Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 42

 

Д..............ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б..............баатарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д..............ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б..............баатарт холбогдох,

Хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, байшинд засвар хийсэн зардал 9.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д..............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дуламрагчаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Д.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн зам овоолгын хэсэгт токарьчин Бэх-Ориг овогтой .............баатар нь миний өмчлөлийн 0.7 га газрын гэрчилгээтэй хашаа байшинг түрээслэн сууж, улмаар худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж 2017 оны 06 дугаар сард хашаа байшингийн үнэ 14,0 сая төгрөгийг өгч авалцахаар гэрээ хийж гарын үсэг зуралцсан юм. Б..............баатар нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөх байсан боловч одоохондоо боломж муу байгаа тул гэрээг удаа дараа сунгахыг хүссэнийг харгалзан энэ хүнд өндөр итгэл найдвар хүлээлгэн гэрээг 3 удаа сунгасан юм. 1 дэх гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 2017 оны 06 дугаар сар хүртэл, 2 дахь гэрээ 2018 оны 6 сар дугаар хүртэл, 3 дахь гэрээ 2019 оны 6 дугаар сар хүртэл эцсийн гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Манай байр нь их засвар хийсэн өвлийн дулаалгатай тохилог байр бөгөөд бид өөрсдөө сууж байсан юм. Гэтэл .............баатар нь хашаа байшинг худалдаж аваагүй байж бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн ханууд, ханан пийшинг буулгаж өрөөг томсгож зассан юм билээ. Яагаад гэрээ хэлцэлгүй байшинг зассан тухай асуухад бид нэгэнт авахаар шийдсэн тул танд мэдэгдэхгүй зассан юм гэж хэлсэн. Энэ нөхөр хашаа байшинг минь худалдаж авах нь битгий хэл 2019 оны түрээсийн төлбөрөө жилээр өгөхгүй сууж байна. Манай гэр бүлийн хүн 2017 онд нас барж ганц бие үлдсэн миний бие Улаанбаатар хот дахь хүүхдүүд дээрээ амьдарч байна. Миний бие эмнэлгийн байнгын хяналтанд байдаг болохоор хашаа байшинг хөөцөлдөж Эрдэнэтэд очих боломжгүй байгааг далимдуулан хашаа байшингийн талаар ярих битгий хэл утсаар ярих гэхээр эхнэр нөхөр хоёр хоёулаа утсаа хаачихаад ярихгүй зугтаад байгаа болно. Иймд намайг 3 жил дараалан хуурч худлаа хэлж үнэ өртөггүй хашаа байшинг минь эзэмшиж байгаа Н..............баатарыг албадан нүүлгэн гаргаж хашаа байшинг суллуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав” гэжээ.

Нэхэмжлэгч Д.............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

“.............баатар нь миний хувийн хашаа байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ ёсоор төлөх төлбөрийн тооцоог хийлгүй явж ирсэн тул 2019 оны бүтэн жилийн түрээсийн төлбөр 840.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.............. сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Бид хашаа байшинг эзэмшин суух талаар гэрээ хийж мөрдөж байсан юм. .............баатарыг миний эзэмшлийн байшинг эзний зөвшөөрөлгүй нураасан. Үүнд: Байшингийн үүдний 3х3 харьцаатай шилэн тамбур, гал тогооны 2 талын ханын өрлөгийг буулгасан, 3 худагтай том ханан пийшинг нураасан, байшингийн зүүн талын ханыг бүхэлд нь буулгасан, энэ хэсэгт байсан зуны модон байрыг буулгаж байшингийн зүүн талыг блокоор өрсөн. Ямар ч засвар хийх шаардлагагүй байшингийн төмөр дээврийг нураасан. Миний ханын пийшинтэй, том жижиг өрөөтэй гал тогоо бүхий байрыг буулгаж 12 метр урттай хөндий байр болгон хувиргасан. Иймд байшин доторх хосуудыг нурааж, байрыг минь сүйтгэчихээд хэний ч зөвшөөрөлгүй, дур мэдэн засвар хийсэн мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй болно. .............баатарын прокурорын мэдүүлгэнд 5-6 шүүхийн мэдүүлэгт 9 000 000 төгрөг гэсэн нь ямар ч үндэслэлгүй худлаа хэлж байгаа баримт юм. Миний амьдарч байсан байшинг нурааж сүйтгэчихээд засварын мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. Энэ нөхрөөс хашаа байшинг минь албадан чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна. Засварын мөнгө төлөх ямар ч үндэслэлгүй болно гэдгийг баттай хэлэх байна” гэжээ.

Хариуцагч Б..............баатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие Б..............баатар нь Орхон аймаг Баянбулаг багийн Баян-Өндөрийн 3-90 тоот буюу ............. гуайн гарын дагуу эхнэр Дуламрагчаагийн хамт уулзан 2016 оны 06 дугаар сараас эхлэн сарын 70 000 төгрөгөөр тооцон сар бүр өгч байхаар тохирч түрээсэлдэг байсан. 2017 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон өгч дуусгаад 1 дүгээр сараас эхлэн улирлаар өгөхөөр тохирч өгч эхэлсэн. Тэгээд өөр хашаа байшин худалдаж авах гэж байгаа гэхэд ............. гуай хөгшинтэйгөө манайх энэ хашаа байшинг зарна, та хоёр авахаар болбол өгсөн түрээсийг хасч тооцъё гэж бид тохирсон. Бид хаан банктай уулзахаар болж гэрчилгээ байгаа юм уу гэхэд байгаа гэсэн. Тэгээд бид хашаанд нурсан байсан нойл болон зоорины нүхийг битүүлж цэвэрлээд эдийн засагч залууд үзүүлэхэд банкны шаардлага хангахгүй юм байна гээд лизингэд хамрагдах боломжгүй гэдгийг нь ............. гуай хэлсэн. Тэгээд ............. гуай тухайн үед та хоёр засвар хийчих, өөрийнхөө юм шиг засаатах, тэгээд шилжүүлж тохиръё гэхээр бид хаан банкнаас зээл авч засвар хийсэн. 2017 оны 06 дугаар сард дуусгаад ............. гуайд одоо шилжүүлж авъя, одоо банкны шаардлага хангахаар боллоо гэхэд хөгшин маань өнгөрсөн, 1 жилийн дараа хөдөлгөөнд оруулдаг юм байна гээд бид сар болгон түрээсээ өгөөд гэрээг сунгасан. Бид ............. гуайг хуурч, мэхэлсэн зүйлгүй өөрсдийн аав ээж шигээ бодож явсан. Харин ч ............. гуайн ямар гэрчилгээгүй болон хөндий, хундаам ч цутгаагүй байшингаа засаж янзлуулчхаад 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулан авчихаад бид нарыг гүтгэж байгаа. Бид нар хүний юманд зүгээр хөрөнгө оруулна гэж байхгүй шүү дээ. Өөрийн зөвшөөрлийг үндэслэн ХААН банкнаас зээл авч засвар хийсэн. Бид энэ үед үнэхээр итгэж байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулахдаа газрынхаа талыг хүртэл хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Бид түрээсийн тухай бүрийн гэрээ нь .............т байгаа. Хамгийн сүүлийн 2019 оны 02 дугаар сарын гэрээнд бүр /хашаа байшинг өөр хүнд зарах ба шилжүүлсэн тохиолдолд/ засварын мөнгийг буцаан авна гэсэн үг байгаа. Бид хүний хашаа байшингаар яахав дээ. Зөвхөн засварт орсон мөнгийг минь эргүүлж өгөөч, бид суллаж өгөхөд бэлэн байгаа. Бид ядарсан хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүү, өндөр настай ээжийгээ асардаг. Ийм хүний юманд шунах сэтгэл байхгүй. Иймд эдгээр хүмүүсээс засвар хийсэн 9 000 000 төгрөгийг авах хүсэлтэй байгаа. Та бүгд үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Бид түрээсийн мөнгө сар бүр 70.000 төгрөг жилд 840.000 төлдөг” гэжээ.

Хариуцагч Б..............баатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Та нар өөрийн юм шиг засвараа болон өргөтгөлөө хийчих, би түрээсэнд өгсөн мөнгийг чинь хасчихна гэсний улмаас бид тохирч н.Пүрэвдорж, Н.Баярмагнай, н.Хишигжаргал нартай тохирч засвар болон өргөтгөл хийлгэсэн. 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 11 дүгээр сар хүртэл хийж дуусгасан. Ингээд ............. гуайтай уулзахад хөгшин бие муу байгаа гээд өөрөө хүртэл ирж үзсэн. 2018 онд бид ............. ах руу утастаж одоо шилжүүлэх боломж байна уу, бид цалингийн зээл авах гэж байна, нэрэн дээрээ шилжүүлж авъя гэхэд хөгшин нас барсан, гэрээн дээр хөгшний нэр байгаа, жил хөдөлгөж болохгүй гэсэн гээд бид түрээсийн гэрээг сунгасан байдаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сард осолд орсон хүүгийн бие муудаж бид өөрснөө ажлаасаа 1 жилийн чөлөө авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Ингээд 2019 оны 02 дугаар сард Д..............тай гэрээ сунгаж уулзсан. Бид учир байдлаа хэлээд /одоо бид худалдан авах боломж муудлаа шүү, хэрвээ та нар өөр хүнд зарах юм уу, шилжүүлсэн тохиолдолд засвар болон өргөтгөлд орсон мөнгөө гаргуулан авна гэсэн/ өгүүлбэр оруулан гарын үсэг зураад сунгасан. Энэ бүгд гэрээнүүд Д.............. гуайд байгаа. Одоо Д.............. гуай болон хүүхэд нь бид нарыг үг хэлээр доромжлон гүтгэн гүжирдэж байгаад үнэхээр гомдож байгаа. Эдгээр хүмүүс нь хундаамгүй, ямар гэрчилгээгүй, дулаалгагүй байшингаа янзлуулан гэрчилгээгээ гаргуулан авч, зориуд бидний мөнгийг өгөхгүй гэж санаатай арга заль хэрэглэж байна. Бид хүний юманд шунах сэтгэл байхгүй. Ердөө өргөтгөл болон засварт оруулсан ба засвар хийсэн хүмүүсийн зардлаа гаргуулан авахыг хүсч байна. Бидний мөнгийг өгчихвөл бид гарахад бэлэн байна. Иймд та бүгдийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Бид Д.............. гуайгаас нийт 9 сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрээр:

Д..............ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б..............баатар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгч Д..............аас 4 145 000 төгрөг гаргуулан  Б..............баатарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 014 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94.718 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “талуудын хооронд иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсчээ. Мөн хуулийн 289.3.-т хөлслүүлэгчийн зөвшөөрлийг авахыг хуулиар зохицуулсан боловч энэ нь заавал бичгээр зөвшөөрөл авах зохицуулалт биш байна” гэж шийдвэрийнхээ үндэслэлийг заажээ. Талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөх талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн эхнээсээ бичгийн хэлбэрээр гэрээ байгуулан хугацаа тогтоож, хугацаа дуусах бүр гэрээг мөн бичгийн хэлбэрээр сунгаж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Өөрөөр хэлбэл талууд уг эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой бүхий л эрх, үүрэг, хүсэл зоригоо бичгийн хэлбэрээр буюу гэрээгээр тохиролцож баталгаажуулж байсан учир талуудын аливаа эрх үүрэг түүний дотор засан сайжруулалттай холбоотой асуудлыг бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээ, түүний холбогдох заалтыг гол үндэслэл болгон шийдвэрлэх ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээнд эд хөрнгө засан сайжруулах талаар хөлслүүлэгч хөлслөгчид эрх олгосон буюу зөвшөөрсөн нэг ч заалт, тохиролцоо байгаагүй нь хөлслүүлэгч хөлслөгчид энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч, эрх олгоогүй гэдгийг нотлох гол баримт болно. Иргэний хуулийн 288 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч нь “өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй” гэсэн нь засан сайжруулалт хийх зөвшөөрлийг хөлслөгч хөлслүүлэгчээс зөвхөн гэрээнд заасан хэлбэрээр авсан нөхцөлд хөлслүүлэгч үнийг төлөх энэ шаардлага хангагдаагүй буюу засан сайжруулалт хийх талаар талууд “гэрээнд өөрөөр зааж" тохиролцон. Нэг тал нь нөгөөдөө зөвшөөрөл өгсөн заалт гэрээнд байхгүй нөхцөлд үнийг төлөхөөс татгалзах эрхийг хуулиар олгожээ. Гэтэл шүүх хуулийн энэхүү шаардлага, холбогдох зүйл заалтыг буруу тайбарлан хэрэглэж хуульд нийцээгүй шийдвэр гаргажээ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.4-т тус тус зааснаар хөлслөгч хөлсөлж байгаа орон сууцанд хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт хийхгүй байх үүрэгтэй, хэрэв засан сайжруулалт хийх нөхцөлд заавал хөлслүүлэгчээс зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлагыг хангасан нөхцөлд засан сайжруулалтанд гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй болох талаар тодорхой заан хуульчилжээ. Хэрэгт авагдсан үйл, баримт талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл хөлслөгч Б..............баатар хөлсний орон сууцанд засан сайжруулалт хийхээсээ өмнө хөлслүүлэгч буюу гэрээний нөгөө тал болох Д..............т мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болох нь нотлогддог. Харин засан сайжруулалт хийсний дараа хөлслүүлэгч миний бие энэ талаар өөрөө олж мэдсэн. Шүүх дээрх гаргасан шийдвэрийхээ үндэслэл болгож байшинг нь нурааж байхад нэг өвгөн ирж үзсэн гэх тодорхойгүй утга, агуулгатай гэрчийн мэдүүлэг, Д.............. пийшингээ авч явсан гэх хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр нотолгоо болгож үндэслэлээ тайлбарлажээ. Нэгэнт өөрөөс минь зөвшөөрөл авч мэдэгдэлгүй эд хөрөнгийг нурааж, хийгдсэн засварыг дараа нь мэдэж байгаа үйл баримт болон, мөн засвар хийгээд суллаад авч орхисон пийшингээ буюу эд хөрнгөө үрэгдэж алга болохоос өмнө авч явсан зүй ёсны үйлдлийг дээр дурдсан хуулийн зүйл заалтууд дахь засвар хийхээс өмнө урьдчилан мэдэгдэж, харилцан тохиролцож зөвшөөрөл авах хуулийн шаардлагыг хангасан мэтээр мушгин тайлбарлаж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй болоход хүргэжээ. Өөрөөр хэлбэл хөлслөгч хөлслүүлэгчээс хуулийн шаардлагын хүрээнд урьдчилан зөвшөөрөл авсан болохыг хөдөлбөргүй нотолсон нэг ч баримт байхгүй байхад огт үндэслэлгүй шийдвэр гаргаж хууль зөрчжээ. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгийг өөрөөр тайлбарлан үүнийгээ шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль зөрчсөн. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...засвар хийж байхад буюу арк нурааж байхад Д.............. ирж үзэж харж байсан гэдгийг гэрч Н.Баярмагнай мэдүүлсэн." гэжээ. Гэтэл гэрч Н.Баярмагнай гэдэг хүн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "... Д..............ыг өмнө нь танихгүй, засвар хийгээд эхлүүлсний дараа нэг хөгшин орж ирж байсан ..." гэсэн бөгөөд түүнээс “... энэ ирж үзсэн хүн Д.............. яг мөн үү, тэр хүн засварыг зөвшөөрч байсан уу, ийм үг яриа талуудын хооронд болсон уу? ...” гэж асуухад “... би Д.............. гэдэг хүнийг танихгүй, ямар ч байсан нэг удаа засварын ажил эхлүүлсний дараа нэг хөгшин орж ирж байсан, засварыг зөвшөөрсөн, эсэргүүцсэн ямар нэг үг яриа талуудын хооронд болоогүй ...”гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүх үндэслэл хэсэгтээ "... хариуцагчийн дээрх тайлбарыг буюу Д.............. пийшингээ ирж авч явсан гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй ...” гэж улаан цайм гөрджээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар опг мэдэхгүй бөгөөд шүүхийн дүгнэсэнчлэн гэрчийн мэдүүлгийг дэмжсэн ямар нэг үг үйлдэл огт илэрхийлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой татгалзлаа эхнээс нь тууштай дэмжиж холбогдох баримт гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно. Талуудын өмнө байгуулсан гэрээнээс үзвэл хөлслүүлж байсан орон сууц түүний доорх газар хашаа бусад эд хөрөнгийн хамт бүхэлдээ 9 сая төгрөгөөр худалдан авахаар үнэ тохирч байжээ. Гэтэл зөвхөн орон сууцны зарим хэсэгт хйисэн засан сайжруулалтын 15 саяар үнэлсэн. Зөвхөн орон сууцны зарим хэсэгт хийсэн засан сайжруулалтыг хариуцагч Б..............баатар 9 сая төгрөгөөр үнэлж үүнээс шүүх баримтаар тогтоогдсон гэх 4.145.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн засан сайжруулахтай холбоотой баримт нь нэлээдгүй урт хугацаанд цувуулж хийсэн урсгал засварын шинжтэй баримтууд байгаа нь шууд засан сайжруулалтын зардлал гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүх Иргэний хуулийн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.4-т тус тус заасан хөлслөгч хөлсөлж байгаа эд хөрөнгөд засан сайжруулалт хийх нөхцөлд хөлслүүлэгчээс зөвшөөрөл авах гэсэн хуулийн шаардлагыг хангаж засвар хийхээс өмнө талууд энэ талаар харилцан ойлголцож, хөлслүүлэгч хөлслөгчид зөвшөөрөл өгсний үндсэн дээр засан сайжруулах ажил хийгдэх гэсэн хоёр талын хүсэл зориг, ойлголцол, зөвшөөрөл дээр явагдах хуулийн ойлголтыг үгүйсгэж хөлслөгч өөрийн дураар дангаар шийдвэрлэн засварын ажил эхлүүлж, үүнийг нь хөлслөгч хожим мэдсэн асуудлыг зөвшөөрөл олгосон мэтээр тайлбарлан шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хөлслүүлэгч хийгдсэн засан сайжруулалтыг хүлээн зөвшөөрөөгүй, үүнийгүнийг төлөхгүй гэдгээ гэрээгээр илэрхийлсэн, хөлслөгч мөн засан сайжруулалттай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхгүй гэдгээ гэрээгээр хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг шүүх огт авч үзээгүй бөгөөд дээрх баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэртээ заасангүй. Засварын ажил хийсний дараа талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх талаар 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хийгдсэн 3 дахь гэрээний 4 дэх заалтад “...сүүлийн хугацаа 2019 оны 6 дугаар сар бөгөөд, өөр бусдад зарахад гомдолгүй бөгөөд байшинд засвар хийсэн бүх юманд өөрийн болгоогүй улмаас хийсэн нь бидний буруу болно...” гээ дмөн гэрээний доор нэмэлт байдлаар “ хүлээн зөвшөөрч байна. Харин өөр хүнд зарагдах болсон тохиолдолд өөрийн засвар хйисэн мөнгөө гаргаж авна. Бид энэ хугацаанд өөрийн болгож авна” гэсэн заалтыг оруулж талууд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээний заалтаас үзвэл хөлслөгч уг эд хөрөнгийг үнийг төлөөд худалдан авна гэсэн итгэл үнэмшлээр өөрөө дур мэдэн засвар хийсэн бөгөөд, хэрэв худалдан авч чадахгүй, эд хөрөнгийн үнийг төлөхгүй нөхцөлд зөвшөөрөлгүй засвар хийсэн буруутэй үйлдлийн улмаас гарсан зардлаа нэхэмжлэхгүй, харин хөлслүүлэгч эд хөрөнгөө хөлслөгчөөс өөр хүнд зарсан нөхцөлд засварт гарсан зардлаа хэн нэгнээс гаргуулан авах тухай нэмэлт оруулсан. Энэхүү гэрээний заалтаар хөлслүүлэгч Д.............. миний хувьд эхнээсээ засвар хийх талаар зөвшөөрөөгүй, хожим засвар хийснийг мэдэж, хөлслөгчийн зүгээс эд хөрөнгийг худалдан авах санал тавьж энэ үүргээ нэмэлт гэрээнд заасан хугацаанд биелүүлж эд хөрөнгийг өөрийн болгож чадахгүй бол зөвшөөрөлгүй засвар хийсэн буруу үйлдэл түүний улмаас гарсан зардалаа нэхэмжлэхгүй байхаа хүлээн зөвшөөрсөн билээ. Хөлслөгч Д.............. би дээрх эд хөрөнгийг хэн нэгэнд зарахаар тохироогүй харин хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч, шүүх зөвшөөрлийг баталсан болно. Тиймээс гэрээний дагуу ч хөлслөгч хөлслүүлэгчээс засан сайжруулахад гаргасан зардлаа нэхэмжлэх эрхгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.............. нь хариуцагч Б..............баатарт холбогдуулан хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б..............баатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, байшинд засвар хийсэн зардал 9.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг, баян-Өндөр сум, Баянбулаг баг Баян-Өндөр 3-90 тоотод байрлах хашаа байшинг 2017 оны 06 дугаар сарыг дуустал сарын 70.000 төгрөгөөр хөлслөх , цаашид худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээ 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2018 оны 06 дугаар сар хүртэл сунгахаар тохиролцон нэмэлт гэрээ байгуулсан, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хашаа байшинг 14.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч 3 жилийн хугацаанд худалдаж авч чадахгүй, түрээслэж сарын 70.000 төгрөг төлнө сүүлийн хугацаа 2019 оны 06 дугаар сар байхаар тохирч 3 дахь удаа гэрээгээ сунгасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Б..............баатар нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд тухайн байшинд 9 сая төгрөгийн засвар хийсэн, Д.............. нь өөрөө танайх худалдаж авах юм чинь засвараа хий, түрээсийн төлбөрөөс засвар хийсэн зардлаа хасаад тооцно гэж хэлсэн учраас байшинд засвар хийсэн, засвар хийж байхад өөрөө ирж үзэж байсан мөртлөө одоо засвар хийх зөвшөөрөл өгөөгүй гэж маргаж байгаа тул хашаа байшинг буцаан өгч түрээсийн төлбөр 840.000 төгрөгийг төлнө, засварын зардал 9 сая төгрөгийг Д..............аас гаргуулна гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3.-т хөлслүүлэгчийн зөвшөөрлийг авахыг хуулиар зохицуулсан боловч энэ нь заавал зөвшөөрлийг бичгээр авах зохицуулалт биш, Д..............т засвар хийнэ гэдгийг хэлсний үндсэн дээр Д.............. нь пийшингээ гал голомт гэдэг утгаараа авч явсан, засварын ажил явагдаж байхад мөн ирж үзэж орж гарч байсан зэрэг нь засвар хийхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт хийж байшинд засвар хийсэн зардлыг хэрэгт цугларсан баримтын хэмжээнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 289.1.3.-т хөслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх тухай зохицуулсан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д..............аас энэ хуулинд заасан үндэслэлийн дагуу зөвшөөрөл авсан гэж үзэх боломжгүй, засвар хийх тухай нэхэмжлэгч Д..............т албан ёсоор мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан эсэх нь хангалттай тогтоогдоогүй, Д.............. хөгшинтэйгээ ирээд засвар хийх зөвшөөрөл өгөөд пийшингээ аваад явсан гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй. Гэрч Н.Баярмагнай нь анх засвар хийх талаар Д..............тай ярилцаж зөвшөөрөл авч байсан эсэхийг гэрчлээгүй, байшингийн арктай хэсгийг нурааж байхад орж ирж хараад явсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Иймд хариуцагч Б..............баатар нь нэхэмжлэгч Д..............аас байшинд засвар хийх талаар зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлахдаа холбогдох хуулийг хэрэглээгүй, байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Д..............ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б..............баатар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар Д..............ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б..............баатар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгч Д..............аас 4 145 000 төгрөг гаргуулан  Б..............баатарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 014 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94.718 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай ...” гэснийг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д..............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    С.УРАНЧИМЭГ