| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2025/0074/З |
| Дугаар | 125/ШШ2026/0005 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 125/ШШ2026/0005
2026 03 12 125/ШШ2026/0005
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч *******ээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан.
2.2. Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн Б/103 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2.3, 5.2.6-д заасныг тус тус үндэслэн *******ийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Тус цэцэрлэгт 2004-2011 оны хооронд анх багшаар, 2011-2014 онд цэцэрлэгийн арга зүйчээр, 2014-2017 онд мөн багшаар, 2017 оноос хойш халагдах хүртлээ цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажилласан билээ. Ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй.
Сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр цэцэрлэг маань "зөрчилгүй" дүгнэлт авч, сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 89,98%-тай, 2023 онд 92.68%-тай, 2024 онд 96%-тай үнэлэгдэн амжилттай ажиллаж байгаа. Гэтэл Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б\103 дугаартай тушаалаар 2025 оны 06 сарын 12, 13, 16-ны өдрүүдэд ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т "... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан..." гэж, мөн зүйлийн 80.1.5- т "...ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон..." гэж тус тус заасан.
Гэтэл дээрх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй байдаг.Намайг эрхлэгчийн ажил эрхлэх хугацаанд алдаа дутагдал гаргасан, сахилгын зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулж байгаагүй. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг сайтар биелүүлж зохих шагнал урамшуулал авч байсан итгэл алдсан зүйл байхгүй. Ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, эд хөрөнгийн алдагдал гаргаж байгаагүйг он оны байгууллагын ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс харж болно.
Мөн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тухай амаар мэдэгдсэн ба тушаалтайгаа танилцъя гэхэд байхгүй ******* сум руу явуулчихсан гэж хэлсэн. Тушаалыг 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авч танилцсан. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 8 дугаар сарын 28-ны өдрөө Ховд аймгийн Боловсролын газрын Б\104 дугаартай тушаалаар *******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон байдаг. Ажил хүлээлцэх хугацаа 08 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болохоор заасан мөн тушаалтай ч танилцуулаагүй байж миний ажлын байрыг нэн даруй өөр хүнд шилжүүлсэн нь тухайн халалтын үндэслэлийг улам бүр эргэлзээтэй болгож байгаа бөгөөд зохион байгуулалттай, төлөвлөж ажлаас халсан үйл явдал гэж би харж байна.
Миний бие 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд ажил тасалсан гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн. Би тухайн өдрүүдэд ажил таслаагүй, хамт олныхоо хурлыг хийгээд хурлынхаа протоколдоо тусгаад бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг байдлаар хэлэлцсэн. Манайх аялал зугаалгад ойрын хэдэн жил яваагүй тэгээд бас хүсэлтийнхээ дагуу хамт олныхоо саналыг хүндэтгээд явсан юм. ******* сумын 1 дүгээр цэцэрлэг бас ийм хүсэлт боловсролын газарт илгээгээд явж байна гэх мэдээллийг бид нар судлаад хурлаараа оруулж ирээд хамтын шийдвэртээ тусгаж өгсөн байгаа. Би аялалд явах хүсэлтээ Боловсролын газрын даргад нэг хувийг нь илгээгээд и-мэйлээр бас илгээсэн. Илгээсэн талаараа мэдэгдэхээр түүний утсаар холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Тухайн өдөр сумын Засаг даргад мөн нэг хувийг хүргүүлэхэд тэр байгаагүй утсаар мэдэгдэж зөвшөөрөл авч мөн хүсэлтээ хүргүүлсэн юм.
Хариуцагчийн тайлбарт намайг ямар нэгэн хариу ирүүлээгүй гэж хэлсэн байна. Би хүсэлттэй холбоотой Боловсролын газрын даргын хувийн утсаар залгасан боловч утсаа аваагүй. Бусад цэцэрлэгт хариу өгсөн талаар нь асуухад мөн өгөөгүй байдаг. Миний бие ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс явах шаардлагатай байсан. Мөн ёс зүйн ямар нэгэн хариуцлага хүлээж байгаагүй гэдгээ илэрхийлж байна.
Санхүүгийн сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр ямар нэгэн зөрчилгүй гэх дүгнэлт манай байгууллага авсан. Бас сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 3 дугаар түвшинд, 2023 онд улсын хэмжээнд бас 1 дүгээр түвшинд, 2025 онд 3 дугаар түвшинд үнэлүүлсэн. Ийм амжилттай ажиллаж байсан. Би алдаа дутагдал их гаргаагүй гэж өөрийгөө үнэлж байгаа. Хөдөлмөрийн гэрээг болохоор ******* даргатай байгуулаад явж байсан.
Чөлөөний хувьд утсаар ярьсан мөн албан тоотоо Боловсролын газарт хүргүүлэх юм байна аа гээд ярилцаад бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гээд манайх хуримтлалын сангаа үүсгэсэн. Бид ярилцаад үйлдвэрчний эвлэлийн мөн хуримтлалын сан үүсгэсэн мөнгөө хамт олон бүрдээ тайланг нь тавиулаад хамт олны саналаар хувь хүнийхээ дансанд аялалдаа явахаар болсон. Хурлынхаа шийдвэртээ Боловсролын газарт энэ саналаа хүргүүлэхээр ийм хүсэлт өгсөн. Өмнөх цэцэрлэгүүд ингээд яваад ирсэн эсэхийг судлаад Засаг даргад нэг хувийг нь хүргүүлээд шийдвэртээ албан ёсоор тусгасан. ******* даргатай утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. Сумын Засаг даргад албан бичгээ хүргүүлэхэд тэрээр хөшөөний нээлтэд явсан байсан тул бид утсаар холбогдож чөлөө зөвшөөрлөө авсан. Засаг даргын танилцсан албан бичгийг баримт болгож гаргаж өгсөн байгаа гэжээ.
3.2. Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга *******гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийг Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.3, 5.2.6-д заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.
1. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 12, 13,16-ны ажлын өдрүүдэд буюу Ховд аймгийн боловсролын газрын даргаас буюу ажил олгогчоос чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажлын 3 өдөр ажил тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан заалтад нийцсэн. Хөдөлмөрийн гэрээний 5.2-д ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу "ноцтой зөрчил" гэх ойлголтод дараах зөрчлүүд хамаарна. үүнд гээд хөдөлмөрийн гэрээний 5.2.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил (ажлын 16 цагаас илүү) тасалсан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан заалтад хамаарч байна.
2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-д заасан "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.5. "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг гэж томьёолж өгсөн бөгөөд ******* нь хувийн ашиг сонирхол үүсгэсэн.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж зааж өгсөн. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарна гэж зааж өгсөн. Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт багшаар бүлгийн багш ******* ажиллаж байгаа бөгөөд ******* нь *******ийн өөрийн хүүгийн эхнэр, бүлгийн багш ******* цэцэрлэгт ажиллаж байгаад бөгөөд *******ын аав Н.Мэндсайхан ******* хоёр ах дүү хоёрын хүүхдүүд, бүлгийн багш цэцэрлэгт ажиллаж байгаа бөгөөд гийн хадам ээж ******* хоёр ах дүү хоёрын хүүхдүүд, туслах багш цэцэрлэгт ажиллаж байгаа бөгөөд нь *******ийн төрсөн эгчийнх нь том залуутай суусан, цэцэрлэгийн үйлчлэгч *******ийн хүргэн ахынх нь дүүгийн эхнэр, цэцэрлэгийн жижүүр М.Нямсайхан *******ийн нөхөр ийн эмэгтэй дүүгийнх нь нөхөр, цэцэрлэгийн нягтлан ийн аав *******ийн аавууд ах дүү нарын хүүхдүүд ингэж хувийн ашиг сонирхолд автаж, хамаарал бүхий этгээдүүд Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт ажиллаж байгаа. ******* цэцэрлэгийн эрхлэгч учраас дээр дурдсан хүмүүсийг тушаал гаргаж ажилд нь авсан байна.
3. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д ажилтан 3 нь ажил олгогчийн тавьсан хууль болон энэхүү гэрээнд нийцсэн зүй ёсны шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл ийнхүү татгалзахыг бусад ажилтанд уриалан дурхирсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцална гэж зааж егсөн. Ховд аймгийн ******* сумын цэцэрлэг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь өгөөгүй. Ховд аймгийн боловсролын газраас хугацаа зааж өгсөн бичгийг хугацаанд нь өгдөггүй. Ховд аймгийн боловсролын газраас зохион байгуулсан тогтооч нарын сургалтанд тогтооч нараа суулгадаггүй. Суралцагчийн ирцийн мэдээллийг хугацаанд нь өгдөггүй. Байнга араас нь нэхүүлж байж өгдөг. Хүүхдийн хоолны хүнсний түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалтын талаарх мэдээллийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй. Албан бичигт тавих стандарт буюу төрийн байгууллагууд монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавигдах үндсэн шаардлага MNS6395:2022 стандартыг мөрдөж, баримт бичгээ монгол бичгээр хослуулан хөтөлдөггүй.
4. Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025.04.28-ны өдрийн 35-02/176 дугаартай актаар цэцэг сумын эрхлэгч *******ээр илүү олгосон хоолны зардал 75,240 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч ******* төлөөгүй байна. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.
Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч *******ийн хувьд Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалтыг хэрэглэж 80.1.5, 123.5 дахь зүйл заалтуудыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрх зүйн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байгаа.
Хариуцагч хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээнд заасан буюу хөдөлмөрийн гэрээнийхээ 5.2.3, 5.2.6-г үндэслэсэн. Гол үндэслэл нь болохоор 06 дугаар сарын 12-ны өдрөөс ажлын 2-оос дээш хоног ажил тасалсан гэж зааж өгсөн байгаа. Манай талаас яагаад энэ талаар хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл ажил олгогч ажилтан 2-ын хооронд бол хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үү гэвэл үүссэн. Талууд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хэрэг хөтлөлт заавал бичгээр явагдана. Амаар болон цахимаар болон бусад хэлбэрээр явагдсан ч гэсэн түүнийгээ бичгээр заавал хариу өгөх ийм үүрэгтэй этгээдүүд гэсэн үг. Чөлөө зөвшөөрөл буюу 06 дугаар сарын 12-нд бид нар явж байна, хуримтлалын мөнгөөрөө бусад албан хаагч нар амралтаа эхнээс нь эдлээд явж байсан учраас энэ хугацаанд явъя аа гэдэг ийм санал гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс ажилтан албан хаагч нарын аюулгүй байдал мөн хамтын гэрээнд заасан энэ эрхээ эдлэхийн тулд бас өөрөө ч гэсэн хамтын гэрээгээр одоо хуримтлал үүсгээд ингээд явж байсан. Нэхэмжлэгч ямар нэгэн ажлын хүндрэл, доголдол үүсгэхгүйгээр хамт олныхоо хамт явсан. Нэхэмжлэгчийн хувьд 6 сарын 12-ны өдөр явах гэж байгаа талаараа албан бичгийг 6 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор өгсөн байдаг. Гэтэл уг бичигт хариу өгдөггүй. Хариуцагчийн хувьд бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд ямар нэгэн байдлаар хариу өгөх үүрэгтэй.
Энэ үйл баримтаас шалтгаалаад ажил олгогч болон бусад төрийн байгууллага, албан тушаалтанд ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага үр дагавар бүхий ноцтой үйл баримт үүсээгүй. 2025 оны 12 дугаар сарын 23-нд сонсох ажиллагаа явуулсан байдаг. Энэ сонсох ажиллагаанд холбогдоод харахад чөлөө зөвшөөрөл аваагүй гэж байгаа боловч цалин хөлстэй холбогдуулаад түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй хасах нэмэх ийм тушаал шийдвэр гаргаагүй нөхцөл байдал харагдаад байна. Энийг бас шүүх бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагчийн зүгээс чи явах боломжгүй ээ, чамд чөлөө өгөхгүй ээ гэдэг энэ хариугаа тодорхой ойлгомжтой хэлсэн бол ингээд хэлсээр байхад одоо тодорхой журмаар өгсөөр байхад энд явчихсан бол энэ бол үнэхээр хөдөлмөрийн гэрээний 5.2.3-д заасан энэ нөхцөл байдал мөн үү гэвэл мөн. Гэтэл энэ хариугаа өгөөгүй байж байж яваад ирснийх нь дараа ийм асуудал үүсгэнэ ээ гэдэг чинь өөрөө хэтэрхий нэг талыг барьсан ийм нөхцөл байдал болоод байгаа юм. Аливаа байгууллага, ажилтан өөрийн гэсэн амралт чөлөөт цаг байдаг. Энэ дээр бол ингээд тодорхой мөнгөн хуримтлалыг бий болгоод энэнийхээ дагуу тодорхой хэмжээнд одоо байгууллага хамт олноороо нэгдсэн журмаар аялал зугаалгад явах эрхтэй. Тэгэхээр энэ дээр бол бас энэ одоо хамтын гэрээний үүргийг биелүүлээд яваад байсан нөхцөл байдал байгаа. Ажилтнаас гаргасан өргөдөлд тодорхой хэмжээнд заавал хариу өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй ийм нөхцөл байдал байгаад байна.
Хариуцагчийн тайлбарт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гээд байгаа юм. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэхээр яг удирдлага гэдэг нь 1 дүгээрт нь хэн юм, за энэ хүний хувьд ямар үүрэг даалгаврыг хэзээ, хэзээ өгсөн түүний хэрэгжилт дээр хэн хэрхэн яаж хяналт тавьж дүгнэсэн асуудал заавал яригдана. Дурдаад байгаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавраа тушаал гаргахдаа тодорхой тусгаж энэ талаарх жагсаалтаа гаргах үүрэгтэй. Энэ үндэслэл нь 80.1.4 болон 80.1.5-д заасан үндэслэлтэй хэрхэн яаж холбогдож уялдах юм бэ гэдэг асуудлыг заавал харьцуулж үзэх шаардлагатай юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 80.1.5-д ажил олгогчийн болон мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах буюу захиран зарцуулах эрх бүхий ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Энэ тал дээр хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт хариу тайлбарт дурдсан актууд чинь өөрөө сахилгын зөрчил мөн үү, биш үү гэдэг нь мөн эргэлзээтэй. Хөдөлмөрийн дотоод журмаар, ер нь бол акт тавигдсан үйлдэл болгон сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй. Сахилгын зөрчил дээр бол одоо тодорхойлсон тодорхойлолт нь болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан байгаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод зөрчсөн ажилтны буруутай үйлдлийг сахилгын зөрчилд тооцно. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй үйлдэл нь юм уу, аль эсвэл акт тавигдсан нь сахилгын зөрчил юм уу гэдгээ бол ажил олгогч бол ерөөсөө огт тодорхой тайлбарлаж, үндэслэл бүхий тушаалдаа бол дүгнэгдээгүй. Акт бол түүнээс үр дагавар, шинж байдал түүн дээр нь үндэслээд яг ямар тохиолдолд нь ямар шийтгэл оногдуулах талаар дурдана. Тэгэхээр хөдөлмөрийн хуульд, мөн байгууллагын дотоод журамд болон хөдөлмөрийн гэрээнд энэ сахилгын зөрчил тийн талаар энэ акт тавигдсан. Энэ үйлдэл өөрөө сахилгын зөрчил мөн үү, биш үү, энэ тохиолдолд ямар арга хэмжээ авагдах талаар заагдаагүй. Энэ талаас нотлох баримт, хэрэг дотор авагдаагүй талууд энэ талаарх тайлбар гаргаж мэтгэлцээгүй ийм нөхцөл байдал байгаад байгаа. Тэгэхээр тухайн актууд нь бүгдээрээ *******т тавигдсан актууд биш юм. Энэ бол Төрийн аудитын газраас тухайн байгууллага, байгууллагын ажилтан албан хаагчдад тавигдсан. Тухайн байгууллагын бусад ажилтан албан хаагчдад олгож байсан энэ актыг буцаан төлүүлэх энэ асуудал буцаан төлөөд байгууллагад хохиролгүй болгосон. Акт тавьсан болгон нь сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй гэж харж байна.
Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар сахилгын зөрчлийг илрүүлснийг ажил олгогч мэдсэнээс хойш 1 сарын дотор тухайн зөрчил шийдвэрт арга хэмжээ авна гэж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл сахилгын зөрчил бүхий энэ үйлдэл эс үйлдэхүйд гээд байгаа тэр актад заагдсан тэр арга хэмжээнүүд гэхдээ тухайн үйлдэл бол 2023, 2024 онд бий болсон. Үүнийг 2025 оны 04 дүгээр сарын 28-нд мэдсэн гэж үзлээ гэхэд энэ актыг гарсан өдрөөс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах байсан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааны хувьд оногдуулах боломжгүй ийм нөхцөл байдал харагдаад байна. Хэрвээ энэ актуудыг үнэхээр сахилгын зөрчил мөн гэж үзсэн бол удирдлагаас өгсөн өөр ямар үүрэг даалгавар байсан юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь бас нэг талаараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухайн этгээдийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий ноцтой зөрчсөн үр дагавар үндэслэл бол тогтоогдохгүй байна. Хариуцагч тухайн тушаалынхаа үндэслэлийг нотолсон баримтуудыг л гаргаж ирүүлээгүй учраас бас манай зүгээс бас одоо мэтгэлцэх боломжгүй байгаад байгаа юм. Энэ албан бичиг дээр энгийн хугацаа хэтрүүлсэн гээд гаргаад ирвэл магадгүй бид цаашаа мэтгэлцээд явчих бүрэн боломжтой. Тодорхой бус байгаад байгаа учраас энэ үндэслэлийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонсох ажиллагааны үед ч гэсэн энэ талаар ерөөсөө огт яригдаагүй. Энэ талаар албан бичгийн тоот хэтрүүлсэн хугацаа хоног энэ талаар бол ерөөсөө явагддаггүй.
Нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн. За мөн одоо төрөл садныхаа хүнийг авч ажиллуулсан гэх үндэслэлүүд байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албанд хэн хэзээ, ямар хариуцлага, хэзээний ямар зөрчил хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэг асуудал яригдана. Төрийн албаны ёс зүйн зөвлөл энэ үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үү, үгүй талаарх дүгнэлтийг гаргаад энэ дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хууль, мөн тухай хуульд заасан хариуцлагуудыг бол хүлээлгээд явдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон бусад одоо талуудын тайлбараас үзэхэд энэ талаарх гомдол мэдээллүүд ирсэн нөхцөл байдал байгаад байна. Нэхэмжлэгчтэй холбоотой өргөдөл гомдол шийдвэрлэж байгаа бол тухайн этгээдэд өргөдөл гомдлыг шийдвэрлэж танилцуулж, энэ талаар тайлбар мэдүүлэг авч одоо ёс зүйн нөгөө дэд хорооны ажиллах тэр журмын дагуу шалгаж тогтоосон нотолсон үйл баримт бол хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй.
Нэхэмжлэгч нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан төрөл садныхаа хүсэлтээ авч ажиллуулсан ийм нөхцөл үүссэн гэж үзсэн гэж тайлбар гаргадаг. Тухайн цэцэрлэгт ажиллаж байгаа бүхий л одоо ажилтнуудын хувьд нэгнийгээ таньдаг, мэддэг, тодорхой хэмжээний төрөл садны холбоотой байхыг бол үгүйсгэхгүй. Гэхдээ энэ ажлаа тухайн хүн ямар нэгэн өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад аль эсвэл бусдад давуу байдалд бий болгоод энэ ажил албан тушаалд аваад ингээд ажиллуулаад хууль зөрчөөд яваад байгаа үйлдэл бол энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тухайн этгээдүүд өөрсдөө тухайн бүр шалгаруулалтаар ороод сонгогдоод явж байсан. Төрийн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд заасан тухайн маягтуудыг бөглөөд тухайн этгээдүүдтэй холбоотой шийдвэр үйл ажиллагаа гаргахдаа мэдэгдэл, одоо тайлбарыг агаад явж байсан талаараа нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан.
Үүнийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хэргийн оролцогчдын бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******г ажлаас чөлөөлж, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ийг Ховд аймгийн Боловсролын газрын даргаар томилсноор хариуцагч захиргааны албан тушаалтан өөрчлөгдсөн.
6. Хариуцагчаас шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийг заавал оролцуулах хүсэлт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-д ”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгч нь Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын цэцэрлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 12,13,16-ны ажлын өдрүүдэд ажил олгогчоос чөлөө зөвшөөрөл авахгүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж хамаарал бүхий этгээдүүдийг ажилд авсан, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагчийн төлбөрийн актыг төлж барагдуулаагүй... ” гэж тайлбарласан.
9. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актад “... ажлаас чөлөө авахгүй тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж дурдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.3, 5.2.6-д заасныг үндэслэл болгожээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасан байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасан ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдлийн талаар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний тавын 5.2.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил /ажлын 16 цагаас илүү/ тасалсан; 5.2.6. Ажилтан нь ажил олгогчийн тавьсан хууль болон энэхүү гэрээнд нийцсэн зүй ёсны шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл ийнхүү татгалзахыг бусад ажилтанд уриалан турхирсан бол; гэжээ.
12. Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн хамт олонтой 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд БНХАУ-ын ШӨУЗО /Шиньжян орны Уйгурын өөртөө засах орон/-ны Үрүмчи хот Тэнгэр уулын чиглэлд аяллаар явсан болох нь тогтоогдсон энэ талаар талууд маргаангүй.
13. Харин ажил олгогч буюу хариуцагчаас мэдэгдээгүй, чөлөө зөвшөөрөл аваагүй явсан учир ажил тасалсан гэж, нэхэмжлэгчээс албан бичиг хүргүүлж мэдэгдсэн гэж тайлбарлаж маргана.
14. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчоос ажилтанд чөлөө олгох талаар зохицуулалт тусгагдаагүй, нэхэмжлэгчээс тайлбарлахдаа “...утсаар ярьж, албан бичиг хүргүүлэх хэлбэрээр мэдэгддэг” гэж тайлбарласан.
15. Цэцэрлэгийн хамт олны шийдвэрээр аялалд явах болсон талаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар албан бичгийг мөн өдөр Боловсролын газрын [email protected] хаягаар хүргүүлсэн болох нь тогтоогдсон тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй.”,32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” гэж заасан.
17. Хариуцагчаас гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь өгөөгүй, хугацаа заасан бичгийн хариуг хугацаанд нь өгдөггүй, холбогдох мэдээллийг ирүүлдэггүй, албан бичгийн стандартыг мөрдөж ажилладаггүй гэх тайлбаруудыг гаргасан ба холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардсан ч ирүүлээгүй энэ талаар мэтгэлцээгүй тул дээрх үндэслэлүүдийн талаар дүгнэлт хийх боломжгүй буюу тогтоогдоогүй гэж үзлээ.
18. Маргаан бүхий актад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дурдаж ******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/182 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан талаар тус сумын соёлын төвийн хамт олны өргөдлийг хавсарган ирүүлснийг нотлох баримтаар ирүүлжээ.
19. Хэрэв нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмаар гомдол, мэдээлэл гаргаж шийдвэрлүүлсэн байхыг шаардана.
20. Хариуцагчаас энэ талаар гомдол, мэдээлэл гаргаж шалгуулаагүй, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар тогтоогоогүй атлаа ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол мөн хуульд зааснаар ёс зүйн хариуцлага тооцох байтал Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулсан нь үндэслэлгүй.
21. Харин хамаарал бүхий этгээдийг ажилд авч ажиллуулсан гэх зөрчлийн тухайд: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; гэж заасан байх тул цэцэрлэгийн эрхлэгч нь нийтийн албан тушаалтанд хамаарна.
22. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; ойлгохоор заасан ба нэхэмжлэгчийн ажилд авч ажиллуулсан нэр бүхий этгээдүүд нь түүнтэй төрөл садангийн холбоотой болох талаар гэрчүүд мэдүүлсэн, нэхэмжлэгч өөрөө тухайлбал, төрсөн хүүгийн эхнэрийг ажилд авсан талаараа хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн.
23. Энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасан хориглолтыг зөрчиж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ. гэсэн зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
24. Төлбөрийн акт тогтоосон үйл баримтын тухайд: Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар төсвийн шууд захирагч байна.
25. Ховд аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35-02/30 дугаар удирдамжаар ******* сумын Цэцэрлэгийн 2023,2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж, Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 35-02/180 дугаар актаар хүнсний үнэд илүү тооцож олгосон гэх 2,418,000 төгрөг, 35-02/179 дугаар актаар ажилчдад үр дүнгийн нэмэгдэл илүү тооцож олгосон гэх 1.527.300 төгрөг, 35-02/178 дугаар актаар түлшний хөнгөлөлтөд илүү тооцож олгосон гэх 650.000 төгрөг, 35-02/177 дугаар актаар багш нарт ур чадварын нэмэгдлийг илүү тооцож олгосон гэх 1.293.050 төгрөг, 35-02/176 дугаар актаар хоолны зардалд илүү тооцож олгосон гэх 376.200 төгрөгийг тус тус төлүүлж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
26.Тухайн үед цэцэрлэгийг эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж актын тогтоох хэсгийн 3-д зааснаар гомдол гаргаагүй байх тул акт хүчин төгөлдөр болсон байна.
27. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаар албан бичигт “...Хяналт шалгалтаар нийт 6.264,550 төгрөгийн акт тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар 3,573,921 төгрөгийн актыг төлж барагдуулж үлдэгдэл 2,690,629 төгрөг байна” гэж, гэрч цэцэрлэгийн нягтлан бодогч мэдүүлэхдээ “...35-02/178 дугаар актаар тавигдсан түлшний хөнгөлөлтийн үнэ 650.000 төгрөгөөс 370.000 орчим төгрөг төлөгдсөн, 35-02/180 дугаар актаар тавигдсан хүнсний үнэ 2,418,000 төгрөг төлөгдөөгүй байгаа” гэжээ.
28. Гэрч цэцэрлэгийн нягтлан бодогчийн тайлбарласнаар актад зааснаар төлбөрийг хариуцах багш, ажилчдаас төлүүлж дууссан байх ба одоо төлөгдөөгүй байгаа түлшний хөнгөлөлтийн үлдэгдэл төлбөр болон 35-02/180 дугаар актын төлбөр нь зөвхөн цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчид хариуцуулсан байгааг дурдах нь зүйтэй.
29. Мөн ******* сумын Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/171 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид төлбөрөө хугацаанд төлж барагдуулах талаар төлөвлөгөөг гаргаж танилцуулж, тогтоосон актыг бүрэн олон хэсэгчлэн төлүүлсэн талаар мэдээлэл ирүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлж байжээ.
30. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
31. Нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлүүдээс зарим үндэслэл тогтоогдоогүй ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон байх тул Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.” гэж зааснаар ажлаас чөлөөлснийг буруутгахааргүй байна гэж үзлээ.
32. Иймээс нэхэмжлэгчийн “Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын цэцэрлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
33. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын цэцэрлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ