| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00564/И |
| Дугаар | 302/ШШ2025/00649 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00649
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********-т оршин суух, утас 9------, Б.Аийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *********-д оршин суух, утас 9--------, Д.Бт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсний гэрээг хугацаанаас өмнө цуцалсны 3 сар буюу 90 хоногийн мөнгө 2,700,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай,
Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Б.А нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0999 дугаартай түүрээсний гэрээний 7.5-д зааснаар түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны 3 сар буюу 90 хоногийн мөнгө 2,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
3.Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Д.Бийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит Абигажы 1-р гудамж, 111 тоот, 1569.8 м.кв-аас 1 давхартай байршилтай 15 м.кв талбайтай 106 тоот өрөөг худалдаа үйлчилгээний зориулалтаар 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр түрээслэгчтэй нотариатын 0999 тоот Түрээсийн гэрээ хийж хөлсөн авч суусан юм. Түрээсийн хугацааг 1 жил гэж заасан бөгөөд 6 сарын хугацаагаар хөлс тооцон гэхээр нэг сард төлөх түрээсийн үнэ 800,000 төгрөгийг 6 сараар үржүүлэн 4,800,000 төгрөгийг түрээслэгчийн дансанд бүрэн хийсэн юм. Миний түрээсэлсэн байр мухрын өрөө бөгөөд маш хүйтэн, хэн ч очдоггүй ашиггүй байр гэдгийг 10-аад хоноод мэдэрсэн. Мөн миний бие каргогоор бараа авхуулж бусдад үйлчилнэ, мөн валютын арилжаа явуулдаг, худалдаа найманы үйл ажиллагаа эрхэлдэг гэж ажлаа танилцуулж түрээсийн байрны үүдэнд зар самбараа гаргана гэхэд түрээслэгч гаргуулахгүй хориглосон. Иймээс түрээсийн гэрээг цуцлахыг, үлдсэн 3 сарын хугацааны мөнгийг авъя гэж түрээслэгчид олон удаа хэлсэн. Түрээслэгч нь Тийм юм байхгүй.Мөнгийг чинь өгөхгүй гэсэн тул Түрээсийн гэрээ-ний 7.5-д заасныг баримтлан олон удаа мэдэгдсэний үндсэн дээр 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, үлдсэн 3 сар буюу 90 хоногийн мөнгө 2,700,000 төгрөгийг түрээслэгчээс Д.Бээс гаргуулж өгнө үү гэсэн байна.
4.Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:
Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний 4.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, тухайн эд хөрөнгийн шинж чанар, ашиглах нөхцөл журмыг танилцуулж мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан тухай байр нь маш хүйтэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй Аймгийн хэмжээнд 3 дугаар сарын сүлээс эхэлж цаг агаар дулаарч эхэлдгийг бид бүгд сайн мэднэ. Тэгээд ч бидний зүгээс Эрчимбаян Өлгий ХХК-тай гэрээ байгуулж дулааны эрчим хүчээр тасралтгүй хангаж байсан. Хэн ч очдоггүй ашиггүй байр гэж үзэх үндэслэлгүй.Тухайн байрыг түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж, ашиг олохын тулд өөрийн үйл ажиллагааг сурталчилж, хэрэглэгчдийг татаж менежмент хийх ёстой. Алдаг оног хэд хоног суучхаад мухрын өрөө, маш хүйтэн хэн очдоггүй байр гэж үзэх үндэслэлгүй. Тухайн байрыг түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж, ашиг олохын тулд өөрийн үйл ажиллагааг сурталчилж, хэрэглэгчдийг татаж менежмент хийх ёстой. Мухрын өрөө юм бол тухайн үед үзэж шалгаад түрээслэхээс татгалзах эрх нь нээлттэй байсан. Анх гэрээ байгуулах үед харилцан тохиролцож хүлээж аваад дараа нь мухрын өрөө байсан гэж шалтаг болгож байгаа нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах, цуцлах гол үндэслэл нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих явдал байдаг. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Ер нь түрээслэгч нарын зарим нь байр түрээсэлж суучхаад хэд хоногийн дараа ашиг олоогүй гэх ч юм уу нэгэн өчүүхэн шалтаг гаргаж байрнаас гарч явах байдал байдаг. Би үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гэрээний 3.2.1-д төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 6 сар нэг удаа түрээслэгчийн ХААН банкны 5031649215 тоот дансанд шилжүүлнэ. Эхний 6 сарын түрээсийн төлбөрийг гэрээ байгуулах үед шилжүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан учир төлбөр төлсөн 6 сарын хугацаанд тухайн байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулах ёстой. Нөгөө талаар гэрээний 7.5-д Талуудын гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд нөгөө талд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Энэ тохиолдолд түрээслэгч гэрээг цуцлах талаар надад албан ёсоор мэдэгдэх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ надад олон удаа мэдэгдсэн гэж бичжээ. Энэ талаар албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Б.А нь түрээсэлсэн байрны түлхүүрийг надад хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 222.7-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж хуульчилсан ба гэрээнээс татгалзсан явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй учир түрээсийн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 0999 дугаартай Түрээсийн гэрээ-ээр хариуцагч (түрээслүүлэгч) Д.Б нь Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит Абигажы 1-р гудамж, 111 тоот, 1569.8 м.кв-аас 1 давхартай байршилтай 15 м.кв талбайтай 106 тоот өрөөг каргоны валютын арилжааны дэлгүүрийн зориулалтаар нэхэмжлэгч (түрээслэгч) Б.Ад 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар түрээслүүлсэн ба түрээсийн 1 сарын төлбөр 800,000 төгрөгөөр тохиролцож, түрээсийн төлбөрийг 6 сар нэг удаа түрээслүүлэгчийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр, эхний 6 сарын түрээсийн төлбөрийг гэрээ байгуулах үед шилжүүлэхээр тус тус тохиролцсон болох нь нотлогдож байна.
Үүгээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч (түрээслэгч) Б.А, хариуцагч (түрээслүүлэгч) Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 0999 дугаартай Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.
Хариуцагч (түрээслүүлэгч) Д.Б нь тухайн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит Абигажы 1-р гудамж, 111 тоот, 1569.8 м.кв үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус 1 давхар байршилтай 15 м.кв талбайтай 106 тоот өрөө нэхэмжлэгч (түрээслэгч) Б.Ад түрээслүүлсэн тул тухайн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 0999 дугаартай Түрээсийн гэрээ-г үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, мөн түрээсийн гэрээгээр нийтлэг үндэслэл, гэрээний зүйл, түрээсийн төлбөр, гэрээний хугацаа, талуудын эрх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл, маргаан шийдвэрлэх журам, бусад зэрэг асуудлыг тус тус тусгасан байна.
Тодруулбал, зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд харин түрээсийн зүйл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй юм.
5.2.Энэхүү гэрээ ёсоор нэхэмжлэгч (түрээслэгч) Б.А эхний 6 сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөгийг түрээслүүлэгчид бүрэн төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
5.3.Талуудын 2025 оны 03 дугаар сарын21-ны өдөр байгуулсан бүртгэлийн 0999 дугаартай Түрээсийн гэрээ-ний 7.5-д Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч (түрээслэгч) Б.А нь түрээсийн гэрээнээс татгалзах тухайгаа түрээслүүлэгчид удаа дараа мэдэгдэж, түрээсэлсэн өрөөг суллаж өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч (түрээслүүлэгч) Д.Б холбогдох нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.
Мөн нэхэмжлэгч (түрээслэгч) Б.А нь түрээсийн өрөөг суллаж өгсний дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй болох талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.4.Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч (түрээслэгч) Б.А нь түрээсийн гэрээнээсээ татгалзсан болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205-1-д зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй болно.
6.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч (түрээслүүлэгч) Д.Бээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 03 сарын түрээсийн мөнгө 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч (түрээслэгч) Б.Ад олгох нь зүйтэй байна.
Харин 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 0999 дугаартай Түрээсийн гэрээ-ний 3.2 дах хэсэгт түрээсийн төлбөрийн сараар тохиролцсон байхад түрээсийн мөнгийг 90 хоногоор тооцож 300,000 төгрөг илүү нэхэмжилсэн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Бээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 2,400,000 төгрөг оногдох улсын тэмдэгтийн хураамж 53,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Бээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 03 сарын түрээсийн мөнгө 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 300,000 (гурван зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 (таван найман мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бээс 53,350 (тавин гурван мянга нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК