Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 74

 

Б..............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............ын нэхэмжлэлтэй,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С..............гийн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухайиргэний хэргийг,

Прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний аав Сундуйн ............. нь 1890 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Аав маань 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 19 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. С..............гийн хэргийг хянан хэлэлцээд улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор цагаатгасан билээ. Иймд хүү Б.............. надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1 дэхь хэсгийг үндэслэн 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөхдөө:

Нэхэмжлэгч Б.............. миний бие анх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн аав Сундуйн .............гийн нөхөн олговрыг гаргуулахаар тус шүүхэд өргөдөл гаргасан билээ. Өргөдлийг хянан шийдвэрлэх явцад 4 удаагийн шүүх хурал болсон байдаг. Эхний хоёр шүүх хурал нотлох баримт, архивын лавлагаа дутуу гэсэн шалтгаанаар хойшилсон. Дараагийн хоёр шүүх хурал нь нэг нь нөхөн олговор олгохоор, нөгөө нь цуцалсан шийдвэртэй шүүх хурал болсон. Ах дүү хоёр Сундуйн .............г төрсөн ахан дүүс болохыг нотлох шаардлага гарсан тул төрөл садангийн холбоог тогтоож өгнө үү. Тухайн үед ах, дүү хоёр ............. байсан гэдэг нь архивын лавлагаагаар тогтоогдож байна. Миний аав .............ын төрсөн аав болох лам ............. нь цагаатгалын тогтоол, архивын лавлагаагаар тогтоогдож байгаа. Одоо миний аав амьд байгаа 87 настай. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна. 1930 оноос өмнөх архивын лавлагаа, бусад албан ёсны баримт бичиг дутмаг учраас бидний хүссэн лавлагаа тэр болгон гарч ирэхгүй байна. Тийм учраас эцгийгээ цаазлуулсан өндөр настай эцгийг минь бодож энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Миний аав Б..............ыг хэлмэгдэгч С..............гийн хүүхэд болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.............. нь төрсөн эцэг С.Бизьяа нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн ба өөрийн төрсөн ах ард Бизьяад өргүүлсэн тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам Бизьяагийн төрсөн хүү мөн болохыг тогтоолгох, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С.Бизьяа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр магадлалаар цагаатгагдсан болох нь Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын 2018.08.26-ны өдрийн №05/5703 лавлагаа болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Бизьяа нь нэр нэгтэй ахтай буюу Бизьяа нэртэй ахтай /ард/ байсан болох нь 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тогтоогддог. Нэхэмжлэгч Б.............. нь өөрийгөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам Бизьяагийн төрсөн хүү гэх боловч 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр лам Бизьяа буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бизьяагийн гэр бүлд тоологдоогүй, харин ард Бизьяагийн ам бүлд түүний хүү гэж 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тоологдсон, лам Бизьяагийн хүү гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Бизьяагийн төрсөн хүү мөн гэж тогтоох үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 80 сая төгрөг гаргуулах тухай хүсэлтийг энэ шүүх хуралдаанаас хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх процессын дагуу эхний ээлжинд садан төрлийн холбоогоо тогтоолгосны эцэст нөхөх олговроо нэхэмжлэх эрх нь үүснэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Сундуйн .............гийн хүүхэд нь .............гийн ............. мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт Б..............ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С..............гийн төрсөн хүүхэд гэдгийг шууд нотолсон нотлох баримт байхгүй ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С..............гийн төрсөн хүү мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. С.Бикъяа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаар магадлалаар цагаатгагдсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.............. нь нэр нэгтэй ахтай буюу ............. /ард/ нэртэй ахтай байсан болох нь 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тогтоогддог. Нэхэмжлэгч Б.............. нь өөрийгөө  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам .............гийн төрсөн хүү гэх боловч 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр лам ............. буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн .............гийн гэр бүлд тоологдоогүй, харин ард .............гийн ам бүлд түүний хүү гэж 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тогтоогддог.

Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгүүлсэн ............. /лам/ нь гэр бүлтэй байсан талаарх баримт авагдаагүй өөрөөр хэлбэл эхнэртэй байсан эсэх нь тодорхойгүй Хөвсгөл аймгийн Хутаг-Өндөр сумын 9 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр дүү нарын хамт тоологдож байсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161  дүгээр зүйлийн 161.1. 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.............. нөхөн олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С..............гийн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэлмэгдэгч асан С.............. нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б..............ыг Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр “... хэлмэгдэгч асан С..............гийн төрсөн хүү болох нь тогтоогдсон, нөхөн олговор авах эрхтэй ...” гэсэн дүгнэлт хийж нөхөн олговор нэг сая төгрөгийг олгож шийдвэрлэснийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан “... ............. буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн .............гийн гэр бүлд тоологдоогүй, харин ард .............гийн ам бүлд түүний хүү гэж 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тоологдсон байдаг тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар прокурор Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ