Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч У.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан У.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004350440 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Сүрэгчин овогт Улаанхүүгийн Батхүү, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арвайн тэнгис” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн 3 дугаар баг Овоотын 5-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЛМ80013036/,

Шүүгдэгч Сүрэгчин овогт Улаанхүүгийн Батхүү нь 2018 оны 01 сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49-3-42а тоотод иргэн Л.Ганзоригийн толгойн тус газарт аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хүнтэй суугаад 2 жил болж байгаа. Манай эхнэрийн хүү болох Ганзоригт архи өгнө гээд байхаар нь бид нар нэг гэр бүлийн хүмүүс, хамт архи ууж болохгүй гэж хэлээд маргаан эхэлсэн гэв.”

Гэрч, хохирогч Л.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Батхүү гэгч нь чи хүүхдэд архи хийж өгдөг хэн бэ гээд хэрүүл маргаан эхлээд ширээн дээр байсан үнсний /сав/ аваад цохилоо гэж бодсон юм тэгсэн чинь сүүлд нь харсан аяга аваад миний толгойн тус газар руу цохиод толгой хагалсан юм ... би 2018 оны 01 сарын 30-ны өдөр гэртээ ...цагаан сарынхаа буузыг хийгээд сууж байсан юм. Тухайн үед ...Батхүүгийн эхнэрийн хүүхэд гээд Занданлхагва гэгчид нэг пиво аягалаад өгсөн чинь хажуунаас Батхүү чи хүүхдэд пиво өглөө гээд маргалдаж эхэлсэн юм. Би тухайн үед 25 орчим насны залуу одоо уух болсон байлгүй дээ гэтэл наадах чинь архи уухаараа агсам юм гээд байсан ...юу гэж агсам тавьдаг юм бэ гэсэн чинь ширээн дээр байсан аягийг над руу авч шидээд дахиад ширээн дээр байсан аягаар миний толгойн зүүн хэсэг ар дагз хэсэгт ...2 удаа хүчтэй цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-17-18х/,

            Гэрчээр  У.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 сарын 30-ны өдөр миний төрсөн өдөр болоод эхнэрийн дүү Бямбасүрэнгийнд 21 цагийн үед очсон юм ...Тэгтэл Ганзориг манай эхнэрийн дүү болох Занданлхагвад архи хийгээд өгөх гэхээр нь би өгч хэрэггүй ...гэтэл Ганзориг өгнө гээд үүнээс болж маргалдсан. Тэгээд ширээн дээр байсан аягийг аваад би толгойн тус газар нь нэг удаа цохисон юм ...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-20х/,

            Гэрч М.Занданлхагва мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Батхүү ах Ганзориг ахыг аягаар толгойд нь цохисон юм …” гэсэн мэдүүлэг /хх-26х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2092 тоот дүгнэлтэд: 

         “1. Л.Ганзоригийн биед зүүн зулай, дагзны хуйхны шарх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-36х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Сүрэгчин овогт Улаанхүүгийн Батхүү нь 2018 оны 01 сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49-3-42а тоотод иргэн Л.Ганзоригийн толгойн тус газарт аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.