Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 33

 

 

П.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан П.*******гийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч *******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой П.*******, ******* нарт холбогдох эрүүгийн 201521010102 дугаартай хэргийг хохирогч тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* ******* суманд 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодолдож, *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******г өөрийг нь зодож улмаар үр зулбуулан хүнд гэмтэл учруулсан гэж яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж зориуд худал мэдээлсэн гэх  гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн, 1986 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Их Шарынхан овогт Дүгэрсүрэнгийн Отгондалай нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн П.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар П.*******тай харилцан зодолдож П.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “Шүүгдэгч  ******* *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хувийн сэдэлтээр хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж зориуд худал мэдээлэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дүгэрсүрэнгийн Отгондалайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар ******* *******г 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч П.*******д 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Отгондалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагад нийцээгүй байна.

 Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-д мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1-т заасныг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг нь илэрхий байхад дахин дүгнэлт гаргуулаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хохирогч *******, ******* нарын үсэнд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй. Гэрч Б.Батцэцэг, Я.Батбилэг нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулаагүй. Булган сумын Далт багийн нутагт хэрэг учралын нөхөн үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байхад прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд Булган сумын Бүрэн хайрхан баг гэж зөрүүтэй бичсэн байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар П.*******гийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Баянжаргал, Д.Отгодалай, ******* нарын биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан давтан буюу бүлэглэж үйлдсэн шинжтэй байна.  Хэрэг бүртгэгчээс шинжилгээ хийлгэх өөр эмчилгээний карт, рентген зураг гэх мэтийг шинжилгээнд хүргүүлээгүй талаар тогтоолдоо дурдаагүй байна. Ийм байхад шинжээч Б.Цэндхүү нь ялтан П.*******гийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргахдаа амбулаторийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, рентген зураг зэрэг баримтуудыг өөрийн санаачилгаар цуглуулж, рентген зурагт үндэслэж, тархи доргилт гэх хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон дүгнэлт гаргажээ.

Шинжээч эмч Б.Цэндхүү нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилагаар баримт материал цуглуулах гэж заасныг зөрчиж, хууль бусаар дүгнэлт гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Учир нь ялтан П.*******гийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Баянжаргал, *******, ******* нарын биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан давтан буюу бүлэглэж үйлдсэн шинжтэй байна. Үүнээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх засаж залруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.  Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 85, 94 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг ноцтой зөрчсөн талаар Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ялтан П.******* нь *******г машиндаа сууж байхад зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсныг гэрчлэх дараагийн хүн бол тухайн үед үйл явдлыг дэргэдээс нь харж байсан хохирогч Х.Баянжаргал юм. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Баянжаргалаас мэдүүлэг авахдаа Н.Отгондалай нь П.*******гийн хэвлийн тус газарт өшиглөсөн гэх үйл баримтын талаар огтхон ч асуулт асуугаагүй, хэрэгт чухал холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй. Үүнээс үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоос *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгахыг хүсье гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй мөрдөн байцаалт шүүхийн хэлэцүүлэгийг бүрэн биш хийсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-т Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг байхаар заажээ. Үүнээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх засаж залруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хохирогч *******н гомдлыг бүрэн дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч П.******* нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож, *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 23-ны мөн өдөр иргэн *******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******г өөрийг нь зодож улмаар үр зулбуулан хүнд гэмтэл учруулсан гэж яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж зориуд худал мэдээлсэн гэх  гэмт хэрэг тус тус үйлдсэн”,

            “шүүгдэгч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн П.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар П.*******тай харилцан зодолдож П.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь : шүүгдэгч П.******* нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн *******, ******* нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байхад түүний энэхүү хоёр үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн алдааг анхан шатны шүүх зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиодолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан бөгөөд гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг, нөгөө талаас субьект нь хоёр ба түүнээс дээш тооны нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг онцлогтой.

Түүнчлэн үргэлжилсэн үйлдэл гэдэг нь субьект нэг зорилгод хүрэхийн тулд нэг обьектод чиглэсэн төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн нь нэгдмэл хор уршиг бүхий нэг гэмт үйлдэл байдаг.

Гэтэл П.******* нь хувийн сэдэлттэй үүссэн маргааны улмаас *******гийн эрх чөлөөнд халдан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн үүний дараагаар *******ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн, хохирогч нарын эрүүл мэнд нь өөр өөр обьект төдийгүй, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх санаа зорилго тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд хохирогч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарын давж заалдсан гомдлоос П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн хэсгийг нь хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.*******, ******* нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                 М.НЯМБАЯР                                                                        

                            ШҮҮГЧИД:                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                               Б.ДАМБА