Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Ч.Дүгэр /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Чимэдийн Дүгэрт холбогдох эрүүгийн 1809003780385 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ном хур” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 11-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Чимэдийн Дүгэр /РД:НС81020367/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Дүгэр нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Спайсе стреет” бааранд хохирогч Б.Цэрэнноровтой маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж  эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Дүгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809003780385 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ч.Дүгэр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20:00 цагийн үед “Блю скай” зочид буудалд аж ахуй нэгжүүдийн шинэ жилийн баярт оролцсон. Шинэ жилийн арга хэмжээн дээр өөр өөр байгууллагын хүмүүсийн хамт суулгасан болохоор эмнэлэг ажиллуулдаг гээд Цэрэнноров гээд эмэгтэй хамт сууж танилцсан. Тэгээд 21:00 цаг өнгөрч байхад надтай хамт ажилладаг нэг залуу, Цэрэнноров бас хамт ажилладаг хүнтэйгээ бид нар “Блю скай” төвөөс өөр газар орж суухаар болоод ойрхон байдаг нэг ресторанд сууцгаасан. Цэрэнноров ресторанд ороод хамт явж байсан эмэгтэйгээ явуулсан. Би ч гэсэн хамт ресторанд орж ирсэн Эрдэнэпүрэвийг явуулсан. Цэрэнноров бид хоёр нэг шил 0,75 литрийн евок архи авч хувааж ууцгаасан. Тухайн үед бид хоёр юм ярилцаж байгаад би Цэрэнноровыг үнсэх гэхэд Цэрэнноров намайг самардах шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Цэрэнноровын толгойнд 1-2 удаа гараа цохисон. Тухайн үед Цэрэнноров надаас бултаж байгаад газар унах шиг болсон. Тухайн үед Цэрэнноров бид хоёр юм яриад сууж байсан. Би Цэрэнноровыг үнсээд хамт явах уу? л гэж асуусан юм... " гэсэн мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/

Хохирогч Б.Цэрэнноров мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой “Блю Скай”-д гранд авардсын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. Тэгээд манай байгууллага бас Ч.Дүгэрийн байгууллага тус тус шагнал авсан. Тэр үйл ажиллагаа дуусаад ширээний хүүхнүүдийг дайлья гэж Ч.Дүгэр хэлсэн. Уг нь бид нар үйл ажиллагаа дуусаад явах гэж байтал Ч.Дүгэр “би та нарыг дайлья хажуу талын пабад ороё” гэсэн. Тэгэхээр нь би “нөхрөө дуудаад явья би орж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд Ч.Дүгэр яг хажуу талд ойрхон гээд байхаар нь манай нэг найз хүүхэн Х.Өлзийбаяр, тэдний дизайнар нэрийг нь мэдэхгүй дөрвүүлээ “Спай истерит” пабад ороод 2 цаг суусан байх тэгтэл Ч.Дүгэр гэгч намайг буудалд оръё хамт явья гэсэн. Тэгэхээр нь “би орохгүй, би гэр бүлтэй хүн” гэж хэлээд явах гэсэн чинь миний хажууд суугаад утас булааж авсан. Ч.Дүгэр намайг “чи ямар сайхан хүүхэн бэ хоёулаа буудалд оръё” гээд маш их гуйсан би татгалзсан. Тийм асуудал байхгүй гэж хэлсэн. Явах гээд гадуур хувцасаа өмстөл гадуур хувцаснаас татаад үнсэх гэж дахих дахин дайрсан. Тэр кафед намайг сууж байхад Ч.Дүгэр татаж, хүч хэрэглэн үнссэн, зулгаасан татсан учир эсэргүүцэл үзүүлсэн тул миний толгой руу хоёр гараараа нүдэж зодсон. Тэнд байсан үйлчилгээний  / 2 охин нэг залуу/ хүмүүс Ч.Дүгэрийг зодохыг зогсоосон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹933 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Цэрэнноровын биед тархи доргилт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

       Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

-“…19090100378 дугаартай хэрэгт хар өнгийн флаш DVD-1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

        Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

             “…Бичлэгийн 01:19 секундэнд рестораны хаалга талаас 3 дахь ширээнд хохирогч Б.Цэрэнноров цагаан эрээн өнгийн гадуур хувцастай түүний өөдөөс Ч.Дүгэр нь цагаан өнгийн цамцтай, хар өнгийн савхин хүртэй өөдөөс нь хараад нэг ширээнд сууж байсан ба бичлэгийн 04:20 минутанд Ч.Дүгэр нь Б.Цэрэнноровыг хажууд нь суугаад үнсэх гэхэд Б.Цэрэнноров нь Ч.Дүгэрийг нүүрэнд нэг удаа гараараа цохиод 2-3 удаа хөлөөрөө өшиглөж өөрөөсөө холдуулав, бичлэгийн 04:43 минутанд Ч.Дүгэр нь хохирогч Б.Цэрэнноровыг буйдан дээр сууж байхад нь толгой тус газар нь баруун гараараа нэг удаа цохьсон ба бичлэгийн 04:47  минутанд  Б.Цэрэнноров Ч.Дүгэртэй зууралдаж байгаад буйдангаас газарт унахад тус байгууллаганы зөөгч нар ирж Ч.Дүгэр, Б.Цэрэнноров хоёрыг салгаж байгаа бичлэг байв…” гэжээ /хх-ийн…” гэжээ /хх-ийн 3 дугаар хуудас/

        Ч.Дүгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүгдэгч Ч.Дүгэр нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Спайсе стреет” бааранд хохирогч Б.Цэрэнноровтой эр эмийн харьцааны асуудлаас болж хоорондоо маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Дүгэрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Цэрэноровын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №933 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт болох камерын бичлэг, тухайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

        Шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдал нь эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт тусгагдсан, шүүгдэгч  хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дүгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ч.Дүгэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ч.Дүгэрт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Б.Цэрэнноровоос “…Энэ хэрэгт ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-44/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Дүгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.