Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1222

 

 

 

 

Д.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/959 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаар эсэргүүцлээр Д.О-т холбогдох 2406039270535 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О ....... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн;

Шүүгдэгч Д.О-нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Тоёота акуа загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Л.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 2 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О-т 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуусугай” гэж орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.  Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/959 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн 2406039270535 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Шүүгдэгч Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Тоёота акуа загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Т-ын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл “драгер багажийн заалт 0.80%” /хх-ийн 5/,

Цагдаагийн ерөнхий газрын “...Жолооны үнэмлэхийн төлөв: эрх хасагдсан” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 8, 31/,

Д.О-ын яллагдагчаар өгсөн: “..найз Энхтэгшийн гэрт очоод бид хоёр 0,5 литрийн архи нэг шилийг хувааж уугаад өглөө 06:00 цагийн үед машинаа бариад Улиастайн замаар явж байтал цагдаа зогсоож драгер багаж үлээлгэж 0,88 хувь согтолттой байна гэж хэлээд машин ачаад явсан. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2023 оны 11 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр нэг жилийн хугацаанд жолоодох эрхээ хасуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 2. Шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 5 дахь хэсэгт заасан “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Д.О-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

3. Шүүх, Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан

 “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж” шийтгэх ялыг 2 жилийн хугацаагаар хасаж,

“…хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял…” шийтгэхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон  250 цагийн хугацаагаар шийтгэсэн нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

4. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт Д.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хасах талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа ТОГТООХ нь хэсэгт орхигдуулан бичсэн алдааг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрхтэй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаар дүгнэлт хийсэн байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах …шийдвэр гаргана.” гэж зааснаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар шийтгэх тогтоолд гаргасан алдааг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд прокурорын бичсэн “…анхан шатны шүүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан шийдвэрээ тогтоох хэсэгтээ бичээгүйг оруулан шийдвэрлүүлэх…” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/959 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

      ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

    ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ