Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2026/0004

 

 

 

 

 

 

  2026          03            11                                           125/ШШ2026/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна.

Нэгдүгээрт, Маргаан бүхий захиргааны актын үндэслэл хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-ыг үндэслэсэн байна. Тус хуулийн заалтад албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх гэж заасан байдаг. Гэтэл захирамжид ажлын өдөр, ажлын цагаар, удаа дараа гэсэн 3 үндэслэлээр уг захирамжийг гаргасан байдаг. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэдгийг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр яг тухайн ажлын байран дээр байхыг л ойлгодог. Ажлын ойролцоо гэдэг юм уу, эсвэл бусад газар гэдэг юм уу ийм байдлаар бол хуулийг тайлбарлах боломжгүй юм. Тухайн ажлын байран дээрээ байхыг хэлнэ эсвэл томилолтоор явж байгаа тохиолдолд бол энийг ажлын байран дээрээ байна гэж үздэг. Бусад тохиолдолд бол энэ ажлын байран дээр гэсэн ойлголт биш юм. Намайг ажлын байран дээр архи уусан гэдгийг эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллага тогтоогоогүй.

Цагдаагийн байгууллагаас ирсэн согтолтын зэрэг тогтоосон баримт байж байгаа. 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 17 цаг 38 минутад согтолтын зэрэг тогтоосон байдаг юм. Өөрөөр хэлбэл энэ бол ажлын бус цаг. Тогтоохдоо энэ ажлын байран дээр юм уу эсвэл томилолтоор явж байсан хугацаанд бол тогтоосон зүйл биш юм.

Хариуцагч талаас намайг төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд байгаа бол ёс зүйн дэд хорооны дүгнэлт гаргасан байх ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15.1.5-д “Ёс зүйн дэд хороо бол дүгнэлт гаргана” гэж заасан. Гэтэл ямар нэгэн байдлаар ийм дүгнэлт гараагүй. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт гаргах процессын ажиллагаанууд явагдах ёстой, энэ талаар ямар ч баримт байхгүй тул энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актын үндэслэл хууль бус байна.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16-г зөрчсөн гэж хууль зүйн үндэслэл дээрээ тусгасан байдаг. Гэтэл тухайн заалтыг зөрчсөн талаар ямар ч баримт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт буюу ёс зүйн зөрчил гаргасан, 37.1.16 дахь заалт буюу цаг ашиглаагүй талаар үндэслэл бүхий баримт байхгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл заалтуудыг үндэслэл болгосон захиргааны маргаан бүхий акт бол өөрөө хууль бус юм.

Гуравдугаарт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг үндэслэсэн. Уг тогтоолын 1.7-д төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байран дээр  согтуурсан тохиолдолд хариуцлага тооцохоор заасан. Маргаан бүхий захиргааны актад намайг томилолтынхоо явцад юм уу эсвэл ажлын болон ажлын бус цагаар ажлын байран дээрээ байсан уу гэдгийг ямар нэгэн байдлаар тогтоосон эрх бүхий байгууллагын баримт материал, шийдвэр байхгүй тул Засгийн газрын 258 дугаар тогтоолыг баримтлан гаргаж байгаа захиргааны акт бол хууль бус юм.

Дөрөвдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1-д сонсох ажиллагаа явуулах он сар, өдрийн талаар мэдээллийг мэдэгдэлд заавал тусгасан байна гэж хуульчилсан. Гэтэл надад өгсөн сонсох ажиллагааны мэдэгдэл дээр сонсох ажиллагаа хэзээ болох талаар ямар нэгэн он, сар, өдөр байхгүй.

Би хэдэн сарын хэдний өдөр ямар байдлаар тайлбараа өгөх ёстой вэ гэдгээ он, сар, өдрийг нь мэдэж байж өгөх үүрэг эрхтэй. Гэтэл энэ эрх эрхийг минь зөрчсөн. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг явуулах үүргийг захиргааны байгууллагад даалгасан байдаг. Сонсох ажил зохих хэмжээндээ хуулийнхаа дагуу журмынхаа дагуу явагдчихсан бол өнөөдөр бид нар энэ шүүх дээр уулзах шаардлагагүй л байсан.

Тавдугаарт, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4- дэх заалтыг  зөрчсөн. Энэ зүйлд төрийн албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Би шүүхэд хүсэлт гаргасан. 2018 оны 12 сарын 30-ны өдөр *******ын *******ийг Хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилсон засаг даргын Тамгын газрын даргын тушаал хэрэгт авагдчихсан байж байгаа. Тэгэхээр 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр гаргасан зөрчил дээр яагаад Засаг дарга шийтгэл ноогдуулаад байгаа юм бэ, Төрийн албаны тухай хуулийн 48.4-д заасны дагуу бол Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчил дээр Засаг даргын Тамгын газрын дарга л шийтгэл ноогдуулна. Энэ талаар бас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Зургаадугаарт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй гэж заачихсан байгаа. Гэтэл удаа дараа гээд байгаа 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үйл явдлыг зөрчил гэж бодоход шүү, түүнээс би зөрчил үйлдчихсэн юм биш, тухайн үед ажлын бус цаг буюу 17 цаг 38 минутанд гэж тэмдэглэсэн байгаа. *******ын хэлтсийн даргаас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас чөлөөлсөн. 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49-в/1472 дугаартай цагдаагийн газрын албан бичгээр мэдсэн гэж үзэж байгаа бол 10 дугаар сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад надад сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй болж байгаа юм.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулаагүй, хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нотлох баримт байхгүй зэрэг үндэслэлүүд байгаа учраас удаа дараа архидан согтуурсан гэдэг үндэслэл бол хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд халахыг хориглодог ба маргаан бүхий акт нь дээрх хуульд заасныг зөрчсөн

Иймд маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, намайг Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,  2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийн өдөр хүртэл буюу нийт 98 хоног ажилгүй байсан хугацааны цалин 17,558,170 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан 3 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар *******ын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас халсан.

Нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д заасан хориглолт, төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг зөрчсөн гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгчийг ажлын өдөр, ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Гэхдээ маргаан бүхий акт дээр “удаа дараа” гэдэг үг байгаа. Нэхэмжлэгч  урьд нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон, гэхдээ 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зөрчлийг үндэслэн тус захиргааны акт гарсан.  Ер нь заавал удаа дараа байхыг шаардахгүй. Архи, согтууруулах ундааг ажлын өдөр, ажлын цагаар хэрэглэсэн бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй. Тэгэхээр заавал удаа дараа биш нэг удаа хэрэглэсэн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнийг иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандаад согтолтын зэргийг нь тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдсан, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа. Тэгэхээр энэ нь шууд нотлогдож байгаа зүйл юм. Ер нь бол нэхэмжлэгчийн зүгээс заавал ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байж сахилгын шийтгэл оногдуулдаг, би ажлын байран дээр байгаагүй гэх тайлбар гаргаж байна. Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ажил өдөр ажлын цагаар ажил дээрээ байх ёстой. Ажлын байрнаас гадуур архи уусан нь хамаагүй гэдэг зүйл байхгүй. Ажлын өдөр, ажлын цагаар ажлын байран дээр биш гадуур уусан ч гэсэн энэ нь ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилтгаж үздэг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан асуудлаар нэхэмжлэгч тайлбар гаргасан. Тухайн хүний эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргах гэж байгаа учир сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай. Хариуцагч талаас энэ үүргээ биелүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан. Нэхэмжлэлийн зүгээс сонсох ажиллагаа явуулах хугацаа бол тодорхойгүй байсан гэдэг зүйлийг ярьж байна. Гардуулсан гарын үсэг зуруулсан баримт нь хэрэгт байгаа. Сонсох ажиллагааны мэдэгдэлд сахилгын шийтгэл ноогдуулах гэж байна, та бичгээр тайлбар гаргаарай гэж тодорхой заасан.

Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл  тайлбар гаргах хангалттай хугацаа байсан. Энэ хугацаанд бичгээр ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Захиргааны байгууллага буюу хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасан үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхлэн дээдлэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь ажлын өдөр гудамжинд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байгаа нь энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, тухайн албан хаагч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй ба ажил дээрээ ажиллаж байх ёстой байсан.

Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар мөн хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

2.3. Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн дагуу мөн төрийн төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулах журмын хүрээнд аймгийн *******ын хэлтсийн даргаар томилогдож, тэрнээс хойш үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа.

Миний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч *******тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтээ шүүх хуралдааны явцад гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж дараах үндэслэлээр тайлбарлан маргасан.

3.1.  Маргаан бүхий захиргааны актад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д заасныг баримталсан, энэ заалтад яг ажлын байранд байхдаа, эсхүл томилолтоор ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдлыг хамаарах ба энэ заалтад ажлын байрнаас гадна тохиолдолд хамаарахгүй, намайг ажлын байран дээрээ архи уусан гэдгийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй,

3.2. Маргаан бүхий актад “... удаа дараа архидан согтуурсан...” гэж дурдсан, хэрэгт 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн согтолт тодорхойлсон тэмдэглэл дээр 17 цаг 38 минут гэж бичсэн байгаа, энэ нь ажлын бус цаг, тухайн үед би Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба уг зөрчилд Засаг даргын Тамгын газрын дарга шийтгэл оногдуулахаас бус Засаг дарга шийтгэл оногдуулахгүй, мөн уг зөрчил илрүүлснээс хойш 6 сарын хугацаа хэтэрсэн буюу тус зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа хэтэрсэн,

3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д зааснаар ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргахаар заасан, ёс зүйн дэд хорооноос ямар нэгэн дүгнэлт гараагүй, маргаан бүхий захиргааны актад дурдсан хууль зөрчсөн талаар ямар ч баримт байхгүй,

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д сонсох ажиллагааны мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл тусгана гэж заасан, надад ирүүлсэн мэдэгдэлд сонсох ажиллагаа хэзээ, хаана явагдах талаар мэдээлэл тусгаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэх агуулгаар,

4. Хариуцагчаас “... маргаан бүхий актад удаа дараа архидан согтуурсан гэж дурдсан хэдий ч 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан, энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон, сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлж 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан ба энэ хугацаанд тайлбар гаргах боломжоор нь хангасан...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

5. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн тухайд:

5.1. Нэхэмжлэгч ******* нь анх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.

5.2. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор *******ийг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулсан байна.

5.3.  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/114 дүгээр тушаалаар *******ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон.

5.4. 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* Ховд аймгийн Цагдаагийн газрын дуудлагын утсанд мэдээлэл өгч, улмаар цагдаагийн албан хаагч нэхэмжлэгч *******ийг тус өдрийн 16:00-17:00 цагийн үед Жаргалант сумын нутаг дэвсгэр, Залуус хорооллын орчимд согтуу байхад нь Цагдаагийн газарт хүргэж, согтолтыг тодорхойлоход амьсгал дахь спиртийн агууламж 3.89 промиль байсан болохыг тогтоож тэмдэглэл үйлдсэн.

5.5. Ховд аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49-а/2963 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч *******ийн согтолтын зэргийг хэмжээг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******д хүргүүлж, улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар түүнийг Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

6. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

6.1. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн[1] төрийн жинхэнэ албан хаагч ба түүний ажиллаж байсан Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн /ТЗ-4/ ангилалд[2] хамаарч байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.

6.2. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг 6.1 дэх хэсэг, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны А/124 дүгээр захирамжийг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******ийг “...Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ зөрчиж албан ажилдаа хариуцлагагүй хандан, ажлын өдөр, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

6.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.2"төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, мөн хуулийн 8 дугаар зүйлд Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг тодорхойлсон ба мөн зүйлийн 8.2-д “...Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно”, 8.2.8-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан.

6.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4-т “төрийн албанаас халах;” гэж, байгууллагын дотоод журмын 9.2-т сахилгын ноцтой зөрчил гэдэгт....ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан... зэргийг ойлгоно...” гэж тус тус заажээ.

6.5. Нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл болон Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг үүргээ зөрчсөн буюу ажлын өдөр ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрч *******гийн “...2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагийн үед аймгийн *******ын хэлтсийн дарга ******* шинэ дулаан руу явдаг засмал замын хажууд согтуу байна гэсэн мэдээлэл ирсэн тул цагдаагийн 7043102 дугаарын утасруу залгаж мэдээлэл өгсөн,...Ховд аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49-а/2963 дугаар албан бичгээр *******ийн согтолтыг тодорхойлж ирүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...тус өдөр би зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ба төрийн албан хаагч гудамжинд согтуу байна гэх мэдээллийг 102 дуудлагын ажилтнаас өгсний дагуу тус өдрийн 16:00-17:00 цагийн үед дуудлага өгсөн газарт очиход Жаргалант сумын нутаг дэвсгэр, Залуус хорооллын засмал замын хажууд нэг хүн согтуу байсан,...манай жижүүрийн жолооч болон эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан цагдаа нар тус согтуу хүнийг ******* гэх хүн байна гэсэн тул мэдээллийн сангаас овог нэрээр нь хайхад зураг нь тус согтуу хүн мөн байсан,... *******ийн эхнэрийн дугаарыг нь олж утсаар холбогдож гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49-а/2963 дугаар албан бичигт “...танаас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “төрийн албан хаагч гудамжинд согтуу сууж байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, иргэн *******ийн согтолтын зэрэг 3.89 хувь байсан тул гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх баримтуудаар тогтоогдож байна.

6.6. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д дурдсанаар нэхэмжлэгч ******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч тул төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ажлын өдөр ажлын цагаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжүүлэн, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэгтэй байна.

6.7. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байхад тус хуульд заасныг зөрчиж буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д дурдсан баримтуудаар тогтоогдсон тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын зөрчөөгүй байна гэж үзлээ.

6.8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:”, 1.1-д “харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;”, 1.7 төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох; гэж,

6.9. Мөн Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/124 дүгээр “Хууль хэрэгжүүлж, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээний тухай” захирамжийн 1 дэх заалтаар төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг ... Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга... нарт үүрэг болгож, 1.1-д “төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн томилолтоор ажиллах үедээ согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоож хориглох...” гэж заасан.

6.10. Дээрх тогтоол, Засаг даргын захирамжийн зохицуулалтаас үзвэл төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зорилготой ба тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох агуулгатай тул нэхэмжлэгчийн “...яг ажлын байранд байхдаа, эсхүл томилолтоор ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдлыг хэлэх ба энэ заалтад ажлын байрнаас гадна тохиолдолд хамаарахгүй, намайг ажлын байран дээрээ архи уусан гэдгийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй...” гэх гэх тайлбар үндэслэлгүй байна.

6.11. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол мэдээллийг ёс зүйн хороо, ёс зүйн дэд хороонд гаргана”, 14.2-т “Гомдол мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна”, 15 дугаар зүйлийн 15.1.5-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, үндэслэлийг туслах” гэж тус тус заасан.

6.12. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргахад тавигдах шаардлага, гомдол мэдээллийг хүлээн авах харъяалал, гарах шийдвэрийн талаар зохицуулсан ба ёс зүйн зөрчилтэй холбоотой бүх гомдол мэдээллийг заавал ёс зүйн хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргахаар  зохицуулаагүй байна.

6.13. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үйл баримтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон буюу маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ажлын өдөр ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон байхад заавал ёс зүйн дэд хорооноос дүгнэлт гарсан байхыг шаардахгүй, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д зааснаар ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргахаар заасан, ёс зүйн дэд хорооноос ямар нэгэн дүгнэлт гараагүй...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

6.14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх,... ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.2-д “саналыг бичгээр авах”, 27.4.3-д “биечлэн уулзах”, 27.4.4-д “утсаар санал авах”, 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах”, 27.4.6-д “төлөөлөгчөөр дамжуулан санал авах” гэж тус тус заасан.

            6.15. Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэлийн хуулбар зэрэг баримтаас үзвэл сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч *******т хүргүүлсэн, тус мэдэгдэлд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тул мөн хуулийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулахаар дурдсан, энэхүү мэдээлэл, үндэслэлтэй танилцаж саналаа бичгээр, биечлэн уулзах, утсаар, цахимаар, төлөөлөгчөөрөө дамжуулан өгөх эрхтэйг тус тус дурдсан, түүнчлэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээлгэн өгснөөс хойш 56 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан байхад “...сонсох ажиллагаа хэзээ, хаана явагдах талаар мэдээлэл тусгаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

            6.16. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл оногдуулахаар сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангасан байхад “...сонсох ажиллагаа хэзээ, хаана явагдах талаар мэдээлэл тусгаагүй...” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            6.17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн *******ын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МЯНГАНБАЯР

 

[1] Хавтаст хэргийн 48-49-р хуудас

[2] Хавтаст хэргийн 40-45-р хуудас