| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0253/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч Г.Бямбасүрэн;
шинжээч Т.Номинцэцэг,
шүүгдэгч /хохирогч/ Б.Билгүүндалай, түүний өмгөөлөгч С.Болдбаатар;
шүүгдэгч /хохирогч/ Н.Батдорж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг;
шүүгдэгч Г.Баянхүү, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасандоржийн Билгүүндалай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Насанбатын Батдорж, Ганбатын Баянхүү нарт холбогдох эрүүгийн 1709025440386 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 19 дүгээр гудамж 329 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙД98061519 регистерийн дугаартай, Жагар овогт Баасандоржийн Билгүүндалай,
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УШ97082895 регистерийн дугаартай, Модонгууд овогт Насанбатын Батдорж,
3. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, II-40.000-ын, ХАА 30 дугаар байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УИ99041515 регистерийн дугаартай, Боржгон овогт Ганбатын Баянхүү.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Билгүүндалай нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2 дугаар давхарт бусдыг шүргэснээс маргаан гарсныг зохицуулж байсан Н.Батдоржийг цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Г.Баянхүү нь Н.Батдоржтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2 дугаар давхарт бусдыг шүргэснээс маргаан гарсныг зохицуулж байсан Б.Билгүүндалайг нүүрэн тус газар нь удаа дараа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун чамархай, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Н.Батдорж нь Г.Баянхүүтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2 дугаар давхарт бусдыг шүргэснээс маргаан гарсныг зохицуулж байсан Б.Билгүүндалайг нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Б.Билгүүндалай мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагт хичээлээ тараад найзуудтайгаа явж байтал хамт явж байсан Билгүүнийг Баянхүү мөрлөж явахаар нь “яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Баянхүү эргэж хараад Билгүүн рүү “чи ямар том юм бэ, хүн яарч байхад замаас холдоод өгөөч” гэж хэлээд цааш явсан. Бид нар сургуулийн хувцасны өлгүүрээс хувцсаа аваад явах гэж байтал Баянхүү дахиж хүрч ирээд Билгүүнийг шууд заамдаж авахаар нь би дундуур нь ороод “та нар сургууль дотор зодолдох юм бол сургуулиас хөөнө шүү” гэж хэлсэн. Гэтэл цаанаас Батдорж хүрч ирээд “хэн нь хөөгдөхөө харна” гэж хэлсэн. “Та нар гараад ир” гээд сургуулийн үүдэнд бид нарыг хүлээж байсан. Тэд олуулаа байсан болохоор бид сүрдээд айгаад гарч чадаагүй. Золбообаатар, Билгүүн хоёртой сургуулийн хонгил орохоор зугтаасан. Баянхүү, Батдорж хоёр Бат-Энх дээр очоод “танай найзууд чинь хаана байна, та нар айгаад байгаа юм уу” гэж асуусан байсан. Бат-Энхийн найз охин “та нар зүгээр явж байгаа хүмүүсийг яагаад оролдоод байгаа юм бэ” гэж хэлэхэд Сайнжаргалыг “гичий минь амаа хамхи” гэж хэлсэн байдаг. Намайг подвалд байж байхад Сайнжаргал над дээр хүрч ирээд “Бат-Энх дээр очооч, тэд нар Бат-Энхийг дээрэлхээд байна” гэж хэлэхэд нь би Батдорж, Бат-Энх нар дээр очсон. Батдорж миний толгойноос уургалж аваад миний чих рүү хоёр удаа цохихоор нь би Батдоржийн эрүү рүү цохисон. Батдорж миний хамар руу мөргөсөн. Дээрх маргааныг манай ангийн хүүхдүүд салгасан. Баянхүү сургуулийн гадаа гарахад намайг мөн адил зодсон.
Хохирогчийн хувьд мэдүүлэхэд Батдорж миний хамар руу мөргөсөн, чих рүү 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Намайг хэл амаар доромжилж дарамталж байсан. Баянхүү миний нүүр, шанаа, чамархай тус газарт цохиж гэмтэл учруулсан. Мөн намайг хавсарч унагааж өшиглөсөн. Би дээрх хоёр шүүгдэгчид зодуулсан атлаа өөрөө шүүгдэгч болсонд харамсаж байна. Эмнэлэгт үзүүлсэн гарсан зардал болох 128.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч (хохирогч) Н.Батдорж мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхүү утсаар залгаад бид хоёр уулзсан. Баянхүү над руу “хэдэн хүүхдүүд намайг дээрэлхээд байна” гэж хэлсэн. Би Баянхүүтэй цуг сургуулийн чөлөөт цаг өнгөрүүлдэг газарт очсон. Тэгээд Билгүүндалайгийн мөр дээр гараа тавьж хацарт нь хүрэхэд Билгүүндалай намайг шууд цохисон. Тухайн үед Билгүүндалайг мөргөсөн зүйл байхгүй. Нэг найз нь ирээд намайг түлхэж өвдгөлсөн. Баянхүүг нэг найз ирээд тонгорч унагааж байсан. Билгүүндалай тухайн үед Баянхүүг хавирч унагааж нуруу руу нь цохисон. Тухайн үед Баянхүүгийн хамраас цус гарсан байсан. Тэгээд салаад чөлөөт цагаа өнгөрөөдөг зааланд сууж байтал Мөнх-Эрдэнэ гэдэг хүүхдээр бид хоёрыг дуудуулсан. Тэгээд бид хоёр сургуулийн үүд рүү гарсан. Билгүүндалай шүлсээ миний өмсөж байсан хүрэмд арчихаар нь бид хоёр хоорондоо цохилцсон. Баянхүү Билгүүндалайн нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Билгүүндалайн хамраас их цус гарч байсан. Миний бие хохирогчийн хувьд өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нэхэмжлэнэ. Эм тарианы мөнгө гэж гарсан боловч баримт одоо надад байхгүй. Би Билгүүндалайг мөргөж хамрыг нь хугалсан зүйл огт байхгүй гэж хэлмээр байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баянхүү мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найзтайгаа сургууль дотор явж байтал дөрвөн залуу сургуулийн коридороор зүгээр явуулахгүй байсан. Хажуугаар нь гарах гэтэл “мангар бацаан яаж яваад байгаа юм бэ, аятайхан яв” гэж хэлэхээр нь эргээд хартал Билгүүндалай “наад бацаандаа зодуулаад мөнгө аваад хэвтчих” гэж хэлсэн. Тэгээд кофе шоп руу орж ах руугаа залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд Батдоржтой уулзаад бид хоёр Билгүүндалайтай очиж уулзсан. Батдорж, Билгүүндалайтай уулзаж байхад Билгүүндалай Батдоржийг цохисон. Мөн гадаа байж байтал Билгүүндалай Батдоржийг цохихоор нь би өмөөрч Билгүүндайлаг цохисон нь үнэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ: Би шинжээчээр 8 жил ажиллаж байна. Нүүр рүү мөргөх шүргэх тохиолдолд гэмтэл учрана. Билгүүндалай 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Медтомогарафийн зураг авхуулсан байна. Энд “хамар ясны хажуу хоёр хана, үзүүр хэсгээр хамрын хөндий рүү цөмөрсөн хугаралтай байна” гэсэн байна. Эндээс үзэхэд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл мөн байна. Нүүр, нүүрээ харж мөргөх үед хамрын гэмтэл үүснэ. Энэ нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Би Батдоржийн биед 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн байна. Биед үзлэг хийхэд эрүүний зүүн хэсэгт шар ногоон өнгийн шимэгдэж байгаа цус хуралттай, эмзэглэлтэй байсан байна. Үүнийг амбулаторын карт, мэс заслийн эмчийн үзлэг, мэдэрлийн эмчийн үзлэг зэргийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Амбулаторын карт дээр эмч нар гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тамга тэр болгон дараад байдаггүй. Тамга дарахгүйгээр амбулаторын картыг баталгаажуулах тохиолдол байдаг юм. Амбулаторын картаас гадна би өөрөө биечлэн үзэхэд Батдоржийн биед шимэгдэж байгаа шар ногоон өнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүний зүүн хэсэгт учирсан байсан. Билгүүндалайгийн биед учирсан хамар ясны хугарал гэмтлийн хэн учруулснийг тогтоох боломжгүй. Дүгнэлтэд заасан гэмтэл учирсан болохыг л тогтоосон гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Билгүүндалай /хх-ийн 18-19, 78/, хохирогч Н.Батдорж /хх-ийн 21/, гэрч Б.Бат-Энх /хх-ийн 22/, Б.Билгүүн /хх-ийн 23/, Б.Сайнжаргал /хх-ийн 24/, Т.Нарантуяа /хх-ийн 25/, Н.Батдорж /хх-ийн 26/, Г.Баянхүү /хх-ийн 27/, С.Энхнаран /хх-ийн 28/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /97-98/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 31, 271 дугаартай дүгнэлт /хх-ийн 31, 32/, Г.Баянхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39, 90/, Б.Билгүүндалайн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/, Г.Баянхүүгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-47/, Б.Билгүүндалайгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-61/, Н.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 81, 91/, Н.Батдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 82-89, 92/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Баянхүү нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр АШУИС-ийн коридорт Б.Билгүүнтэй зөрж өнгөрөхдөө “шүргэсэн” гэх асуудлаас болж хоорондоо маргалдсан. Энэ асуудлаас үүдэн Г.Баянхүү нь өөрийн хамаатны ах Н.Батдорж руу “хүүхдүүд дээрэлхээд байна, хүрээд ирээч” гэж утсаар ярьж дуудсан. Н.Батдорж, Г.Баянхүү болон Б.Билгүүний найз Б.Билгүүндалай, Б.Бат-Энх нарын хооронд хэрүүл маргаан болсон. Н.Батдорж нь Б.Билгүүндалайгийн баруун хацар, чамархай хэсэгт алгадсан, Б.Билгүүндалай үүнд дургүйцэж Н.Батдоржийн нүүрэнд цохисон байна. Үүнээс үүдэн Н.Батдорж, Г.Баянхүү нар бүлэглэн Б.Билгүүндалайг зодож хөнгөн гэмтээсэн. Мөн Н.Батдорж нь Б.Билгүүндалайд цохиулсны улмаас хөнгөн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Б.Билгүүндалайгийн /хх-ийн 18-19, 78/: “... Би хичээл тараад найз Билгүүн, Бат-Энх, Золбообаатар, Бат-Энхийн найз охинтой тавуулаа явж байсан. Тэгтэл доод курсын Баянхүү гэдэг хүүхэд Билгүүнийг зөрөхдөө мөрлөсөн. Билгүүн “аятайхан яваач” гээд тэр хоёр маргалдсан. Би дундуур нь ороод салгасан. Тэгээд Баянхүү яваад өгсөн. Бид нар сургуулийн өлгүүр дээр очоод хувцасаа авах гэтэл Баянхүү дахиж ирээд Билгүүн рүү дайрсан. Би бас дундуур нь ороод салгасан. Тэгтэл цаанаас Баянхүү гэх залуугийн ах гээд манай сургуулийн 4 дүгээр курсын 4 залуу ирсэн. Ах нь гэх залуу нь “чи бид нараас холуур яваарай” гэж хэлээд цаашаа явсан. Ах нь буцаж ирээд намайг хүзүүгээр тэвэрч аваад миний баруун талын чих рүү алгадсан. Би зөрүүлээд ахынх нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажуу талаас Баянхүү гэх залуу орж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Мөн газар унагасан. Тэгээд тэд нар бид нарыг сургуулийн гадна үүд хэсэг рүү авч гараад Баянхүү нь миний нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон. Би шууд сургалтын алба руу ороход сургалтын албаны дарга байхгүй байсан. Буцаад найзуудынхаа хамтаар сургуулиас гарахад Баянхүү ахтайгаа, ахынхаа найзуудтай хамт биднийг хүлээж байсан. Баянхүү ирээд миний куртка руу нулимсан. Би шүлсийг нь ах руу нь арчих гэхэд ах нь миний нүүр рүү нулимсан. Би ахыг нь алгадах гэхэд Баянхүү миний нүүр рүү шууд тийрээд, гараараа 2-3 удаа цохисон. Би ахынх нь нүүр рүү цохисон. Баянхүүг огт цохиогүй. Батдорж миний хамар хэсэг рүү мөргөсөн. Миний хамараас цус гарсан, толгой манарч байсан ...” гэх мэдүүлгээр,
хохирогч Н.Батдоржийн /хх-ийн 21/: “... Манай хамаатны дүү Баянхүү над руу залгаад “4-5 танихгүй хүн сургууль дотор явуулахгүй, хэл амаар доромжлоод байна” гэж хэлэхээр нь тэр хүмүүстэй нь очиж уулзан “яасан, юу болсон” талаар асуухад Билгүүндалай гэх хүүхэд “чи дуугүй бай бацаан минь” гэх зэргээр хэлхээр нь “чи намайг бацаан гэж хэлж болохгүй” гэж хэлээд коридороор явж байгаад би тэр хүүхдийн мөрөн дээр нь гараа тавиад хацар хэсэг руу нь гараараа хүрэхэд Билгүүндалай эргэж хараад шууд миний шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүүхдүүд бужигналдаад, би тухайн үед Билгүүндалайг нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар салцгаасан. Баянхүү бид хоёр сургууль дотор байж байтал Билгүүндалай бид хоёрыг дуудуулаад сургуулийн гадаа уулзахад манай дүү Билгүүндалай руу нулимсан. Билгүүндалай миний куртикаар шүлсийг нь арчихаар нь би эргүүлээд нулимахад намайг Билгүүндалай цохисон. Тэгтэл манай дүү Билгүүндалайг цохисон. Энэ зодоонд манай дүү Баянхүү, Билгүүндалай бид гурав оролцсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Бат-Энхийн /хх-ийн 22/: “... Би хичээл тараад ангийнхаа хүүхдүүдтэй, мөн найз эмэгтэй Сайнжаргалын хамт явж байтал Билгүүнийг Баянхүү гэх хүүхэд араас нь түлхээд хажуугаар нь гарахад Билгүүн “эвтэйхэн яваач” гэж хэлсэн. Баянхүү “чи ямар том юм гарах уу” гээд маргасан. Баянхүү “гаръя” л гээд байсан. Бид доошоо буугаад өлгүүрээс хувцасаа авах гээд явсан. Би найз эмэгтэйн хамт сандал дээр сууж байхад Баянхүү ирээд “найзууд чинь яасан бэ, гаръя” гээд байхаар нь манай найз эмэгтэй “чи одоо яв” гэхэд манай найз эмэгтэйг “гичий” гэж хэлсэн. Тэгээд найз нар ирсэн. Бид нарыг явж байхад Баянхүүгийн ах нь Билгүүндалайн мөрөн дээр нь гараа тавьчихсан явж байгаад чих хэсэг руу нь алгадах шиг болсон. Тэр үед Билгүүндалай ахыг нь зөрүүлээд цохисон. Бид нар сургуулийн гадаа гарахад Баянхүү Билгүүндалайг цохиж, хавсарч унагасан. Босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь цохисон. Ер нь хэд хэдэн удаа цохисон. Билгүүндалай “сургуулийн захиргаанд хэлнэ” гэж ороод буцаж гарч ирээд дахин Баянхүүд зодуулсан. Баянхүү нь Билгүүндалайгийн куртка руу шүлсээ хаяхаар нь Билгүүндалай шүлсийг нь ахынх нь куртикэнд арчсан чинь ах нь нүүр рүү нь нулимсан. Тэр үед Билгүүндалай ахыг нь алгадсан. Тэгтэл Баянхүү хажуунаас нь нүүр хэсэг рүү нь жийгээд цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Билгүүний /хх-ийн 23/: “... Ангийнхаа хүүхдүүдтэй явж байхад араас Баянхүү гэх өндөр эрэгтэй ирээд намайг түлхэж хажуугаар гарахаар нь би “аятайхан зүгээр явж болдоггүй юм уу” гэхэд Баянхүү надруу хараад “чи тэгээд яах юм” гэсэн. Бид өлгүүрээс хувцасаа аваад явах гэтэл Баянхүү гэх хүүхэд ахыгаа дагуулж ирээд ах нь бид нар руу томорч “гадаа гаръя” гээд явж байсан. Ах нь Билгүүндалайгийн мөрөн дээр гараа тавьчихаад явж байхдаа чих рүү нь алгадсан. Тэр үед Билгүүндалай эргэж хараад тэр ахыг нь цохисон. Тэр үед Баянхүү Билгүүндалайг мөн цохисон. Гадаа гараад Билгүүндалайг Баянхүү барьж авч зодсон. Сургуулийн захиргаанд хэлэх гээд ороход ажиллахгүй байсан. Тэгээд буцаад сургуулиас гарахад Баянхүү ахтайгаа хүлээж байсан. Дахин маргаж Билгүүндалайг Баянхүү хэд хэд цохисон...” гэх мэдүүлгээр,
“... Билгүүндалайгийн биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун чамархай, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 31 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 31/,
“... Батдоржийн биед “эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 271 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 32/,
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн /хх-ийн 97-98/: “... Батдорж шүүх эмнэлэгт үзүүлэх үед эрүүний зүүн хэсэгт цус хуралттай байсан. 4 долоо хоног хүртэлх хугацаанд эрүүл мэндийг сарниулах гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулдаг учраас дээрхи гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр,
Б.Билгүүндалайгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 40/: “... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Сайнжаргал, Бат-Энх, Билгүүн бид нар хичээлээ тараад 2 давхарт явж байтал Баянхүү манай найз Билгүүнийг түлхчихээд явсан. Билгүүн “эвтэйхэн яваач” гэж хэлэхэд Баянхүү эргэж хүрч ирээд “чи одоо хэн бэ, зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод маргааныг салгасан. Баянхүү яваад өгсөн. Бид нар сургуулийн өлгүүрийн хажууд явах гээд зогсож байтал Баянхүү нь ах Батдорж болон түүнээс гадна 10-аад хүүхэд дагуулаад ирсэн. Батдорж ирээд над руу дайрсан “чи яагаад манай дүүг дээрэлхэдэг юм, хэн нь хэнээ үзье, гараад ир” гээд байсан. Бид нар гарч очоогүй, тэд гараад явсан. Би хувцас солих өрөөнд байж байтал буцаж ирээд бид сургуулийн коридороор хамт явж байтал Батдорж нь гараа мөр дээгүүр давуулаад татаж байгаад миний чих хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би үйлдлийг нь таслан зогсоох гээд Батдоржийн нүүр рүү 1 удаа цохисон. Мөн коридорт зодолдож байх үед Батдорж намайг мөргөсөн. Сургуулиас гарч байгаад Баянхүү намайг цохиж зодсон…” гэх мэдүүлгээр,
Г.Баянхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 39, 90/: “... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед АШУИС-ийн 2 давхарын коридорт явж байхад 4 хүүхэд коридор таглаад явахгүй байсан. Би хажуугаар нь гарахдаа тохойг нь шүргэтэл “мангар бацаан минь яаж яваад байгаа юм” гэхээр нь би Батдорж ах руу залгаад “хүүхдүүд дээрэлхээд байна” гээд дуудсан. Манай ах ирээд “юу болсон” гээд тэр курсын оюутнуудтай ярьж байтал Билгүүндалай эхлээд ахыг цохиод авахаар нь би өмөөрөөд цохьсон. Тэгээд бид 2 салаад явж байтал бид хоёрыг дахин дуудсан. Гадаа гараад очиход нөгөө хүүхдүүд байсан ба бид маргалдсан. Би шүлсээ хаяхад тэр хүүхдийн куртик дээр тусчихсан. Тэгтэл ахын куртикаар арчаад Билгүүндалай ахыг дахиад цохихоор нь би өмөөрөөд дахин зодолдсон…” гэх мэдүүлгээр,
Н.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 91/: “… 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед манай хамаатны дүү Баянхүү над руу хичээлтэй байхад залгасан байсан. Хичээд тараад коридорт Баянхүүтэй таархад “4-5 хүүхэд явуулахгүй, хэл амаар доромжлоод байна” гэж хэлсэн. Би очиж тэдгээр хүмүүстэй нь уулзаж “яасан, юу болсон” талаар асуухад Билгүүндалай гэх хүүхэд миний өөдөөс “чи дуугуй бай, бацаан минь” гэж хэлсэн. Би Билгүүндалайд “одоо боль ахын дүү, би 4 дүгээр курсын оюутан байна, чи намайг бацаан гэж болохгүй” гэж хэлээд явж байхдаа би тэр хүүхдийн мөрөн дээр нь гараа тавихад эргэж хараад шууд миний шанаа руу гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүүхдүүд бужигналдаад Билгүүндалайтай хамт явж байсан хүүхдүүд салгасан. Баянхүү бид хоёрыг сургууль дотор байж байхад Билгүүндалай биднийг дуудуулаад бид сургуулийн гадаа уулзахад манай дүү Билгүүндалай руу нулимхад шүлсийг нь миний куртиканд арчихаар нь би эргүүлээд нулимхад намайг Билгүүндалай дахин цохисон. Манай дүү Билгүүндалайг цохисон. Тэр үед хамар нь хугарсан байх. Хамарнаас нь нилээн цус гарч байсан…” гэх мэдүүлгээр болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг гэрэл зургаар үзүүлсэн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг гэрчилж мэдүүлсэн, Б.Билгүүндалай, Н.Батдорж нар зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тус тус шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэг ач холбогдол бүхий бусад байдлыг камерийн бичлэг, уг билэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тодруулсан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Баянхүү, Н.Батдорж нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр АШУИС-ийн дотор болон гадна Б.Билгүүндалайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Билгүүндалай нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр АШУИС-ийн дотор Н.Батдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээр дурьдсан шалтаг шалтгааны улмаас Г.Баянхүү, Н.Батдорж нар хохирогч Б.Билгүүндалайг бүлэглэн зодож буюу тодруулбал Н.Батдорж нь “өөрийг нь цохисон” хэмээн, Г.Баянхүү энэ үед хамт байж “ах Н.Батдоржийг цохилоо” хэмээн тус тус Б.Билгүүндалайг буруутган бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, Б.Билгүүндалай нь “чих рүү алгадсан” хэмээн Н.Батдоржийг буруутган зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат нараас “Н.Батдорж нь Г.Баянхүүтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй тул Н.Батдоржийг цагаатгах, Г.Баянхүүд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” хэмээн, өмгөөлөгч С.Болдбаатараас “Б.Билгүүндалайгийн үйлдэл аргагагүй хамгаалалтын шинжийг агуулж байх тул түүнийг цагаатгах” хэмээн тус тус өмгөөлсөн боловч шүүх дараах байдлаар өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгсөн болно.
Н.Батдорж бусадтай бүлэглэн Б.Билгүүндалайг зодсоныг баримтат мэдээллээр эргэлзээгүй баталсан нь дараахь байдлаар хэрэгт авагджээ. Үүнд: Н.Батдорж хохирогчоор “...Би тухайн үед Билгүүндалайг нэг удаа мөргөсөн… Энэ зодоонд манай дүү Баянхүү, Билгүүндалай бид гурав оролцсон…” гэж (хэргийн хуудас 21), Б.Билгүүндалай хохирогч, яллагдагчаар “…Мөн коридорт зодолдож байх үед Батдорж намайг мөргөсөн. Сургуулиас гарч байгаад Баянхүү намайг цохиж зодсон…” гэж (хэргийн хуудас 78, 40), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий CD, уг CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “…8 минут 3 секундэд Батдорж Билгүүндалайг мөргөж байгаа бичлэг байсныг тэмдэглэлд тусгав…” гэж (хэргийн хуудас 11), бичлэгийг гэрэл зургаар үзүүлсэн үзүүлэлт (хэргийн хуудас14) тус тус авагджээ.
Дээрх нөхцөл байдлууд Н.Батдоржийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх нотолгооны үндэслэл болохоос гадна түүнийг энэ хэргийн оролцоогүй гэсэн өөр эргэлзээ төрүүлэхээр ямар нэгэн баримт сэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар авагдаагүй болно.
Аргагагүй хамгаалалтад хамаарах чухал нөхцөл бол зайлшгүй хамгаалалт хийхийг шаардсан, халдагч этгээдийн зүгээс хүний амь нас, эрүүл мэндэд аюултайгаар, нэн даруй хохирол учруулах шинжтэй, эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал юм.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Н.Батдорж Б.Билгүүндалайгийн баруун хацар, чамархайд хүрэх төдий алгадсан үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай, хохирол учруулах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд Б.Билгүүндалай нь аргагагүйн эрхэнд хамгаалалт хийж буюу Н.Батдоржийн нүүр хэсэгт цохиж дээрх үйлдлийг таслан зогсоосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шинжээч эмч Н.Батдоржийг биечлэн үзэж түүний биед учирсан гэмтлийг тогтоож дүгнэлт гаргасан бөгөөд дан ганц амбулаторийн картыг үндэслэж дүгнэлт гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
Үүнээс гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад байдал хэргийн цугласан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх тул Даулетбек Мухаммед Кали, М.Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсээс энэ хэргийн талаар тодруулах шаардлагагүй, камерийн бичлэгт үзлэг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн болно.
Иймээс өмгөөлөгч нараас гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх…” зэрэг хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүгдэгч Г.Баянхүү, Н.Батдорж нарын “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Билгүүндалайгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон Б.Билгүүндалайгийн бүх зардал буюу нийт 128.000 төгрөгийг шүүгдэгч Г.Баянхүү, Н.Батдорж нараас хувь тэнцүүлэн гаргуулж Б.Билгүүндалайд олгохоор шийдвэрлэв.
Н.Батдоржийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй тул Б.Билгүүндалайг түүнд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин Н.Батдорж 800.000 төгрөгийн, Б.Билгүүндалай 1.000.000 төгрөгийн өмгөөлөгчид төлсөн зардал тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.
Хохирогчийн (шүүгдэгч) өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 800.000, 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Баянхүүд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Батдоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Билгүүндалайд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүх шүүгдэгч Г.Баянхүү, Н.Батдорж, Б.Билгүүндалай нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг тус бүрийг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Модонгууд овогт Насанбатын Батдорж, Боржгон овогт Ганбатын Баянхүү нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Жагар овогт Баасандоржийн Билгүүндалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баянхүүг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүндалайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Баянхүүд оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Билгүүндалайд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүрийг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдорж, Г.Баянхүү, Б.Билгүүндалай нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржоос 64.000 (жаран дөрвөн мянга) төгрөг, шүүгдэгч Г.Баянхүүгээс 64.000 (жаран дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Билгүүндалайд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Билгүүндалай нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Н.Батдоржийн 800.000 төгрөг, Б.Билгүүндалайгийн 1.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлсний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч Н.Батдорж, Г.Баянхүү, Б.Билгүүндалай нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батдорж, Г.Баянхүү, Б.Билгүүндалай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ