| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2211011250598 |
| Дугаар | 2024/ДШМ/1221 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 13.5.2.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1221
Э.О, Э.Ц, Н.О,
О.С, Б.С нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, О.Батсүх,
шүүгдэгч Э.Ц, Н.О, тэдгээрийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Л.Жавзмаа,
шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Кадирбек,
шүүгдэгч О.С, Б.С нарын өмгөөлөгч Ю.Тогмид,
хохирогч А.Т, А.Т нарын өмгөөлөгч Б.Отгонтуяа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/974 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч Э.Ц, Н.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч А.Кадирбек нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэн Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох 2211011250598 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Э.О ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
2. Н.Ц ..... түр оршин суух, ял шийтгэлгүй,
3. Н.О ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
4. О.С ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Эрхүү хотын .... их сургуульд суралцаж байхдаа тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг “Школа” гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож, хэлний бэлтгэл ангийн А.Т, А.Т нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,
шүүгдэгч Э.О нь бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211011250598 дугаартай хэргээс шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, бүлэглэж, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарыг тус тус нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогч А.Т, А.Т нарт шүүгдэгч тус тус 3,982,026 төгрөгийг буюу нийт 19,910,130 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Т, А.Т нар сэтгэцэд учирсан хохирол болон бусад эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянаан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цагдан хоригдсоноос хойш маш их зүйлийг ойлгож эрх чөлөө ямар үнэ цэнэтэй болохыг ухаарлаа. Миний бие энэ хэрэгт холбогдсон өдрөөс хойш одоог хүртэл хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч талд учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд цаашид гарах хохирлыг мөн төлөхөө илэрхийлж байна. Анхан шатны шүүх хурал болж намайг цагдан хоригдсоноос хойш ээж маань сэтгэл санааны хямралд орж, даралт нь ихсэж улмаар нүдний хараанд нь нөлөөлж байгаа тухай таагүй мэдээг сонслоо. Миний ээж Б.Т нь намайг төрүүлэх үедээ төрөхийн хүндрэлээс болж харааны чадвараа бүр мөсөн алдаж он удаан жил эмчилгээ хийлгэж эдгэрч байсан юм. Ээж минь одоо залуу хүн биш учир дахин хараагаа алдахвий гэхээс айж надаас болж яасан их зовж байгаа бол гэхээс өдөр бүр өөрийгөө буруутган бусадтай зүй бус харьцсан үйлдэлдээ харамсаад баршгүй байна. Намайг хорих ялаар шийтгүүлсэн учир Улаанбаатар төмөр замын вагоны аж ахуйн албаны харьяа ...... ажлаас чөлөөлсөн тухай ар гэрийнхэнд маань мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч би залуу хүний хувиар улс эх орондоо ихийг хийж бүтээх, эмчилгээ асаргаа шаардлагатай байгаа ээжийгээ харж хандах чин хүсэлтэй байна. Иймд надад оногдуулсан нэг жилийн хорих ялыг өөрчилж, нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээх боломж олгож торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Д.Очирдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх …шийтгэх тогтоолдоо “хор уршгийн шинж чанар арилаагүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй” гэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй буруу дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, хохирогч нар хэзээ, хэрхэн иргэний журмаар хор уршгаа нэхэмжлэх нь тодорхойгүй юм. Тодорхойгүй үйл баримтын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж болохгүй бөгөөд хохирогч нар хэзээ нэхэмжлэл гаргахаас шалтгаалж хор уршиг арилах үр дагавартай мэгээр ойлголт өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн тул хуулийн уг заалтыг хэрэглэх нь зөв юм.
Хохирогч тал үндэслэл бүхий нэхэмжлэл гаргах эрхтэй боловч гэм хорын хохирол учирсан эсэх тухайгаа баримтаар нотолж, хууль зүйн үндэслэлээ зөв тодорхойлж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм. Хохирогч тал нь хохирлын талаар нотлох үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй нь шүүгдэгчдийн буруу биш тул шүүх хэрэглэх боломжтой хуулийг хэрэглэхгүйг шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Э.О-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид засрал хүмүүжилдээ анхаарч амьдрахаа чин сэтгэлээсээ илэрхийлж байгааг болон хохирлоо бүрэн нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорихоос өөр төрлийн ял /торгох/ оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би А.Т, А.Т нартай нэг байранд амьдардаг байсан. 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн өрөөндөө орох явцдаа А.Т, А.Т нарын өрөөнд ороод гарсан. Тухайн үед ах хүний хувьд хэдэн үг хэлээд өрөөнөөс нь гарсан. 13 минут орчим хугацаа болсон. Миний хэлсэн үгийг сэтгэлдээ маш эмзэгээр дарамт гэж хүлээж авна гэж тухайн үед би ойлгосонгүй ээ. Миний буруу байна. А.Т, А.Т нар нь миний өрөөнд орж ирж надаас хичээл номоо асуух тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан. Би асуусан хичээл бүхнийг нь өөрийн чадлаараа зааж өгч өөр мэдэхгүй чадахгүй зүйл байвал санаа зовохгүй орж ирж асууж байгаарай гэж хэлээд гаргадаг байсан. Бусдаар А.Т, А.Т нартай ямар нэгэн байдлаар харьцаж байсан удаагүй. 2022 оны 4 дүгээр сард Эрхүү хотод Монгол улсаас суугаа ерөнхий консул, сургуулийн удирдлагууд А.Т, А.Т, тэдгээрийн аав А, ээж Ц нартай Эрхүү хотод хурал хийж уучлалт гуйсан. А.Т, А.Т нарын бодит хохирлыг бүрэн барагдуулсан.
Би 2016-2022 оны хооронд ОХУ-ын Эрхүү хотын ........ их сургуульд төмөр замын “Замын инженерын” мэргэжлээр сурч төгссөн. Залуу хүний хувьд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ хувь нэмрээ оруулах, мөн гэр бүл зохиож Монгол Улсдаа сайхан амьдрах мөрөөдөлтэй. Би хүсэл, мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөх, тасралтгүй суралцах, бусдыг манлайлахыг өмнөө зорилго болгон ирсэн.
Миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 24-нд сургуулиа төгсөөд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ..... ангид ажиллаж эхэлсэн. 2022.10.14-нөөс 2023.04.03-ны өдрийг хүртэл замчнаар, 2023.04.03-наас 2024.08.30-ны хооронд хэсэглэл хариуцсан инженерээр, 2024.08.30-ны өдрөөс эхлэн ......... ангийн их засвар хариуцсан инженерээр ажиллаж байсан. 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс хоригдож байна. Энэхүү хоригдож буй хугацаандаа хүний эрх, эрх чөлөө гэдэг ямар их үнэ цэнэтэйг илүү ихээр ойлгож ухаарч байна. Хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие аав, ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд аав Н нь 2023 оноос ходоодны хорт хавдартай болж, ходоодоо тайруулж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болно. Ээж М нь ажлаасаа гарч аав Н-ыг гэрийн асаргаанд харж байгаа. Ар гэрийн санхүү, хоол хүнс, эм тариа, дүүгийн дэвтэр ном зэрэг бүхий л асуудлыг миний бие хариуцаж байсан ч 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хорих ял шийтгэгдэж ар гэрийн байдал хүнд болоод байна. Энэхүү байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.
Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байгаа болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие 2023 онд ... инженер мэргэжлээр төгсөж, шинээр ажлын гараагаа эхлэж байгаа залуу боловсон хүчин билээ. Цаашид төмөр замд үр бүтээлтэй ажиллаж эх орондоо ажиллах хүсэл, зорилготой байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц, Н.О нарын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Ц, Н.О нар нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн төлбөрийн талаар маргахгүй байгаа тул давж заалдах шатны шүүх дараах нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Э.Ц, Н.О нарт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг анхан шатны шүүх “...шүүгдэгч нар нь бүлэглэн, хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, заналхийлэх гэмт хэргийн шинжийг хангасан, бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хүндрүүлэн зүйлчилсэн нь зүйтэй” гэж эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.
Хавтас хэрэгт авагдсан баримт болон хохирогч А.Т /38 тал/-ын “...5 дугаар курсын оюутан Э.Цын хувьд өөрийн төрсөн өдрөөрөө намайг өрөөндөө А.Түвшинтулгын хамт унтаж байхад орж ирэхэд нь би сэрээгүй унтаад байсан чинь сэрээгээд хүндэлсэнгүй гэх шалтгаанаар оны ялгаа гаргаж дэглэж байгаад нэг удаа алгадсан. Өөр ямар нэгэн зүйл гаргаж байгаагүй...”, “...Н.О-гийн хувьд 5 дугаар курсынхэн орж ирээд яриа хийхдээ заналхийлсэн байдлаар ярьж сүрдүүлсэн, тэрнээс биш гар хүрч зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
хохирогч А.Т /хх-ийн 43/-ын “...Б.С, Э.Ц, Н.О, Г.Т, Б.Т, Б.И нар нь үг хэлэхдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, оны ялгаа гаргаж явган суулгаж байснаа зодож цохиж бие, эрх чөлөөнд халдаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлгээр миний үйлчлүүлэгч нарын хохирогч нартаа харилцаж байсан харьцаа, хийсэн үйлдэл, оролцоог маш тодорхой хэлж мэдүүлсэн байдаг.
Мөн хохирогчийн өмгөөлөгч /ШТ-ын 20/-ийн: Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хор уршгийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол торгох, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялын сонгох санкцтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.6 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан нөхцөл байдал, үндэслэл журмын дагуу хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах хууль зүйн зохицуулалт байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолын Э.Ц, Н.О нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд аав маань байнгын асаргаанд байдаг. Би ..... ангид шугамын механикч ажил эрхэлж байсан. Хохирогч болон ар гэрийхнээс нь чин сэтгэлээс уучлал хүсэж байна. цаашид гарах эмчилгээний зардлыг чадах чинээгээрээ төлж барагдуулна. Хохирогдож байх хугацаанд олон зүйлийг ухаарч, маш их гэмшиж байна. Зөвхөн өөрөө хоригдох биш гэр бүл, аав, ээж, ах, эгч нараа сэтгэлийн зовлонд унагаж байгаагаа ухаарлаа. Хийсэн үйлдлээ бүрэн ухамсарлаж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гэр бүлээ асарч, нийгэмд тустай ажиллаж амьдарна гэдгээ амлаж байна. Шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.С-гийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.С-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “...торгох., зорчих эрхийг хязгаарлах, хорих...” ял шийтгэх зэрэг сонгох ялын санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч О.С-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчоос уучлал гуйж үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн, нэхэмжилсэн хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулсан, цаашид гэмт хэргийн улмаас хохирогчоос гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай, төмөр замын холбооны инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дорноговь аймгийн ....... дугаар ангид шугамын механикч ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгох эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх боломжтой байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөд байдалд тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирлыг төлсөн байгаа талаар дүгнэсэн хэрнээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.С-г торгох эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү. Тодорхой орлоготой учир торгуулийн ял болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү эрүүгийн 22110112503598 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022-08-17-ны өдөр мөрдөгчөөс /шүүгдэгч/ Б.С-ыг дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авах бөгөөд Б.С нь гэрчийн мэдүүлэг өгсөн анхны мэдүүлэгт хэргийн талаар 1-р хавтаст хэргийн 87-89-р талд авагдсан хамгийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар болон өөрийнхөө хийсэн үйлдэл оролцооны талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна. Энэхүү Б.С-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр хохирогч нарын биед халдаж зодсон бусад хэргийн оролцогч нарын үйлдэл тогтоогдож, /Э.О/ хэрэг явдал болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоохоос гадна, шүүгдэгч Б.С өөрийнхөө хийсэн гэм буруутай үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэхэд Б.С-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй болно. Гэтэл анхан шатны шүүх Б.С-ын холбогдсон эрүүгийн хэрэгт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал гаргасныг харгалзан үзээгүй, сонгох санкцтай эрүүгийн хэрэгт хамгийн хүнд санкцтай хорих ялыг сонгож оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зарчимд нийцээгүй байна.
Б.С нь шүүхийн 974 дүгээр шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх 3,982,026 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт хүсэж торгох ял оногдуулж өгөх санал хүсэлт илэрхийлсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч нар хохирол барагдуулсан боловч хор уршиг арилаагүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. …Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хэрэг хянан хэлэлцэх шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйж, шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчид төлөх төлбөрийг төлж, цаашид хохирогчид шаардагдах эмчилгээний төлбөр хариуцах, хор уршгийг арилгах хүсэл зоригоо илэрхийлсэн /Шийтгэх тогтоолын 20-р тал/. Иймээс давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, Б.С-ын хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөнгөрүүлэн өөрчилж, Б.С-т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж өгөхийг хүсч байна.
Шүүгдэгч Б.С нь дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, 2022 оноос хойш мэргэжлийн дагуу Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын .... өртөөний туслах жижүүрээр ажиллаж байгаа болно. Шүүгдэгч Б.С-ын хувьд эзэмшсэн мэргэжлээрээ 2 дахь жилдээ мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгч цаашид нийгэмд эзлэх байр суурь олж авах болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хуулийн зорилгод нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд хамгийн зүй зохистой нийцсэн эсэх, эрүүгийн хариуцлага эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан эсэхийг хянан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг, торгох ялаар сольж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Миний хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Нийгмээс тусгаарлагдсан өдрүүдэд их зүйл ойлгосон. Цаашид хохирогчид учирсан хор уршгийг арилгах хүсэлттэй байгаа. Миний бие 2022 оноос Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрээр хорих ял оногдуулснаас хойш миний бие эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд өндөр настай эхтэйгээ хоёулаа амьдардаг. Одоогоор надаас өөр харах хүн байхгүй. Би ... дүгээр сарын ...-ны өдөр үерхэж байгаа бүсгүйтэйгээ гэрлэх тов гаргасан байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж өгнө үү. Миний бие цаашид гэмт хэрэг болон зөрчилд холбогдохгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гарсан гомдол агуулгын хувьд гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад энэ бүхэн тодорхой байсан. Мөн анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ гэм буруу дээрээ маргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзлээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зүйл байна гэдэг талаар дүгнэсэн. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт зөв гэж үзэж байгаа. Гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгохдоо хамгийн хүнд төрлийн ялыг сонгочихлоо, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хувийн байдлыг нь харгалзан мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан хорихоос өөр төрлийн 2 ялын сонгох санкц байгаа, үүнээс сонгож өгөөч гэсэн гомдлын агуулга гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч Э.О-ийн хувийн байдлын хувьд 1999 онд төрсөн, 25 настай, одоогоор ажил хөдөлмөр эрхлээд гэр бүл болж амжаагүй, амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн төлөвшиж амжаагүй байх үедээ гэмт хэрэгт холбогджээ гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр, миний үйлчлүүлэгчийн зүгээс тодорхой дурдсан бөгөөд эх, гэр бүлийн хувьд хүнд нөхцөл байдал юм билээ. Энэ нөхцөл байдлуудыг харгалзана үзэхийг хүсэж байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан ялын сонгох санкцаас хорих ялыг сонгосон дүгнэлтээ хийхдээ хор уршиг арилаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирол төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгож болно гэж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлахдаа хор уршиг арилаагүй учраас хэрэглэхгүй гэж тайлбарласанд өмгөөлөгч нар гол санал дүгнэлтээ гаргасан гэж ойлгож байна. Магадгүй энэ дүгнэлт нь байхгүй бол зорчих эрхийг хязгаарлах ял юм уу, торгох ялын сонгох санкцыг хэрэглэх боломжтой байсан гэдэг агуулга харагдаж байгаа. Анхан шатны шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн. Шүүгдэгч нарын зүгээс тус бүр 2,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролтой холбоотой эмчилгээ хийлгээсэй гэсэн агуулгаар төлсөн учраас хор уршгийг тодорхой хэмжээнд арилгах хүсэл зоригоо илэрхийлж байгаа учраас анхан шатны шүүхийн шатанд байсан нөхцөл байдлууд арай өөр байна. Иймд торгох ялын санкцыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц, Н.О нарын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд Э.Ц, Н.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцсон. Миний үйлчлүүлэгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр өөрсдийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмшиж байгаагаа илэрхийлж байсан. Тухайн үед нотлох баримтын хүрээнд гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хувьд хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг нь харгалзан үзэж мөн цаашдын ирээдүйг нь бодож өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.С, Б.С нарын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх юм уу, сонгох санкцтай байгаа тул торгох ялаас шийтгэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Т, А.Т нарын өмгөөлөгч Б.Отгонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан хэлэх санал, хүсэлт байхгүй. Хохирогч нарын зүгээс илэрхийлсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Шүүгдэгч нарын хувьд хохирлоо төлсөн мөн хор уршигтай холбогдуулан тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлсөн, цаашид гарах зардлыг ямар нэгэн татгалзал байхгүй төлнө гэдгээ илэрхийлсэн байсан. Үүнтэй холбогдуулан хохирогч нарын зүгээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхэд бидний хүсэл зоригийг илэрхийлж өгөөрэй гэсэн юм. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нарын хүсэл зоригийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.О, Э.О, О.С, Б.С, Э.Ц нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргаагүй, баримттайгаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан боловч хохирогч нарт учирсан хор уршгийн шинж чанар арилаагүй. Хохирогч нарт сэтгэл түгшилт, айдас, сэтгэл зүйн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Мөн эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршигт тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Эрхүү хотын ..... их сургуульд суралцаж байхдаа тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг “Школа” гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож, хэлний бэлтгэл ангийн А.Т, А.Т нарыг “…тодорхой минут заан өөр дээрээ ирүүлэх, дэлгүүр лүү явуулах, галуун цуваагаар явуулах, заавал гар барьж мэндлэх ёстой, төрсөн өдрийг нь хүндэтгэх ёстой…” гэх зэрэг тодорхой үйлдлүүдийг хийхийг шаардаж тэднийг цохих зэргээр хүч хэрэглэсэн, айлгах, бусдаар дарамтлуулах зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн,
- шүүгдэгч Э.О нь бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч А.Т /1-р хх-ийн 38-40/, А.Т /1-р хх-ийн 43-45/ нарын хэрхэн хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлэг,
гэмт хэргийн талаар болон гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал, хохирогч нарын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч С.Ц /1-р хх-ийн 47-49/, А.Б /1-р хх-ийн 51-55/, Б.Т /1-р хх-ийн 57-59/, Б.И /1-р хх-ийн 61-63/, Э.Д /1-р хх-ийн 65-67/, Г.Т /1-р хх-ийн 69-70/, Г.Г /1-р хх-ийн 72-73/, С.У /1-р хх-ийн 75-77/, Б.Т /1-р хх-ийн 100-101/, Т.Т /1-р хх-ийн 103-104/, Б.Н /1-р хх-ийн 106-107/, Г.А /2-р хх-ийн 123/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9304 дугаартай “...А.Т-ын биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110-111/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 9302 дугаартай “...А.Т-ын биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1-р хх-ийн 117-118/, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 864 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9302 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Т-ын биед хамрын таславчийн мурийлт /хуучин/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2022.06.17-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-д хамрын таславчийн мурийлт засах мэс засалд орсон байна...” /2-р хх-ийн 152-156/, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаартай “...ШШҮХ-Н 2022.07.05-ны өдрийн 9304 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Т-д хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2022.06.20-нд БОЭТ-д мэс засалд орох үеийн байдлаар хуучин гэмтэл байжээ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, дахин мэс засал хийх заалт үгүй байна...” /2-р хх-ийн 163-164/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1063 дугаартай: “...А.Т нь одоогоор Сэтгэл түгшилт-айдсын хариу урвалтай байна. А.Т нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Т-д Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Т-д үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний үр дүн зэргээс хамаарна...”/2-р хх-ийн 159/, 1064 дугаартай: “...А.Т нь одоогоор Сэтгэл түгшилт-айдсын хариу урвалтай байна. А.Т нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Т Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Т-д үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний үр дүн зэргээс хамаарна...” /2-р хх-ийн 169/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 634 дугаартай “А.Т-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна” гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 162/, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 635 дугаартай “А.Т-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна” гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 177/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
хохирогч А.Т, А.Т нарын эмчлүүлсэн өвчтний түүх /2-р хх-ийн 125-146/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
2. Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд суралцаж байхдаа бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг “Школа” гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож, доод курсийн буюу хэлний бэлтгэл ангийн оюутан А.Т, А.Т нарыг “…тодорхой минут заан өөр дээрээ ирүүлэх, дэлгүүр лүү явуулах, галуун цуваагаар явуулах, заавал гар барьж мэндлэх ёстой, төрсөн өдрийг нь хүндэтгэх ёстой…” гэх зэрэг тодорхой үйлдлүүдийг хийхийг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “…Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн …гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн…” гэсэн шинжийг,
мөн шүүгдэгч Э.О-ийн бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “…хоёр хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан…” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж анхан шатны шүүх тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Прокуророос шүүгдэгч Э.О-ийг “2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан (3-р хх-ийн 116-119, 189-190) үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “...нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг нь харгалзан хорих ялыг сонгож, Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт нэг жилийн хугацаагаар тус тус оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.
5. Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нар нь давж заалдах шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт хохирол, хор уршигт сайн дураараа тус тус 2,000,000 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг төлсөн /Хаан банкны дотоод шилжүүлгийн баримт 5 хуудас/,
хохирогч А.Т, А.Т нь “...бидний ээж С.Ц-ийн Хаан банкны 5405хххххх тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Шүүгдэгч нь сайн дураараа төлбөр төлсөн, цаашид гарах зардлыг төлнө гэдгээ илэрхийлж хэлсэн. Хохирогч нарын зүгээс энэ байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч нарт гомдолгүй. ...” гэх хүсэлт ирүүлсэн,
шүүгдэгч нарын гэм буруугаа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаагаа илэрхийлсэн зэргийг харгалзан “ял хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг торгох ял болгон өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгргөөр, шүүгдэгч Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 855,000 төгрөгийг хасаж, эдлэх торгох ялын хэмжээг Э.О-т 5,145,000 төгрөгөөр, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт 4,145,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
6. Шүүгдэгч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч А.Т, А.Т нарын эх С.Ц-ийн Хаан банкны 5405хххххх тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлж төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/974 дүгээр шийтгэх тогтоолын:
А. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “…Шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч О.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгргөөр, шүүгдэгч Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
Б. Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 855,000 төгрөгийг хасаж, эдлэх торгох ялын хэмжээг шүүгдэгч Э.О-т 5,145,000 (таван сая нэг зуун дөчин таван мянга) төгрөгөөр, шүүгдэгч Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт 4,145,000 (дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд оруулж,
В. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарыг нэн даруй сулласугай.
3. Шүүгдэгч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нар нь хохирогч А.Т, А.Т нарт 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ