Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/1202

 

                                                

 

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Очбадар,  

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/925 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.А-т холбогдох эрүүгийн 2306000003790 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Г.А ...... тоотод түр оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” гоо заслын эмнэлэгт хохирогч Б.Н-ийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 522,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.А-ийг өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, Баянгол дүүргээс өөрийн сурч буй Э их сургууль руу зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгахаар хуульчилсан бөгөөд 2.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;”, 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”-ийг тусгахаар заасан байхад тус шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн талаар огт тусгаагүй байна.

Иймд Г.А-ийн хувьд түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэг нь үйлдлийн аргын хувьд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хохирол учруулсан байдаг бол сэдэлтийн хувьд шунахайн, зорилго нь ашиг хонжоо олох байдаг. Энэ бүхий л нөхцөл байдалд анхан шатны шүүх огт үнэлэлт өгсөнгүй.

Урьд нь хэдийгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдан шатны шүүхээс хэргийг 2 удаа буцаасан боловч гаргасан магадлалуудын хувьд хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэт шалгаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байна гэж дүгнэсэн байдаг. Тиймээс ч өмгөөлөгч миний зүгээс хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоолгох, мөн энэ нь оролцогчийн зөрчигдсөн эрхийг хангах, урьд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан тул хүсэлт гаргаж тодорхой мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгчөөр гүйцэтгүүлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоолгох хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн боловч шүүгдэгч Г.А-ийн гэм буруутай эсэх буюу гэм буруугүй гэж үзсэн талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй бөгөөд шийтгэх тогоолд тусгаагүй байна.

Шийтгэх тогтоолын гэм буруугийн хувьд хийсэн дүгнэлт нь “Хэрэг гарсан өдөд буюу 10 дугаар сарын 27-ны өдөр намрын улиралд гадуур хувцаснуудыг давхарлаад андуураад өмсөөд явах нөхцөл нь бодит байдалд нийцэхгүй байна” гэжээ. Хэдийгээр намрын улирал боловч цаг агаарын нөхцөл байдал нь тухайн өдөр ямар байсан талаар огт нотлох баримт хавтаст хэргийн материалд бэхжигдээгүй байхад шүүхээс ийнхүү хийсвэр дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй юм. Ийнхүү анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/925 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн өмгөөлөгчтэй ижил саналтай байна. ...” гэв.

Прокуро Ц.Чингүүн шүүхэд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан учир хэвээр үлдээх саналтай. Шүүхийн хэлэлцүүлэгт, андуурагдах нөхцөл байдлуудыг хангалттай шинжлэн судласан. Савхин куртикийг даавуун куртиктэй андуурах боломжгүй юм. Мөн андуурагдсан гэх эд зүйлийг үйлдсэн өдрөөсөө хойш 3-4 хоног өнгөртөл буюу цагдаад мэдэгдэх хүртэл буцааж өгөх боломжтой байхад ийм үйлдэл хийгээгүй. Иймээс давж заалдах гомдол үндэслэлгүй. Эрүүгийн хариуцлага тохирсон. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.А-т холбогдох эрүүгийн 2306000003790 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.А-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” гоо заслын эмнэлэгт хохирогч Б.Н-ийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 522,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 11 минутад 777778... дугаараас “гадуур хувцсаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,

хохирогч Б.Н-ийн: “...Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 40 минутын үед ажил дээрээ ирээд 1 давхарт байдаг хувцасны өрөөнд өөрийнхөө куртикийг өлгөчихөөд ажил руугаа орсон. Орой 18 цаг 30 минутын үед куртикний халааснаас юм авах гээд хувцасны өрөө рүү ороод өөрийнхөө савхин куртикийг хайгаад олоогүй. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан ... савхин куртикний халаасанд машины түлхүүр байсан, машинаа унаж чадахаа больсон тул машины түлхүүрийг 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 550,000 төгрөгөөр найзынхаа таньдаг хүнээр хувилуулсан. Энэ мөнгөө миний куртикийг хулгайлж авч явсан гэх хүнээс нэхэмжилж байна. ...” /хх-ийн 11, 13/,

гэрч А.Б-ын: “...Тухайн өдрийн төлөвлөгөөгөөр 14 цаг 30 минутад Г.А гэх хүнд утсан давхраа суулгах мэс заслыг н.А гэх сувилагчийн хамт хийсэн ба тухайн эмэгтэй уйлаад байхаар нь яваад очсон чинь “би ганцаараа баймаар байна, та нар гар” гээд байсан. Тэгэхээр нь бид нар даралт болон амин үзүүлэлтүүдийг нь шалгатал хэвийн байсан ба тухайн эмэгтэйд Валидол гэдэг эмийг таллаж өгсөн. Тэгээд тэр эмэгтэй сувилагчтай үлдээд 10 орчим минут хагалгааны дараах өрөөнд сууж байгаад гараад явсан. ...Тухайн хагалгаа нь нүдний дээд зовхинд хийгдэж байгаа мэс ажилбар учраас нүдний хараанд огт нөлөөлөхгүй. ...манай байгууллага хагалгааны дараа тооцоогоо авдаг ба тухайн эмэгтэй нь хагалгааны дараа тооцоогоо хийхдээ надад мөнгө байхгүй, зээлээр орчихьё гэсэн утгатай юм яриад байсан гэсэн. Тэгээд тооцоогоо хийхдээ 1 цаг орчим хүнээс мөнгө асууж, утсаар ярьж, ресепшний сандал дээр сууж байгаад тооцоогоо хийгээд гараад явсан. ...” /хх-ийн 18-19/,

гэрч Э.Э-ын: “...Үйлчлүүлэгч А нь 13 цаг 30 минутын үед хагалгаанд орж улмаар 16 цаг 40 минутын үед хагалгаанаас гарч эмнэлгийн 2 давхарт байрлах хувцас солих өрөөнд орж 20 орчим минутын дараа хувцсаа сольж өмсөөд 1 давхрын тооцооны хэсэг рүү бууж ирээд “мөнгө байхгүй, зээлээр хагалгаанд оръё, маргааш хагалгааны төлбөрийг төлье” гэж хэлсэн. Манай байгууллага А-ийг хагалгаанд орох үед нь урьдчилж төлбөр аваагүй байсан бөгөөд түүнд зээлийн апп санал болгоход зээл авах эрхгүй байсан тул хэсэг хугацааны дараа хагалгааны төлбөр болох 800,000 төгрөгийг төлсөн. Тэгээд 1 давхарт байрлах гадуур хувцас солих өрөөнд орж 10 орчим минут болсны дараа хар өнгийн богино куртикийг өмсөж гарч явсан. Түүний дараа 18 цагийн үед манай ажилтан Н савхин куртикний халааснаасаа эд зүйл авах гэж 1 давхарт байрлах гадуур хувцас солих өрөө рүү орох үед гадуур савхин куртик байхгүй болсныг мэдсэн. Үйлчлүүлэгч А нь манай эмнэлгээр үйлчлүүлэх үедээ гадна талаараа хар өнгийн куртик, дотор талаараа цайвар цэнхэр өнгийн яак давхарлаж өмссөн байсан бөгөөд үйлчлүүлэх үедээ гадна талын хар өнгийн куртикийг эмнэлгийн 1 давхарт байрлах гадуур хувцас солих өрөөнд үлдээсэн байсан. Тухайн үед куртик давхарлаж өмссөн эсэхийг мэдээгүй. Хяналтын камер шүүж үзсэний дараагаар А нь эмнэлгийн ажилтан Н-ийн савхин куртикийг давхарлаж өмсөөд явсан байсан...” /хх-ийн 55/ гэх мэдүүлгүүд,

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.А-ээс хар өнгийн савхин куртик, хайрцагтай Raison тамхи, Vаре, түлхүүрийн оосортой түлхүүр, машины түлхүүр зэргийг Г.А-ээс хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Н-т хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26-27/,

хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бичлэг эхлэхэд Баянзүрх дүүрэг .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С эмнэлгийн хувцас солих өрөөний гадна хэсгийг дээрээс харуулсан хяналтын камер байх ба бичлэг эхлэхэд хар бараан өнгийн гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн богино куртик өмсөж 2 үүргэвчтэй хар цүнхийг нэг үүргэвчээр нь баруун гар талдаа үүрч цагаан өнгийн амны хаалт зүүсэн хүн хаалганы гадна цүнхээ үлдээн куртикээ тайлан бичлэгийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны 14 цаг 31 минут 01 секундэд орж буй бичлэг дүрслэгдсэн байв. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь куртикээ тайлсан байх ба цэнхэр өнгийн ханцуйтай цамц өмссөн байв.

... 2 гэсэн бичиглэл бүхий бичлэгийг тоглуулахад 1 минут 45 секундийн бичлэг байх ба 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 18 минут 43 секундэд сэжигтэй этгээд нь хувцас солих өрөө рүү орон 16 цаг 20 минут 17 секундэд хувцсаа /куртик/ өмсөж гарч ирэн 16 цаг 20 минут 23 секундэд цааш явж буй бичлэг дүрслэгдсэн байв.  ...” /хх-ийн 30-34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

“С” гоо заслын эмнэлэгт үйлчлүүлсэн Г.А-ийн тус эмнэлгээс гарахдаа хувцасны өлгүүрийн өрөөнд байсан Б.Н-ийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 522,000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Г.А-ийн үйлдлийг зөв зүйлчлэн хууль хэрэглэж, хохирогчид учирсан хохирлыг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас шүүх Г.А-т зорчих эрх хязгаарлах ялыг сонгож 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар болон түүний урд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон байна.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А нь Синдерелла гоо заслын эмнэлэгт үйлчилгээ хийлгээд гарахдаа хувцасны өрөөний өлгүүрт байсан иргэн Б.Н-ийн савхин гадуур хувцсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч гарсан байх ба өөрийнхөө гадуур хувцастай өөр хувцсыг андууран өмссөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгчийн “андуураад өмссөн” гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг нотлох баримт хэрэгт байхгүй төдийгүй, тус эмнэлэгт Г.А-ийн андууран үлдээсэн гэх хувцас байгаагүй, мөн камерийн бичлэгт Г.А нь орохдоо өмссөн хувцастайгаа гарч яваа бичлэг байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/925 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      С.БОЛОРТУЯА

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ