| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0813/Э |
| Дугаар | 602 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 602
С.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 894 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 832 дугаар магадлалтай, С.Бод холбогдох 1803005180293 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 3 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Шаазгай овогт С.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
хэрэгт битүүмжлэгдсэн С.Бын өмчлөлд бүртгэлтэй Тоёота Хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай, Тоёота Чейзэр маркийн 21-37 УНК улсын дугаартай, Хово Б223257 маркийн 32-96 УНЧ улсын дугаартай, Тоёота кроун маркийн 11-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 156.360 төгрөг гаргуулж хохирогч Ж.Д, 72.103.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.О, 743.900 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Скай Резорт” ХХК-д тус тус олгуулах, хохирогч Ч.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ..." гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бод 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаа хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Баяржаргал, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо: “Миний бие өөрийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдолтой санал нэг байгаа бөгөөд дараах гомдлуудыг нэмж байна. Үүнд,
1.Баянзүрх дүүргийн байцаагч, дэд хурандаа Ганболд нь уг хэргийн хавтаст хэрэгтэй танилцуулахгүй хэд хэдэн удаа нөхөж гарын үсэг зуруулж байсан.
2.2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Асем Вилла хотхоны хашааны камерт Ланд 200 маркийн автомашин хажуу талаараа унасан, хүмүүс цугласан бичлэг байдаг мөртлөө яг ямар шалтгаанаар унасан бичлэг нь миний үзсэнээр устсан байсан.
3.Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр нь шүүх танхимд гаднаас орж ирэхдээ С.Б надад холбогдох хэргийн үнэн зөвийг тогтоогоогүй байж хохирол гомдлоо төлсөн юм уу гэж илт нэг талыг барьсан зүйл хэлсэн.
4.Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр цорын ганц хөндлөнгийн гэрч болох Гэрэлт-Од нь хэлсэн үгэндээ Hilux маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашин Land 200 маркийн автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ огт шахаагүй, би хараагүй гэж хэлмэгц прокурор Б.Мөнгөншагай илт дургүйцэн дарамт шахалт үзүүлсэн.
Б би 0-7 насны дөрвөн хүүхэдтэй, эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ суудаг, орон сууцны урт хугацааны зээлтэй. Одоогоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт зөөх хүнгүй, хэрэгт гүтгэгдсэнээс хойш ямар ч орлогогүй, зээл төлөхөд хүндрэлтэй зэрэг ар гэрийн байдал маш хүнд байна.
Иймд миний бие Land 200 маркийн автомашиныг гүйцэт түрүүлээд өөрийн эгнээгээр зорчиж явахдаа голын толиндоо хартал ард явсан автомашин зам дээр дайвалзан хажуу тийшээ унахад жолооч хүнийхээ үүргийг биелүүлэн унасан автомашин дээр очсонд буруутгаж, хэлмэгдүүлэн уг автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ ямар нэгэн шүргэлцэх, мөргөлдөх, автомашинд зураас гаргах зэрэг зүйл огт байхгүй байхад хэрэгтэн болгож байгаад маш их гомдолтой байгаа тул уг хэргийг үнэн зөв шударгаар шийдэж намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1,2, 1.15 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж С.Бод хууль бусаар ял халдаасан гэж үзэж байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтооход хамгийн чухал нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтээс харахад С.Бын жолоодож явсан тээврийн хэрэгсэл улсын дугааргүй, Ланд 200 тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийн хаана, ямар зайд шахсан гэдгийг огт олж тогтоогоогүй байдаг бөгөөд дээрх нотлох баримтуудаар Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.2, 10.6 заалтыг зөрчснийг тогтоох боломжгүй талаар шинжээч Н.Мөнхзулын /2хх-43/ “Хавтаст хэрэгт авагдсан материалыг үндэслэн гүйцэж түрүүлэх үедээ гүйцэгдэж байгаа авто машины хөдөлгөөнд саад учруулсан эсэхийг тогтоох боломжгүй тул Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 заалтыг зөрчсөн гэж үзээгүй гэх" мэдүүлэг, мөн шинжээч /тээврийн салбарын ахлах багш шинжээчээр 41 дэх жилдээ ажиллаж байгаа/ Ж.Мягмаржавын /2хх27/ “С.Б гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлд саад учруулсан бодит үндэслэл хавтаст хэрэгт байхгүй байна” гэж тус тус мэдүүлснээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт Ланд 200 гэх тээврийн хэрэгслийн бүх фото зургууд улсын дугааргүй байдаг. Иймд ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд холбогдсон, мөн ямар авто машинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хийсэн нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна хүмүүс гэмтсэн зам тээврийн осол болсон байхад осолд холбогдсон тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж техникийн үзлэг болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лабораторийн оношилгоонд оруулж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж техникийн талаас осолд нөлөөлсөн шалтгааныг олж тогтоох ажиллагааг хийхгүй эзэнд нь найр тавин явуулж хохирогчийн талд үйлчилж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл бүрэн байна.
С.Бын гэм буруутай үйлдэл нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад түүний өмчид хууль бусаар халдаж, хууль зөрчсөн гэж үзэж байна. /1хх-65/ “Итгэлт Эстимэйт” ХХК-иар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхдээ шинжээч томилсон тогтоолыг зөвхөн Г.Од танилцуулаад С.Бод огт танилцуулаагүй байдаг /1хх-63/ Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан С.Бод хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан тул үнэлгээг хууль бус гэж үзэж байна.
Үнэлгээний тайланд тусгасан эвдрэлүүд, үнэлэгдсэн эд ангиуд өөр хоорондоо зөрж байдаг, үнэлгээний фото зурагт зүүн урд талын гэрлийн зураг хоёр өөр байдаг, ослын дараа Ланд 200 автомашиныг журмын хашаанд хийж оношлоогүй учир зарим эд ангиудын эвдрэл хэзээ, яаж үүссэн нь тодорхойгүй, үнэлгээний дүн зөв хийгдсэн эсэхэд эргэлзэж байна. Иймд С.Быг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.
Тухайн хэрэгт 2 удаа техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 739 тоот дүгнэлт гаргахдаа шинжээч томилсон тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 6-нд үйлдэж хохирогч Ч.О, жолооч А.Одгэрэл нарт танилцуулсан мөртлөө С.Бод 739 тоот дүгнэлт гарснаас хойш 11 хоногийн дараа нөхөж 2018 оны 11 дүгээр сарын 19-нд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1, 1.4 заалтыг зөрчсөн хууль бус дүгнэлт гэж үзэх үндэслэл бүрэн байна.
Үүний дараа Техникийн шинжлэх ухааны эрдэмтэн, доктор профессоруудын бүрэлдэхүүнтэй гаргасан 1247 тоот дүгнэлтэд С.Бод Замын хөдөлгөөний дүрмийн 10.6, 10.2 заалтыг зөрчсөн гэж дүгнээгүй байдаг. Энэ 2 дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй, эргэлзээтэй, хууль зөрчиж гарсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Бод ашигтайгаар шийдэлгүй ял тулгаж шийтгэсэнд гомдолтой байна.
2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 894 тогтоолыг С.Бод гардуулж өгөхдөө Шүүхийн тамга байхгүй тогтоол гардуулж өгсөн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолыг Монгол улсын нэрийн өмнөөс гаргадаг учир Үндсэн хуулиар байгуулагдсан шүүхийн тамга дарж баталгаажих ёстой. Тэгвэл шийтгэх тогтоолыг С.Өсөхбаяр гэгч шүүгч Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин С.Быг ялгаварлан гадуурхаж, доромжилж, “чи ялтан, чамд юу ч өгсөн яадаг юм” гэсэн үйлдэл хийсэн гэж үзэж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Отгонтуяагийн өмгөөлөгч Ц.Амар хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Тамга дараагүй гэх асуудал нь шийдвэрт нөлөөлөхүйц алдаа эсвэл процессийн зөрчил гэдгийг анхан шатны шүүхэд тайлбарлах нь зүйтэй байх. Автомашин онхолдоход шүүгдэгч С.Бын буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдад 70.103.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь нотлогджээ.
Жолооч С.Б нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх явцдаа бусдын хөдөлгөөнд саад учруулснаас тухайн тээврийн хэрэгсэл онхолдох шалтгааныг бий болгосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Бод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дуургийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд “Toyota Hilux” загварын 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: e/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1 7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.2-т “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэж тус тус заасныг зөрчин “Toyota Landcriuser 200” загварын автомашиныг гүйцэж түрүүлэх явцдаа хөдөлгөөнд нь саад учруулснаас уг автомашин онхолдож, зорчигч Ч.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Оийн эзэмшлийн “Toyota Landcriuser 200” загварын автомашинд 70.103.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.
Харин уг осол шүүгдэгч С.Бын буруутай үйлдлээс болж гарсан хэдий ч “Toyota Landcriuser 200” загварын автомашиныг жолоодож явсан А.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад заасны дагуу хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахын оронд жолоогоо огцом эргүүлж, хөдөлгөөний чигийг өөрчилсөн зохих буруутай үйлдэл нь тухайн автомашин онхолдож, хохирол учрахад нөлөөлсөн байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч С.Боос 72.103.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.О олгуулахаар шийдвэрлэснийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэснийг үндэслэн 20.000.000 төгрөгөөр багасгаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлттэй холбогдуулан хохирогч Ч.О нь А.Оээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтууд болон шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, түүнчлэн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Иймд энэхүү тогтоолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хяналтын шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч С.Б нь өмгөөлөгч Г.Баяржаргалаас татгалзсан тул өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.
Шүүгдэгч С.Б нь 2012 оны 3 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн талаарх мэдээлэл 1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь хуудсанд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь хуудсанд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол тус тус авагдсан байхад прокурорын яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч С.Быг ял шийтгэлгүй гэж буруу тэмдэглэснийг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгч С.Боос 72.103.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.О...” гэснийг “...шүүгдэгч С.Боос 52.103.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.О...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 832 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН