Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;

шүүгдэгч: С.Алтанхүү (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Саруулын Алтанхүүд холбогдох эрүүгийн 1809001730196 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 219 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, (хуучин 22 дугаар баазын хашаанд) нийтийн байрны 206 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙЙ77100513 регистерийн дугаартай, Шарнууд овогт Саруулын Алтанхүү.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Алтанхүү нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Алтанхүү мэдүүлэхдээ: Манай эхнэр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн байсан. Үүнийг шүүхээс надад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр танилцуулж нэг хувийг нь өгсөн. Би түүнийг нь аваад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт эхнэрийнхээ ажил дээр очсон. Намайг очиход манай эхнэр нэг залуутай хамт байж байсан. Би “чиний мэдүүлсэн зүйл арай ташаа байна. Чи салах өргөдлийнхөө утгыг өөрөөр бичихгүй яасан юм” гэж хэлээд маргалдсан. Манай эхнэр гэр бүлээс гадуур харилцаатай байдгийг нь би мэддэг байсан. Энэ талаараа өргөдөл дээрээ ярихгүй яасан юм гэж хэлсэн. Мөн “чиний бичсэн зүйл чинь бид хоёрын салах шалтгаан болохгүй” гэдгийг ярьж байсан. Манай эхнэр надад уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь алгадсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Хажидмаа /хх-ийн 15-16/, гэрч А.Баярт /хх-ийн 22/, Б.Болормаа /хх-ийн 23/, Т.Очирсүх /хх-ийн 24/, М.Нанжид /хх-ийн 25/ нарын мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний загвар, оноо дүгнэх аргачлал буюу аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, дуудлага лавлагаа /хх-ийн 39/, С.Алтанхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44/, С.Алтанхүүгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45, 47-49/, хохирогч Н.Хажидмаагийн эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 50, 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Алтанхүү нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 303 тоот өрөөнд өөрийн эхнэр Н.Хажидмаагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Хажидмаагийн /хх-ийн 15-16/: “... С.Алтанхүү манай өрөөнд миний Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “гэр бүл салах тухай” гаргасан өргөдлийн нэг хувийг барьж орж ирээд “би чиний шүүхэд гаргасан өргөдлийг чинь буцаагаад аваад ирлээ” гээд өргөдлийг миний ширээн дээр шидээд,  ширээн дээр байсан манай ажлын газрын хүмүүсийн нэрийн хуудсуудыг аваад “чи энэнтэй явдаг биздээ, энэнтэй явдаг биздээ” гээд хардаад байсан. Би С.Алтанхүүгийн нүүр рүү түлхтэл баруун гараараа миний толгойн зүүн хэсэгт цохисон. Тухайн үед чих дүлийрээд, толгой янгинаж өвдсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Баяртын /хх-ийн 22/: “... Н.Хажидмаа тэр хоёр юм ярьж сууж байгаад хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэр үед би тэр хоёрыг эхнэр, нөхөр хоёр юм байна гэж мэдсэн. Уг нь бол тэр хоёр салчихсан юм шиг байсан. Нөхөр нь л салахгүй гэж маргалдсан байх. Тэр хоёр хэрэлдэж байснаа “тас” гээд дуугарах шиг болсон. Би тэр хоёр руу харсан чинь Н.Хажидмаа алгадуулаад нүүрээ дарчихсан сууж байсан. Би босч очоод нөхрийг нь өрөөнөөс гаргасан...” гэх мэдүүлгээр,

 

С.Алтанхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 44/: “... Тухайн үед би эхнэр Н.Хажидмаатай шүүхэд гарсан өргөдлөөс болж маргалдаж байгаад баруун гараараа зүүн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан ...” гэх мэдүүлгээр,

 

С.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас Н.Хажидмаагийн биед “тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 179 тоот дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

“Гэр бүл салгах өргөдөл шүүхэд өглөө” хэмээн буруутгаж өөрийн эхнэр Н.Хажидмааг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Алтанхүүгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Алтанхүүгийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Хажидмаа нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх С.Алтанхүүгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Саруулын Алтанхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанхүүг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанхүүд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанхүү торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ