| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2026/0001/З |
| Дугаар | 122/ШШ2026/0014 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 122/ШШ2026/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй,
******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Г.Баянбилэг нар, хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05 ний өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулахаар тогтоож, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй ******* хотыг байгуулахаар газар зүйн байршлыг тогтоосон бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэхээр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж ******* аймгийн *******, *******, ******* сумдын газар нутгаас тодорхой хэсгийг ******* хотын эдэлбэр газар шилжүүлэхээр “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг баталсныг ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эс зөвшөөрч дээрх тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.
2.2.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, илт хууль бус захиргааны акт гэх үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулахаар тогтоож, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсэгт орон нутгийн зэрэглэлтэй ******* хотыг байгуулахаар газар зүйн байршлыг тогтоосон бөгөөд ут тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.
Гэтэл ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолоор ******* аймгийн ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоосон бөгөөд ийнхүү ******* хотын эдэлбэр газрын хил заагийг тогтоохдоо тус аймгийн *******, *******, ******* сумдын нутаг дэвсгэрийг хамруулсан байгаа нь Монгол Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй ******* хотыг байгуулахаар газар зүйн байршлыг тогтоосныг зөрчсөн байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Энэ тогтоолоор байгуулсан аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн зэрэглэлтэй хотын харьяалах сумын чиг үүргийг тухайн хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.” гэж заасан байна.
Дээрх заалтаас үзвэл ******* аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн зэрэглэлтэй ******* хотын харьяалах сумын чиг үүргийг тухайн хотод, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрийг ******* хотын зөвлөлд, ******* сумын Засаг даргын чиг үүргийг ******* хотын захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр шилжүүлэх зохицуулалттай байна.
Өөрөөр хэлбэл орон нутгийн зэрэглэлтэй ******* хотын эдэлбэр газрын хэмжээ байршлыг тогтоохдоо *******, *******, ******* сумын нутаг дэвсгэрийг хамруулах нь ******* болон ******* сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг цаашид хэн хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах зэрэг хуулиар тусгайлан олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох бөгөөд нэг сумын Засаг дарга бусад сумын нутаг дэвсгэрт шийдвэр гарган үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхойгүй нөхцөл байдал бий болохоор байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх гэсэн зарчмыг баримтлан шийдвэр гаргах ёстой байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан байна. Санал авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг Улсын Их Хурал тогтооно. Санал хураалтад сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг хүчинтэйд тооцно.” гэж тус тус заасны дагуу ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил заагийг батлахдаа *******, ******* сумын иргэдийн саналыг аваагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэн, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байтал холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Мөн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолд Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна.” гэж заасныг үндэслэсэн байна.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байтал, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг заалтад үндэслэн тогтоол гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь шийдвэр, тогтоол гаргахдаа ******* хотын эдэлбэр газрын хэмжээг тэлэх асуудлыг шийдвэрлэхэд ******* сумын иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авалгүй, иргэдийн санал өгөх бололцоог хангаагүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэхээр заасан байдаг ба тус хуулийг зөрчсөн гэж үзэж байна. ******* хотын эдэлбэр газрын хэмжээг батлахдаа санал уламжлах, албан ёсоор санал авах ажиллагааг зохион байгуулаагүй байна. Мөн 2025 оны 34 дүгээр тогтоолд иш татсан Газрын тухай хуулийн 12.3 дахь заалтад 2024 оны 06 дугаар 05-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болсон байхад уг заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Санал уламжлах тухай 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3, 1.6-т заасан илт хууль бус байх үндэслэл байгаа. Энэ нь захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу иргэдийн Төлөөлөгчдийн хуралд санал гаргах эрх хэмжээ байхгүй. Тухайлбал өнөөдрийн байдлаар Газрын тухай хуулийн 12.3-т Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ гэж заасан байна. Тэгэхээр маргаан бүхий 34 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.1 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 12.3 буюу хүчин төгөлдөр бус, дагаж мөрдөх заалтыг үндэслэж гарсан тогтоол юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын санал авах тухай албан бичиг ирж болно. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тогтоолыг бид хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж байна. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд газрын зааг хэмжээг тогтоох, санал гаргах эрх хэмжээ өгөгдөөгүй. Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хуулийн /2024 оны шинэчилсэн найруулга/ 5.1-т Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалттай. Эдэлбэр газрын хэмжээтэй холбоотой шинэ хууль 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл өнөөдөр маргаан бүхий тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санал ирсэн тухай ярьж байна. Монгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоол нь 2027 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Харин Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хууль нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл аймгийн Засаг дарга газар өгөх гэж яарсан уу? ямар нэгэн байдлаар яаравчилсныг нь бид ойлгохгүй байна. Шинэ хууль буюу Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хуулийн 9.2-т Хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, тосгоны эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн заалттай. Хариуцагчийн зүгээс албан бичиг ирсэн байна. Тухайн бичиг нь санал хэлэлцэх эрх зүйн үндэслэлгүй.
Монгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд ******* хотын эдэлбэр газрыг тогтоосонтой бид маргаагүй. Тус тогтоолын 1 дүгээр заалтад ******* хотын газар зүйн байршлыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр гэж зааж өгсөн байна. Түүнээс биш ******* сумын эдэлбэр газрыг томруулах асуудлаар энэ тогтоолд тусгасан ямар ч заалт байхгүй. Тогтоолд нь тухайн газрын байршлыг тодорхой зааж өгсөн байна. Эсхүл энэ тогтоол дээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дээр *******, *******, ******* сум гэж зааж өгсөн юм уу? Тийм зүйл байхгүй. Зөвхөн одоо байгаа хэмжээндээ хотоо байгуул гэж байгаа юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 68.2-т Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, дэд бүтэц, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэг агентлагийн даргын шийдвэрээр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралддаг ямар жижигхэн аймаг вэ. Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа тухайн саналаа дээрх хуульд зааснаар явуулах ёстой юм биш үү. Газрын тухайн хуулийн 12.3-т хуульд өөрөө заагаагүй бол гэж байгаа шүү дээ. Өнөөдөр тухайн эрх зүйн байдлыг зохицуулах хууль үйлчилж эхлээгүй байхад өөрсдийнхөө тогтоолыг санал мэтээр явуулж байгаа нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
Тухайн илт хууль бус акт нь зөвхөн ******* сумтай холбоотой асуудал биш. Бид өмнөх шүүх хурал дээр 34 дүгээр тогтоол дээр тогтоосон 20 цэгээс аль нь *******, *******, ******* сумынх болохыг тогтоолгох шаардлагатай байсан. Гэхдээ тухайн тогтоол нь хууль бус захиргааны актын шинжийг хангаж байгаа учраас энэ нь шууд хүчингүй болох үндэслэлтэй буюу илт хууль бус гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар төр, захиргааны үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Хэн нэгэн хүний үйлчлэлгүй хууль, хэн нэгэн хүний сэтгэл хөдлөл, хэн нэгэн хүний албан бичгээр явагддаггүй. Бид Барилга, хот байгуулалтын яаманд хандаж үзсэн. Түүнээс бидэнд “бид 72 дугаар тогтоолынхоо дагуу үүнийг хэрэгжүүлэх ажлыг хэсэг гарсан, ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу ийм ажил явагдаж байгаа” гэсэн хариу өгдөг. Тухайн шинэ хууль хэрэгжиж эхлэх үед ажил нь эрчимжиж, санал авах ажил нь явагдана. Гэтэл шинэ хууль хэрэгжиж эхлээгүй байхад Засаг дарга нь хэдэн газар өгөх гэж яарсан нөхцөл байдалтай байж болохгүй. 72 дугаар тогтоолд бусад аймгууд буюу жишээ нь Дархан-Уул аймгийн газар зүйн байршлыг Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор сумын нутаг дэвсгэрээр гэж зааж өгсөн. Гэтэл ******* аймгийн ******* хотын газар зүйн байршлыг ******* аймгийн *******, *******, *******, ******* сумын нутаг дэвсгэрээр гэж зааж өгөх ёстой.
Мөн Хот байгуулах тухай 72 дугаар тогтоолын 2 дугаар заалтад “Энэ тогтоолоор байгуулсан улсын зэрэглэлтэй хотын харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тухайн хотод, нэгж дэх өөрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй” гэж заасан. Энэ нь тус тогтоолын 1 дүгээр заалтаар хотын байршлыг тогтоож өгч, 2 дугаар заалтаар төрийн удирдлагын чиг үүргийг хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн тогтоолын 4 дүгээр заалтад “Энэ тогтоолоор байгуулсан аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн зэрэглэлтэй хотын харьяалах сумын чиг үүргийг тухайн хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй” гэж заасан. Тогтоолын заалтуудад бүгдэд нь хотын эдэлбэр газрын хэмжээнд гэж зааж өгсөн байна. Энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хууль хэрэгжиж эхлэх үед орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, дэд бүтэц зэргийг харгалзан, сонсох ажиллагаа хийж байж саналаа гаргахгүй, албан бичгийг үндэслэж дахин иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдвал хүчингүй болгуулахаар шүүхэд хандана шүү. Учир нь *******, *******, ******* сумдын саналыг сонсоогүй. Одоо эрх олгогдоогүй учраас илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан хууль зүйн нарийн зохицуулалтууд байгаа юм шүү.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас хүргүүлсэн албан бичигт Газрын тухай хуулийн 12.3-т Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна гэж заасны дагуу хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж хурлаас гарсан саналыг 2025 оны 07 дугаар сард багтаан ирүүлж хамтран ажиллахыг хүсье л гэсэн байна. Хэрэв би Засаг дарга байсан бол Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Бид энэ асуудлыг анхааралдаа авна. ******* сум буюу ******* хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад Улсын Их хурлын 72 дугаар тогтоож өгсөн эдэлбэр газрын хэмжээнд багтахгүй бол ард иргэдээрээ хэлэлцэж, сонсох ажиллагааг явуулж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа сумуудын иргэдээс санал асуулга авч төлөвлөх байсан. Би та бүхний үзэл бодол, санааг чинь үгүйсгээгүй. Гэхдээ хууль ёсны дагуу явах ёстой ажиллагааг ийм байдлаар явуулж болохгүй. Та нарыг тогтоол ирүүл гэж албан бичиг ирүүлээгүй шүү дээ. Тогтоолтой холбоотой санал ирүүлнэ үү гэсэн байна. Бид одоогоор Улсын Их Хурлаас тогтоож өгсөн ******* сумын эдэлбэр газрын хэмжээгээр явж, дараа нь тогтоосон эдэлбэр газрын хэмжээ нь багадвал үүнтэй холбоотой асуудлыг дурдаж болно шүү дээ. Гэтэл Засаг дарга нь хүмүүст хорооллын газар өгөх дээр яарсан юм шиг байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээ Засаг дарга нь өөрөө хөтөлж явуулсан байна лээ. Би энэ аймгийн Дархан, Эрдэнэт шиг хот болохыг ерөөж байгаа. Гэхдээ хуулийн дагуу л болох хэрэгтэй гэв.
3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Баянбилэг нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Бид ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Санал уламжлах тухай 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Б.Баатарсайхан өмгөөлөгч Монгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хот байгуулах тухай 72 дугаар тогтоолын талаар, эрх зүйн үндэслэлүүдийг тодорхой тайлбарлалаа. Тус тогтоол нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх байтал тогтоолын хэрэгжилт эхлэхээс өмнө буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тогтоол гаргасан байна. Хэрэгжиж эхлэхээс 2 жилийн өмнө тус тогтоол хэрэгжиж эхэлсэн мэтээр шийдвэр гаргаж Санал уламжлах тухай гэх илт хууль бус тогтоол гарсан. Тогтоолын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 12.3 дахь заалт буюу хэрэгжсэнээс хойш үүсэхээр эрх зүйн үр дагавартай заалтыг эрх зүйн үндэслэл болгож баримталсан нь илт хууль бус гэж үзэж байна. Мөн маргаан бүхий захиргааны акт дээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор орон нутгийн хот болохтой холбогдуулан ******* аймгийн ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг хэмжээг хавсралтаар батлан уламжилсугай” гэж тогтоол хэрэгжээгүй байх үед газар нутаг, хилийн зааг, хил орчмын эдийн засгийн байдлыг хамруулж олон сумын эрх ашиг зөрчигдөхөөр тогтоол баталж явуулсан байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын саналыг үндэслэж буюу дээд байгууллагын саналаар тогтоол гаргасан гэж хэлж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Санал авах тухай” 1/1940 дугаар албан бичигт Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 42, дагуул 4 нийт 53 хотыг байгуулахаар батлагдсан гэж дурдсан нь тогтоол хэрэгжиж эхлээгүй, батлагдсан тухай ярьж байгаа асуудал юм. Мөн тус албан бичигт саналыг 2025 оны 07 дугаар сард багтаан ирүүлж хамтран ажиллахыг хүсье гэсэн байна. Түүнээс биш тогтоол баталж, хэрэгжүүлээрэй гэсэн ойлголт биш. Зүгээр санал авсан л ойлголт юм. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга яаж иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн бэ гэхээр ******* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хэлэлцэх асуудал хүргүүлэх” тухай 01/862 дугаар албан бичгийн 3-т ******* хотын хот, тосгон бусад суурин газрын эдэлбэр газрын хил заагийг тогтоох тухай (Танилцуулах нь: Газрын албаны дарга Э.Төгөлдөр) гэсэн байна. Э.Төгөлдөр гэх хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэлд “01/862 дугаар албан бичгийн дагуу энэ асуудлыг оруулсан” тухайгаа хэлсэн байна лээ. Тогтоол батлаад өг гэх агуулгаар танилцуулаагүй шүү дээ. Учир нь тухайн сумуудын эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх, сумдын иргэдээс санал асуулга авсан эсэх асуудал яригдаагүй учраас Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлд байх агуулгын хүрээнд санал оруулсан. Харин оруулахдаа тухайн асуудлын ач холбогдлыг ойлгуудгүйдээ юу? эсхүл саналыг батлах ёстой гэж ойлгосондоо олонх болж баталсан байгаа юм. Цөөнх болсон хүмүүс нь зарчмын буюу тогтоол хэрэгжиж эхлээгүй байхад шийдвэр гаргаж болохгүй, ноцтой асуудал үүснэ гэдгийг хөндсөн зүйлс байдаг.
Хариуцагчийн тайлбартай санал нэг байгаа зүйл нь манай улс нэгдмэл улс бөгөөд муж улс биш учраас Техас муж гэдэг шиг ******* аймагт тусад нь хууль батлахгүй. Тэгэхээр нэгдмэл улсынхаа хувьд хот байгуулах гэж байгаа бол Монгол Улсын Үндсэн Хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоол зэргээ баримталж шийдвэрлэх ёстой байтал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас албан бичиг ирсэн учраас ийм шийдвэр гаргасан гэж ярьж болохгүй. Тухайн газраас албан бичиг ирэхдээ саналаа ирүүл л гэсэн. Бид үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хамгаалж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүсэлт гаргаж, мэргэжилтэнтэй нь уулзахад улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд манай байгууллага дээрх ажлын хэсгээс гаргасан үүрэг чиглэлийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын эдэлбэр газрын саналыг орон нутгийн оролцоог хангах зорилгоор санал солилцох гэж санал хүргүүлсэн гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгэхээр ядаж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа энэ асуудлыг дурдсан бол эдийн засгийн хөгжлийн бодлого, газар зүйн байршил зэргээ харгалзан санал авч, холбогдох агентлагт мэдүүлэх, агентлаг нь дээшээ Засгийн газарт өргөн мэдүүлж, Улсын Их Хурал тогтоох ёстой юм. Засгийн газар хамаагүй, Улсын Их Хурал тогтоолоор хот байгуулах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн уламжлах л ёстой буюу Засгийн газрын доод агентлаг санал авах тухай албан тоотыг аймгийн Засаг даргад явуулна. Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрх нь байгаа учраас газрын албаны дарга Төгөлдөрт энэ асуудлыг хуралд танилцуул гэх боломжтой. Харин танилцуулахдаа үр дагаврын эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлах буюу баталж болох үгүйгээ хэлэлцэх ёстой байтал шууд баталж байгаа нь маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэв.
3.5. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогтой *******ын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
******* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/862 тоот албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн саналыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хурал хуралдсан. Уг хурлаас “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоол төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдсэн бөгөөд хурлын тогтоолоор ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг батлан Засгийн газарт уламжлахаар тогтсон.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсгүүд болон Монгол Улсын Их хурлын 2024 оны “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолын 11.1-т улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1940 тоот албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад ирүүлсэн.
Дээрх албан бичигт ******* хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан саналыг 2025 оны 07 дугаар сард багтаан хэлэлцүүлж хариу ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.
Иймээс энэхүү асуудлыг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан эрхийнхээ дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолоор дагуул хотуудыг байгуулсан байдаг. ******* аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас манай байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1940 дугаартай албан бичиг зэргүүд ирж дээрх хүсэлтүүдийг үндэслэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдэлбэр газруудыг тогтоох асуудлыг хурлаар хэлэлцсэн. Тус хүсэлт дээр 7 сард багтаан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, санал үрүүлнэ үү гэсэн байсан бөгөөд Монгол улс нь нэгдмэл улс учраас төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэж, хариуцсан агентлагуудаас саналыг авч, эх сурвалжийн байршил зэргийг тусгаж шийдвэрийг гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүй гэх шаардлагатай санал нийлэхгүй байна.
Газрын тухай хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлыг тухай хуульд зааснаар хотын эдэлбэр газрыг тогтоох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал гэдгийг хуульчилсан байдаг. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын даргын саналыг үндэслэж Засгийн газар шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоол нь эцсийн шийдвэр биш санал хэлбэрээр гарсан. Энэ нь Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу хэлэлцэн шийдвэр гаргасан санал юм.
Хотын эдэлбэр газрыг хот тэлж хөгжих боломжтой газраар тогтоож болно, үүнд хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дайруулж болно гэх заалт мөн байгаа. Иймд нэгэнт мөрдөгдөж эхлэх хууль зүйн үндэслэлийг баримталж шийдвэр гаргаж явуул гэсний дагуу бид энэхүү шийдвэрийг гаргасан.
Нэхэмжлэгч талаас нэг газрын албан бичгийг үндэслэсэн гэж ярьж байна. Тухайн албан бичиг дээр 2025 оны 07 дугаар сардаа багтаан ирүүлнэ үү гэсэн байгаа шүү дээ. Тийм учраас бид 7 дугаар сардаа багтаан саналаа явуулах гэж хурлаар хэлэлцсэн. Тухайн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж ирүүлэхийг хүссэн учраас бид хурлаар хэлэлцсэн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3-т Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Газрын тухай хуулийн 12.3 дахь заалт нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой учраас тус заалтыг үндэслэх ёсгүй байсан гэх тайлбарыг мөн гаргаж байна. Нэгэнт дагаж хэрэгжих нь тодорхой болсон хууль учраас түүнийг үндэслэх нь үндэслэлгүй гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ******* сумын Засаг дарга нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм. Тухайн төлөөлөгч өөрөө хуралд оролцсон байдаг ба ямар нэгэн санал гаргаагүй, тодруулга асуултуудыг асуусан байдаг.
Мөн иргэдээс санал аваагүй гэх асуудлыг тавьж байна. Энэ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал огт биш гэж үзэж байна. Нэгж өөрчлөхөд тухайн сумын иргэдээс санал авах ёстой. Тийм учраас санал авах шаардлагагүй гэж үзэж байна.
Маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэж байгаагаа талаараа тайлбар хэлж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх зэрэг тодорхой зохицуулалттай. Иймд тухайн тайлбартай санал нийлэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” ойлгохоор заасан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ.” гэж нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэрийг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.” гэж тус тус заасан.
Энэ маргааны хувьд нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг батлахдаа ******* аймгийн ******* сумын газар нутгийг хамруулсан байх тул тус тогтоолын үр дагавар нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөлөөлнө гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллагынхаа хувьд биш харин бусад хүн, хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэгэн адил нэхэмжлэл гаргасан байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчээс ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолтой маргах эрхтэй буюу ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улс болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг байгуулж, орон нутгийн зэрэглэлтэй ******* хотыг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд ******* аймагт, газар зүйн байршил нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байгуулж, уг тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Санал авах тухай” 1/1940 дугаар албан бичгээр ******* аймгийн Засаг даргад хандан “... хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан саналыг 2025 оны 07 дугаар сард багтаан ирүүлж хамтран ажиллахыг хүсье.” гэж ирүүлсэн байна.
Үүний дагуу ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Орон нутгийн зэрэглэлтэй ******* хотын эдэлбэр газрыг тогтоох санал”-ыг боловсруулж ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан байна.
Тус саналыг ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолын[1] хавсралтаар ******* аймгийн ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг баталсан бөгөөд тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “Санал авах тухай” 2025 оны 1/1940 тоот албан бичгийг үндэслэжээ.
Дээрх тогтоолын хавсралтаар батлагдсан орон нутгийн зэрэглэлтэй ******* хотын эдэлбэр газар тогтоох эргэлтийн цэгийн саналд 27 эргэлтийн цэгээр баталгаажсан 28953.216 га талбай бүхий эдэлбэр газрын хэмжээг тогтоожээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/1359 дугаартай албан бичгээр “... ******* аймгийн ******* хотын эдэлбэр газрын солбицлын утгыг боловсруулан ******* аймгийн ******* сум, ******* сум, ******* сумын хилийн цэстэй давхцуулан шалгаж үзэхэд дараах байдлаар давхцалтай байна. Үүнд: 1.******* сумын хилтэй 23,088 м.кв; ... давхцалтай байна.”[2] гэж, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг тогтоохдоо *******, *******, ******* сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамруулсан болох нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаар тэмдэглэлээр[3] тус тус тогтоогдож байна.
Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, энэхүү хууль батлагдсантай холбоотойгоор хууль тогтоогчоос Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна.” гэж өөрчлөн найруулж орж, тухайн хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус зохицуулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; ...” гэж заасан бөгөөд захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх, эрх зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр байхыг ойлгохоор, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор буюу эрх зүйт төрийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж байгаагаараа илт хууль бус алдаанд тооцогддог.
Энэхүү маргааны хувьд, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зургадугаар хуралдаанаараа ******* хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг хэлэлцэн баталж, “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр болоогүй хуулийн зохицуулалтыг үндэслэсэн буюу Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт болох тул хариуцагчийн “... Иймээс энэхүү асуудлыг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан эрхийн дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно.” гэх хариу тайлбар[4] үндэслэлгүй байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу шүүх илт хууль бус болохыг тогтоолгох хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... Хотын эдэлбэр газрыг хот тэлж хөгжих боломжтой газраар тогтоож болно, үүнд хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дайруулж болно гэх заалт мөн байгаа.” гэх хариу тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” 34 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ