Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шүүгдэгч: А.Билгүүн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ариунтунгалагийн Билгүүнд холбогдох эрүүгийн 1809003350206 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соргог” хамгаалалтын албанд ээлжийн ахлах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар хороолол 12-6-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РЮ98061038 регистерийн дугаартай, Боржигон овогт Ариунтунгалагийн Билгүүн.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Билгүүн нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ксерокс” төвийн гадна 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагийн үед Б.Бадарчийг “ажлын байраа сольж гаръя” гэхэд зөвшөөрөөгүйд нь дургүйцэн маргалдаж улмаар Б.Бадарчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Билгүүн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бадарч /хх-ийн 10-11/, гэрч Б.Отгонтөгөлдөр /хх-ийн 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 430 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, А.Билгүүний хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 18-25, 32-38/, А.Билгүүний гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29/, хохирогч Б.Бадарчийн хүсэлт /хх-ийн 42, 45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Билгүүн нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ксерокс” төвийн гадна Б.Бадарчийг “ажлын байраа сольж гарсангүй” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Бадарчийн /хх-ийн 11/: “...  2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчихээд байж байтал Билгүүн залгаад “чи ТВ 6-ийн алдаан дээр гар, би наана чинь гармаар байна” гэхээр нь би “үгүй ээ, найз нь төвөөрөө гарна, хөдөөнөөс юм ирнэ, тэрийг тосч авна” гэж хэлсэн. Билгүүн “сүртэй пизда” гээд утсаа тасалсан. Удалгүй Билгүүн ирээд намайг “гараад ир” гэхээр нь би гартал “сүртэй пизда” гээд намайг заамдаж аваад хэл амаар доромжлоод цохисон. Би түүнийг 1 удаа өшиглөсөн, биеэсээ холдуулж түлхсэн ...” гэх мэдүүлгээр,

 

А.Билгүүний гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 12, 29/: “… Бадарч бид хоёр нэг газарт хамт ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед  би Бадарч руу залгаад “хоёулаа өнөөдөр ээлжээ сольё” гэсэн чинь “үгүй” гэсэн. Би Бадарчийн гарч байсан “Ксерокс” төв дээр хувцсаа авах гэж очихдоо Бадарчтай  уулзаад “чи гараад өгчихгүй ямар сүртэй юм бэ” гэсэн чинь “чадахгүй” гээд бид хоёр маргалдсан. Бадарч босч ирээд, тулж зогсоод цаашаа гээд намайг нудархаар нь би нэг цохисон. Бадарч миний зулай руу цохиод төмсөг рүү өшиглөсөн. Бид хоёрыг нэг танихгүй ах салгасан. Би Бадарчийг 2 удаа гараараа цохисон…” гэх мэдүүлгээр,

 

А.Билгүүний буруутай үйлдлийн улмаас Б.Бадарчийн биед “хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хүзүүнд хүрэн өнгийн цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 430 тоот дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Б.Бадарчийг “ажлын гарааны ээлжээ сольсонгүй” хэмээн буруутган зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Билгүүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч А.Билгүүний “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

А.Билгүүн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Бадарчид 310.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх А.Билгүүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ариунтунгалагийн Билгүүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ