Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0179

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0179

  Улаанбаатар хот

 

                         “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэсхулан, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.Мандах, гуравдагч этгээд Д.У, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгч Ш.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлйин 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/ хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хт ц х” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/” хэсгийг хүчингүй болгуулахаар гэж тус тус тодорхойлсон байдаг ба 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өөрчлөгдсөн зүйл байхгүй талаар хэлж шүүх хуралдаан үргэлжилсэн ба /шүүх хуралдааны тэмдэглэл-8 тал/ шүүхээс шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж танилцуулсан боловч бичгийн хэлбэрт албажсан шийдвэрт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар ын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д олбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 108 дугаар зүйлийн 108.2-д “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хт ц х” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/ хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй ба Улсын бүртгэлийн гэрчилгээний огноо болон гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн албан лавлагаанд нэхэмжлэгч нь 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан байхад 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Г.Хүчитбаатарын гарын үсэгтэй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д ”Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна” гэдэг заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны 215 дугаар захирамжаар газар эзэмшсэн гэх гэрчилгээтэй хэдий боловч газар эзэмших гэрээ, Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр болох маргаан бүхий газарт ямар эргэлтийн цэгт газар эзэмшиж байсан талаарх баримт байдаггүй атал 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Т х” ХХК-ийн /эргэлтийн цэгийг газрын албаны кадастрын мэдээллийн санд ороогүй байхад юуг үндэслэн үйлдсэн нь тодорхойгүй, газар эзэмшсэн гэх цаг хугацаанаас хойш эргэлтийн цэг бэхэлсэн нэгж талбарын зураг гаргуулсан байдаг/ эргэлтийн цэг бэхэлсэн нэгж талбарын зургийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837 дугаар албан бичигт “Т х” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг дахь солбилцолтой давхцуулан бусад гуравдагч этгээдийн нэгж талбарын газрын цэгүүдийг харьцуулан зураглалыг хийсэн атал шүүх дээрх албан бичигт дурьдсанаар давхцалтай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлстийн газрын зөрчил маргаан, кадастрын зураг хариуцсан мэргэжилтэн Б.У нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүхээс ирүүлсэн албан бичгийг үндэслэн “Т х” ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэг бэхэлсэн зургийг кадастрын мэдээллийн санд оруулж давхацлыг гаргасан, мэдээллийн санд оруулалгүйгээр эргэлтийн цэг, давхацлыг гаргах боломжгүй талаар “Ө т” ХХК-ийн эргэлтийн цэгийг тогтоох боломжгүй, хувийн компанийн үйлдсэн кадастрын зургийг үнэн зөв гэж үзэх боломжгүй, 2005 оноос хойш кадастрын мэдээллийн сан үүссэн ба тэдгээрийг үндэслэн кадастрын мэдээллийн санд шивж оруулдаг, газрын албанд хадгалагдсан байдаг гэж хариулт өгсөн нь нэхэмжлэгч нь анхнаасаа эргэлтийн цэг байхгүйгээр хууль бусаар газар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 01/715 дугааар албан бичгийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй талаар дурдсан нь эргэлзээтэй төдийгүй хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон атлаа 2011 онд гэрчилгээгээ сунгуулах үед эрх зөрчигдсөн талаар мэдэх боломжтой талаарх үйл байдлын хувьд шүүх авч үзээгүй ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу гэрээ байгуулсаны дараа гэрчилгээ авдаг хуулийн зохицуулалтыг шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар гэрчилгээ авсаны дараа гэрээ байгуулсан байхаар урвуу хамаарлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Ө т” ХХК-ийн хооронд байгуулсан гэх “Хамтран ажиллах гэрээ”-ний хувьд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 3.5 га барилга барих тухай заасан байдаг ба маргаан бүхий газар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг учир байршлын хувьд зөрүүтэй, гэрээ хэзээ хийсэн нь тодорхойгүй, гэрээний гол зүйл болох хэдэн давхар байшин, ямар стандартын дагуу барих талаар тусгагдаагүй, талууд гэрээгээ хэрэгжүүлээгүй атал шүүхээс дээрх хамтран ажиллах гэрээг харахад газар эзэмших гэрээ байгуулаагүйд буруутгах үндэслэл болохгүй гэсэн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч 2006 онд газар эзэмшсэн атлаа маргаан бүхий газар дээр аливаа байдлаар үйл ажиллагаа явуулаагүй 9 жил өнгөрсөн байдлаа нэхэмжлэгч нь 2015 онд эрх зөрчигдсөн байдлаа мэдсэн гэх нэхэмжлэл болон тайлбараараа нотолсон ба энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь цуцлах үндэслэл болж байгаа талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Нийслэлийн Засаг даргаас инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар олгохоор заасныг баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд “Хт ц х” ТББ-д газар олгосон байдаг ба маргаан бүхий газар мэдээлэл холбооны шугам байдаг талаар хэргийн оролцогч нар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн атал мэдээлэл холбооны шугам нь хэзээ тавигдсан эсэх, ажилладаг эсэх нь тодорхойгүй байх тул дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу төдийгүй энэ талаарх холбогдох баримт, талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Иймд дээрх давж заалдах гомдолд тусгагдсан үндэслэлүүдийг судлан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгч Ш.Алтангадас давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа иргэн Д.У-д 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 351 дүгээр шүүхийн шийдвэр гарч иргэн Д.У газар эзэмших эрхтэй болохыг мэдсэнийг дурдсан байдаг. Гэтэл нэхэмжпэгч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ө т" ХХК нь Д.У-тай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тус тус зааснаар гомдол гаргах хугацааг алдсан байдаг.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгчээс Д.У-тай холбоотой шийдвэрийг мэдсэн хугацаа нь 2017 оны 7 дугаар сар байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бичгийн баримт болон хуралдаанд амаар гаргасан тайлбараар тодорхой болсоор байтал шүүх энэ хэсэгт огт дүгнэлт өгөөгүй байна.          '

Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ тухай гуравдагч этгээдүүдийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл бүрдсэнийг хангалттай тайлбарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан хэмээн мэдүүлсээр байтал шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгдүгээр заалтаар хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн байх хэдий ч гуравдагч этгээдээс тайлбарлаж буй хөөн хэлэлцэх хугацаа буюу Д.У-тай холбоотойгоор нэхэмжлэл гаргах боломжийн талаар дүгнэлт хийсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй гэж заасан ба шүүх зөвхөн хэргийн оролцогчдын маргаж буй асуудалд дүгнэлт өгөхийг хуулиар тогтоож өгсөн. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн маргасан асуудалд дүгнэлт өгөөгүй нь тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 болон 106.2-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөржчээ.

Хоёр. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хэрэв нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж буй бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг тус тус шаарддаг.

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/987, мөн тус газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2202, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 09/99 тоот албан бичиг, шүүх хуралдааны өдөр гэрчээр ирсэн Б.У, Б.У нарын мэдүүлэг зэрэг холбогдох бүхий л нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ө т” ХХК-д хэзээ ч газрын кадастрын албан ёсны зураг байгаагүй, газрын албаны системд бүртгэлгүй зэргээс харахад нэхэмжлэгч компанийн эрх ашиг бодит байдал дээр зөрчигдөөгүй байсан.

 Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Ө т” ХХК нь тухайн маргаж буй газар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Яармагын гүүрний зүүн талд байрлах газартай холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дэзр зөвхөн эрхийн гэрчилгээгээр олгохоор заасан. Гэтэл 2006 оны 215 захирамжаар газар эзэмших эрх үүссэн атлаа гэрээ байгуулаагүй. Энэ нь тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар гэрээ нь гэрчилгээний салшгүй хэсэг болох бөгөөд тэд хоёул хамт байж хүчин төгөлдөр байхаар байна.

Мөн Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.1-д “нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших ашиглах эрх олгогдсон этгээд энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдгийг газарт бэхлэх, солбилцол, өндрийг нь тодорхойлох ажлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх" гээд тус журмын 9.6-д “иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-д дурьдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө” гэж заасныг зөрчсөн. Үүгээр кадастрын бүртгэл хийлгээгүй эргэлтийн цэг байхгүй, мөн гэрээ байгуулаагүй тул хууль бус гэрчилгээтэй байгааг харуулж байна.

Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тухайд:

Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэр гарч хэргийг шийдвэрлэсэн.

Энэхүү маргааны нэг оролцогч болох Д.У-гийн хувьд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 351 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн түүнд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Уг шийдвэрээр Д.У-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 990 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хууль зөрчсөн тул Д.У-гийн газар эзэмших  эрхийг сэргээж шийдвэр гаргасан байдаг.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч “Ө т” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхийн 351 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг баримтлах ёстойг зааж өгсөн. Мөн тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүндэтгэн, тухайн үйл баримтыг шүүхээр тогтоогдсон үнэн гэж үзэн, тэрхүү үйл баримтыг дахин хянан үзэж, түүнтэй холбоотой шийдвэр гаргахгүй гэсэн санаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхээр тогтоогдож газар эзэмших эрхтэй болсон Д.У-гийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргаснаар хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ.

Нөгөөтээгүүр, тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл 6аримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстойг хуульчилж өгчээ. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Д.У-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд дээр заасны дагуу хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Иймээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдааны явцад илэрсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийн талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргийг анхаарч үзээгүй тул Д.У-тай  холбоотой хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд байршуулан орон сууц, үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, уг захирамжийг үндэслэн тус дүүргийн Газрын албанаас 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 0203273 тоот гэрчилгээ олгогдсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн газар эзэмших эрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь дор дурдсан үндэслэлээр хууль бус байна. 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”, 34.6.6-д “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”  гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл харьяа дүүргийн Засаг даргаас иргэн аж, ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргасан тохиолдолд тус шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг тухайн дүүргийн газрын алба хариуцан хэрэгжүүлэхээр, газар эзэмшүүлэх ашиглуулах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгасан байхаар, тийнхүү байгуулагдсан гэрээнд заасан үүргийг газар эзэмшигч хүлээхээр хуульчлагджээ.

Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах”-ыг дүүргийн газрын албанд даалгасан байхад хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан энэ үүргээ хэрэгжүүлээгүй атлаа гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд заасан хэмжээгээр төлөгдөх учиртай газрын төлбөрийг төлөгдөөгүй гэж үзэж газар эзэмшигч аж ахуйн нэгжийг буруутган, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь үндэслэлгүй, хууль бус байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны маргаан бүхий 90 дүгээр захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Газрын тухай хуулийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”,  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж эрх бүхий албан тушаалтан буюу харьяа засаг захиргааны нэгжийн Засаг дарга нь бусдад олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүнийг хүчингүй болгох, тийнхүү хүчингүй болгосон бол энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх үүрэгтэй байхаар хуульчилжээ. Ийнхүү шийдвэрийг хаяглагдсан этгээдэд мэдэгдсэнээр хэрэв тус шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдэд гомдол гаргаж эрхээ сэргээлгэх боломжтой болохоос гадна, тухайн шийдвэрийг мэдэгдсэн хугацаанаас гомдол гаргах хугацаа тоологдох учиртай.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компани нь дүүргийн Засаг даргын тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаас 2 жилийн өмнө буюу 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрт 15.400.000 төгрөгийг төлсөн талаарх баримт авагджээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохын өмнө газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоосон бол нэхэмжлэгчээс 2008 онд төлөгдсөн газрын төлбөрийг илрүүлэх, түүнчлэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, газар эзэмшигчийн үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулж, хуульд заасан журмын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байжээ. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар хуульд заасан хугацаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байх”, 31.2-д “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх”, 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилжээ.

Нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн хувьд Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд, тус газарт тухайн үед өөр эзэмшигч байгаагүй, түүнчлэн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд[1] эзэмшүүлэхээр тусгагдсан байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Иймд гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын “...газар эзэмших гэрээ, маргаан бүхий газарт ямар эргэлтийн цэгт газар эзэмшиж байсан талаарх баримт байхгүй, ...нэхэмжлэгч анхнаасаа эргэлтийн цэг байхгүйгээр хууль бусаар газар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон” гэх, мөн гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар “Ө т” ХХК нь тухайн маргаж буй ...газартай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд юм, ...гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээ олгохоор заасан, ...гэрээ нь гэрчилгээний салшгүй хэсэг болох бөгөөд тэд хоёул хамт байж хүчин төгөлдөр болно, ...кадастрын бүртгэл хийлгээгүй, эргэлтийн цэг байхгүй, гэрээ байгуулаагүй тул хууль бус гэрчилгээтэй ...” гэх гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын ...дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжид компанийн нэр нь “Ө” ХХК гэж , ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ...” гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Ө” ХХК гэсэн нэртэй хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх 12/5273 дугаар албан бичиг, “Ө т” ХХК 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан” гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...“Ө т” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан...” гэх 12/5273 албан бичиг зэрэг нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагдсантай холбоотой лавлагаа, баримтууд авагдсан байна.

Мөн “Ө т” ХХК, захирал П.Э гэж бичигдсэн өргөдөл”[2], ирсэн бичгийн хяналтын карт[3], ирсэн бичгийн бүртгэлийн карт[4] зэрэг баримтуудыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл “Ө т” ХХК-ийг 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ахлах мэргэжилтэн Г.Хүчитбаатарын гаргасан “Ө т” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан талаарх лавлагааг бодит биш гэж, түүнчлэн нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагдсан цаг хугацааны тухайд эргэлзэж байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдгээрийг тодруулахаар нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах, эсхүл шүүхэд эх сурвалжийг зааж мэдүүлэх зэрэг хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломжтой байжээ. 

Иймд “Хт ц х” ТББ-ын “...нэхэмжлэгч нь 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан байхад 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Г.Хүчитбаатарын гарын үсэгтэй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна” гэх заалтыг зөрчсөн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох (39114 м.кв газар олгосон) хэсгийг давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Хт ц х” ТББ-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 27 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжаар 2000 м.кв газрыг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар 2000 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг 39114 м.кв болгон нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч компанид цаг хугацааны хувьд гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-аас түрүүлж газар эзэмших эрх үүссэн болох нь тогтоогджээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмаар бусдад эзэмшүүлэх хуулиар тогтоосон эрхтэй боловч харьяа дүүргийн Засаг дарга Газрын тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу газар эзэмшүүлэх эрхийн хүрээнд бусдад газар эзэмшүүлэх эрхтэй, тэрхүү бусдад олгосон газар эзэмших эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн боломжтой.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Ө т” ХХК болон “Хт ц х” ТББ-ын аль алинд нь анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийг гаргаж байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837 дугаар албан бичиг, түүний хавсралт тойм зураг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2202 дугаар албан бичиг, түүний хавсралт тойм зургуудаас үзвэл нэхэмжлэгч “Ө т” ХХК болон гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын эзэмшил газрууд нь байршлын хувьд давхцалтай болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, жил бүр дүгнэх хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр 2010 оны 90 дүгээр захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр “Ө т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь Газрын тухай хуульд нийцээгүй, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь түүнчлэн гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын эзэмшил газар нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай болох нь тус тус тогтоогдсон байх тул  нэхэмжлэлийн тус шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар буюу “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийг “Хт ц х” ТББ-ын 39114 м.кв газрын “Ө т” ХХК-ийн газартай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны төгсгөлд шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар танилцуулсан, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “Хт ц х” ТББ-д эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгчийн эзэмшиж буй хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тодотгож бичсэн нь дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэж ойлгогдохоор байх тул “...шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж танилцуулсан боловч ...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь ...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй, ...шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн ...” гэх “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэгдүүлсэн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гуравдагч этгээд Д.У-д 180 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/191 дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/990 дүгээр захирамжаар газрын хэмжээг даруй 16 дахин нэмэгдүүлж, 3000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 700 м.кв-аас ихгүй байхаар хуульчлагджээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн маргаан бүхий А/990 дүгээр захирамжаар иргэн Д.Урансанаад өмнө 180 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн газрын хэмжээг 3000 м.кв болгож нэмэгдүүлэн олгосон нь ойлгомжгүй, дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837 дугаар албан бичиг, тойм зураг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2202 дугаар албан бичгээр ирүүлсэн тойм зургуудаас үзвэл “...нэгж талбарын 18639308981040 дугаар бүхий 3000 м.кв иргэн Д.У-гийн нэр дээр бүртгэгдсэн газар нь “Ө т” ХХК-ийн эзэмшлийн 24980.48 м.кв газартай 3000 м.кв талбайгаар давхцалтай” болох нь тогтоогдсон байна.

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч “Ө т” ХХК-д цаг хугацааны хувьд түрүүлж газар эзэмших эрх үүссэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийг тухайн үед хууль ёсоор газар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс “Ө т” ХХК-ийн түрүүлж эзэмшсэн газартай давхцуулан иргэн Д.У-д анх эзэмшүүлсэн 180 м.кв газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, 3000 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай” 17/09 дүгээр албан бичгээр иргэн Д.У-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан, мөн өдрийн 17/10 дугаартай албан бичгээр гаргасан “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийн 5 дахь хэсэгт “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Д.У-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах”-аар хандсан байх бөгөөд шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 Иймээс гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 351 дүгээр шийдвэр гарч иргэн Д.У газар эзэмших эрхтэй болохыг мэдсэн ...,нэхэмжлэгч Д.У-тай холбоотой шийдвэрийг мэдсэн хугацаа нь 2017 оны 07 дугаар сар байсан, ...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацаа алдсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр Д.У-гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд “...Нэгэнт Нийслэлийн Засаг даргын 2017 оны ...А/03 дугаар захирамж гарах  үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэр нь хүчингүй болж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж дүгнэж түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ”Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамж /”Ө т” ХХК-д  газар эзэмших эрх олгосон/-ийн үйлчлэлийг сэргээсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох  хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх 351 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.У-гаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 854 дүгээр шийдвэрийг үндэслэн түүнд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, шүүх тус шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн 854 дүгээр шийдвэр хүчингүй болж хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэгдэж байна” гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул тус шүүхийн шийдвэрээр иргэн Д.У-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамж болон “Ө т” ХХК-д газар эзэмшүүлсэн, түүнчлэн тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжуудын аль нь үндэслэлтэй хууль ёсны эсэх талаар дүгнэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхийн 2017 оны 351 дүгээр шийдвэрийг “Ө т” ХХК-ийн захирал П.Э-ны “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах” хүсэлтийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “128/ШТ2017/0189 дүгээр тогтоолоор “...тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцэж буй “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж байгаа тул Д.У-д газар эзэмшүүлсэн, “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн талаарх маргаан тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой ...” гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймээс гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгчийн “ ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхээр тогтоогдож газар эзэмших эрхтэй болсон Д.У-гийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ...нөгөөтээгүүр тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ...шүүхийн тогтоол байгаа” тул хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

4. Гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

 Гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-аас тус бие даасан шаардлагын үндэслэлийг захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх боловч ямар шалтгаан үндэслэлийн улмаас бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, мөн тус газар эзэмшүүлсэн шийдвэрийг гүйцэтгэх этгээд нь тодорхой болох талаар тодорхой үндэслэл шалтгааныг гаргаж маргаагүй байна.

Захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” гэж хуульчилжээ.

 “Ө т” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээг хэрэгжүүлэх зорилгоор буюу төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээтэй барилга байгууламж барихад зориулж тус дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар “Ө т” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлсэн, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, баригдах барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, холбогдох газруудаар батлуулж, техникийн нөхцлүүдийг бүрдүүлж, холбогдох хуулийг биелүүлж ажиллахыг газар эзэмшигчид, харин газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, газар эзэмшлийн байдалд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын албанд тус тус үүрэг болгосон байх тул захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхойгүй, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжаар “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн хавсралтын “3” дахь заалт /”Хт ц х” ТББ-д холбогдох/-ыг хүчингүй болсонд тооцжээ.

Харин ”Хт ц х” ТББ-ын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хангаж, тус шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн “Хт ц х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

“Хт ц х” ТББ-аас тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргахаас өмнө Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өмнө нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ө т” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн  Өмч, газрын харилцааны албанд хандаж “...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинээр авах хүсэлтэй байгаа тул олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “...дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжаар газар эзэмших эрх хүчингүй болсон байгаа тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ...” гэх хариуг өгсөн, шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан, мөн тус дүүргийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/715 дугаар албан бичгээр “...дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжиийг мэдэгдээгүй нь Газрын албаны ажлын хайхрамжгүй байдлаас болсон ...” гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд мөн тус тайлбарыг гаргасан байна.

Иймээс гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын “...анхан шатны шүүх ...хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй болсон атлаа 2011 онд гэрчилгээгээ сунгуулах үед эрх зөрчигдсөн талаар мэдэх боломжтой талаарх үйл байдлын хувьд авч үзээгүй ...” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан дүүргийн Засаг даргын 2010 оны маргаан бүхий 90 дүгээр захирамж “газрыг зориулалтын дагуу эзэмшсэн эсэх”-тэй холбоотой үндэслэлээр гараагүй буюу  хариуцагч тус компанийн газар эзэмших эрхийг “газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан, нэхэмжлэгчээс тус үндэслэлийг эс зөвшөөрч маргасан, шүүх нэхэмжлэл, бие даасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байх тул гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...Ө т” ХХК 2006 онд газар эзэмшсэн атлаа маргаан бүхий газар дээр аливаа байдлаар үйл ажиллагаа явуулаагүй 9 жил өнгөрсөн ...зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь цуцлах үндэслэл болж байгаа талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар болон бусад үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн, маргааны үйл баримтад хэрэглэгдвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэстэй зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Хт ц х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Д.У-гийн өмгөөлөгч Ш.Алтангадас нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал