Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/ШШ2026/0008

 

   Т.Х-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдааны даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн

           Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Ц.Одмаа

           Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: О.Оюунгэрэл

           Гомдол гаргагч: Т.Х

            Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

           Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.О /цахим/, иргэдийн төлөөлөгч Б.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

            Хэргийн индекс: 221/2026/0006/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Гомдол гаргагч Т.Х нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “тус хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2.Гомдол гаргагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ:

          2.1. “...Хуульчдын хамтран ажиллах, ажил үүргээ хуваарилан оролцох ажиллагааг үгүйсгэсэн, маргаан бүхий тогтоол нь хууль ёсны, үндэслэл байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Маргаан бүхий тохиолдолд өмгөөлөгч Т.Х нь өмгөөлөгч Б.Б-ийн хамт хамтран ажилласан бөгөөд хэрэг шүүхэд шилжихээс өмнөх шатны ажиллагаа буюу үйлчлүүлэгчтэй уулзах, зөвлөгөө өгөх, мэдүүлэг өгөхөд байлцах, мөрдөн байцаалт шатанд хэргийн материалтай танилцах, шаардлагатай тохиолдолд хүсэлт, гомдол гаргах зэрэг ажиллагаанд хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Б.Б оролцохоор ажил үүргээ хуваарилан ажилласан.

          2.2. Тус хэрэгт хэрхэн, ямар тактикаар ажиллах, ижил төстэй хэргийн шийдвэрүүдийг судалж, туршлагатай хуульчтай хамтран ажиллаж нэмэлт өмгөөлөгч авах зэргээр тус хэрэгт үйлчлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хэргийн өмгөөллийн үйл ажиллагаа цаг алдалгүй удирдлагаар хангаж ажиллаж байсан. Гэтэл дээрх байдлаар хамтран ажилласан байдлыг ямар үндэслэлээр өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа нь огт ойлгомжгүй, мөрдөн байцаалтын шатанд хамтран ажилласан өмгөөлөгчийн оролцсон ажиллагаанд Т.Х өмгөөлөгчийг яагаад заавал давхар оролцох ёстой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй буюу хэргийн материалтай танилцаагүй, үйлчлүүлэгчтэй очиж уулзаагүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хамтран ажиллаж байгаа хуульчдын хувьд хэрэг тус бүрээ хуваарилан авч аль нэг нь хэргийн материалтай танилцаад, үйлчлүүлэгчтэйгээ уулзаад ирэхэд тус хэргийн материалтай танилцсан баримтуудыг хэвлэж, шүүх хуралдааны бэлтгэл хангаж, мэтгэлцээнд бэлтгэж, судалгаа хийж оролцдог дэлхий нийтийн жишгийн дагуу тус хэрэгт хоёр өмгөөлөгчтэй хамтран оролцож, маш боломжийн үр дүн гарган ажилласан. Дээрх байдлаар хамтран ажиллах хуульчдын үйл ажиллагааг яагаад, ямар үндэслэлээр үгүйсгэж, ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа талаар МӨХ-ний мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/2024/19 тоот тогтоолд дурдаагүй нь тус тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурж, нэмж тэмдэглэл, хэргийн түүвэр хөтөлж (Хэдийгээр шүүх хуралдаанаас 3 хоногийн өмнө танилцсан боловч өмгөөлөгч Б.Б-өөс тухай бүр мэдээлэл авч, мөрдөн байцаалт дууссаны дараа танилцсан хэргийн материалуудыг нь хэвлэж авч танилцаж, мэтгэлцээнд бэлтгэж, судалгаа хийж, хэргийн процесс ажиллагаа удирдан ажиллаж байсан болно), анхан шатны шүүх хуралдаанд оролцож, давах гомдлыг хамтран бичиж, давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч процесс дуусах хүртэл ажилласан байна.

          2.3. Гомдол гаргагч Ч.А нь 2025 оны 09 сарын 04-ны өдөр гомдлоосоо татгалзсанаа илэрхийлсэн байхад мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 сарын 14-ний өдрийн маргаан бүхий тогтоолыг гаргахдаа гомдол гаргагч Ч.А-гийн өмнө гаргасан гомдлыг үндэслэн өмгөөлөгч Б.Х-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж буй нь үг дэслэлгүй, ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч өөрөө гомдолгүй, хохироогүй гэдгээ илэрхийлж гомдлоосоо татгалзсан байхад өмгөөлөгчийн эсрэг нотлох баримтаар үнэлж хариуцлага хүлээлгэсэн байна.
2025 оны 09 сард гомдол гаргагч Ч.А гуайтай уулзаж, ярилцахад "Ганц хүүхэд нь олон жилийн ял аваад, үлдсэн хөрөнгө нь эхнэр, хүүхдэд нь үлдсэн явдалд маш хүнд сэтгэл зүйн дарамтад орсон бөгөөд энэ явдалд өмгөөлөгч чи л буруутай юм шиг санаж гомдол гаргасан. Цаг хугацаа өнгөрөөд уужуу тайван бодоод үзэхэд чи буруугүй юм байна. Гэвч би хүүхдийнхээ төлөө өр зээл тавьсан, надад мөнгө төгрөгний хэрэгцээ, шаардлага маш их байна" гэж учирлан тайлбарласан байдаг.

          2.4. Өмгөөлөгч Т.Х нь Ч.А гуайд тохиолдсон байдлыг харгалзаж үзэн өмгөөллийн хөлсөнд авсан төлбөрөөс өөрт ногдсон хэсгийг буюу 7,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээд, тус хэрэгт хоёр өмгөөлөгчтэй хамтран ажиллаж, өмгөөлөгчдөө тус хэргийн ажиллагаанд оролцох боломж цаг, мөнгө зэргээр хангаж, мөн цугларсан баримтын хүрээнд өмгөөллийн тактик боловсруулж, гурван өөр байр сууринаас мэтгэлцэж оролцсон. Гэвч хэрэгт авагдсан, хуульд заасны дагуу цугларсан нотлох баримтаар нэгэнт үйлдсэн гэмт үйлдлийг үгүйсгэж, цагаатгах боломж байхгүй байсан бөгөөд өмгөөлөгчийн хувьд тус хэрэгт үйлчлүүлэгчийнхээ ялыг хөнгөрүүлэх байр суурийг баримталж оролцож 25 жил хүртэл хорих ял оногдуулах боломжтой үйлдэлд шүүхээс 13 жилийн хорих ял оногдуулсан нь тус хэрэгт оролцсон өмгөөлөгчид боломжит үр дүнд хүрч ажилласан гэдгээ тайлбарлан хэлсэн. Өмнө нь Ч.А гуайтай уулзаж, ярилцах ямар боломжгүй маш их уур бухимдалтай, ярьж тайлбарлах зүйлийг хүлээж авах боломжгүй сэтгэл зүйн дарамттай байсан бөгөөд тодорхой цаг хугацааны дараа цочрол, дарамтаас гарч, тайвширсны дараа болсон явдалд зөв дүгнэлт хийж гомдлоосоо татгалзсан.

          2.5. Гэтэл мэргэжлийн хариуцлагын хороо дээрх хүний сэтгэл хөөрлийн байдал болон болсон үйл явдлын нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн өмгөөлөгчийг буруутгаад байгаа нь мэргэжлийн хуульчдын хувьд зөрчил, түүнийг нотлох баримтыг үнэлж, дүгнэх чадваргүй, алдаа гаргаж, хуульчдын хамтран ажиллаж үйл ажиллагааг ямар үндэслэлээр ёс зүйн зөрчил гэж үзээд байгаагаа тайлбарлахгүйгээр өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил зургаан сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Т.Х-ын хувьд Монголын бизнесийн салбарт тодорхой байр суурь, нэр хүндтэй ажилладаг "Моннис групп"-д олон жил хуульч, ахлах хуульчаар ажиллаж байгаад хуульчийн хувьд бие дааж, өмгөөллийн салбарт хүчээ үзэх зорилгоор ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч, өөрийн өмгөөллийн компанийг байгуулан хэд хэдэн өмгөөлөгчтэй хамтран ажиллаж, компанийхаа үйл ажиллагааг удирдан чиглүүлж, маркетинг, сурталчилгааны ажлыг өөрөө хариуцаж, мөн дээрх нь хэрэг тус бүрийнхээ өмгөөллийн тактик, мэтгэлцээний байр суурийг өмгөөлөгчидтэйгөө ярилцаж, өдөр тутмын удирдлагаар ханган ажиллаж байна. Өмгөөлөгчдийн эрх, ашгийг хамгаалж, өмгөөллийн хуулийн этгээдийн хөгжил, стратегийг дэмжин ажиллах чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага өмгөөлөгчөө нотлох баримтгүйгээр, сэтгэл хөдлөл автан, бодит нөхцөл байдлыг зөв дүгнэж чадахгүй, буруутгаж байгаад өнгөрсөн хугацаанд багагүй бухимдаж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ нэлээд хохирч, мөн дээрх байдалтай зэрэгцэн гэр бүлийн гишүүдэд осол аваар, үй гашуу тохиолдсон хүндхэн үйл явдлууд давхацсан цаг хугацаа өнгөрснийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

          Иймд Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр 14-ны өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

          3.1. “...Иргэн Ч.А-аас өөрийн хүү А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ авахаар өмгөөлөгч Т.Х-той 2024 оны 2 сарын 27-ны өдөр Хууль уйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөллийн хөлс 15 сая төгрөг байхаар тохиролцож үйлчилгээний төлбөрийг өмгөөлөгчид шилжүүлсэн боловч гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 сар гаран өнгөрөхөд цагдан хорих байранд очиж хүү А.Т-тай нэг ч удаа уулзан хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, мөрдөн байцаах, прокурорын шатанд хүсэлт, гомдол гаргаагүй, гэрээ байгуулаад өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлээгүйд Т.Х- өмгөөлөгчид гомдолтой байна, мөн 10 дугаар сарын 7-ны өглөө мэдээлэл авахаар залгахад ёс зүйгүй үг хэллэгээр доромжилсон" гэх агуулгаар гаргасан гомдлыг мэргэжлийн хариуцлагын хороонд ирлүүлсэн байдаг. Мэргэжлийн хариуцлагын хороо журамд зааснаар тус гомдолд маргаан үүсгэх шалгах ажиллагаа явуулан Өмгөөлөгч Т.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 "шуурхай, бүрэн, тууштай байх", 4.1.3, 4.1.5, 4.1.6-д заасан зарчмыг ноцтой зөрчсөн, 14 дүгээр зүйлийн 14.1.1., 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12 тус тус заасныг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д "хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх", 16.1.3-д "үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх", 16.1.4-д "үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн Мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолоор өмгөөлөгч Т.Х-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасч шийдвэрлэсэн.

          3.2. Өмгөөлөгч Т.Х нь Мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 0018 дугаартай магадлалаар маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож дахин шалгуулахаар хороонд буцаасан. Мэргэжлийн хариуцлагын хороо нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 0018 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж Улсын дээд шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/XT2025/0075 дугаартай тогтоолоор 0018 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

          3.3. Улсын дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/XT2025/0075 дугаартай тогтоолд “... өмгөөлөгч Т.Х нь хорих байранд хоригдож байсан өөрийн үйлчлүүлэгч А.Т-тай нэг ч удаа очиж уулзаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд холбогдох 3-4 удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй, өмгөөллийн үйл ажиллагааныхаа талаар үйлчлүүлэгчдээ тухай бүр мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнийг дахин нотлох шаардлагагүй, эл байдлаас үзвэл өмгөөлөгч Т.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах", 14.1.2. "үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах" үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн.

          3.4. Өмгөөлөгч Т.Х нь өмгөөлөгч Б.Б-тэй ажил үүргээ хуваан авч, хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэх боловч энэ талаараа нотлох баримт ирүүлээгүй, өгөхөөс татгалзсан буюу байхгүй гэсэн тайлбар хянан шалгагчид утсаар өгсөн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.И хянан шалгагчийн "өмгөөлөгч Т.Х нь А-ийн хүү Т-т холбогдох мөрдөн шалгах ажиллагааны явцад тантай уулзаж, утсаар ярьсан уу?, хэргийн материалтай танилцаж байсан талаар?" асуухад: Би хэргийн материалтай танилцаарай гэж ярьж байсан, Т.Х өмгөөлөгчтэй нэг удаа уулзаж байсан, хэргийн материалтай прокурор дээр танилцана гээд танилцаагүй, хүсэлт гомдол гаргаагүй" гэх тайлбарыг өгсөн.

          3.5. Өмгөөлөгч Т.Х иргэн Ч.А нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний 1.2-т Хууль зүйн туслалцаа нь үйлчлүүлэгчийг өмгөөлөх, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тайлбар гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хавтас хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх, уулзалт хийх, анхан давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол, хүсэлт, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох хэлбэрээс бүрдэнэ гэжээ.

          1/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т бүх насаар хорих ял оногдуулж болох сэжигтэн яллагдагч шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулахыг хориглосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч А.Т-ын хэргийн материалтай танилцаагүй.

          2/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч А.Т-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 3-4 удаагийн шүүхийн хэлэлцүүлэг болсон, өмгөөлөгч Т.Х нь биечлэн бол цахим хэлбэрээр огт оролцоогүй.

          3/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй.

          4/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан өөрийн үйлчлүүлэгч болох яллагдагч А. Т-тай нэг ч удаа очиж уулзаагүй.

          5/Өмгөөлөгч Т.Х нь Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн.

          3.6. Өмгөөлөгч Т.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 "шуурхай бүрэн, тууштай байх" 415 “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах" зарчмыг алдагдуулж,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө авч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах", 14.1.2. "үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар гүүн мэдэгдэх, тайлбарлах", 14.1.9. үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д "үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх", 16.1.4-д "үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож Өмгөөллийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч 1. Х-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй.

          Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2025/19 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж өмгөөлөгч Т.Х-ын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

   4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Т.Х-ын өмгөөлөх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх тухай тогтоол гаргахдаа түүнийг тодорхой зөрчлүүд гаргасан гэж үзэн нийт 23 үйлдлийг дэс дараалан дурдсан байдаг. Гэвч үүнд ихэвчлэн тухайн хэрэгтэй холбоотой болсон үйл явдал, процессын талаар ерөнхий байдлаар бичсэн байх бөгөөд өмгөөлөгч Т.Х-ыг тухайн хэрэгт анхан шатны шүүх хуралдаанаас бусад ажиллагаанд оролцоогүй, мөн үйлчлүүлэгчдээ хангалттай хууль зүйн зөвлөгөө өгөөгүй гэсэн үндэслэлээр түүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлүүдийг дараах байдлаар үгүйсгэж байна.

4.1. Тодруулбал, өмгөөлөгч Т.Х нь үйлчлүүлэгч н.Т-ын эх н.А-тай 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулахдаа энэ хэрэгт өмгөөлөгч Б.Б-тэй хамтран ажиллах талаар үйлчлүүлэгчид урьдчилан тайлбарласан байдаг. Ийнхүү гэрээ байгуулсны дараа хууль зүйн туслалцааны төлбөрт нийт 15,000,000 төгрөг авсан бөгөөд үүнээс өмгөөлөгч Б.Б-д 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу гурван хоногийн дараа 4,950,000 төгрөгийг дансаар, мөн 3,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн байна. Ингэснээр нийт 8,000,000 төгрөгийг Б.Б-д шилжүүлж, уг өдрөөс эхлэн Б.Б өмгөөлөгч үйлчлүүлэгч н.Т-т хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Өмгөөлөгч Б.Б тухайн хэрэгт бодитоор оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тухайлбал, хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Б оролцсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Мөн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болсон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай 428 дугаартай шүүх хуралдаанд ч мөн Б.Б оролцсон нь баримтаар батлагдсан байна. Үүнээс гадна өмгөөлөгч Б.Б цагдан хорих байранд очиж үйлчлүүлэгчтэй уулзсан тухай тэмдэглэлүүд хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд тусгагдсан байдаг.

4.2. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Х, Б.Б болон н.Д нар хамтран оролцсон. Энэ талаар өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч мөн дурдсан байдаг бөгөөд хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах, хэрэгтэй холбоотой тэмдэглэл хөтлөх, үйлчлүүлэгчтэй уулзах зэрэг тодорхой ажиллагаануудыг хуваарийн дагуу гүйцэтгэсэн талаар тайлбарласан байна. Түүнчлэн өмгөөлөгч Т.Х нь өмгөөлөгч Б.Б-тэй 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, түүнээс хойш зарим хэрэг, маргаанд хамтран ажиллаж ирсэн талаарх нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байдаг. Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгч Б.Б-ийн энэхүү бодит оролцоог өмгөөлөгч Т.Х-ын оролцоотой адилтган үзээгүй атлаа энэ талаар тодорхой үндэслэл дурдаагүй байна. Иймд өмгөөлөгч Т.Х оролцсон баримт байхгүй гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан Монголын Өмгөөлөгчдийн холбооноос гаргасан өмгөөлөгч Т.Х-ын өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

   5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн тогтоолд өмгөөлөгч Т.Х-ын үйл ажиллагаатай холбоотой ноцтой зөрчлүүд гарсан гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал, тэрээр хорих байранд хоригдож байсан үйлчлүүлэгч н.Т-тай нэг ч удаа биечлэн очиж уулзаагүй нь тогтоогдсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Т-т холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 34 удаагийн шүүх хуралдаанд оролцоогүй, өмгөөллийн үйл ажиллагааныхаа талаар үйлчлүүлэгчдээ мэдээлэл өгөөгүй, хууль зүйн зөвлөгөө хангалттай өгөөгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзсэн. Шүүхийн дүгнэлтээр эдгээр үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн үүргийг зөрчсөнд тооцогдсон бөгөөд дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн байна.

5.1. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанаар, өмгөөлөгч Т.Х нь Б.Б өмгөөлөгчтэй хамтран ажилласан гэх тайлбар гаргасан боловч энэ талаар бодит баримт ирүүлээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдол ч гарсан байна. Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг дахин шалгах явцдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагын мөрдөгчөөс тайлбар авч, үйлчлүүлэгч Т-тай Х өмгөөлөгч ердөө нэг удаа уулзсан, хэргийн материалтай танилцаагүй талаар мэдээлэл авсан байна. н.А болон Т.Х өмгөөлөгчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг өмгөөлөх, гомдол, хүсэлт гаргах, баримт материал боловсруулах, хэргийн материалтай танилцах, үйлчлүүлэгчтэй уулзах, хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн үүргийг хүлээсэн байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр үүргийг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүх насаар хорих ял оногдуулж болзошгүй хэрэгт өмгөөлөгчийн оролцоогүйгээр ажиллагаа явуулахыг хориглодог. Гэвч н.Т-ын хэрэг дээр өмгөөлөгч Т.Х нь мөрдөн шалгах ажиллагааны дараах шатанд хэргийн материалтай танилцаагүй, цагдан хорих асуудлаар болсон хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцоогүй, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй нь тогтоогдсон байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хоригдож байсан үйлчлүүлэгчтэй нэг ч удаа уулзаагүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзжээ. Хэргийн материалтай танилцахгүйгээр үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд бэлтгэлгүй оролцох нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчих эрсдэлтэй гэж шүүх дүгнэсэн байна.

5.2. Хэрэв өмгөөлөгч өөрөө ажлаа амжих боломжгүй байсан бол энэ талаар үйлчлүүлэгчдээ урьдчилан мэдэгдэж, өөр өмгөөлөгч авах боломж олгох ёстой байсан гэж үзсэн. Гэвч ийм мэдэгдэл хийгдээгүй нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг хязгаарласан гэж дүгнэсэн. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Т.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтад заасан бүрэн шуурхай, тууштай ажиллах зарчмыг зөрчсөн, мөн 14 дүгээр зүйлд заасан үйлчлүүлэгчдээ мэдээлэл өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх үүргийг биелүүлээгүй гэж үзэн, 33 дугаар зүйлийн 33.1.3.2 дахь заалтын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, өмгөөлөгч Т.Х-ын гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгөхийг хүсэж байна” гэв.  

   6. Иргэдийн төлөөлөгч О.О дүгнэлтдээ “...өмгөөлөгч Т. нь А.Т-т холбогдох хэрэгт өмгөөлөгчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн байж болох ч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2025/19 дугаартай тогтоол дахь Т.Х-ын өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхийг 1.6 жилээр түдгэлзүүлж шийдвэрлэж хүлээлгэсэн хариуцлагыг тохиромжгүй арга хэмжээ гэж дүгнэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаар тогтоолын үндэслэлийг хянаад, Т.Х-ын гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

2. Гомдол гаргагч Т.Х нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Анх иргэн Ч.А-аас Өмгөөлөгч Т.Х-т холбогдуулан “...өмгөөлөгч нь надтай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, миний хүү А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох байсан, гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, А.Т-тай цагдан хорих 461-р ангид очиж нэг ч удаа уулзаагүй, санал хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаагүй, ар гэрт нь болон А.Т-т тайлбар мэдээлэл өгөөгүй, хэл амаар доромжилсон...” гэх гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан.

3.2. Тус гомдлын дагуу өмгөөлөгч Т.Х-т холбогдуулан маргаан үүсгэн хянан шалгаж, улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолоор түүнийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэн, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага хүлээлгэсэн байна.

3.3. Дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн Т.Х-ын гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0018 дугаар магадлалаар “...нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчил тус бүрийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлээгүй, гол буруутгаж буй зөрчилтэй холбогдуулан холбогдох баримтуудыг цуглуулаагүй, Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх журамд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий тогтоолын Үндэслэх хэсэгт тусгагдсан зөрчлүүд нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль зөрчилд хамаарч байгаа болох, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдоно...” гэх үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0075 дугаар Хянахын тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.4. Үүний дагуу, хариуцагч  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос тус маргааныг дахин хянан шалгаад, маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаар тогтоолоор “...өмгөөлөгч Т.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-т заасан зарчмыг тус тус алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

            3.5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ: “...хэрэг шүүхэд шилжихээс өмнөх шатны ажиллагаанд хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Б.Б оролцохоор ажил үүргээ хуваарилан ...тус хэрэгт үйлчлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хэргийн өмгөөллийн үйл ажиллагааг цаг алдалгүй удирдлагаар хангаж ажилласан, ...хамтран ажиллах хуульчдын үйл ажиллагааг яагаад, ямар үндэслэлээр үгүйсгэж, ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа талаар тогтоолд дурдаагүй. ...шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурж, нэмж тэмдэглэл, хэргийн түүвэр хөтөлж өмгөөлөгч Б.Б-өөс тухай бүр мэдээлэл авч, мэтгэлцээнд бэлтгэж, судалгаа хийж, хэргийн процесс ажиллагаа удирдан ажиллаж анхан шатны шүүх хуралдаанд оролцож, давах гомдлыг хамтран бичиж, давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч процесс дуусах хүртэл ажилласан. ...Гомдол гаргагч Ч.А нь 2025 оны 09 сарын 04-ний өдөр өөрөө гомдолгүй, хохиролгүй гэдгээ илэрхийлж гомдлоосоо татгалзсан байхад өмгөөлөгчийн эсрэг нотлох баримтаар үнэлж хариуцлага хүлээлгэсэн. ...өмгөөллийн хөлсөнд авсан төлбөрөөс өөрт ногдсон хэсгийг буюу 7,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. ...25 жил хүртэл хорих ял оногдуулах боломжтой үйлдэлд шүүхээс 13 жилийн хорих ял оногдуулсан нь тус хэрэгт оролцсон өмгөөлөгчид боломжит үр дүнд хүрч ажилласан. ...Гэтэл мэргэжлийн хариуцлагын хороо дээрх хүний сэтгэл хөөрлийн байдал болон болсон үйл явдлын нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн өмгөөлөгчийг буруутгаад байгаа нь мэргэжлийн хуульчдын хувьд зөрчил, түүнийг нотлох баримтыг үнэлж, дүгнэх чадваргүй, алдаа гаргаж, хуульчдын хамтран ажиллах үйл ажиллагааг ямар үндэслэлээр ёс зүйн зөрчил гэж үзээд байгаагаа тайлбарлахгүйгээр өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил зургаан сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй...” хэмээн тайлбарлан маргасан.

            4. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.5-д үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”,

...14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах"

...31 дүгээр зүйлийн 31.3.2-т “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж,

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх; 16.1.4-т “үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах” гэж тус тус заажээ.

5. Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”,

...40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”,

...40.2-т “Хянан шалгагч, бүрэлдэхүүн нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой хянасны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байна.

6. Маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дүгээр тогтоолд “...А.Т-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 3-4 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн болон цахим хэлбэрээр огт оролцоогүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар яллагдагч А.Т-ын хэргийн материалтай танилцаагүй, ...прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурьдагдсан гэмт хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг төгсөөгүй гэх үндэслэлээр маргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   хэргийн бодит байдлыг тогтоохтой холбоотой хүсэлт гомдол гаргаагүй, ...хорих 461 дүгээр ангид хоригдож байсан өөрийн үйлчлүүлэгч болох яллагдагч А.Т-ай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад очиж уулзаагүй” нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-т заасан зарчмыг тус тус алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн өмгөөлөгч Т.Х-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

7. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, өмгөөлөгч Т.Х нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.А-тай түүний хүү А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх нийт хөлс 15.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан, мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.Б нь А.Т-тай түүний холбогдсон эрүүгийн хэрэгт “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд өмгөөлөгч Б.Б-ийн хувьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 19, мөн оны 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 20-ны өдрүүдийн шүүх хуралдаанд оролцсон, мөн 461 дүгээр хорих ангид 4-5 удаа очиж уулзсан /уг үйл баримттай талууд маргаагүй/ мөн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд Т.Х өмгөөлөгчийн хамт оролцсон, давж заалдах гомдол гаргасан нь баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд өмгөөлөгч Т.Х-ын “...тус эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Б.Б-тэй хамтран ажиллах талаараа үйлчлүүлэгчид өөрт нь хэлсэн бөгөөд гэрээний төлбөрт нийт 15 сая төгрөг өгснийг 2 өмгөөлөгч хуваан авч тус хэрэгт хэрхэн ажиллах талаар санал солилцож, хэрэг шүүхэд шилжихээс өмнөх шатны ажиллагаа буюу үйлчлүүлэгчтэй уулзах, зөвлөгөө өгөх, мэдүүлэг өгөхөд байлцах, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцах шаардлагатай тохиолдолд хүсэлт, гомдол гаргах зэрэг ажиллагаанд хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Б.Б оролцохоор ажил үүргээ хуваарилан ажилласан” гэх тайлбарыг шууд үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Т.Х нь тухайн хэрэгт өмгөөлөгч Б.Б-тэй хамтран ажиллах талаараа үйлчлүүлэгчид мэдэгдсэн болох нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.Б нь А.Т нарын хооронд байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, мөн гомдол гаргагч Ч.А-гийн “...Б.Б өмгөөлөгч хамт ажиллана, бид хоёр тактик боловсруулж энэ хэрэгт оролцоно гэсэн...” гэх бичгээр гаргасан гомдол зэргээр тогтоогдож байх төдийгүй Б.Б өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэй 461 дүгээр хорих ангид очиж уулзаж байсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах шүүх хуралдаануудад оролцож байсан /энэ талаар маргаагүй/ зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх атал хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооноос уг үйл баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар аливаа дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгч нар тухайн хэрэгт “...ажил үүргээ хуваарилан ажилласан” хэмээн тайлбарлан маргаж буй үндэслэлийг харгалзан үзэлгүйгээр Т.Х өмгөөлөгч “...461 дүгээр хорих ангид хоригдож байсан А.Т-тай  нэг ч удаа очиж уулзаагүй, ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 3-4 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн болон цахимаар оролцоогүй...” хэмээн шууд буруутгаж буй нь үндэслэл бүхий болоогүй байна.

9. Дээрхээс үзэхэд өмгөөлөгч Т.Х нь А.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Б.Б-тэй ажил үүргийн хуваариа харилцан тохиролцож хамтран ажилласан, тус эрүүгийн хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцсон, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан зэргээр үйлчлүүлэгчид тодорхой хэмжээгээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх төдийгүй, гомдол гаргагч Ч.А нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...Т.Х-т холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Т.Х өмгөөлөгчтэй ярилцаж, ойлголцсон одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан зэргээс үзэхэд маргаан бүхий тогтоолоор “өмгөөлөгч Т.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-т заасан зарчмыг тус тус алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр бусад нөхцөл байдалд тохирсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

10. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гомдолд дурдсан зөрчлийг өмгөөлөгч гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж, хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоож, тодорхойлох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, зөрчлийн үндэслэл тус бүрд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөрчлийн шинж чанарт нөлөөлөх бусад нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь илтэд дордуулан, түүний амьжиргаа, орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хэвээр үлдээх үндэслэлгүй байна.  

11. Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0075 дугаар ”... өмгөөлөгч Т.Х-ын хамтран өмгөөлөгч Б.Б-тэй ажил үүргээ хувааж авч, хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэх тайлбартай холбоотой шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, дүгнэх, тухайлбал өмгөөлөгч Б.Б нь нэр бүхий иргэдэд ямар хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн, энэ нь өмгөөлөгч Т.Х болон иргэн Ч.А-ын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хамаарах эсэх, хэрэв хамаарах бол энэ талаар баримт цуглуулж дүгнэх шаардлагатай” гэж заасан ажиллагааг хариуцагчаас хэрэгжүүлэлгүйгээр дахин маргаан бүхий МТ/2024/19 дугаартай тогтоолыг гаргасныг шүүх зөвтгөх боломжгүй.    

12. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хуульчдын хамтран ажиллах үйл ажиллагааг ямар үндэслэлээр ёс зүйн зөрчил гэж үзээд байгаагаа тайлбарлахгүйгээр өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

13. Иргэдийн төлөөлөгч О.О-ын гаргасан “...өмгөөлөгч Т.Х нь А.Т-т холбогдох хэрэгт өмгөөлөгчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн байж болох ч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2025/19 дугаартай тогтоол дахь Т.Х-ын өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхийг 1.6 жилээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хүлээлгэсэн хариуцлагыг тохиромжгүй арга хэмжээ гэж дүгнэж байна” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

   14. Дээрх үндэслэлүүдээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Т.Х-ын шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Өмгөөлөгч Т.Х-ын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн МТ/2024/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ