Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 401

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Д.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэлд холбогдох эрүүгийн 1811000000328 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл, Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 45  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 72 дугаар сургуулийн гадна талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосго, 19 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух, одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 64 дүгээр гудамж 1006б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:НИ73040112/.

             Шүүгдэгч Д.Ц нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/  2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1 дүгээр гудамж 7 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай Д.Батсүхийн эзэмшлийн дугуй засварын газрын хаалгыг эвдэж буюу орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлж 352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 7-ны амралтын өдөр хагас сайн өдөр байсан болохоор сургууль дээр спорт заалны цонхны торон хаалт хийх ажилтай байсан” юм. Би өдөр 14 цагийн орчимд сургууль дээр явж очиход цуг хийлцэх хүмүүс ирээгүй байсан. Би сургууль дээр хүлээж байгаад сургууль дээрээс 15 цаг өнгөрөөд гарч явсан. 6 буудалд байх ах Цогоогийнд очих замдаа нэг шил пиво, 100 грамм архи авч уучихаад төв зам дагуу явж байгаад дугуй засвар руу орсон шиг санаж байна. Нэг мэдэхэд би дугуй засварын газраас төмөр 3 ширхэг обуд, 1 ширхэг данкрат, гар дрилл зэрэг эд зүйлийг аваад такси бариад зогсох гэж байхад үл таних 2 залуу гарч бариад авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-37-38х/,

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Батсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дугуй засварт янзлуулахаар 3 салаа дискен обудтай дугуй байсан түүнийг аваачиж зарсан юм шиг байна лээ. Харин 3 ширхэг төмөр обуд, гар дрилл, дамкрат зэрэг эд зүйлийг хулгайлж аваад зам дээрээс такси барих гэж байхад манай хойд талын дугуй засварын залуу мэдээд уг хүнийг цагдаад барьж өгсөн байсан. Би тухайн эд зүйлүүдээ авчихсан. Тийм болохоор одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Б.Хосбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр би өөрийн эзэмшлийн Сонота 5 загварын автомашинтай гадуур ажилтай явж байхад өдөр 13 цагийн орчимд миний автомашины зүүн хойд талын дугуй хагарахаар нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр төв зам дагуу байх дугуй засварт дугуйгаа нөхүүлэх гээд үлдээчихээд эргээд 18 цагийн орчимд дугуйгаа авах гээд уг газарт ирэхэд хүн байхгүй байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр очиход “тухайн дугуй засварчин манай дугуй засварт хулгай орсон, чиний дугуйг авч явсан байна” гэж хэлсэн юм ...миний алдагдсан дугуйг би хувь хүнээс зарын дагуу 4 хос дискен 3 салаа обудыг 1.600.000 төгрөгөөр 1 жилийн өмнө авч байсан юм. Харин дугуйг 45000 төгрөгөөр 2018 оны 3 дугаар сард авсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч Б.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр би ажил дээрээ байж байгаад өдрийн 15 цагийн орчимд дугуй засварын залуу дугуйгаа хаачихаад гэр лүүгээ явлаа гээд явсан юм. Тэгээд 16 цаг өнгөрч байхад би гэртээ цайгаа уучихаад гарч ирэхэд үл таних залуу дугуй аваад машинд ачиж байсан. Би тэр үедээ анзаараагүй, дугуй засвараар үйлчлүүлж байгаа хүн болов  уу гэж бодсон боловч тухайн засвар дээр ирээд харахад хаалга хаалттай байсан. Тэгээд хэсэг минут болоод 20-30 минутын дараа тухайн дугуй авч явсан хүн дахин ирээд 3 ширхэг обуд, данкрад, гар дрилл зэрэг эд зүйлийг аваад таксинд гар өргөх гээд зогсож байх үед нь би явж очсон юм. Би очоод дугуй засварын хүнийг таньдаг юм уу, гэж асуухад танина гэж хэлээд нэрийг нь асуутал Батзаяа гэж хэлсэн. Тэгэхээр нь дугуй засварын хүнийг Батсүх гэдэг гэж хэлээд чи юун хүн гэж хэлээд утас руу залга гэхэд утасны цэнэг дууссан гэж хэлж байсан. Тэгээд би хашааны эзнийг дуудахад гарч ирээгүй, гэртээ хүн байхгүй байсан. Авсан юмыг нь буцааж хийлгээд хаалгыг нь цоожлох гэхэд цоож нь байхгүй мэдэхгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-29х/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-18х/,

           Шүүгдэгч Д.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/,

           Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-45-58х, 60-68х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1 дүгээр гудамж 7 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай Д.Батсүхийн эзэмшлийн дугуй засварын газрын хаалгыг эвдэж буюу орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлж 352.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Батсүхэд учруулсан гэм хорын хохирол 352.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.