Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Э.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э******* нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч А.Б*******аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаал, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Маргааны үйл баримт:

Анх иргэн Н.Э эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр мэдүүлэг гаргасныг нэхэмжлэгч улсын бүртгэгч А.Б*******т хуваарилагдсан ба хаяг, баримт бичиг зөрүүтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж буцаажээ.

Улмаар иргэн Н.Э эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр дахин 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлгийг мөн хаяг, баримт бичиг зөрүүтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, буцаасан байна.

Ийнхүү эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг улсын бүртгэгч А.Б******* удаа дараа бүртгэхээс татгалзаж, буцаасантай холбоотойгоор түүнд холбогдуулан иргэн Н.Э 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан ба тус өдөр дахин мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч Г.Ө бүртгэсэн.

Ёс зүйн дээд хорооноос гомдлыг шалгаж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч А.Б*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн ба энэхүү дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч А.Б*******т ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байна.

3. Шүүхэд хандсан:

Нэхэмжлэгч А.Б*******аас маргаан бүхий актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлээ ирүүлжээ.

4. Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Иргэн Н. Э Х дүүрэг, хороо, т хотхоны 1 байрны В2 давхрын тоот хаягт бүртгэлтэй авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 19, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус мэдүүлэг гаргахад бүртгээгүйгээс шалтгаалан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр надад холбогдуулан "...хүнд суртал гаргасан, ёс зүйгүй харилцсан..." зэргээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Уг гомдлыг надад танилцуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "... иргэн Н. Э "Э *******" ХХК-иас гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэгт Х дүүрэг, хороо, т хотхоны 1 байрны В2 давхрын тоот авто зогсоол нь жагсаалт болон батлагдсан ажлын зурагт тусгагдаагүй байсан учир Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй" гэх үндэслэлээр, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хаяг зөрүүтэй, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэгт хавсарган ирүүлсэн материалуудыг хянан үзэхэд Шүүхийн шийдвэрт 1 байраар, "Э *******" ХХК-ийн материалууд нь 120-р байраар мэдүүлэг гаргасан байсан.

Иймд мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй" гэх үндэслэлээр татгалзсан тухай тайлбар өгсөн. Ёс зүйн Дэд хорооноос 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н. Э нэмэлт тайлбар авсан байх бөгөөд зөрчилд холбогдсон төрийн албан хаагч болох надаас нэмэлт тайлбар аваагүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын ёс зүйн дэд хорооноос Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаад 2025 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан.

Дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга руу хүргүүлж байгааг хэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн тул холбогдох арга хэмжээ авахыг утсаар мэдэгдсэн.

Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар "... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8. "байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх", 8 дугаар зүйлийн 8.1.1. "иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм, хэмжээ шаардлагыг зөрчсөн... гэх дүгнэлт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12. "төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.

Иргэн Н.Этай харилцахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12 Төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх үүргийг зөрчөөгүй. Өмчлөх эрхийг бүртгүүлэх 2 удаагийн мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй гэх үндэслэлээр татгалзсан. Тэгш бус харилцаа үүсгэж тухайн иргэнийг ялгаварлан гадуурхсан зүйлгүй, энэ бүртгэлд цаг хугацаа авах хувийн ашиг сонирхол надад байхгүй. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд намайг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ээлжийн амралт авсан. Ээлжийн амралтаа авах гэж байгаа учраас өөр дээрээ ачаалал үүсгэхгүй байх Үүднээс бүртгэл хийхээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тэгвэл цаашид Төрийн албан хаагч бүр Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдлэхээр ээлжийн амралт авах бүрт өөр дээрээ ачаалал авахаас зугтааж байна гэж хандах болж байна. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой учир энэ нь үндэслэлгүй. Иргэн Н.Эыг ялгаварлан гадуурхаж тэгш бусаар хандсан зүйлгүй.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. "Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж хуульд заасан бүрэн эрхийн хугацаанд хариу өгөх ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчөөгүй. Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг тухай бүрт судалж тогтоосон хугацаанд хариу өгсөн. Төрийн албан хаагчаас өөрт олгогдсон эрх, үүргийн дагуу иргэний хүсэлтийг судлан үзээд хариу өгөх үүрэгтэй. Гэхдээ зөвхөн тухайн хүсэлтийг гаргасан иргэнд таалагдсан, хүссэн хариуг нь өгөх ёстой гэсэн үг биш юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 "байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчөөгүй.

Иргэн Н. Э гаргасан гомдолд намайг гүтгэсэн зүйл их байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Иргэн Н.Э гаргасан гомдлыг шалгасан тухай танилцуулгад "...хэл амаар доромжилсон, салаавч гаргасан зэрэг үйл баримтууд нь шалгалтын явцад тогтоогдоогүй, хяналтын камерын бичлэг хадгалагдаагүй... гэсэн байхад л албан харилцааны ёс зүйг сахиагүй гэж үзсэн нь буруу. Би хяналтын камерын бичлэгийг үзүүлж гэм буруугүй болохоо нотлоход татгалзах зүйлгүй.

Иргэн Н. Эы зүгээс мэдүүлэг гаргасан өдрөөс эхлэн гэрчилгээгээ хурдан авмаар байна гаргаад өгчих гэж өдөр бүр ирж, ажлын цагаар ажлын байранд өдөржин сахиж суугаад, бусад хүмүүсээр над руу утсаар яриулж ажил үүргээ хараат бус, хэвийн явуулахад саад учруулсан. Намайг ч хэл амаар доромжилсон, үйлчилгээний зааланд байсан иргэд хүртэл бухимдсан. Бүртгэхээс татгалзсан мэдүүлгүүдийн тухайд зөрчилтэй байсан учраас татгалзсан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлөө арилган бүртгүүлчхээд анхнаасаа зөв байсан мэт гомдол гаргасан. Нислэгээ хойшлуулсан нь зөвхөн надаас шалтгаалсан эсэхийг мэдэхгүй, нислэгийг нь хойшлуулахгүйн тулд би бичиг баримт зөрүүтэй байсан ч бүртгэх ёстой байсан гэж үү. Үнэн зөв, бичиг баримтын зөрчилгүй байсан бол би бүртгэл хийхээс татгалзаж тухайн хүнд доромжлуулаад сууж байхыг хүсэхгүй.

Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг бол тусгай мэргэжлийн ёс зүй бөгөөд Төрийн албан хаагч юу хийх ёстой, юунаас татгалзах ёстой ойлголт юм. Улсын бүртгэгчийн хувьд мөн хэн нэгний шударга бус нөлөөнд автахгүй, хууль, журмыг мөрдөж, хууль бус бүртгэл хийхгүй байхаас сэргийлж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 "хараат бус байх, 4.1.4 үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", 4.1.5. "нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөх ёстойг тусгайлан заасан би дээрх зарчмуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Ажил үүргээ хууль, журмын дагуу гүйцэтгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь уг гомдлыг хянан хэлэлцэхдээ Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.8-т зааснаар хуралдааны товыг мэдэгдээгүй, гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар аваад надад танилцуулаагүй, надаас нэмэлт тайлбар аваагүй. 5 дугаар зүйлийн 5.9.2-т зааснаар "бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх үр дагаврыг" харгалзаж үзээгүй. Энэ тохиолдолд гомдол гаргасан иргэн бүрийн зөв, хууль ёсны шаардлага тавьсан ч бай албан хаагч бүрийн буруу болохоор байна. Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 7 дугаар зүйлийн 7.3. "Дэд хороо нь гомдол, мэдээлэл гаргагчийг бусдыг гүтгэсэн, худал мэдүүлсэн тохиолдолд шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж болно гэж заасан байхад асуудалд хэтэрхий нэг талаас хандсан. Тэгэхээр гомдол, мэдээллийг бүрэн гүйцэд хянан шалгах ёстой байтал гомдол, мэдээлэл гаргасан иргэнийг гомдлыг тайлах гэж буруутай эсэх нь хамаагүй төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээх нь зайлшгүй зүйл боллоо. Хариуцлага хүлээхгүй нь тулд за яахав жижигхэн зөрчил байна, би засъя, би болгоё та битгий бухимдаарай гээд бусдаас айж ажиллавал хараат бус, бусдын нөлөөнд автахгүй байх зарчим огт хэрэгжихгүй. Нэг удаагийн хариуцлага хүлээлгэх тушаал гараад дуусаж байгаа харилцаа биш төрийн албанд ажиллаж байгаа иргэний хувьд цаашид олон зүйлд ач холбогдол үүсгэж байгаа үр дагавартай зүйл гэдгийг бодож асуудалд бодитоор хандах шаардлагатай.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтээр намайг ёс зүйл зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн дугаар тушаалаар ёс зүйн хариуцлага үндэслэл болсон. Ёс зүйн хариуцлага хүлээснээр төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний түүний үр дүнгийн урамшуулал, албан тушаал дэвших, шилжих, хувийн хэрэгт мэдээлэл хадгалагдах зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж миний эрх зүйн байдал дордож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож төрийн албан хаагч, иргэн миний хөдөлмөрийн эрх зүйн байдлыг сэргээж, дээрдүүлж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дэх хэсэгт Ёс зүйн дэд хорооны бүрэн эрхийг "13.3.1.энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах"; 13.3.2."энэ хуулийн .1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх; 13.3.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах" гэж зохицуулсан.

Ёс зүйн дэд хороо иргэн Н. Э гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцээд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3.1 дэх заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3.1 дэх заалт, Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 6.11, 6.12.5-д заасныг тус тус үндэслэн улсын бүртгэгч А.Б*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай дүгнэлтээр албажуулсан.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Н.Э эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл (авто-зогсоол) хийлгэхээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст анх 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг гаргасан ба тухайн мэдүүлэг нь тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч А.Б*******т хуваарилгасан байдаг бөгөөд улсын бүртгэгч А.Б******* нь нотлох баримт зөрүүтэй гэх шалтгаанаар 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 19-ний өдөр, 23-ны өдөр Н.Э гаргасан мэдүүлгийг удаа дараа буцааж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ улсын бүртгэгч А.Б******* иргэн Н.Эы улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нотлох баримт болох улсын тэмдэгтийн хураамж төлж, эрхийн улсын бүртгэлд анх удаа авто зогсоолыг бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт дээрх байрны дугаар зөрүүтэй гэх шалтгаанаар удаа дараа буцааж, иргэнийг чирэгдүүлж байсан үйл баримтууд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, 7.1.8-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх; тогтоогдож байна" гэж заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг, 8 дугаар зүйлийн 8.1.1-д иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх гэснийг зөрчсөн.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/685 дугаар тушаалаар батлагдсан улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандарт"-ын 4.1.1-д шуурхай, чирэгдэлгүй байх, 4.4.4-д эелдэг, хүндэтгэлтэй хандах", 4.1.6-д "төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх" гэсэн үндсэн зарчмуудыг тус тус зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын бүртгэгч А.Б******* нь иргэн Н.Эы мэдүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буцааж, 29-ний өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байна. Уг авто-зогсоолын материалыг ажил үүргийн хуваарийн дагуу улсн бүртгэгч Г.Ө хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах үндэсэл байгаагүй тул Х дүүргийн хороо, Т хотхоны 120-р байрны В2 давхрын тоот хаягт бүртгэлтэй авто-зогсоол өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэж, дугаартай гэрчилгээг 2025.10.01-ний өдөр олгосон байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаал, үндэслэлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаал буюу захиргааны акт гарахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа оролцогч (А.Б*******)-ийн тайлбар, санал гаргах боломжоор хангасан.

Тодруулбал, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл болон тэмдэглэлд Тамгын газрын мэргэжилтэн О.У, улсын бүртгэгч А.Б******* нар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэлд Захиргааны акт, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт болон захиргааны шийдвэр гаргах асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл, оролцогчийн тайлбар зэрэг тусгагдсан.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

Мөн хуулийн 12 дугаар зүйлд томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 12.1.1-д төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, 12.1.5-д энэ хуулийн .1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх",

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.4-д заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч А.Б*******т Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16.1, 16.1.2 дахь заалтад заасны дагуу өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдуулан "Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах", Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д*******д холбогдуулан "Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах" тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбаруудыг харьцуулан дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч иргэнийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандаагүй, ёс зүйн нийтлэг шаардлага зөрчөөгүй, мэдүүлэг түүнд хавсаргасан баримтыг тухай бүр судалж, хугацаанд нь хариу өгсөн, хуульд заасан улсын бүртгэлийн зарчмыг мөрдлөг болгосон, зөрчилтэй мэдүүлгийг бүртгэхгүй, Н.Э 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлөө арилган бүртгүүлчхээд анхнаасаа зөв байсан мэт гомдол гаргасан, Ёс зүйн дэд хороо хуралдааны тов мэдэгдээгүй, гомдол гаргагчийн нэмэлт тайлбарыг танилцуулаагүй, надаас нэмэлт тайлбар аваагүй, иргэний гомдлыг тайлах гэж буруутай эсэх нь хамаагүй хариуцлага хүлээлгэсэн гэж, харин хариуцагч нараас байрны дугаар зөрүүтэй гэх шалтгаанаар иргэнийг чирэгдүүлж байгаа нь ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчсөн, зөрчлийн шинж байдалд нь нийцүүлэн ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хууль тогтоомжид нийцсэн, А.Б*******ыг тайлбар санал гаргах боломжоор хангасан гэж тус тус маргаж байна.
  3. Иргэн Н.Э 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд улсын бүртгэгч А.Б*******т холбогдуулан харилцааны ёс зүйгүй, чирэгдэл учруулсан асуудлаар гомдол гаргасан бөгөөд маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг зөрчсөн гэж үзжээ.
  4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ёс зүйн дэд хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн Н.Э гаргасан гомдлыг шалгасан тухай танилцуулга, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч А.Б******* нь харилцаа хандлагын асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, энэ үндэслэлээр түүнд хариуцлага хүлээлгээгүй байна.
  5. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс харилцаа хандлагын асуудлаар хариуцлага хүлээлгээгүй, иргэнд чирэгдэл учруулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн гэж тайлбарласан ба энэхүү маргааны гол зүйл нь нэхэмжлэгч улсын бүртгэгч А.Б*******ын иргэн Н.Эы гаргасан мэдүүлгийг удаа дараа бүртгэхээс татгалзсан үйлдэл нь иргэнд чирэгдэл учруулсан эсэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн зөрчилд хамаарах эсэх тухайд байна.
  6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө, 7.1.8-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх, 8 дугаар зүйлийн 8.1-т Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд...дараах нийтлэг үүргийг хүлээнэ, 8.1.1-т иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх гэж тус тус заажээ.
  7. Дээрх хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч А.Б******* Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэнээс гаргасан хүсэлтийг буюу мэдүүлгийг шийдвэрлэх үүрэгтэй.
  8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж зааснаас үзэхэд улсын бүртгэгч нь бүртгэлийн үнэн зөвийг тогтоох зорилгоор иргэнээс тайлбар, баримт шаардах болон тухайн баримт нь зөрчилтэй бол бүртгэхээс татгалзах эрхтэй байна.
  9. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б******* нь иргэн Н.Эы мэдүүлгийг үнэн зөвийг тогтоох зорилгоор нэмэлтээр баримт шаардаж, зөрчилтэй баримтыг бүртгэхээс татгалзах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлснийг түүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариу өгөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
  10. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх гэж заасныг зөрчсөн үйлдлийг иргэний хүсэлт буюу мэдүүлгийг анхааралтай, бүрэн, гүйцэт судлаагүйн улмаас үндэслэл бүхий хариу өгөөгүй байх эсхүл өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд хариу өгсөн үйлдлийг ойлгохоор байна.
  11. Иргэн Н.Э гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримт бичгүүд дээр үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээлэл зөрүүтэй, энэ үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон үйл баримт байхгүй тохиолдолд түүнийг улсын бүртгэгчийн бүрэн эрхийн хүрээнд хариу өгөөгүй гэж үзэхгүй юм.
  12. Түүнчлэн, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай хуралдааны тэмдэглэлийн 6-р хуудаст ...баримт зөрүүтэй байгааг иргэнд ойлгомжтой тодорхой тайлбарлаж өгөх үүргээ биелүүлээгүй...ойлгомжтой хэлсэн бол засаад аваад ирэх боломжтой...чирэгдүүлсэн гэдэг нь тодорхой байна гэж дурдсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-д "төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх гэж заажээ.
  13. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн зүйн тухай хуульд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх гэдгийг нарийвчлан зохицуулаагүй.
  14. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/685 дугаар тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандарт-ын зорилгоос үзэхэд улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд чирэгдэлгүй хүргэх харилцааг энэхүү стандартаар тогтоожээ.
  15. Дээрх үйлчилгээний стандартын 8.1.3, 8.1.4, 8.1.5-д зааснаас үзэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалтыг ойлгомжтой тодорхой тайлбарлах, баримт бичгийн үнэн зөв, бүрдүүлбэр бүрэн эсэхийг ойлгомжтойгоор тайлбарлаж, үйлчилгээ үзүүлэхээр байна.
  16. Ёс зүйн дэд хорооны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийг баримт бичгийн бүрдлийг ойлгомжтой тайлбарлаагүй гэж буруутгасан байх боловч энэ нь тогтоогдохгүй байна.
  17. Тодруулбал, үйлчилгээний стандартад заасан баримт бичгийн жагсаалт гэдэг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана гэж заасан жагсаалтыг ойлгох болохоос тухайн баримт бичгийн жагсаалтад дурдсан баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн зөрүүтэй мэдээллийг хэрхэн, яаж зөвтгөн ирүүлэх талаар зөвлөн туслалцаа үзүүлэх чиг үүргийг улсын бүртгэгч хүлээхгүй, нөгөөтээгүүр иргэн өөрөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо нотлох үүрэг хүлээнэ.
  18. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч А.Б******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байхад түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА