шууд энэхүү дүгнэлтийг гаргасан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрх үүрэг, баримтлах зарчмыг батлаад өгчихсөн, байцаагч урьдчилсан дүгнэлт гаргаж болохгүй. Хэрвээ байцаагч дүгнэлт гаргах гэж байгаа бол тухайн дүгнэлт нь үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. Гэвч улсын байцаагч нь юуг үндэслээд дүгнэлтийг гаргасан, хүчин зүйлийг тогтоосон баримт тухайн актад хавсаргасан зүйл огт байхгүй. Тийм учраас улсын байцаагчийн дүгнэлт нь анхнаасаа үйлдвэрлэлийн осол биш гэж урьдчилан дүгнээд, түүнийгээ нотлох замаар энэхүү актаа гаргасанд манай компанийн зүгээс гомдолтой байна.
Мөн хариуцагч нь дүгнэлтээ гаргахдаа манайд мэдэгдээгүй, хуульд заасан хугацаанд дүгнэлт гаргаагүй учир хууль бус гэж үзэж байна. Манай компани энэхүү осол болсон гол үндсэн хүчин зүйлийг үйлдвэрлэлийн хүчин зүйл гэж үзэхгүй, архаг хууч өвчин буюу мэс ажилбарын дараах өвчний улмаас харамсалтай тохиолдол гарсан. Гэхдээ бид нар үйлдвэрлэлийн осол биш гэж тооцсон ч гэсэн тухайн ажилтанд холбогдох хууль тогтоомж, өөрсдийнхөө дотоод журамд зааснаар нөхөн олговрыг тооцоод, бид нар сайн дураараа өгөх болно гэдгээ анхнаасаа хэлсэн, хамт олон жил ажилласан ажилтны ар гэрийг болон ажилтныг гомдоох хүсэл сонирхол байхгүй, шүүхэд маргаантай байгаа учраас одоогоор өгөөгүй байгаа.
Нэхэмжлэл гаргасан шалтгаан нь үйлдвэрийн буюу ажлын байран дээрээ хүн архаг өвчнөөр нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осол гэж үзээд байх юм бол цаашид ажил олгогч нарын зүгээс нэг ч ажилтан ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх вий, хуулийг буруу хэрэглээд цаашид хэвийн бус ёс заншил тогтчих вий гэсэн үүднээс гаргасан. Тийм учраас үйлдвэрлэлийн осол болон нөхөн олговрыг тус тусад нь ангилж, ялгаж үзээсэй гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
4. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч миний бие тухайн үйлдвэрлэлийн ослын актыг судлаад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн хүрээнд хяналт тавьж баталгаажуулалтын ажил хийсэн. Талийгаач З.Мөнхжаргал нь “*******-ийн амрах байранд биеийн байдал нь муудан, улмаар нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5 дахь заалтын хүрээнд ажилтны ажилдаа ирэх замаа туулан ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажил олгогчийн шууд хяналтад байх амралтын байранд ирээд амрах үедээ биеийн байдал муудан өвчилсөн, улмаар нас барсан тул энэ “...дүрэм"-ийн 2.1.4-т заасан тохиолдолд хамаарч байна гэж үзсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэдгийг тодорхой заасан, мөн хуульд түүнтэй адилтгах хүчин зүйл гэж ойлголтод хими, физик, биологи, сэтгэлзүй- физиологийн, биеийн хүчний-эргономикийн гээд олон хүчин зүйлийн үйлчлэл байдаг. "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж заасан бөгөөд энэ дүрэмд ердийн өвчнөөр нас барвал үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх тохиолдолд хамааруулж үзэхгүй гэсэн үндэслэл байхгүй харин ч дүрмийн 2.1-д өвчилсөн гэж тодорхой заасан байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн зохицуулалтууд нь уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хуулийн хүрээнд хамгаалахад чиглэгдэж байгаа онцгой зохицуулалт бөгөөд уртын ээлжийн горимыг ажиллах, амрах хугацаа, ажлын цагаар хязгаарлан ойлгох бус, тухайн уртын ээлжийн горимоор ажиллуулж байгаа ажилтнуудын эрүүл, аюулгүй байх нөхцөлөөр хангах, холбогдох арга хэмжээ авч, аливаа асуудлын үр дагаврыг арилгуулах үүргийг ажил олгогч бүрэн хариуцахаар байгаа юм.
Нэхэмжлэгч талаас үйлдвэрлэлийн ослын актыг бүрэн судлаагүй, оролцогч талын эрх ашгийг хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн асуудлыг ярьж байна. Хууль, дүрмийн хүрээнд улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын акт, холбогдох бичиг баримтыг хянаад баталгаажуулалтын ажлыг хийдэг, үйлдвэрлэлийн ослын акт, ослын шалтгааныг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх комисс нь судлах ёстой. Энэ нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 36 дугаар тушаалаар батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах зааврын 5.1 дээр нь тодорхой тусгасан. Үйлдвэрлэлийн ослыг улсын байцаагч хянаж үзээд дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгч талаас эрх ашгийг нь хангаагүй гэсэн асуудал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.4 дээр улсын байцаагч актыг хянаад, үнэхээр зөвшөөрөхгүй бол тусгайлан дүгнэлт гаргадаг гэснийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Эрх ашиг хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг асуудал дээр хуулийн хүрээнд ажилласан, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох сонсох ажиллагаа, мэдүүлэг, тайлбарыг авч ажилладаг. Нэхэмжлэгчээс үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг мэдэгдээд хуулийн хугацаанд нь ирүүлээд холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд ирэнгүүт нь хянаад, баталгаажуулалтын ажлаа хууль, дүрэм журмын хүрээнд хийсэн.
Эрүүл мэндийн шалтгаанаас болоод яагаад энэ хүн нас барах болов гэдгийг тухайн компани судлаагүй, нийгэм, сэтгэл зүй, физиологийн асуудал гэдэг нь чухлаар яригдаж байгаа. Ялангуяа 2026 онд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг ажлын байран дахь нийгэм, сэтгэл зүй, эрүүл орчныг бүрдүүлцгээе гэх зэрэг уриатайгаар гараад, сүүлийн үед сэтгэл зүй, физиологийн асуудлыг нарийн ярьдаг болсон. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь энэ талаасаа судлаагүй, тухайн хүний эрүүл мэндэд анхаарсан ямар нэгэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа энэ компани явуулаагүй байдаг. Энэ дээр юуг харсан гэхээр үйлдвэрлэлийн осолд ирүүлсэн холбогдох материалыг судлаад үзэхээр урьдчилан сэргийлэх чиглэлээр хугацаат буюу урьдчилсан үзлэгийг зохион байгуулах буюу Эрүүл мэндийн яамны сайдын 340 дүгээр тушаалаар батлагдсан үзлэгийг хийх ёстой байдаг. Энэ хүн 2024 онд томилогдохдоо урьдчилсан үзлэгт ороод тухайн байгууллагад ажилд орсон, үүнээс хойш хугацаат үзлэгийг тухайн аж ахуйн нэгж зохион байгуулах ёстой байтал зохион байгуулаагүй, ганц урьдчилсан үзлэгийн хуудас тухайн үйлдвэрлэлийн ослын актын материалд авагдсан. Тэгэхээр энэ байгууллага ажилтныхаа эрүүл мэнд талаас анхаарч, хяналт тавьж ажиллаагүй, тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваагүй гэж үзсэн.
Дараагийн асуудал нь хуульд үндэслээгүй гэсэн. Дүгнэлт дээр тодорхой хуулийн заалтуудыг нарийвчлан оруулж өгсөн, хуулийн хүрээнд гарсан. Дүгнэлт нь ажлын байран дээрээ байсан юм уу, ростероор ажиллаж байсан юм уу, ажилласан цаг хугацаандаа хамаарч байгаа юм уу гээд бүгд дээр нь хуулийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь тусгаж өгсний дагуу тухайн компани гомдлоо гаргаад явсан. Энэ гомдлын мөрөөр энэ хүртэл яваад байна. Дүгнэлт гаргах хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал нэмэлт тайлбар дээр тусгагдсан. Миний бие нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээж аваад хамгийн гол нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үзэх шаардлагатай байсан. Цогтцэций сумын цагдаагийн тасгийн мөрдөгч н.Баяржавхлангаас 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж аваад дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан тул ямар нэгэн хугацаа алдсан асуудал гаргаагүй гэж үзэж байна. Урьдчилсан дүгнэлт гээд яриад байна. Үйлдвэрлэлийн ослын актыг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комисс үйлдсэн байдаг. Энэ хугацаанаас өмнө ямар нэгэн байдлаар дүгнэлт урьдчилж гаргаагүй. Хамгийн гол нь ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын акт материал дээр үндэслээд энэ дүгнэлтийг үйлдсэн. Хавсаргах зүйл гэж байхгүй. Нарийн тодорхой тайлбаруудыг тусгаад дүгнэлтийг гаргасан. Иймд хууль, дүрэм зөрчөөгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:[1] “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хортой, аюултай хүчин зүйл гэж хуульчилсан, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-т тус тус зааснаар ажил олгогч нь ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй.
Гэтэл ажил олгогчоос энэ чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Талийгаач нь уртын ээлжийн горимоор ажиллаж байхдаа /Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6/, ажлын байрандаа буюу амрах байрандаа хувцсаа сольж байх үедээ /Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн нөхцөл байдал 3 дугаар зүйлийн 3.1.9/ биеийн байдал муудан улмаар нас барсан тогтоогдсон. Энэ байдлыг үйлдвэрлэлийн осолд тооцон дүгнэлтээр хянан баталгаажуулсан Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ийн үйлдсэн 2025.09.18-ны өдрийн 07/27- 02/129/08 дугаартай “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай" дүгнэлт үндэслэл бүхий, хуульд нийцсэн байна. Нэхэмжлэлд дурьдсан үйлдвэрлэлийн осолд хамааруулан тооцох хуулийн үндэслэл тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэлд “...улсын ахлах байцаагч ******* нь осол бодитоор болоогүй байхад "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.11 гэж хэрэглэх ёсгүй хууль дүрмийг хэрэглэж ажил олгогч Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна" гэсэн.
"Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.4.1 дэх заалтад зааснаар тухайн асуудал нь үйлдвэрлэлийн осолд хамаарч байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.4.2, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3,11 дахь заалтуудад тус тус зааснаар улсын ахлах байцаагч ******* нь үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулж дүгнэлт үйлдсэн нь хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа байна.
Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ийн үйлдсэн 2025.09.18-ны өдрийн 07/27-02|129|08 дугаартай "Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай" дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******ийн гэр бүлийн хүн болох З.Мөнхжаргал нь “Эн ти би” ХХК-д ажиллаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээрээ нас барсан. Энэ үйл явдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байгаа, байцаагчийн гаргасан дүгнэлт, түүнийг дахин хянаж үзсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй, баримтлах ёстой хуулиуд болон дүрмүүд байгаа. Энэ дүрмүүдийнхээ дагуу гарсан гэж үзэж байна. Бүгд хэрэгт хуулийнхаа зүйл заалтаар бичигдээд нэхэмжлэл, хариу тайлбарууд дээр дурдагдсан учраас давтаж бүгдийг нь дурдаад байх шаардлагагүй гэж үзэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн гэдэг, энэ хуулийн зорилго, чиг үүрэг нь өөр чиглэлийнх гэж ойлгож байна. Харин энэ тохиолдолд улсын байцаагчийн зүгээс ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй, баталгаажуулалт хийж, болж өнгөрсөн үйл явдал дээр шинжээчийн дүгнэлт авч дүгнэлтээ гаргасан болохоос биш хянаж шалгаад байгаа ямар нэгэн чиг үүрэг байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль дээр заагдаж нэхэмжлэгч талын хэлээд байгаа улсын байцаагчийн чиг үүрэг, энэ хэрэг дээр ажиллаж байгаа улсын байцаагчийн чиг үүрэг хоёр өөр тусдаа үйл ажиллагаа гэж ойлгож байна.
Энэ дүгнэлтээ хугацаандаа гаргаагүйн улмаас хууль бус гэж үзээд байна. Ямарваа эрхийн акт, шийдвэрүүд хугацаандаа гараагүй бол хууль бус болчихдог гэсэн хуулийн зүйл заалт огт байхгүй. Хэрвээ хугацаандаа шийдвэр нь гараагүй бол хүчингүй, хууль бус болчихдог бол Монголд хэрэгжих шийдвэр, хууль тогтоомж байхгүй болов уу гэж бодож байна. Гуравдагч этгээдийн хувьд улсын байцаагчийн болоод хянасан ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг хууль зүйн дагуу гарсан гэж үзэж байна.
Талийгаач нь анх энэ компанид ажилд орохдоо эрүүл, зүрх судасны талаар ямар ч асуудалгүй байсан хүн говийн халуунд өдрийн бүтэн гадаа ажиллан, амрах байр нь төмөр контейнерт байрлаж байгаа нөхцөлд магадгүй зүрх судасны өвчтэй болсон байх нь ажлын байрны эрсдэлтэй нөхцөл байдлаас болсон байхыг үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дээр хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадас зэрэг задгай газар халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах, 28 1.2 дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэх мэтчилэн хуулийн зохицуулалтууд нь бэлэн байхад ажил олгогчийн зүгээс энэ үүргээ биелүүлээгүй, үүнийг мөрдүүлдэг ажилтан ч энэ компанид байхгүй.
Үүнийг урьдчилан мөрдүүлээд журамлачих ёстой байтал журам, эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй байсанд гомдож байгаа.Талийгаачийн өвчний түүхийг нь авчирсан, өвчтэй зовлонтой байсан гэж сая яриад байна. Комисс нь талийгаачийн өвчтэй байсан эсэхийг судалж болно, энэ өвчин нь сэдрэх, өвчлөхгүй байх талаас нь ажиллаагүй, ямар судалгааны ажил хийгээд дүгнэлтээ гаргасан, бүх зүйл нь норм журмын дагуу, амрах байр нь сэрүүцүүлэх сэнстэй, салхивчтай, агааржуулагчтай байна уу, үгүй юу гэх мэтчилэн наад захын зүйлүүдээ судалж үзэхийн оронд талийгаач ямар өвчтэй байсан гэдгийг нь судалж байгаад нас барсан шалтгааныг нь шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад бид нарт хамаагүй, үйлдвэрлэлийн осол биш гээд материалаа явуулчхаж байгаад маш их гомдолтой байна.
Талийгаачийн хувьд би өмнө нь хэлсэн, эрүүлийн хувьд тэр хүн шиг эрүүл хүн байхгүй байсан гэж бодож байна. Зүрхний стент тавьсан асуудал байгаа. Тэрийг бид нар худлаа гээгүй. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анх энэ компанид ажилд орохдоо 10 дугаар сарын 13-ны өдөр эмчийн үзлэгээр ороод зүрх судас эрүүл гээд орж байсан хүн 14/14 хоногоор энэ компанид жил гаран яваад ирэхдээ зүрхний асуудалтай болж эхэлсэн. Энэ нь явж явж компанийн амрах, ажиллах нөхцөл нь хүний эрүүл мэндэд нөлөөлөөд байсан биш биз дээ гэдэг эргэлзээ төрүүлж байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч талаас согтуу байсан гэж яриад эхэллээ. Шинжээчийн дүгнэлт дээр согтуурлыг шалга гээд асуулт тавьчихсан байхад хариулаагүй байна. Хуйвалдаад тэрэнд нь хариулахгүй орхичихсон ч юм уу, согтуу байхад нь зориуд нуугаад орхичихсон ч юм уу гэж хардаад байгаа юм уу, согтуу нь мэдэгдээгүй байхад чи эрүүл гэж дүгнэлт гаргалаа гээд байх шиг байна. Танай компанийн 5, 6 ажилчдын өгсөн тайлбар байдаг, тухайн өдөр ажлаасаа бууж ирээд хоолондоо ороод дөнгөж байр руугаа орцгоож байсан хүмүүс.
Бүгдээрээ тэгж тайлбараа өгсөн байдаг. Хэзээ, хаана нь архидан согтуураад, хэнтэйгээ наргиж цэнгээд, ямар баяр цэнгэл юу боллоо гээд ууж идээд явах зай завсар байна гэж үзээд байгаа юм. Зүгээр ажил төрлөө эрхлээд ажлаасаа бууж ирээд өдөржингөө 30, 40 градусын халуунд шарагдаж шарагдаж бууж ирээд, зүрх нь даахгүй өөд болсон хүнийг согтуу байсан юм уу гэж яриад байгааг үнэхээр гайхаж байна. Миний яриад байгаа нөхцөл байдлууд байцаагчийн үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндсэн гол шалтгаан болсон байх гэж үзэж байна. Акт дээрээ бүгдийг нь миний хэлсэн шиг дэлгэрэнгүй бичээд байх боломжгүй, энэ актыг дэнсэлж хангалттай тайлбарлалаа гэж миний хувьд дүгнэж байна. Тиймээс улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр нь үлдээж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас “...архаг өвчний улмаас нас барсан, үйлдвэрлэлийн осолд хамруулан тооцох хуулийн үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч гарсан осолд нөлөөлөх хүчин зүйлсийн алинд хамаарах ослын шалтгаан, хүчин зүйл, шалтгаант холбоог судалж тогтоогоогүй, нотлох баримт бүрдүүлээгүй, мэдэгдээгүй байж амрах байранд буюу ажлын байранд хамаарна гэж үзэн хэрэглэх ёсгүй хууль, дүрмийг хэрэглэж, хуульд заасан хугацаа хэтрүүлж дүгнэлт гаргасан нь хууль бус, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...”,
3. Хариуцагчаас “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, тогтоох үүрэг нь ажил олгогчийн үүрэг, нэхэмжлэгчээс ирүүлсэн актыг хүлээн зөвшөөрөөгүй учир хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан, хууль, дүрэм зөрчөөгүй...”,
4. Гуравдагч этгээдийн зүгээс “...уртын ээлжийн горимоор ажиллаж байхдаа ажлын байрандаа буюу амрах байрандаа хувцсаа сольж байх үедээ биеийн байдал нь муудан, улмаар нас барсан, анх энэ компанид ажилд орохдоо эрүүл, зүрх судасны талаар ямар ч асуудалгүй байсан хүн говийн халуунд өдрийн бүтэн гадаа ажиллан, амрах байр нь төмөр контейнерт байрлаж байгаа нөхцөлд магадгүй зүрх судасны өвчтэй болсон байх, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.10-т заасан үүргээ биелүүлээгүй, улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, хууль зөрчөөгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан, тухайн болсон үйл явдалтай холбогдуулан талууд маргаагүй.
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.
6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс /өмчийн бүх хэлбэр/ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд тус осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.
7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[2] үзэхэд “Эн Ти Би” ХХК-д хөдөлмөр хяналтын ээлжийн ахлах ажилтнаар ажиллаж байсан З.Мөнхжаргал нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг, дэвсгэрт байрших “Пийк ойл катеринг” ХХК-ийн кемпийн амрах байранд /тус компанитай байгуулсан гэрээний дагуу “Эн Ти Би” ХХК-ийн ажилтнууд амрах зориулалттай/ биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
8. Тус компанийн ажилтан С.Ганболдоос 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энэхүү ослын талаар хариуцагчид мэдэгдсэн,[3] компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24/62 дугаар тушаалаар[4] байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...хөдөлмөр хяналтын ээлжийн ахлах ажилтнаар ажиллаж байсан З.Мөнхжаргал нь амралтын байрандаа буюу ажил дээрээ өвчний улмаас нас барсан гэж үзэхээр байна, үйлдвэрлэлийн осолд хамруулан тооцох үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэн 2025 оны 07 дугаарын сарын 29-ний өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг[5] гаргаж, уг актыг хариуцагч хянаад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ /гар бичмэлээр/ хийн, “...З.Мөнхжаргал амрах байрандаа нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “...дүрэм”-2.1.4-т заасан тохиолдолд хамаарч байна...” гэж үзэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 07/27-02/129/12 дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт[6] гаргасан нь дээрх хууль, дүрмийг зөрчөөгүй байхын зэрэгцээ “осол гарах болсон шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шалтгаант холбоог судлах, тогтоох, баримт бүрдүүлэх, мэдэгдэх” зэрэг үүргийг дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажил олгогчийн байгуулсан комисс хэрэгжүүлж, өөрөө судлан, тогтоох үүрэгтэй байна.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хуульд заасан хугацаа хэтрүүлж дүгнэлт гаргасан...”, хариуцагч “...хүн нас барсан тохиолдолд гарсан байхад нэхэмжлэгч компаниас шүүх эмнэлгийн дүгнэлтийг бүрдүүлж өгөөгүй, хохирогч талаас мөн ирүүлээгүй учраас Гурвантэс сумын Цагдаагийн байгууллагатай холбогдоход хэрэг нээгээд шалгагдаж байсан, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус Цагдаагийн тасгийн мөрдөгчөөс шинжээчийн дүгнэлт ирүүлснээр “Тохиолдлыг хянан баталгаажуулах тухай” дүгнэлтийг гаргасан, хугацаа хэтрүүлээгүй...” гэж тус тус маргасан ба ажил олгогчийн байгуулсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нэгэнт тогтоогоогүй, хууль, журамд заасан үүргээ /8-д дүгнэсэн/ бүрэн хэрэгжүүлээгүй, хүн нас барсан энэ тохиолдолд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт ирсний дараа /2 хоног/ маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
10. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, мөн зүйлийн 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна”, мөн зүйлийн 92.6-д “Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцно” гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ”, 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан ажил олгогч, ажилтан” гэж тус тус тодорхойлжээ.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.4-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тус тус зохицуулсан.
11. Эдгээр зохицуулалтуудаас үзвэл, ажил олгогчийн хяналтад байх байранд, ажилтан ажил дууссаны дараа амарч байх хугацаанд нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор зохицуулагдсан ба ажлын байранд гарсан үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр байна.
12. Хэрэгт авагдсан баримтууд, “Ажлын байрны тодорхойлолт”, 2023-20 дугаар Хөдөлмөрийн гэрээ зэргээс[7] үзвэл, “Эн Ти Би” ХК нь уртын ээлжээр ажиллуулах горимыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг, осолдогч нь өөрийн байнгын оршин суудаг газраас өөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Шивээ хүрэн” хилийн боомтын ойролцоо газарт буюу ажил олгогчийн “Хөдөлгөөн хяналтын ажлын зохицуулалт, цагийн хуваарь”-ийн дагуу уртын ээлжээр ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн хяналтад байх амрах байранд амрах үедээ бие нь муудан улмаар зүрх нь зогсон нас барсан нь тогтоогддог, “Пийк ойл катеринг” ХХК-ийн кемпийн амрах өрөөг ажил олгогчийн хяналтад байх байр буюу ажлын байр гэж ойлгох бөгөөд үйлдвэрлэлийн осол гэдгийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байх тохиолдлоор хязгаарлахгүй, амралтын зориулалттай өрөөнд амарч байх тохиолдлыг ч үйлдвэрлэлийн осолд тооцно.
13. Мөн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хянаад, эс зөвшөөрч гаргасан маргаан бүхий актын үндэслэл болсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ӨМГ0625/125 дугаар дүгнэлтэд “...талийгаач З.Мөнхжаргал нь зүрх судас, элэг, бөөр, нойр булчирхайн архаг өвчтэй байсан нь үхлийн шалтгаанд шууд холбоотой, зүрхний булчингийн цочмог шигдээсийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байна...” гэж дүгнэсэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
14. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Хоёр дахь хэсгийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж зааснаас үзвэл ажлын байран дээрээ мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн нь нотлогдсоноор тус нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд шууд хамруулан үзэх үндэслэл нь хязгаарлагдахаар байх ба энэхүү маргааны тухайд осолд өртөгч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн, мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртөн, нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй.
15. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт болох Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эн Ти Би” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 118-119 дэх талд
[2] Хавтаст хэргийн 13-14, 20-22, 27 /ар нүүр/, 53-68, 84, 122, 108-128, 161-162, 164 дэх талд
[3] Хавтаст хэргийн 9 дэх талд
[4] Хавтаст хэргийн 9 /ар нүүр/-10 дахь талд
[5] Хавтаст хэргийн 11-12, 52 дахь талд
[6] Хавтаст хэргийн 47-48 дахь талд
[7] Хавтаст хэргийн 15-19, 23/69, 137-139 дэх талд
|
|
|
|
2026 оны 05 сарын 14 өдөр 120/ШШ2026/0029 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС