Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 48

 

Б..............ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ............. ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............. ТӨҮГ-т холбогдох,

............. ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б..............ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, Б..............ын ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бэхболот овогтой ............. нь 2007 оны 12 дугаар сард ............. ХХК-д референт нарийн бичгийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2011 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн Б/378 тоот тушаалаар 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөнд, 2013 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн Б/452 тоот тушаалаар 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг сунгуулах тушаал гаргуулан чөлөөтэй байсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох байсан хэдий ч хөл хүнд байсан учир 2015 оны 03 сарын 12-ний өдрийн Б/234 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүүхэд асрах чөлөө, хөдөлмөрийн хуулинд заагдсаны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/92 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосон. Б.............. нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гэр бүлийн минь хүн, миний нөхөр Б.Батхишиг нь Улаанбаатар хотод томилогдон ажилласан ба бид гэр бүлээрээ Улаанбаатар хотруу нүүх шаардлагатай болсон. Ийнхүү хүүхэд асрах чөлөө дуусахаас өмнө 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ............. ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн ............. ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийн шийдвэрийг өгөөгүй болно. Ингээд дахин 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ............. ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хандан ............. ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн хүсэлт өгсөн хэдий ч хүсэлтийн минь хариуг мөн л өгөөгүй болно. Гэтэл тухайн үед Б..............ын дунд хүү Б.Дөлгөөн нь БНСУ-ын Sejong General Hospital эмнэлэгт 100 хувийн буцалтгүй тусламжаар зүрхний хагалгаанд орох алтан боломж олдож хүүгээ эмчлүүлэхээр Эх нялхсын зүрхний тасагт хэвтэн эмчлүүлж буй хэд хэдэн хүүхэд тэдний гэр бүлийнхэнтэй хамт БНСУ-ыг зорих болсон билээ. 1 сарын хугацаанд хүүгийнхээ дэргэд сахиур хийх шаардлагатай байсан учир 1 сарын чөлөө олгохыг хүссэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/45 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй /цалингүй/ чөлөө олгосон болно. 2018 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөр чөлөөний хугацаа дуусмагц ............. ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн боловч хариу шийдэгдээгүй. 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөн адил утгатай ............. ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин өгсөн боловч бичиг хэрэг хөтлөлтийн ажилтан Ганчимэг өмнөх өгсөн өргөдлүүдийн чинь хариу шийдвэрлэгдээгүй тул ижил утгатай өргөдлийг бүртгэдэггүй гэсэн тайлбарыг өгч бүртгээгүй болно. Ингээд өгсөн өргөдлүүдийн минь хариу тодорхой бус, шийдэгдэхгүй, хүлээлт үүсгэн удсан тул 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр ............. ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй өөрийн биеэр уулзах гэсэн боловч тухайн үед томилолтоор явсан гэдэг шалтгаантай байсан ба Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзах завшаан тохиосон билээ. Түүнтэй уулзахдаа ажилдаа эргэн орох хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл намайг ямар ч ажлын байраар хангах нь бүү хэл миний өргөдлийг хянан үзэж ямар нэгэн хариу тайлбарыг хуульд заасны дагуу өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Та удирдах ажилтны хувьд миний хүсэлтийг хүлээн авч эрхэлсэн ажилд минь буцаан ажиллуулах талаар хариуцах эрх бүхий албан тушаалтанд уламжилж ажлын байраар хангаж өгнө үү хэмээн аман болон бичгээр өгсөн болно. Өргөдлийг ЗХНБГ-ийн дарга О.Отгонбаярт Журмын дагуу шийдвэрлэх гэж шилжүүлсэн байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу ямар ч хариу тайлбар өгөөгүй, тэр бүү хэл ажлаас халах тушаалыг гар утас, нөхрийн гар утасны дугаар, гэрийн хаяг, захидал, facebook, Instagram гэх мэт ямар ч нөхцөлөөр холбоо барих бүрэн боломжтой байхад надад урьдчилан мэдэгдэж дуулгалгүй, миний саналыг харгалзахгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Б/5501 тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг минь цуцлах тушаалыг гаргасан байна. Иймд миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ............. ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож Б..............ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилуулах, Б..............ыг ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.............. нь хүүхэд асрах чөлөөнөөс үргэлжлүүлэн Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалын дагуу 2018 оны 01 сарын 13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй чөлөө авсан. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалсаар байсан ба ажлын байрыг цөөрүүлсэн, цомхтгосон зүйл одоог хүртэл байхгүй. Б.............. нь ажил олгогчоос албан ёсоор олгосон чөлөөний хугацаа дуусмагц өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн орж ажиллах үүрэгтэй. Гэтэл 2018 оны 01 сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд ажил олгогчийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн Б/5501 дугаар тушаал нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б..............ыг ............. ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ............. ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31.049.268 төгрөг гаргуулан Б..............д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б..............ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ............. ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ............. ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 383.396 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Б.............. нь ............. ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах, шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх заалтыг удирдлага болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн ............. ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг “... нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй байдал гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзэв ...” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.2. дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5. дахь хэсгийг тус тус зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.............. нь 2017  оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн дунд хүүгээ БНСУ-д зүрхний хагалгаанд оруулах болсон тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай чөлөө олгохыг хүссэн байдаг. Энэхүү хүсэлтийн дагуу Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Б..............д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу хүүхдээ асрах чөлөөний хугацаа дууссан өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд захиргааны чөлөө олгосон. Иймд Б.............. нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу ажил олгогчоос олгосон захиргааны чөлөөний хугацаа дууссан тэр өдөр ажилдаа ирэх үүргийг Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, ............. ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалт 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалт, Эрдлэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1. дэх заалт, ажилтан Б..............тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.b дэх заалтуудыг үндэслэн Б..............ыг нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн одоог хүртэл ажилдаа ирээгүй ажил тасалсан тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Шүүх “... ............. ТӨҮГ нь Б..............ыг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирэх байсан ирээгүй гэх боловч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гарган түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасантай нийцээгүй ...” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.............. нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирэх байсан хэдий ч тушаал гаргах өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ч мөн ирээгүй байсан. Ийнхүү ажил олгогчоос олгосон чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж буй энэ зөрчил сахилгын шийтгэл ногдуулж байхад түүнийг буруу тайлбарласан. Хэрэв нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ч мөн ажилдаа ирчихсэн байсан бол түүнд түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн захиргааны чөлөөний хугцаа дууссан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх цалинг ............. ТӨҮГ-аас гаргуулж шийдвэрлэсэн. Хэрэв Б.............. нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан гэж үзэж байсан юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасанаар гомдлоо гаргах эрхтэй байсан. Б.............. эрхээ хэрэгжүүлээгүй. Б..............ын гаргасан сахилгын зөрчил нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс уг тушаал гарах өдрийг хүртэл үргэлжилсээр байсан. Шүүх хэзээнээс хэлн хугацааг тоолсон нь ойлгомжгүй. Б/5501 тушаал гарахаас 6 сарын өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Б.............. нь ажилдаа ирээгүй сахилгын зөрчил гаргасан хэвээр байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч өөр ажилд шилжүүлж томилж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргаж байснаас өөрийн биеэр ирээгүй. нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд тэрээр өөр ажил буюу Улаанбаатар хот дахь ............. ТӨҮГ-ийн төлөөлөгчийн газарт ажиллах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Өргөдлийн энэ агуулгаас үзэхэд нэхэмжлэгч өөр ажилд шилжин ажиллах хүсэлтэй байгаа нь нэхэмжлэгч өөр ажилд шилжиж ажиллах хүсэлтэй байгаа нь Б.............. ямар нэг ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан боловч өмнө эрхэлж байсан ажилдаа сайн дураар ирж ажиллах сонирхолгүй буюу ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа ороогүй болохыг харуулж байна.  Өөр ажилд ажиллуулж өгнө гэснээс үзэхэд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа ямар нэг байдлаар дуусгавар болох, цуцлагдах талаар ажил олгогчийн аливаа шийдвэр гараагүй байсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсныг харуулж байна. Энэ нь түүний ажлын байр хадгалагдсаар байтал үндсэн ажилдаа ирээгүй атлаа өөр ажилд ажиллахын тулд санаатайгаар ажил тасалсан гэж үзэхээр байна. Түүний өргөдөл нь бүхэлдээ өөр ажилд ажиллах тухай байдаг. Гэтэл нэхэмжлэлийн буюу маргааны сэдэв нь түүнийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай. Өөр ажилд шилжих тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл биш, нэхэмжлэлийн агуулга ч биш. Ажилтан ямар нэг чөлөөнөөс эргэж ажилдаа орохдоо хүсэлт гаргах, түүнийг ажил олгогч хүлээн авч шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ажил олгогчийн зүгээс түүний хүсэлт гаргах эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй. Түүний өргөдөл гаргасан хамгийн сүүлийн хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Б.............. ажилгүй байсан гэж үзнэ. Гэтэл ямар нэг ажлаас халсан тушаал шийдвэр гараагүй байхад ажлаас халагдсан гэж үзэж, өргөдөл өгсөн буюу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан үеэс тооцон Б..............д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 31.049.268 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, шудрага бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч цалингийн хэмжээний талаар нэхэмжлэлээ тусгаагүй. Гэтэл шүүх сайн дураар нэхэмжлэлийн шаардлагадтусгагдаагүй асуудлыг тооцож гарган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасныг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.............. ............. ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б..............ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, Б..............ын ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нар “... Б.............. нь ажил олгогчоос албан ёсоор олгосон чөлөөний хугацаа дуусмагц өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн орж ажиллах үүрэгтэй. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ

Нэхэмжлэгч Б.............. нь 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан, ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгосон болох нь хэрэгт авагдсан тушаалын хуулбар, зохигчдын тайлбар, өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч .............ыг  2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаар тушаалаар “... хүүхэд асрах цалингүй чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилдаа ирээгүй, ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан ...” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, тус газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй боловч гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх, сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульд заасан ба нэхэмжлэгч  хэдийнээс эхэлж ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.............. нь хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул цалингүй чөлөө олгохыг хүссэнийг хариуцагч байгууллага зохих журмын дагуу зөвшөөрсөн, уг чөлөөний  хугацаа дууссаны дараа түүнийг урьд нь  эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг  хэвээр хадгалах, ажилд нь эгүүлэн авах үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүний ажилд орох тухай өргөдлийг шийдвэрлээгүй байх тул  шүүх нэхэмжлэгчийг ............. ТӨҮГ-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.............. нь ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч дээрх цалин олговрыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эсхүл 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс тооцох талаар тодорхойлж заагаагүй байна.

Нэхэмжлэгч Б..............ын референт-нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөс эхлэн түүний цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байхад шүүх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тооцож нийт 31.049.268 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож ажил олгогчоос 3.116.688 төгрөг ажил олгогчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27.932.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00170 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... цалинтай тэнцэх нөхөх олговорт 31.049.268 төгрөг гаргуулан Б..............д олгосугай ...” гэснийг “... цалинтай тэнцэх нөхөх олговорт 3.116.688 төгрөг гаргуулан Б..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27.932.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг “... ............. ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 383.396 төгрөг ...” гэснийг “... ............. ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 64.817 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.197 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ