| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0390/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.О/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Борхүүгийн Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 1811005540349 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигин овогт Борхүүгийн Отгонцэцэг, Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул 2 худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн зардаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэрэг гудамж 16 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21-15 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:УЗ88061340/.
Шүүгдэгч Борхүүгийн Отгонцэцэг нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нийтийн караокед З.Мягмарыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Омөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…тэгээд намайг тэр Мягмар гэгч гарнаас бариад байхаар нь би нэг удаа мөргөсөн. Тухайн үед би их согтолттой байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-38х/,
Шүүгдэгч Б.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр тухайн караокегаар үйлчлүүлж байгаад гадаа салхилчихаад эргээд орох гээд явж байтал Мягмар гэх хүн нэг үл таних хүнийг толгой руу нь дэвсээд байсан. “Болохгүй шүү дээ, адилхан согтуу байж, цагдааг нь дуудчихаач” гэхэд “чамд хамаагүй гичий минь” гэж хэлсэн. Тэрнээс болоод маргалдсан” гэв.
Хохирогч З.Мягмараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 2 сарын 8-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Дуулга бааранд би зохион байгуулагч, хамгаалагчийн ажлаа хийж байсан. Тэгэхэд манай караокений зааланд үйлчлүүлж байсан 2 залуу, 1 хүүхэн өөр ширээний 2-3 хүнтэй согтуугаар маргалдаад байхаар нь би очиж салгаад тэр маргалдсан хүмүүсийг гаргасан. Нэг залуу нь буцаж орох гээд дайраад надтай зууралдаад байсан. Тухайн үед 01 цаг өнгөрч байсан. Тэр залуутай маргалдаж байгаад тэр залуу хальтирч унахдаа миний цамцнаас зуураад унасан. Би гарыг нь тавиулаад босгоод байж байтал араас нэг согтуу эмэгтэй ирчихээд зуураад больцгоо, та нар гээд хашгираад байсан. Тэгээд намайг хүн зодлоо гээд дайраад байсан. Би буцаад баарны заал руу орсон. Тэгэхэд бас тэр хүүхэн таараад намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би хаячихаад цаана нь маргалдаж байсан хүмүүсийг салгах гээд явж байтал энэ хүүхэн над руу дайраад болохгүй, би хоёр гарыг нь бариад зогсож байтал гэнэт духаараа миний шүд рүү мөргөчихсөн. Би яаж байгаа юм бэ гээд зүүн гараараа нүүр лүү нь нидрээд салсан. Тэгээд цагдаа дуудсан. Би энэ эмэгтэйтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би согтуу маргалдаж байгаа хүмүүсийг гаргах гээд зууралдаж байхад араас ирчихээд чи хүн зодлоо гээд зууралдаад байсан. Өөр маргалдсан асуудал байхгүй. Миний биенд учирсан гэмтлийг намайг мөргөсөн залуу учруулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-19-20х/,
Гэрч П.Мөнхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 2 сарын 8-ны өдөр би ажил дээрээ бармен хийгээд байж байсан. Орой 21 цагаас хойш яг хэдэн цагийн үед гэдгийг нь би сайн санахгүй байна. 3 эмэгтэй хүн орж ирээд булангийн ширээнд суугаад нэг нэг пиво авсан. Тухайн үед бааранд ширээнүүд тодорхой хэмжээнд дүүрсэн 20-30 хүн байсан. Тэгээд байж байхад хаалган дээр 2 эрэгтэй хүн хоорондоо маргаад шил шидээд байсан. Тэгэхээр нь манай хамгаалагч, зохион байгуулагч Мягмар ах очоод зохицуулаад салгаад байж байсан. Тэгтэл нөгөө 3 эмэгтэйгийн нэг нь ирээд Мягмар ахын толгой руу ардаас нь цохиод чи ингэж болохгүй гээд байсан. Уг нь тэр эмэгтэйд ямар ч хамаагүй асуудал байсан. Тэгэнгүүт нь би очоод ингэж болохгүй, наад хүн чинь ажлаа хийж байна гэхэд өөдөөс бас дайраад та нар ингэж болохгүй гээд байсан. Мягмар ах энэ эмэгтэй ямар хүмүүстэй явж байгаа юм бэ, хамт явж байгаа хүмүүсийг нь дууд гэсэн. Тэгээд хамт явж байсан 2 эмэгтэйг дуудтал юун сүртэй юм бэ, эмэгтэй хүн яав л гэж гэсэн. Тэгэнгүүт нь энэ хүнийг аваад ширээнд нь суулга гэсэн чинь бид хоёр энэ эмэгтэйг танихгүй, ямар ч хамаагүй гэсэн. Би гайхаад яагаад танихгүй гэж та нар цуг орж ирсэн биз дээ гэхэд нэх их тоохгүй байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй ямар ч шалтгаангүй манай хамгаалагчийг цохиод ноцолдоод байсан. Би бас жаахан тайвшруулж ярилцах гэж оролдтол ердөөсөө тоохгүй байсан. Би текний ард байсан тэгтэл гэнэт Мягмар ах шүд уначихлаа, энэ эмэгтэй мөргөчихлөө гэсэн. Бид нар цагдаа дуудсан. Тэгээд тэр эмэгтэйг хамгаалагч нар аваад гаргасан ...” гэсэн мэдүүлэг /хх-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2437 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. З.Мягмарын биед дээд эрүүний зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 5% тогтонги алдагдуулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-32х/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Дуулга караокений камерийг шүүж үзэхэд тухайн үйлчилгээний төвийн хяналтын камерт дүрс хар цагаан, 10 орчим хүн баарны гэрэлд бүжиглэж байв. Бичлэгийн цаад буланд хоорондоо заамдалцсан 2 эрэгтэй зохион байгуулагч залуу шаардлага тавьж салгав. Энэ үед урт куртиктай цаа бугын гуталтай согтуурсан эмэгтэйг зохион байгуулагчийн нуруу руу гараараа цохив. Зохион байгуулагч тэр эмэгтэйг татаж ирэн 2 гарыг нь ард бариад гаргахаар авч явав. Эмэгтэй шалан дээр суухад зохион байгуулагч орхин цааш явав. Эмэгтэй босч зохион байгуулагчийн араас очиж маргалдаж эхлэв. Зохион байгуулагч эрэгтэй түүнийг гаргахаар 2 ханцуйнаас нь барин түлхэж байхад байгуулагч эрэгтэй түүнийг гаргахаар 2 ханцуйнаас нь барин түлхэж байхад эмэгтэй духаараа түүний ам руу нэг удаа мөргөв …Зохион байгуулагч залуу шүдээ барьж зогсоход дэргэд байсан хүмүүс эмэгтэйг гаргаж холдуулав …” гэсэн тэмдэглэл /хх-13-14х/,
Шүүгдэгч Б.Отгонцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Борхүүгийн Отгонцэцэг нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нийтийн караокед З.Мягмарыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч З.Мягмар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Отгонцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин хохирогч З.Мягмар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон ба шүүгдэгч Б.Отгонцэцэгийн торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дуулга караокений камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.