| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2201000050373 |
| Дугаар | 2024/ДШМ/1203 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/1203
2024 10 31 2024/ДШМ/1203
А.Б, М.Д, Б.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэмбаатар,
яллагдагч А.Б, түүний өмгөөлөгч Д.Батдулам,
яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЗ/1425 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн А.Б, М.Д, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2201000050373 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А.Б ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;
2. Б.Д ...... тоотод оршин суух,
-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, урьд 2006 оны шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 2022 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
3. М.Д .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
1. Яллагдагч А.Б нь ....... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа:
- Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7 дахь заалт, Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.13 дахь заалтад заасныг тус тус зөрчиж, М Т-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Д-ын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл цацагдаж, Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс Б.Д-ын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гаргахгүй байхад анхаарах, тамгын газрын даргын албан тушаалаас нь чөлөөлөхгүй гэж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Б.Д-аас 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “ХААН” банкны 5014ххххххх дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг хахуульд авсан,
- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М Т-ийн өмч болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М Т-ийн төв байрны 2 давхрын 155,8 мкв талбайг тоног төхөөрөмжийн хамт түрээслүүлэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох өөрийн найз М.Д-ын эхнэр Н.Д-ийн эзэмшдэг “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Э ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж Н.Д-д давуу байдал бий болгосон,
- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Д-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, Гадаад харилцааны яамнаас зарласан “Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс нэгдэн орсны 60 жилийн ойд зориулж Дэлхийн Монгол нэртэй баримтат кино зохион бүтээх” ажлыг М Т-ийн ажилчдаар үнэ төлбөргүй хийлгүүлж, дээрх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг өөртөө авч, ашиглах зорилгоор, Гадаад харилцааны яамтай 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 21/071020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг өөрийн найз Б.Д-ын “С” ХХК- ийн нэрээр байгуулж улмаар дээрх гэрээнд заасан “Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс нэгдэн орсны 60 жилийн ойд зориулж Дэлхийн Монгол нэртэй баримтат кино зохион бүтээх” ажлыг М Т-ийн ажилчдаар хийлгүүлж, “С” ХХК-ийн дансанд Гадаад харилцааны яамнаас тус гэрээний гүйцэтгэлийн төлбөрт гэж шилжүүлсэн 19,000,000 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “ХААН” банкны өөрийн эзэмшлийн 5014ххххххх дугаартай дансаар “Өвсний мөнгө хийв /Э ХХК/” утгаар 6,730,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,300,000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банкны 499ххххххх дугаар дансаар “Адууны төлбөр” гэх утгаар нийт 10,030,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас М Т-эд 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- “Сс” ХХК, “Эв” ХХК-ийн ерөнхий захирал М.Д-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, “Т” ХХК-ийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох “Social.mn”, “Mogoltsuurai.nm”, “Todchimee.mn” сайтуудад байршуулах ажлыг хийж гүйцэтгэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Т” ХХК- тай М.Д-ын “Эв” ХХК, “С” ХХК-аар дамжуулан “ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан, “Т” ХХК-аас “Эв” ХХК-ийн “ХААН” банкны 5027 дугаар төгрөгийн дансанд 7,000,000 төгрөг, “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4950ххххххх дугаар төгрөгийн дансанд 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч улмаар тус компанийн данснаас өөрийн “ХААН” банкны 5014ххххххх тоот данс руу 12,600,000 төгрөгийг шилжүүлэн авч “Т” ХХК-д 14,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2. Яллагдагч М.Д нийтийн албан тушаалтан буюу М Т-ийн ерөнхий захирал А.Б-тай гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож, А.Б-ын албан үүрэг, бүрэн эрх, албан, тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Гадаад харилцааны яамнаас зарласан “Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс нэгдэн орсны 60 жилийн ойд зориулж Дэлхийн Монгол нэртэй баримтат кино зохион бүтээх” ажлыг М Т-ийн ажилчдаар үнэ төлбөргүй хийлгүүлж, дээрх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг өөртөө авч, ашиглах зорилгоор, Гадаад харилцааны яамтай 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 21/071020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “Сс” ХХК-ийн нэрээр байгуулж улмаар дээрх гэрээнд заасан “Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс нэгдэн орсны 60 жилийн ойд зориулж Дэлхийн Монгол нэртэй баримтат кино зохион бүтээх” ажлыг М Т-ийн ажилчдаар хийлгүүлж, “С” ХХК-ийн дансанд Гадаад харилцааны яамнаас тус гэрээний гүйцэтгэлийн төлбөрт гэж шилжүүпсэн 19,000,000 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “ХААН” банкны өөрийн эзэмшлийн 5014ххххххх дугаартай дансаар “Өвсний мөнгө хийв /Э ХХК/” утгаар 6,730,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,300,000 төгрөгийг. Худалдаа хөгжлийн банкны 499ххххххх дугаар дансаар “Адууны төлбөр” гэх утгаар нийт 10,030,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч өөртөө болон бусад бусдад давуу байдал бий болгосны улмаас М Т-эд 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд өөрийн компани болох “С” ХХК-ийн нэрээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, компанийн болон өөрийн хувийн дансаар гэрээний төлбөрийг шилжүүлэн авч А.Б-ын эзэмшлийн банкны данс руу дамжуулан шилжүүлэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
- “Т” ХХК-ийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох “Social.mn”, “Mogoltsuurai.nm”, “Todchimee.mn” сайтуудад байршуулах ажлыг хийж гүйцэтгэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Т” ХХК-тай өөрийн “Эв” ХХК, “С” ХХК-аар дамжуулан “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, улмаар дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан, “Т” ХХК-аас “Эв” ХХК-ийн “ХААН” банкны 5027 дугаар төгрөгийн дансанд 7,000,000 төгрөг, “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4950ххххххх дугаар төгрөгийн дансанд 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, улмаар А.Б-ын эзэмшлийн “ХААН” банкны 5014ххххххх дугаартай данс руу 12,600,000 төгрөгийг шилжүүлэн өгч, өөртөө 1,400,000 авч “Т” ХХК-д 14,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
3. Яллагдагч Б.Д нь М Т-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл цацуулахгүй, Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөе давуу байдал бий болгох зорилгоор М Т-ийн ерөнхий захирал А.Б-т албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр түүний “ХААН” банкны 5014ххххххх дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас:
А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
М.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокурорын 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 135 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Яллагдагч А.Бын
1.1 …2,000,000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
1.2. …өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас М Т-эд 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
1.3. …12,600,000 төгрөгийг шилжүүлэн авч “Т” ХХК-д 14,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. Яллагдагч М.Д
2.1 …нийтийн албан тушаалтан буюу М Т-ийн ерөнхий захирал А.Б-тай гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцож А.Б-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж …өөртөө болон бусад бусдад давуу байдал бий болгосны улмаас М Т-эд 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тусжурамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2.2 Мөн яллагдагч М.Д нь А.Б-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж “Т” ХХК-д 14,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
3. Яллагдагч Б.Д М Т-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл цацуулахгүй, Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор М Т-ийн ерөнхий захирал А.Б-т албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр түүний ХААН банкны 5014ххххххх дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тус тус тогтоосугай...” гэж бичсэн нь дээрх хуулийн заалтын шаардлагыг хангахгүй байна.
Тодруулбал, …яллах дүгнэлтэд дээрх гэмт хэргийг “...яллагдагч А.Б албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Сс” ХХК-ийн ерөнхий захирал М.Д-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, ...төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэмээн ерөнхийлөн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Иймд яллагдагч нарын хувьд тухайн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр, хэрхэн ямар үг, үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн гэх нөхцөл байдлыг шалган тогтоох, мөн “гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэрэг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг хамтран үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамласан нь ойлгомжгүй, тодорхой бус байна. ...” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Эрдэмбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдпаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуульд нийцүүлэн 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 135 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн.
Шүүгчийн захирамж нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх зорилгоор гэсэн хуулийн заалтаар хэргийг буцаасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэснээс өөрөөр хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагааны талаар огт дурдаагүй ба ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэж байгаа, тус мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх болсон үндэслэл агуулгыг бичээгүй нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийг заалтыг зөрчсөн.
Харин шүүх хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. …Шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байх хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бичгээр гаргуулан авах зорилгоор хуралдааныг завсарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Яллагдагч А.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Яллагдагч Б.Д тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Яллагдагч А.Б-ын өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Н.Нарантуяа “2 өмгөөлөгч өмгөөлж байгаа тул зарим үндэслэлийг өмгөөлөгч Д.Батдулам тодруулж ярина” гэж тайлбарласан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан. Гэтэл шүүгч “та өөрийн тайлбар, хүсэлтийг бичгээр гаргачих” гэсэн. Тухайн үед шүүгч уг тайлбарын дагуу прокуророос асуулт асуух гэтэл прокурор “намайг байцаагаад байгаа юм шиг байна” гэх агуулгатай зүйл ярьсан. Улмаар миний бие хууль зүйн үндэслэлээ нийтэд нь бичиж өгсөн бөгөөд шүүх хуралдаан 5-10 минут завсарласан. Үүний дараа прокуророос тодруулга авсан. Түүнээс биш уг асуудлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж, тайлбар хэлсэн. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг прокурорт шилжүүлмэгцээ М Т-ийн ажилчдын цалинг үндэслэлгүйгээр нэмсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Уг хэргүүд нь нэг мөрдөгч дээр хянагдаж байгаа. Тэгсэн атлаа нэг хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг авахаар хүсэлт гаргасан боловч “өгөх боломжгүй” гэх хариу ирүүлсэн тул энэ талаар баримт гаргаж өгөх боломжгүй байна. ...” гэв.
Яллагдагч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид “яллагдагч нарын үйлдлийг ерөнхийлөн дүгнэсэн нь тодорхойгүй” гэж тусгасан. Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “яллагдагч нарын тухайн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог ялгах” гэж дурдагдсан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэн, ямар хэлбэрээр, хэрхэн, ямар үг, үйлдлээр оролцсон эсэх, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үйлдэл, оролцоог хуваарилсан, зохион байгуулсан, удирдан чиглүүлсэн гэх нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн. Эдгээр нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй боловч хэргийн нотлогдвол зохих байдлыг бодитой, тодорхой дүгнэх, түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй байх учиртай гэж үзэж байна. Шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэдэг. Яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримт, хэргийн зүйлчлэлийг шүүх тогтоох боломжгүй. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар тодорхой дүгнэлт хийж, шийдвэртээ тусгадаг. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн “яллагдагч нарын тухайн гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог ялгаж, шалгах шаардлагатай” гэсэн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг 2 дахь хэсэгт “анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэлэлцсэн” гэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн тус хүсэлтийн агуулга тусгагдаагүй тул прокурорын эсэргүүцлийг 2 дахь заалтын мөн хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Б, М.Д, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2201000050373 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүгчийн захирамжид зааснаас өөр үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих байдлуудыг бүрэн тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар явуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Тодруулбал, шүүгчийн захирамжид дурдсан яллагдагч А.Б-т холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэмээн ерөнхийлөн дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна гэсэн үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Энэ захирамжийг эс зөвшөөрч бичсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хийлгэхээр А.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокуророос яллагдагч А.Б, М.Д нарт холбогдуулан ирүүлсэн “…гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, “Т” ХХК-ийг 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар явуулах шаардлагатай, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзлээ.
Тус үйлдлийн талаар,
гэрч Г.Г “...Гүйцэтгэх захирал М.Г намайг дуудаж “С” ХХК, “Эв” ХХК-тай гэрээ байгуул гэсэн. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Г захирал хүмүүсийн утасны дугаар өгөөд тэрний дагуу цаад талтай нь холбогдон мэдээллийг авч гэрээг байгуулсан. Д.Д тухайн үед гарын үсэг зурсан эсэхийг санахгүй байна. ...Би уг 2 гэрээн дээр гарын үсэг зурсан, миний гарын үсэн мөн. ...” /1-р хх-ийн 77/,
гэрч М.Г “...Д нь ... тухайн цаг хугацаанд өвчтэй байсан ба өөр бүтцээр орлох хүн байгаагүй юм. Тэгээд нэрийг нь оруулаад дараа нь зуруулсан байхаа. Д маш их ажилласан. ...” /1-р хх-ийн 84-85/,
гэрч Г.Д “...“С” ХХК, “Эв” ХХК гэх компанитай байгуулсан ...гэрээ нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд тухайн гэрээг миний бие байгуулаагүй, дээрх гэрээг байгуулсан компани, төлөөлөн гарын үсэг зурсан хүмүүсийг огт танихгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр миний бие ковидын халдвар авч /эхнэр, гурван охины хамт/ гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд намайг өвчтэй, эзгүй хойгуур гэрээг хийсэн байсан.
2021 оны 7 дугаар сарын 10-нд намайг ажлаас нягтлан П.А, А нар дуудсаны дагуу баруун үйлдвэрт очиход дээрх хоёр гэрээг байгуулаад аль хэдийн төлбөр тооцоо нь 7-ны өдөр шилжсэн байсан. Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан П.А, “чиний нэрээр байгуулсан гэрээ байна, чиний гарын үсэг дутуу байгаа шүү гарын үсгээ зураарай” гэж гүйцэтгэх захирал М.Г-ын гарын үсэг зурж компанийн тамга дарж баталсан, арын хуудсанд хуулийн зөвлөх Г.Г гэсэн гарын үсэгтэй гэрээ үзүүлсэн. Тэгэхээр нь би “Би гэртээ өвчтэй байхад яахаараа миний нэрээр гэрээ байгуулдаг юм бэ. Би энэ гэрээний чинь тухай огт мэдэхгүй. Тэгээд ч би төлөөлж гэрээ байгуулах субъект биш учир гарын үсэг зурахгүй” гэж татгалзсан.
Тэр гэрээ нь “Т ХХК-ийг төлөөлж Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Д” гэж миний овгийн эхний үсгийг буруу бичсэн байсан. Гэтэл миний овог “Г” үсгээр эхэлдэг. Ийм учраас би гарын үсэг зурахаас татгалзсан.
Ингээд нэлээд хугацаа өнгөрсний дараа 2021 оны намар /цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. 10 дугаар сарын сүүлээр болов уу/ ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.А намайг дуудаж дээрх хоёр гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан. Ингэхдээ, баримтаа хүлээлгэж өгөх гэж байна. Чиний гарын үсэг дутаад байна гэж архивын бор хавтастай гэрээнээс дээрх хоёр гэрээг гаргаж гарын үсэг нөхөж зуруулсан. ...Миний нэрээр байгуулсан талаар гайхаад байна. Ийм төрлийн гэрээг захирал байгуулдаг байсан. ...” /1-р хх-ийн 79-80/ гэх мэдүүлгүүд,
“Т” ХХК, “С” ХХК хооронд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /3-р хх-ийн 2-4/,
“Т” ХХК, “Эв” ХХК хооронд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /3-р хх-ийн 5-7/, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх /3-р хх-ийн 8-11/ зэрэг баримтууд байна.
Эдгээр мэдүүлэг, баримтуудаас үзэхэд “Т” ХХК, “С” ХХК, “Эв” ХХК хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нөхөн байгуулжээ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан…” байдаг. Гэтэл “Т” ХХК-ийн 14,000,000 төгрөгөөр хохирсон үйлдлийн хувьд хэнийг ямар аргаар төөрөгдөлд оруулсан, гэрээ байгуулагдаагүй байхад 14,000,000 төгрөгийг хэн шилжүүлсэн зэрэг нь тодорхойгүй байх тул нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосны эцэст Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжтэй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЗ/1425 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хангаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЗ/1425 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ