| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0168/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Д.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18090010900102 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 1-194 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.М /регистрийн дугаар МЗ87100871/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М нь 2017 оны 12 сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг “32 Клуб” бааранд үйлчлүүлж байхдаа А.Сүрэнжаргалтай маргалдаж пивоны шилээр цохиж биед нь духанд шарх, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг 2017 оны 12 сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг “32 Клуб” бааранд үйлчлүүлж байхдаа А.Сүрэнжаргалтай маргалдаж, улмаар түүнийг шар айргийн шилээр цохиж биед нь духанд шарх, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг “32 Клуб” бааранд үйлчлүүлж байхдаа А.Сүрэнжаргалтай маргалдаж, улмаар түүнийг шар айргийн шилээр цохиж, эрүүл мэндэд нь“…духанд шарх, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Сүрэнжаргалын “…2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32 бааранд найз Наранцэцэг, Отгоо нартай хамт орсон юм. Тэгээд тэнд үйлчлүүлээд нэг,нэг шил пиво уугаад сууж байтал Махгал гэх таньдаг эрэгтэй таарсан. Тэр хүнтэй би юм яриад түүний ширээн дээр очиж суусан тэгээд байж байтал танихгүй залуу ирээд лалар минь зайлаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг танихгүй би найзтайгаа юм ярьж байна гэж хэлсэн. Гэтэл миний толгой руу пивоны шилээр цохисон тэгээд би эмнэлэг явж оёдол тавиулсан…” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Гэрч Т.Махгалын “...бааранд ороод талбай дээр бүжиглэж байтал дунд
сургуулийг хамт төгссөн охин Сүрэнжаргалтай дайралдсан. Тэгээд Сүрэнжаргалтай
ярилцаад ширээн дээрээ очоод сууж байтал Д.М бүжгийн талбай дээрээс
хүрч ирснээ энэ юун хүүхэн манай ширээн дээр суух гээд байгаан яваач гэтэл Сүрэнжаргал юу яриад байгаа юм би таньдаг хүнтэйгээ юм ярьж байна гээд ... маргалдсан юм. Тэгтэл Мөнхсайхан Сүрэнжаргалыг толгой руу нь гараараа цохиод авах шиг болсон тэгтэл Сүрэнжаргалын духнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Гэрч Г.Ганчимэгийн “...2018 оны 12 сарын 28-ны өдөр манай нөхөр Мөнхсайханы ажлынхны шинэ жил болоод би цуг орсон юм. Шинэ жил 23 цаг өнгөрч байхад тараад 32 клубд орсон юм. Бааранд ороод нэг эмэгтэйтэй муудалцсан юм шиг байна лээ би тэр талаар сайн мэдэхгүй байна. ...би пивоны шилээр цохиж байхыг нь хараагүй нэг очсон чинь пивоны шил хагараад хэрүүл болоод байсан. Намайг очиход тэр эмэгтэйн духных нь урд талаар цус гоожсон байдалтай байсан...” /хх-18/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹586 тоот актын “…А.Сүрэнжаргалын биед духанд шарх, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…байгууллагын шинэ жилээс гараад эхнэр найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32 шөнийн клубд үйлчлүүлсэн юм. Тэгтэл өөр ширээний үл таних 2 хүүхэн манай ширээнд сууя гээд байхаар нь суулгахгүй гээд маргаан үүссэн юм. Тэр үед би пиво уугаад сууж байсан. Уг пивоны шилээрээ хохирогч Сүрэнжаргалыг цохиж биед нь гэмтэл учруулсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Мөнхсайханд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Мд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР