Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

          улсын яллагч Л.Мажигсүрэн,

          хохирогч М.О,                                                                                               

          шүүгдэгч З.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Зундуйн Жамъянбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809012330342 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1963 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  төрсөн, 55 настай, эрэгтэй,  халх, дээд боловсролтой, цэргийн радио техникийн инженер мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт, ам бүл-3, эхнэр, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 24-46 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, Боржигон овогт З.Ж/регистрийн дугаар ХВ 6320576/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч З.Жнь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 46 тоот дэх өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Отай дүүгийндээ баяр тэмдэглэх асуудлаас шалтгаалан үл ойлголцож, маргалдан улмаар түүний толгой, хөл тус газарт өшиглөх, цохих зэргээр зодож хамтран амьдрагч М.Огийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч З.Ж шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би дүүгийндээ ороход манай дүү нар та мартын 8-ны өдөр яаж байгаа юм бэ, таны оруулж ирсэн юм чинь тэр чигээрээ байгаа гэж хэлэхээр нь би Оролмааг би утсаар ороод ирээч гэж дуудсан, тэгтэл ирээгүй. Би гэртээ орж ирээд чи ороод ирэхгүй яасан юм бэ гэхэд Оролмаа би хувцсаа өмсөж байна ш дээ гэхээр нь энүүхэн хооронд юун хувцас хунар вэ гэхэд намайг хуц гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хөл рүү нь 2 удаа өшиглөсөн …” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Хохирогч М.Огийн “…Ж хамтарч амьдраад 3 жил болж байна. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Жамъянбаатарын төрсөн дүү болон ээжид нь баярын бэлэг болгоод вино, набор, жимс зэрэг зүйлс авчихсан байсан. Тэгээд манайд сууна гэж байснаа болиод дүүгийнд суухаар болчихсон байсан. Намайг Жамъянбаатар 2 уулаа цуг оръё гэж хэлэхээр нь би намайг дуудаагүй болохоор би түүнд "би байж байя, чи ороод авсан юмнуудаа өгчих" гэж хэлсэн, тэгээд Жамъянбаатар дүүгийнх рүүгээ явсан ба удалгүй буцаад хүрээ_: ирчихсэн. Би ойлгохдоо дүү нартайгаа маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Жамъянбаатар дүүгийнх рүүгээ орохоор явсан. ...удалгүй намайг “тор аваад ороод ир” гээд нилээн ууртай хэлсэн. Тэгэхээр нь би орвол бөөн хэрүүл болох байх гэж бодоод би хувцсаа өмсөж байна гээд л байгаад байсан. тэгтэл Жамъянбаатар гаднаас нөгөө мартын 8-ны өдөр авсан юмнуудаа барьчихсан орж ирээд газарт шидчихээд намайг шууд цохиж зодоод эхэлсэн. Тэгж зодчихоод гараад явсан. Жамъянбаатар намайг үсдээд толгой руу гараараа цохиж, өгзөг, хөл рүү өшиглөж зодсон... Урьд нь согтуудаа хэд хэд маргалдаж байсан, би цагдаад дуудлага өгч байгаагүй…”  гэсэн мэдүүлэг /хх-6/,

 

Шүүгдэгч З.Жын гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би дүүгийндээ ороход манай дүү нар та мартын 8-ны өдөр яаж байгаа юм бэ, таны оруулж ирсэн юм чинь тэр чигээрээ байгаа гэж хэлэхээр нь би Оролмааг би утсаар ороод ирээч гэж дуудсан, тэгтэл ирээгүй. Би гэртээ орж ирээд чи ороод ирэхгүй яасан юм бэ гэхэд Оролмаа би хувцсаа өмсөж байна ш дээ гэхээр нь энүүхэн хооронд юун хувцас хунар вэ гэхэд намайг хуц гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хөл рүү нь 2 удаа өшиглөсөн …” гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-23/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-26-27/ Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-29-30/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 46 тоот дэх өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Отай “дүүгийндээ хамт баяр тэмдэглэсэнгүй” гэх шалтгаанаас болж маргалдан улмаар түүний толгой, хөл тус газарт өшиглөх, цохих зэргээр зодож, М.Огийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Огийн мэдүүлэг, шүүгдэгч З.Жын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч З.Жын өөрийн хамтран амьдрагч М.Отай “дүүгийндээ хамт баяр тэмдэглэсэнгүй” гэх шалтаг, шалтгааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул З.Жыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Жамъянбаатарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч З.Жамъяанбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Хохирогч М.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч З.Жамъяанбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт З.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч З.Жт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан З.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР