| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329003580037 |
| Дугаар | 2024/ДШМ/60 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/60
Б.*******од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Хохирогч: Э.******* /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Мэнджаргал /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч “******* *******т зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Шүүгдэгч: Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Буянтөр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга: Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******од холбогдох 2329003580037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р баг, нүүрс тээврийн авто замын 119 дэх км-т ******* ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-аас 112,960,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* *******т зам” ХХК-д, иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-аас 10,261,938 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.*******ид тус тус олгож,
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.*******оос өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “******* *******т зам” ХХК-ийн бусад иргэний нэхэмжлэл, хохирогч Э.*******ийн замын зардал, эмчилгээ, ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, “******* *******т зам” ХХК, хохирогч Э.******* нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Хавтаст хэргийн материалтай танилцахад шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн 2329003580037 дугаартай хэрэгт хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль болон түүнд нийцүүлэн гарсан журмыг сахиж, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна. Үүнд:
“Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын акт болон схем зураг” /хавтас хэргийн 23 дугаар хуудас/-ыг үйлдэхдээ А цэгийг буруу тогтоосон.
А цэг гэдэг нь Явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн, үл хөдлөх зүйл мөргөсөн, зорчих хэсгээс гадагш гарсан мөрийн эхлэл зэрэг осол анх болсон газрыг хэлнэ гэж заасан байдаг.
Бодит байдал дээр тээврийн хэрэгслүүд нь мөргөлдсөн, осол анх болсон газар буюу А цэг нь хатуу хучилттай авто замын голын ******* шугамын хойноосоо урагшаа чиглэлийн баруун талд буюу миний үйлчлүүлэгч Б.*******ын жолоодож явсан ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан талд тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн тус тээврийн хэрэгслийн эвдэрч хугарсан чулак буюу дугуй байрладаг хэсгийн зүүн өнцгөөс тос асгарч эхэлсэн үеийг /хавтас хэргийн 33 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийн 16, 17 дугаартай зурагт ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж мөргөлдсөн нь маш тодорхой харагддаг/ анх уулзсан А цэгээр тогтоохоор байтал хууль болон журам зөрчиж хэргийн газрын үзлэг хийсэн.
Өөрөөр хэлбэл бодит байдлыг тогтоох, эргэлзээгүй нотлоход зайлшгүй шаардлагатай гэж хэлж болох А цэгийг буруу тогтоож схем зураг үйлдэж энэхүү огт үндэслэлгүй схем бүдүүвч зургийг үндэслэж мөрдөгч магадалгаа гаргасан.
Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “зам тээврийн осол дээр тогтоосон акт”-д өмү улсын дугаартай Хово маркийн автомашин нь 14.70 м тоормоз гишгэж мөрний хэмжээ гарсан байгааг тогтоосон.
Уг тоормосны мөр нь хавтас хэргийн 33 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийн 16, 17 дугаар зураг тус бүрт эсрэг урсгалд буюу миний үйлчлүүлэгч Б.*******ын жолоодож явсан ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явж байсан урсгалд орж зам тээврийн осол гаргасан нь илтэд илэрхий харагддаг боловч үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Л.ын гэрчээр өгсөн: Мөрдөгчийн “Та зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гарсан талаар ярина уу” гэх асуултад “Би бодохдоо хоосон талаас ирж байгаа тээврийн хэрэгсэл их хурдтай ирээд осол болчихвуудаа гэж бодож байсан. ...Тоос босож л харагдсан. Осол болох уед сайн харагдаагүй урд машинууд байгаа болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Манай урсгалаар явж байсан тээврийн хэрэгслүүд их зөөлөн явж байсан” гэж мэдүүлсэн байдаг.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11-т зааснаар “мөрдөгчийн магадалгаа” гэгч гарсан боловч уг магадалгааг мөрдөгч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай нийт шүүгчдийн тогтоолын 5.2-т “Тусгай мэдлэг гэдгийг иргэдийн ерөнхий боловсрол, ахуйн хүрээнээс хальж зөвхөн тусгай бэлтгэл мэргэжлийн дадалд тулгуурлан олж авч чадах мэдээ мэдээлэл гэж үзнэ.” гэж тайлбарласан.
Дээрх тогтоолын 2.1-д “Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй.” гэж тусгайлан зааж өгсөн байдаг.
Гэтэл хавтас хэргийн 109-110 дахь талд авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаартай шинжээч С.ын дүгнэлт хэсгийн 3-рт “Уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдлаар тайлбарлагдах тул хариулт өгөхөөс татгалзав.” гэж дүгнэн нь татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөрдөх байгууллагаас явуулсан ажиллагаа болон хэрэгт цугларсан баримтууд нь шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй, ойлгомжгүй, хууль тогтоомжийн хүрээнд явагдаагүй ажиллагааг үндэслэн шинжээч дүгнэлт гаргах боломжгүй юм.
Дээд шүүхийн тогтоолд холбогдох хуулиар тогтоосон шинжилгээ хийлгэх журмыг зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлаар мэргэшсэн хувийн сонирхолгүй этгээд шинжилгээ хийсэн байх нь дүгнэлтийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг илэрхийлдэг тул үүнд онцгой анхаарвал зохино гэж тайлбарласан.
Гэтэл Б.*******од холбогдох эрүүгийн хэрэгт тухайн асуудлаар мэргэшээгүй, дээрх хэргийг шалгаж буй үндсэн мөрдөгч нь өөрөө магадалгааг гаргасан нь үндэслэлгүй юм.
Хавтаст хэргийн материалд маргаан бүхий мөрдөгчийн магадалгааг гаргасан мөрдөгч нь автомашин, техник технологи зэргээр тусгай мэргэжил, мэдлэг эзэмшсэн зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. /сертфикат/
Мөн өмгөөлөгч О.Буянтөр миний бие нь шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн хэрэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг хуулийн хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн боловч хүсэлтийг хэлэлцэлгүй орхисон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн газрын үзлэгийн А цэгийг буруу тогтоосон гэж байна. Ямар үндэслэлээр буруу тогтоосон гээд байгаа юм. Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал байдаг.
Зам тээврийн осол түүнтэй холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах заавар журам гэж байдаг. Уг журмаар зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эрүүгийн хэргийг шалгадаг. Ингэхдээ зам тээврийн осол гарсан А цэгийг хоёр талыг байлцуулан анх мөргөлдсөн буюу осол болсон газрыг нотолж болно гээд байгаа юм.
Хэргийн газарт анх очоод хоёр жолоочийг байхад нь А цэг буюу мөргөлдсөн цэгийг тогтоосон гэж байна. Хоёрдугаарт тэр энэ машин нь эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэж тогтоосон.
Мөрдөгч нь Хууль зүй дотоод хэргийн их сургуульд сураад, тусгай мэдлэг мэргэжлээ эзэмшээд, мөрдөгч болсныхоо дараа тусгай сургалтад хамрагдаад сертификатаа авсан байдаг. Тэгээд дүгнэлтээ гаргаж, магадалгаа гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж зам тээврийн хөдөлгөний аюулгүй байдлын журмаар хийсэн үйл ажиллагаа тогтоогдсон учраас шүүх хянан шийдвэрлээд шийтгэх тогтоол гаргасан. Тиймээс О.Буянтөр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 119 дэх километрт явж байхад ******* толгойтой Хово машин замын овгор хэсгийг тойроод урсгал сөрж орж ирсэн. Би өмнө нь харсан учраас зам тавьж өгсөн. Зөрж байх явцад хойноос нь ногоон толгойтой Хово машин маш ойрхон хурдтай орж ирсэн.
Намайг хараад өөрийнхөө эгнээ рүү дарсан. Чиргүүлийн үзүүр намайг мөргөж хамж авч явсан. Энэ хэрэг их удаашралтай байна. Гэмтэл авсан учраас ажил хийж чадахгүй хэцүү байна. Эмчилгээнд явах гэхээр санхүү байхгүй байгаа. Энэ хэргийг шийдэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа. О.Буянтөр өмгөөлөгч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд дуустал нь оролцоод явсан. Оролцож байх хугацаандаа холбогдох бүх шатны байгууллагуудад гомдлоо гаргаад холбогдох хариунуудаа аваад явж байсан. А цэгийг буруу тодорхойлсон гэдэг нь өөрөө хууль зүйн ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа гэдэг нь ойлгомжгүй байгаад байна. Энэ хэргийг хянан шалгаж байх явцад хэргийн оролцогч, гэрч, шинжээч шат шатны прокурорууд бүгд оролцсон. Ганцхан магадлагаагаар энэ хэргийг шийдвэрлээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч “******* *******т зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гарсан тогтоолыг компани дэмжиж ажиллаж байгаа. Анхан шатны шүүхээс гарсан 112,000,000 төгрөг болон жолоочийн эмчилгээний зардал болох 10,000,000 төгрөгийг яаралтай авах хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хавтаст хэргийн 23 дугаар талд осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч ослын акт, схем болон А цэгийг буруу тогтоосон гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.
А цэг гэдэг нь явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, тээврийн хэрэгслүүд мөрдөгдсөн үл хөдлөх зүйлийг мөргөсөн, зорчих хэсгээс гадагш гарсан муруй эхлэх цэг бол осол гарах болсон газрыг хэлнэ гэж маш нарийн тодорхой биш зааж өгсөн байдаг.
Бодит байдал дээр тээврийн хэрэгслүүд нь мөрдөгдсөн, осол гарах болсон газар буюу А цэг нь хатуу хучилттай авто замын голын ******* шугамын хойноосоо урагшаа чиглэсэн, баруун тал буюу миний үйлчлүүлэгч Б.*******ын жолоодож явсан 3809 ӨМУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах байсан талд тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн тус тээврийн хэрэгслүүдийн эвдэрч хугарсан хэсэг буюу дугуй байрладаг хэсгийн зүүн өнцгөөс тос асгарч эхэлсэн үеийг А цэг гэж тогтоохоор байхад хууль болон журам зөрчиж хэргийн газрын үзлэг эхэлсэн.
Өөрөөр хэлбэл бодит байдлыг тогтоох, эргэлзээгүй нотлоход зайлшгүй шаардлагатай гэж хэлж болох А цэгийг буруу тогтоож, тус А цэгийг үндэслэж схем рүү хөрвөгдөж энэхүү үндэслэлгүй схемийг үндэслэж бүдүүвч зураг гарч, уг бүдгэрч зургийг үндэслэж мөрдөгч магадалгаагаа гаргасан учраас анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан гэж үзэх үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч Б.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн явж байсан урсгал руу орж зам тээврийн осол гаргасан нь илэрхий харагддаг.
Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг анхаарч үзэхгүйгээр зөвхөн прокурорын санал болгосон баримтуудыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Гэрч ын мэдүүлэгт та зам тээврийн ослыг ямар шалтгааны улмаас гарсан талаар ярина уу гэх асуултад би бодохдоо хоосон талаас ирж байсан тээврийн хэрэгсэл хэт хурдтай ирээд осол болчихов уу даа гэж бодож байсан. Тоос босож харагдсан, осол болох үед сайн харагдаагүй. Машин байгаа болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан дарааллан явж байсан тээврийн хэрэгслүүд их зөөлөн явж байсан гэх мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүх үүнийг мөн авч үзээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч магадалгаа гарсан. Энэ хуулийн дээрх зүйл заалтаар магадалгаа гарсан боловч магадалгааг мөрдөгч өөрийн эзэмшсэн мэдлэгийн хүрээнд гарсан гэж үзэхэд учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
Б.*******од холбогдох эрүүгийн хэрэгт тухайн асуудлаар мэргэшээгүй дээрх хэргийг шалгаж буй мөрдөгч нь өөрөө магадлагаа гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан маргаан бүхий магадалгааг гаргасан мөрдөгч нь автомашин техник технологи зэргээр тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товлуулахаар гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би шүүхэд хүргүүлсэн байдаг. Миний хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг хүлээн авалгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргалгүйгээр аль хэдийн буюу хуулийн хугацаа буюу 15 хоног дуусахаас өмнө шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гарсан байсан.
Иймд дээрх үндэслэл бүхий нотлох баримтуудыг үндэслэж давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаад Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг цагаатгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөрийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтөр нь “Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах” агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Б.*******од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Л.Наранбадрах нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р баг, нүүрс тээврийн авто замын 119 дэх км-т болсон зам тээврийн осол дээр өөрөө мөрдөгчийн магадлагааг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөрдөгчийн магадлагаанд мөрдөгч Л.Наранбадрах нь эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8 дахь жил, цагдаа зохицуулагчаар 4 жил, мөрдөгчөөр 2 жил ажиллаж байгаа гээд зам тээврийн ослын үндсэн шалтгааныг “******* ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бэгзсүрэнгийн ******* /ИЦ79062273/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдэгтээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж дүгнэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус зааснаас дүгнэхэд тухайн мөрдөгчийг авто тээврийн ашиглалтын улмаас үүссэн авто ослын талаарх дүгнэлт гаргах эрх бүхий тусгай мэдлэгтэй эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21-д “тусгай мэдлэг” гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2.-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.” гэж заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тусгай мэдлэг эзэмшээгүй мөрдөгч магадлагаа гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөгчийн магадлагааг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 03, 11, 25-ны өдрүүдэд мөн 05 дугаар сарын 15-ны өдөр /1 дүгээр хавтас хэргийн 236, 243-244 дэх тал, 2 дугаар хавтас хэргийн 11-12, 23-24 дэх тал/ тус тус шинжээч томилох тухай хүсэлт, гомдлуудыг гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “”Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.” гэсэн заалтыг прокурор зөрчиж шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-д заасан эрхийг эдлүүлээгүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага “...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан байхад дээрх хуульд заасны дагуу энэ хэрэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй, мөрдөгч нь Э.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар гуравдугаар зэрэглэлийг тогтоов.” гэж дүгнээд хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн гэж хохирогчийн гарын үсгийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зуруулжээ. /1 дүгээр хавтас хэргийн 130 дахь тал/
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөр нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хүсэлтийг /2 дугаар хавтас хэргийн 44 дэх тал/ гаргасан байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэсэн заалтыг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шийдвэрийг гаргаагүй байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үнэлэн анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах тухай” давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.*******од холбогдох 2329003580037 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА