Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 96

 

Т..............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ............. ТӨҮГ-т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т..............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. ТӨҮГ-т холбогдох,

“............. ТӨҮГ-ийн Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухайиргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.............. миний бие 2016 оны 04 дүгээр сарын 04-нд .............ийн Засвар механикийн заводод албан тасалгааны цэвэрлэгчээр анх ажилд орсон юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-нд мастер Б.Мөнхтуяатай уулзаж, цалинтай 1 өдрийн амралтаа авахаар өглөө ажилчдын автобусаар ажил дээрээ очсон юм. Мастер Б.Мөнхтуяад амралт хүссэн өргөдлөө цохуулаад өөрт нь орхиод 08 цаг 15 минутын ажилчдын автобусаар буцах гээд ажилчдын цайны өрөөнд сууж байсан чинь цехийн бага эмч Л.Түмэнжаргал орж ирээд шууд драйгер үлээ гэсэн. Би өнөөдөр би ажиллахгүй, амарна, одоо 8 цаг 15 минутын автобусаар буцах гэж байна гэсэн чинь үлээ гэж загнаад үлээсэн Тэгээд тэр драйгер дээр нь 0,22% гэж гарсан чинь нэг бичиг бичээд гарын үсэг зуруулсан. Би урьд өдөр нь найзынхаа төрсөн өдөрт очоод бага зэрэг дарс уусан гэдгээ хэлсэн. Тэгээд намайг явуулахгүй хурлаар хэлэлцэнэ байж бай гээд өдөржин хүлээгээд 15 цаг 20 минутын автобусаар явж буусан. Би тэр өдөр амарна гэдгээ мэдээд чөлөөгөө аваад буцах гээд автобус хүлээж байхад намайг ажилдаа согтуу ирсэн гэж ажлаас халсанд гомдолтой байна. Би ажлын байран дээрээ ч очоогүй, гадуур хувцсаа ч тайлаагүй байсан. Би нэг өдрийн амралтаа журмын дагуу албан ёсны өргөдөл өгч шийдүүлэх гэж л очсон байсан. Би ажлын байран дээрээ согтуу очоогүй тул намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.............. нь ............. ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн бөгөөд Т..............ийг ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эмчийн үзлэгт оруулж амьсгал /шүлснээс/-ын аlcotest 6810 багажаар шалгахад 0,22 хувийн согтолтын зэрэг илэрч, акт үйлдэж баталгаажуулсан юм. Т..............ээс 0.22 хувийн согтолтын зэрэг илэрсэн үйлдэл нь түүний ажил олгогч ............. ТӨҮГ-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдож, ажлаас халах үндэслэл болсон. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ..., уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан. Ажилтан Т.............. нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогч ............. ТӨҮГ-ын Ерөнхий захиралтай байгуулсан 21/19/604 дугаар Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.3-т Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд 6.3.11-т Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ............. ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.9-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. гэж заасан бөгөөд 8.9.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, гэсэн заалтуудыг зөрчсөн. ............. ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Ажилтан Төмөрхүүгийн .............тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/347 дугаар тушаалаар Т..............т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Т..............ийн ноцтой зөрчил гаргасан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нь ажлын өдөр байсан ба тэрээр чөлөө аваагүй, түүнд нөхөн амралт олгоогүй байсан тул ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т..............ийг ............. ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ............. ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3.578.288 төгрөг гаргуулан Т..............т олгож, нэхэмжлэлээс 268 369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ............. ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 142.403 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Т..............ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ............. ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зарчмыг зөрчлөө. Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт бодит дүгнэлт, үнэлэлт өгөлгүй дараах дүгнэлтийг гаргаж, “.............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилтан Төмөрхүүгийн .............тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/347 дугаар тушаал”-ыг үндэслэл муутай гарсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү үндэслэлээ шүүх дараах дүгнэлтийг гаргаж тайлбарласан. “.............” ТӨҮГ-ын ажилтан, ажилтанд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн акт № 2-т шүлсэнд сорил хийгдсэн гэсэн байхад амьсгалаар согтолтын зэргийг тоггоосон гэж хариуцагч тайлбарладаг гэж дүгнэсэн. Хариуцагч “.............” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус үйлдвэрийн газрын Засвар механикийн заводын эмч Л.Түмэнжаргал гэрчийн мэдүүлэгтээ шүлсээр үзээгүй ... амьсгалаар үлээлгэсэн гэдгээ гэрчилсэн. “Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн хэвлэмэл хуудаст Т..............ийн нэрийг гараар бичсэн байх ба түүнд гарсан цаг, минут, сорилт хийсэн акт №2-ын цаг, минут хоорондоо зөрүүтэй гэж үзсэн. Хариуцагч “.............” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус үйлдвэрийн газрын Засвар механикийн заводын эмч Л.Түмэнжаргал гэрчийн мэдүүлэгтээ Манайд драйгер үлээлгэдэг аппарат байдаг. Сар, өдөр нь таарч байгаа мөртлөө цаг нь зөрж байсан. Тэрийг нь тайлбарлаж өгч гарын үсэг зурсан гэдгээ гэрчилсэн. Гэрч Л.Түмэнжаргал “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлчлэгч Т..............ийг алсотестер 6810 багажаар 07 цаг 51 минутад үлээлгэхэд аппаратын цаг 08 цаг 48 минутыг зааж байсан гэж №2 актын дор бичсэн байх бөгөөд шүүх хуралдаан дээр мөн энэ мэдүүлгээ өгсөн ч энэ тайлбар нотлогдоогүй бөгөөд тухайн үед алкотестер 6810 багаж нь хэвийн ажиллаж байсан гэхэд ч эргэлзэхээр байна гэж дүгнэсэн. Гэрч Л.Түмэнжаргал гэрчийн мэдүүлэгтээ манайд драйгер үлээлгэдэг аппарат байдаг. Сар, өдөр нь таарч байгаа мөртлөө цаг нь зөрж байсан. Тэрийг нь тайлбарлаж өгч гарын үсэг зурсан гэдгээ өөрийн биеэр гэрчилсэн. Т..............т нэг өдрийн чөлөө авах эрх байсан бөгөөд ээлжийн мастер Б.Мөнхтуяа, Т..............ийг нэг өдрийнхөө чөлөөг /одгулыг/ авъя гэхэд авч болно гэсэн зөвшөөрлийг олгоод байхад тухайн өдөр ажилдаа ирсэн гэдгээр нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрч Ч.Эрдэнэсувд гэрчийн мэдүүлэгтээ чөлөө авахад эхлээд мастерт өргөдлөө цохуулна. Дараа нь цехийн даргаар цохуулна гэж мэдүүлсэн бөгөөд Т..............ийг чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг гэрчүүдийн мэдүүлгээр няцааж байхад үгүйсгэж, Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилтан Төмөрхүүгийн .............тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/347 дугаар тушаал”-ыг үндэслэл муутай гарсан гэж дүгнэж, Т..............ийг “.............” ТӨҮГ-ын Засварын механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.............. нь ............. ТӨҮГ-ийн Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т.............. нь 2016 онд ............. ТӨҮГ-ийн Засвар механикийн заводын албан тасалгааны цэвэрлэгчийн ажилд орж ажилласан ба тухайн үйлдвэрийн ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/347 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., ............. ТӨҮГ-ийн ажилтан, ажилчинд согтслтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02 акт, Засвар механикийн заводын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21/130 дугаартай албан бичиг, Т..............ийн хүсэлт зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т..............ийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө ажилдаа согтуу ирсэн, alktest 6810 багажаар согтолтын зэргийг үлээлгэн үзэхэд 0,22%-ийн согтолт гарсан, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбарт үндэслэн мэтгэлцсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Т.............. нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мастер Б.Мөнхтуяагаас нэг өдрийн чөлөө /одгул/ авахаар ярилцаж өргөдлөө өгч цохуулахаар ажилчдын цайны өрөөнд сууж байхад цехийн бага эмч Л.Түмэнжаргал орж ирээд шууд драгер үлээ гэсэн. Би өнөөдөр ажиллахгүй амарна, 08 цаг 15 минутын автобусаар буцах гэж байна гэхэд загнаад драйгер үлээлгэсэн. 0,22% гарсан нэг бичиг дээр гарын үсэг зуруулсан. Би ажлын байран дээр очоогүй, гадуур хувцасаа ч тайлаагүй, чөлөө авсан гэсэн тайлбар гаргажээ.

............. ХХК-ийн ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот журманд ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн нь сорил шинжилгээгээр тогтоогдсон ажилтан, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах арга хэмжээ авч ажиллахыг хэлтэс, цехийн дарга нарт үүрэгжүүлсэн байх бөгөөд энэхүү тушаалаар баталсан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журманд ажил олгогчийн хүсэлтээр болон согтуу байгаа ажилчдын согтолтын зэргийг нотлох зорилгоор Гэрээт цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн салбарын албан хаагчид, эмнэлэг сувилалын ажилтнууд согтолтын зэрэг тогтоох сорил хийнэ... согтуу сэжигтэй ажилтан, ажилчдаас согтолтын зэрэг тодорхойлох амьсгалын болон шүлсний сорил авч тохиолдол бүрт акт үйлдэнэ гэж заасан байна.

Хариуцагч байгууллагын энэ журманд заасан ажиллагааг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2 тоот акт нь зөрчилтэй үйлдэгдсэн. Сорилыг Т..............ийн шүлсээр хийсэн гэж тэмдэглэсэн боловч амьсгалын тестээр хийсэн, тухайн аппаратны цаг буруу ажиллаж байсан. Мастер Б.Мөнхтуяаг энэ ажиллагаанд оролцуулаагүй атлаа оролцуулснаар гарын үсэг зуруулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Т..............ийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлын байранд согтуу ирсэн гэх, нэхэмжлэгч Т.............. нь тухайн өдөр ажилдаа гарахаар ажлын байрандаа байсан эсэх, хийх ажлынхаа нарядыг мастераасаа авч ажилдаа гарах гэж байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажилдаа согтуу ирсэн болохыг хангалттай нотолж чадаагүй байх тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал тайлбараа нотолж чадаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.403 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ