| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2109 00124 1484 |
| Дугаар | 2024/ДШМ/1240 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/1240
Ц.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхтулга,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, С.Ундрал,
хохирогч Д.Мийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бод холбогдох 2109 00124 1484 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ц-ийн Б, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, “ТГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......./,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Мд өөрийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг “ТГ” ХХК-ийг “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “ОТ” ХХК-ийн зэсийн баяжмалаас гарсан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан, ирээдүйд уг үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр хувьцааныхаа ашгийг аваад байх боломжтой” хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, компанийн хувьцаа худалдах худалдан авах, компани эзэмших эрх шилжүүлэх зэрэг гэрээгээр халхавчлан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны “Түшиг” салбараас “ТГ” ХХК-ийн 1 хувийн хувьцааны үнэ гэж их хэмжээний буюу 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх зэс баяжуулах үйлдвэрт хамтран ажиллана, өөрийн компанийн хувь эзэмшүүлнэ” гэх зэргээр хохирогч Ё.Пг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд нийт 48,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн Ц-ийн Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бод 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Боос 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны .... тоот дансанд байршуулсан 62.235.200 /жаран хоёр сая хоёр зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд, 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Пд тус тус олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай бүртгэлтэй .... дүүргийн .... дугаар хороо, .... гудамж, ... дүгээр байрны ... тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бизнес эрхэлж байгаа олон залуучуудын л нэг. Маш том төсөл рүү зориг гаргаж хийж бүтээх гэж орсон. Энэ хугацаанд би хүнд худлаа хэлж мөнгө залилсан асуудал байхгүй. Уг төсөлд маш их хэмжээний мөнгө шаарддаг. Би өөрт байсан байр, машин бүх зүйлээ зарж төсөлд хөрөнгө оруулж явж байгаа. Мийг залилсан гэж байна. М анх 2018 оны 10 дугаар сард над дээр ирж энэ талаар мэдэж сонссон. Гэр бүлийнхэнтэйгээ 3 сар ярилцсаны үндсэн дээр өөрөө надад санал тавьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би Мд анхнаасаа худлаа хэлээгүй. Би эхийнхээ эмчилгээнд мөнгө хэрэгтэй байгаа талаараа болон өр төлбөртэй талаараа хэлсэн. Ингээд би өөрийнхөө эзэмшлийн 51 хувийн хувьцааг зарсан. П бид хоёр бие биенэ мэднэ. Миний энэ ажлыг анхнаасаа дэмжээд мөнгө төгрөг зээлье гэсэн. Бид хоёрын харилцсан мессеж дээр энэ талаар тодорхой тусгагдсан байдаг. Одоо хүртэл миний хэрэгжүүлж буй төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ жил шийдвэрлэгдэх болов уу гэсэн бодолтой байна. Учир нь, “ОТ” ХХК-иас дээж авч шинжилгээнүүд хийгдээд хариу нь ирсэн. Одоо Уул уурхайн яамнаас шинжээчийн баг томилогдоод явж байгаа. Энэ шинжээчийн баг дүгнэлтээ гаргаад хүлээгээд авбал үйлдвэр маань ирэх жилээс хэрэгжих боломжтой байгаа. Товчхондоо ийм байгаа.
Шүүхээс хэргийг тал бүрээс нь үнэнийг олж шийдвэрлээгүй намайг зохиомол байдлыг бий болгож, бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэж шүүх хэт нэг талыг барьж миний гаргаж өгсөн баримт материалыг огт харж үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний бие “ТГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрхэлж байгаа бөгөөд тус компани нь ““ОТ”” ХХК-ийн ил уурхай олборлолтын үйл ажиллагааны улмаас үүссэн бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр 2015 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүхэд бүх баримтаа гарган өгсөн байхад шүүхээс “...төслиин талаар өнөөдрийг хүртэл бодит үр дүн гараагүй, төсөл огт хэрэгжээгүй зэргээс үзэхэд анхнаасаа биелэх боломжгүй зүйлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг төөрөгдүүлсэн” /шийтгэх тогтоолын 17 дугаар хуудас/ гэж дүгнэсэнд туйлын гомдолтой байна.
Гэтэл прокурорын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...төсөл хэрэгжүүлж байгаа гэх асуудлыг үгүйсгээгүй, төсөл хэрэгжүүлж байгаа баримт материалыг ашиглаж зохиомол байдлыг бий болгосон...” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 44 дүгээр хуудас, 2, 3 дахь мөр/ гэж зөвхөн Д.М, Ё.П нарын үйлдлийн талаар л буруутгаж байгаа гэж тайлбарлаж байсан.
Шүүгч энэ төслийн талаар огт ойлголтгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй зөвхөн залилагч этгээд гэж анхнаас харсан нь хэргийн шийдвэрлэлтэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгч хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж би ойлгосон. Гэтэл яллах дүгнэлтээс хальж, бодит хохирлоос хэтрүүлэн яллах дүгнэлтэд дурдаагүй гэмт хэргийн хор уршиг гэж гурван иргэний авсан зээлийн хүүг тооцсоныг бас ойлгохгүй байгаа. Энэ талаар бодит тайлбар өгөх ямар ч боломж шүүхээс олгоогүй.
Мөрдөгч нь “ОТ” ХХК-ийн худалдан авалтын газрын бодлого, стратеги хариуцсан менежер ажилтай Г.Баас мөрдөн байцаалтын шатанд гэрчээр нэг л удаа мэдүүлэг авсан байх боловч уг мэдүүлэгтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас тодорхой бус зарим зүйлийн талаар асуугаагүй, энэ талаар өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэлд төслийн асуудлыг огт мэдэхгүй “ОТ” ХХК-ийн худалдан авалтын газрын бодлого, стратеги хариуцсан менежер ажилтай Г.Бын мэдүүлгийг бас гуйвуулан дүгнэсэн байна.
Г.Б “...“ОТ” ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс шаварлаг зүйл үлддэг, уг шаварлагаас дахин зэсийг гаргаж авах боломжтой боловч эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн учир “ОТ” ХХК нь дахин боловсруулалгүй овоолоод байлгаж байгаа, энэ төрлийн үйл ажиллагааг явуулах талаар тодорхой компаниудын төлөөлөл зарим уулзалт дээр аман байдлаар хүсэлт тавьдаг байсан, гэхдээ “ТГ” ХХК ийм санал огт тавьж байгаагүй” гэх, мөн “ОТ” ХХК-ийн технологи Эрдэнэт үйлдвэрээс харьцангуй шинэлэг ба металын хаягдал бага учир эдийн засгийн хувьд ашиг багатай. ...дэмжлэг үзүүлж ажиллах тухай албан бичиг “ОТ” ХХК-д ирсэн эсэх талаар мэдэхгүй” гэсэн ганцхан мэдүүлгийг үндэслэсэнд харамсаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт миний зүгээс “ашигласан шаварлаг зүйл” огт биш шүү “...үүссэн бага агуулгатай исэлдсэн хүдрийн овоолго” гэж хоёр огт өөр зүйл гэдгийг хэлж шүүхийг ойлгосон гэж бодсон /шүүх хуралдааны тэмдэглэлийн 8, 10 дугаар хуудас/.
Дээрх албан тушаалтан Г.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн материалд авагдсан “Э ОТ” ХХК-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё-д хүргүүлсэн “ОТ” төслийн исэлдсэн хүдрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглах тухай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/136 дугаартай албан бичиг, “Э ОТ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/198 дугаартай, “Э ОТ” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Ц-ийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” болон орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.О, Монгол Улсын Ерөнхий сайд У.Х /тухайн үеийн/ “ОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А Т, Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Т Э-д хүргүүлсэн албан бичгүүд, /уг албан бичгүүдэд “ТГ” ХХК-ийг дурдсан/, мөн Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нөөцийг хүлээн авч бүртгэх тухай” тушаал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн СТР-02-01 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “ОТ”-н зэс-алтны бүлэг ордод 2019 онд гүйцэтгэсэн нөөцийн шинэчилсэн тооцооны үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай дүгнэлт /нөөцийн шинжээчийн дүгнэлтийг шинжээчдийн баг, нөөцийн тооцооллын үнэн бодит байдал, эдийн засгийн тооцооллыг “ОТ” ХХК хариуцахаар тусгасан/ гэх мэт шүүхэд гаргаж өгсөн бичгийн бусад баримтуудтай зөрчилдөж байгаа бөгөөд шүүх үүнийг шийдвэр гаргахдаа огт дүгнээгүй.
“ОТ” ХХК-ийн хаягдал овоолгоос зэс боловсруулах үйлдвэр барьж ашиглах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах төсөлд тус компани дэлхийн тэргүүлэх “Тhiess” компанитай хамтран ажиллахаар урьдчилан гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, тооцоо судалгааг хийж байгаа талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч миний өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхээр олон жил зүтгэж байгаа хөдөлмөрийг шүүхээс уландаа гишгэсэнд туйлын гомдолтой байна.
Миний бие энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 2,4 тэрбум төгрөгийн зардал гаргасныг хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн л үнэлээгүй хаясан байна. Д.Мийн үйлдлийн тухайд тухайн цаг үед үнэн байдлаа хэлээд л Д.М өөрөө болон аавтайгаа ирж танилцаад судлаад л шийдвэрлэсэн, талууд тохирсон асуудлыг залилсан гэж үзсэнд харамсаж байна. Д.М ч тэр, аав нь ч тэр энэ бол удаан хугацааны төсөл байна гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Миний хувьд гэрээгээр тохирсон бол гэрээгээ цуцлаад хувьцааны төлбөрийг нь буцаагаад л шилжүүлсэн байдаг. Иргэн Ё.П надад мөнгө зээлээд, зээлсэн тухайгаа ч шүүх дээр хэлсэн. Миний хувьд зээлсэн 20,000,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эргүүлэн өгсөн. Шүүхээс Ё.Пд ямар үндэслэлээр 15.5 сая төгрөг намайг өг гэснийг ойлгохгүй байгаа. Миний хувьд зээлсэн мөнгөө үнэнээр нь хэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Баатарсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл нь хууль ёсны байх хэргийн бодит байдлыг тогтоох асуудал дээр хууль бус дүгнэлт хийсэн. Яагаад “ОТ” ХХК-ийн исэлдсэн хүдрийн овоолго яриад байна гэхээр шүүх үүн дээр тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Албаны хүмүүсийн яриагаар энэ нь “шавар байх боломжгүй” гэсэн байдлаар шийтгэх тогтоолд дүгнэсэн. Мөн төсөл бодитой бус гэж үзсэн. Энэ төслийн үйл ажиллагаан дээр шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд бид нарын энэ талаарх гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй. Үгүйсгэсэн талаарх тайлбар хийгээгүй. Тухайлбал 3 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр талд авагдсан төслийн талаарх бичиг баримтуудыг тухайн үед М болон түүний эцэг Д нарт танилцуулсан байдаг. Мөрдөгч, прокуророос “эрх авсан” гэж хуурч гэсэн байдаг. Эрх авах асуудал байхгүй. “ОТ” ХХК-ийн гэрээ 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг “ОТ” ХХК болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээгээр бол “ОТ” ХХК нь Ханбогд суманд бий болсон аж ахуйн нэгжийг дэмжих үүрэгтэй гэж заасан. Гэтэл мэргэжлийн бус хүн болох Б гэх хүний мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслээд дүгнэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүхээс “гэмт хэргийн шинж байдлыг дүгнэх шаардлагатай” гээд хэргийг буцаасан. Анхан шатны шүүх дээр нотлох баримтуудыг шинэчилэн судлаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Э, Д нарын мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон. Гэтэл Д нь Быг зааж мэдүүлдэг. Гэтэл Быг асуугаагүй. /Би дэлгэрэнгүй тайлбараа бичсэн байгаа тул шүүхэд гаргаж өгч байна/ Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас 2 хавтаст хэргийн 173 дугаар хуудаст “ОТ” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон баримт байна. Монгол хэл мэдэхгүй хүнийг томилсон байдаг. Уг итгэмжлэл нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой. Гэтэл Д нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүүгийнхээ өмнөөс цагдаад гомдол гаргасан. М гомдол гаргаагүй. Итгэмжилсэн төлөөлөгчийг томилж өгнө үү гэх албан бичгийг 2022 онд явуулсан байхад 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн гэх огноотой итгэмжлэл өгсөн бөгөөд “ОТ” ХХК-нд холбогдох аливаа иргэний, эрүү, захиргааны, арбитрын хэрэг маргааныг шийдвэрлэхэд...” гээд бичсэн байдаг. Тэгээд Б гэх хүн томилогдсон байдаг. Хэрвээ “ОТ” ХХК-тай ингэж зууралдах байсан бол Ц.Бын 2017 оноос хойших хийгдсэн ажлын тайлан гээд 5 хавтаст хэргийн 110 дугаар хуудаст байгаа. Төсөлтэй холбоотой 2015 оноос 2020 он хүртэлх хийгдсэн ажлуудын талаарх баримтууд байна. Прокурор үүнийг юу гэж тайлбарладаг гэхээр тухайн үед Мд зохиомол байдлыг бий болгож танилцуулсан 2018, 2019 онд бий болсон баримт шүү дээ гэж тайлбарладаг. Тухайн үед Мд юу гэж хэлсэн гэхээр 5 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудаст байгаа баримтуудад дэлгэрэнгүй мэдээлэл авагдсан. Мөн 6 дугаар хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахын тулд зохиомол байдлыг зориудаар бий болгосныг хэлдэг. Шийтгэх тогтоолд “үйлдвэр байгуулана” гэж бичсэн байсан. 1-2 жилийн дотор үйлдвэр байгуулна гэж байхгүй. М нь Ц.Бтой ирж уулзахдаа эцэгтэйгээ хамт ирж уулзсан байдаг. Төсөлтэй танилцаад Мийн эцэг Д нь “урт удаан хугацааны дараа бий болох юм байнадаа. Ашигтай юм байна. Гэхдээ ирээдүйд л бий болно” гэж хэлсэн байдаг. Энэ талаараа мэдүүлэгтээ ч хэлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт ч хэлдэг. Ц.Б нь Мд бодит байдлыг зориуд худал хэлээгүй. Мөөс “гадаад захирлууд ирээд гарын үсэг зурна гэж хэлсэн. Шинэ жил гээд явсан” гэж мэдүүлсэн нь өөрийнх нь л мэдүүлэг. Гэрч, хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Үүнийг юугаар үгүйсгэсэн юм бэ. Рояал финанс банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулахдаа 775 хоногоор гэрээг байгуулсан байдаг. Түүнийг тоолоод үзэхээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийнх нь гэрээний хугацаа нь дуусаж байдаг. Тэгэхээр яг дуусаад 4 хоногийн дараа Д цагдаад гомдол гаргасан байдаг. Энэ нь өөрөө юуг илэрхийлж байна гэхээр 1 хавтаст хэргийн 123 дугаар хуудас авагдсан гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 117 хоног гээд бичсэн байдаг. Үүнийг тоолоод үзэхээр гэрээний хугацаа нь өөрөө 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусаж байдаг. Тэгэхээр бид тухайн үед мөнгийг өгөх юм бол үйлдвэр байгуулчих юм байх гээд хараад байсан гэх ойлголт нь үгүйсгэгдээд байдаг. Хувьцаагаа зараад өөрөө аваад нотариатын тэмдэглэгээ байдаг. Нотариатч О нь “бичиг баримттай биечлэн хүрэлцэн ирсэн. Хоорондоо тохиролцсон үнэ өртгийн талаар нотариатад огт хэлээгүй” гэсэн үйлдлийг гэрчилж тодорхойлолт хийж өгсөн байдаг. Нотариатын талаарх баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр талд байгаа. Энэ нь өөрөө иргэний харилцаатай холбоотой болохыг өмгөөлөгч С.Ундралаас дэлгэрэнгүй тайлбарлана. Гэрээ хийгдэж байгаа санаа зорилгыг талууд ойлгож байсан. Зохиомол байдал биш. Хохирогчоос “ирээдүйд бий болох юм байна. Төсөл нь хэрэгжиж байгаа юм байна” гэдгийг ойлгосон байсан. Прокурор Ц.Бын хувийн байдалтай нь холбогдуулж өмнө нь байгаль экологийн асуудалд холбогдож байсныг үндэслэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж субъектив байдлаар хандах хандлага гаргаж байна. Тэгвэл хувьцаа худалдан авахаас татгалзахаар нь 100 сая төгрөгийг нь буцаагаад өгсөн. Хохирогч Пгийн мөнгийг ч гэсэн өгсөн. Залилах байсан бол мөнгийг нь аваад алга болно биздээ. Одоо уг төсөлтэй холбоотойгоор яамнаас шинжээч томилох гээд байна. Үүсмэл ордын асуудлаарх хууль сая хавар батлагдсан. Аудитын дүгнэлтийг анхан шатны шүүх дүгнээгүй. Уг аудитын дүгнэлт /2 хавтаст хэргийн 54 дүгээр тал/ хараат бус дүгнэлт гээд 2020 оноос хойших үйл ажиллагааг 1 тэрбум төгрөгийн зардал гарсан гэж үзсэн. Гэтэл анхнаасаа зохиомол байдал бий болгосон, татвар төлдөггүй, Ц.Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдсэн этгээд байна, зэсийн баяжмал нь зохиомол гэх байдлаар хандсан. Шүүх Мтэй харьцсан мессежийг харуулсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Харин хохирогч Птай харьцсан мессежийг нотлох баримтад тооцсон байсан. М өөрөө “хоёулаа хамтраад явъя, хүмүүс олъё” гээд явж байсан. Гадаад захирлууд ирээд гарын үсэг зурна гэсэн зүйл байхгүй. Ц.Б нь Мтэй байнга харилцаатай байсан. Өмнө нь магадлалаар уг хэргийг буцаахдаа “гэмт хэргийн шинжтэй холбоотой дүгнэлт хийе. Гэхдээ буцаахгүйгээр шинээр нотлох баримтууд гаргаж өгч нотлох баримт дээр үндэслэж шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байдаг. Би түрүүн мөн дурдсан. Бид “ОТ” ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбоотой гэрээнүүдийг гаргаж өгсөн. 5 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудаст байгаа. Энэ бол нийтэд илэрхий баримт. Үүн дээр “ОТ” ХХК-ийн гэрээ зөвхөн ашигт малтмалын лицензтэй холбоотой буюу ашиглах гэрээ байгаа. Хөрсийг ухаад овоолох юм бол үүсмэл орд болоод үүнийг ашиглах эрх нь “ОТ” ХХК-нд байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “ОТ” ХХК нь ашигт малтмалд бүртгүүлээд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт нь байгаа. Үүсмэл ордыг ашиглахын тулд нөөц тогтоогоод эрдэл баялагийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулах ажиллууд хийгдэх ёстой. 5 дугаар хавтаст хэргийн 1-101 дүгээр тал хүртэл үндсэндээ Бын “ОТ” ХХК дээр очиж хийсэн бичлэгийг хүртэл нотлох баримтаар тооцуулж шинэчлэн судалсан. Төсөлтэй холбоотой бүх хийгдсэн ажиллагаатай холбоотой болон албан бичгийг өгсөн байгаа. Эцэст нь хэлэхэд, эргэлзээ төрсөн зүйлээ хэлье. 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр талд Д нь 1 дүгээр сарын 09-ний өдөр зээл аваад төлж дуусаад 5 хоногийн дараа эрүүгийн цагдаад гомдол гаргаад байгаа. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр талд М банк бус санхүүгийн байгууллагаас 110 сая төгрөг авсан гэх баримт байдаг. Яагаад уг баримтыг дурдаад байна гэхээр энэ нь нөхөж хийгдсэн байх боломжтой баримт юм. М 110 сая төгрөгийг бэлэн авсан уу. Гэрээндээ болохоор данс руу шилжүүлнэ гээд заасан байсан. 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээнд сүүлд нь Д нөхөж гарын үсэг зурсан харагддаг. Хохирогч М болохоор “би зээл авсан” гээд байдаг. Тухайн үед Мийн данснаас Бын данс руу 97 сая төгрөг шилжсэн, бэлнээр 3 сая төгрөг өгсөн гэдэг дээр бид маргаагүй. Гэтэл шүүх хохирлыг тогтоохдоо 110 сая төгрөгөөр тогтоосон юм уу. Гэнэт л анхан шатны шүүх дээр Рояал финанс банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн баримт гэнэ үү 100 гаруй сая төгрөгийн баримт гаргаж өгөхөөр нь шүүх шууд 60 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Бидэнд үүн дээр хариу тайлбар өгөх, мэтгэлцэх боломж олгоогүй. Рояал финанс банк бус санхүүгийн байгууллагаас олгосон мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй. Гэрээ бодитой байгуулагдсан уу шалгах шаардлагатай. Өмгөөлөгч миний зүгээс үйлчлүүлэгчээ цагаатгах байр суурьнаас гомдол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн процессийн том алдаа гарсаныг анхаарна уу. Хэргийн харьяаллыг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гэж тогтоосон. Гэтэл мөрдөн байцаах албаны мөрдөгч нар мэдүүлэг аваад Мийг хохирогчоор тогтоогоод явсан. Юу болсон гэсэн чинь прокурор Амарбат, мөрдөн байцаах албаны дарга Батсуурь хоёр нийлээд хэрэг илрүүлэлтийг шуурхайлах тухай гээд гэрээ байгуулсан байсан. Түүнийгээ үндэслээд хүч нэмэгдүүлнэ гээд удирдамж баталсан байдаг. /1 хавтаст хэргийн 12 дугаар тал/ Нийслэлийн прокуророос харьяаллыг тогтоосон байхад журам баталсан байдаг. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөрдөн байцаах албанаас явуулсан бүх ажиллагаа хууль буст тооцогдоно. Энэ хэрэг дээр Лхагва, Цэрэндорж, Ууганбаяр, Идэр, Цэвээндорж гэх мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Ууганбаяр гэх мөрдөгч харьяалал зөрчөөд ажиллагаа явуулсан. Хүч нэмэгдүүлж сүрийг үзүүлсэн л юм шиг байна. Эдгээр мөрдөгч нарыг томилсон ямар ч шийдвэр байхгүй. Хууль ёсны байх шаардлагууд нь алдагдсан. Үүн дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал байвал цагаатгах үндэслэл болно. Хууль зөрчиж хийсэн ажиллагаанууд хууль ёсны байх үндсэн шинжийг хангахгүй. Процесс ажиллагаа үндсэндээ бүгд зөрчигдсөн. Б гэх хүн гэмт хэрэг үйлдэж байсан учраас гэмт хэрэг үйлдсэн байж таараа гэж үзээд байдаг. Хохирогч Птай холбоотой үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Пгийн бичсэн мессежүүд байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 26-27 дугаар талд би “П чи Бод хэдэн төгрөг, хэзээ өгсөн бэ” гэж асуусан байгаа. Гэтэл Пгаас “би хэзээ өгсөн болохоо санахгүй байна” гэдэг. Хэдэн удаа, хэдэн төгрөг өгсөнөө мэдэхгүй, нотлох баримт байдаггүй. Харин Ц.Б санаачлагаараа “20 сая төгрөг би авсан” гээд буцаагаад өгсөн. Шүүх ямар үндэслэлээр 15,5 сая төгрөг гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Би “та мөнгөө хэзээ өгсөн болохоо мэдэхгүй байхад прокурор, шүүх хэзээ өгсөн гэж яаж шийдвэрлэх юм бэ” гэж хэлсэн. Миний энэ тайлбарт прокурор үндэслэлтэй дүгнэлт өгөх байх гэж бодож байна. П нь хэдний өдөр, хэдэн төгрөг өгсөн юм бэ гэдгийг прокурор тодорхой хэлэх байх. Миний дээр хэлсэн болгон дээр няцаалт хэлээрэй. Няцаалт хийж чадахгүй бол цагаатгах ёстой. Шийтгэх тогтоолын 17 дугаар хуудсанд “ОТ” ХХК-ийн зэс баяжмалаас гарсан овоолго шороог ашиглаж цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь...” гээд шүүгч төслөө ч ойлгоогүй байна. Овоолго шороо биш, исэлдсэн хүдрийг ашиглах нь өөр. Би шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “та ингэж дүгнэх гээд байгаа бол ямар ч ойлголтгүй байна” гэж хэлсэн. Мөн дүгнэлтдээ “эдийн засгийн хувьд хэр ашигтай талаар албаны хүмүүсээс тодруулахад “ОТ” ХХК-ийн технологи шинэлэг учир металлыг сайн ялгаж авдаг. “ОТ” ХХК нь уг шаварлагыг эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн учраас...” гэсэн байдаг. Энэ дүгнэлтийг гаргасан хүн худалдан авах газрын хүн байдаг. Үүнийг анхан шатны шүүх зориуд татаж бичээд байдаг. Авах үг бас байдаг. Шийтгэх тогтоолд “Б нь мэдүүлэхдээ “Эрдэнэт үйлдвэрийг бодвол харьцангуй шинэлэг ба металлын хаягдал багатай учир эдийн засгийн хувьд ашиг багатай талаар мэдүүлсэн” гэсэн байдаг. Шүүх өөрөө эдийн засгийн хувьд ашигтай гээд дүгнэсэн байна. Тэгсэн атлаа “ОТ” ХХК-нд хандан дэмжлэг хүссэн албан бичгүүдийг хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан хэдий ч тухайн байгууллагаас уг төслийг хэрэгжүүлэх боломжтой талаар албан ёсны хариу ирүүлээгүй” гэсэн байдаг. Боломжтой талаар албан ёсны хариу ирүүлээгүй биш. Шүүгч хэрэгтэй танилцаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр талд “Э ОТ” ХХК, “Э Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Цэнгэл танаа гээд “Э ОТ” ХХК-аас “Э Монгол” ХХК руу 1-5 нүүр үүсмэл ордын талаар дүгнэлт хийж явуулсан байдаг. Мөн “Э ОТ” ХХК-ийн зүгээс исэлдсэн хүдрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглах гэж байгаа. Түүнээс биш шүүгчийн дүгнээд байгаа шавар биш. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдад 9 нүүр дэлгэрэнгүй тайлбарыг хүргүүлсэн байдаг. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр хуудаснаас хойш байгаа. Үүнийг зохиомол байдал гэж үзэх үү. Шүүгч хэргийн бодит байдлыг дүгнэх тал дээр туйлын хангалтгүй байсан. 4-5 удаа прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байсан. Хэрэг биш учраас 2020 оноос 2024 он хүртэл шалгагдаж байна. Компанид хөрөнгө оруулаач гэж мөнгө аваагүй. Ц.Б өөрийнхөө хувьцаанаас 1 хувийг нь зарж байгаа. Мэдүүлэг дээр нь “эх өвчтэй байгаа. Мөнгө хэрэгтэй байна. Зөндөө өр зээл тавьсан. Би энэ мөнгийг аваад хэрэглэнэ” гэж үнэнээ л хэлсэн байсан. Зохиомол байдал биш. Прокурор бид нарын гомдолд үндэслэл судалгаатай тайлбар хэлнэ байхаа.” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч С.Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох цагаатгах саналтайгаар дараах тайлбарыг гаргаж байна.
1. Уг хэрэг нь гэмт хэргийн шинжгүй буюу эрүүгийн эрх зүйн харилцаа биш гэдэг дээр тайлбараа хэлье. Юуг анхаарах ёстой байсан гэхээр М болон Б нарын хооронд үүссэн харилцаа нь юунаас улбаатай байсан гэдгийг анхаарах шаардлагатай. Мөндөл нь “ТГ” ХХК-ийн 1 хувийн хувьцааг 100 сая төгрөгөөр худалдан авч цаашдаа компаниас хэрэгжүүлж байгаа төслөөс ашиг олох зорилгоор уг гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Б болон М нарын хооронд иргэний эрх зүйд заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан. Уг хамтран ажиллах гэрээний гол зорилго нь талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хөтөлбөрөөс ашиг олох зорилготой бөгөөд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашиг олохын хажуугаар үүссэн эрсдэлээ ч гэсэн хамтран хариуцах үүрэг хүлээсэн. М нь Бын хэрэгжүүлж байгаа төслөөс ашиг олох зорилготойгоор талуудын хамтын ажиллагаанд зориулан хувьцаа худалдах худалдан авах журмаар 100 сая төгрөгийг Бод гарган өгсөн бөгөөд Бын хувьд төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан явуулах байсан. 6 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудаст авагдсан Аудитын дүгнэлтэд тусгагдсанаар 2,2 тэрбум төгрөгийг компанидаа зарцуулсан нь нотлогддог. Хохирогч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрийнхөө сонирхлынхоо хүрээнд Б дээр өөрөө очиж, дараа нь эцгийнхээ хамт очиж бүх баримт бичигтэй нь танилцаад хөрөнгө оруулсан гэсэн байдаг. Үүнээс харахад Б нь Мийг хөрөнгө оруул гэж ятгах ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй байдаг. Бизнес бүхэн тодорхой эрсдэл дагуулдаг. Хамтын ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг өөрөө ирээдүйд ашиг олох зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах замаар босгох нь Мийн өөрийнх нь гаргасан эрсдэл юм. Бын зүгээс “чи байраа барьцаанд тавьчих, тэгээд хоёулаа 100 сая төгрөг гаргаад энэ төслийг хийе” гэх зүйлийг Мд хэлж байгаагүй. Аливаа хамтын ажиллагаа бизнесийн харилцаа нь анх тавьсан зорилго биелэгдэхгүй болох, нөхцөл байдал өөрчлөгдөх, гуравдагч этгээд болон төрийн байгууллагын шийдвэр зэрэгтэй холбоотойгоор үйл явдал өөрчлөгдөх зүйл гардаг тул энэ харилцааг иргэний хуулиар зохицуулж талуудыг гэрээнээс татгалзах эрхийг хуульчилсан байдаг. Ц.Б мэдүүлэгтээ “төсөл хөтөлбөр маань удаад байна. Хоёулаа гэрээгээ больё. Гэхдээ чи компанийн 1 хувийн хувьцааг худалдаад авна гээд гэрээ байгуулсан байгаа болохоор гэрээнээс татгалзах бичгээ өгчих” гэж Мд хэд хэдэн удаа хэлсэн байдаг. Гэтэл М нь уг төсөл биелэх магадлалтай юм байна гэх итгэлээр өнөөдрийг хүртэл компанийн хувьцааг бүртгүүлэх ажиллагааг өөрөө хийгээгүй. Мөн гэрээнээс татгалзах бичгээ ч Бод өгч байгаагүй байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд талууд гэрээнээс татгалзахын үр дагавар юу байдаг вэ гэхээр талууд өгсөн авсанаа буцаах үүрэгтэй байдаг. Үүний дагуу Б нь Мөөс авсан 100 сая төгрөгөө буцаагаад өгсөн. Хохирогч Пүрэвдагвын хувьд ч гэсэн өгсөн мөнгийг нь буцаагаад өгсөн байдаг. Иргэний хуульд заасны дагуу байгуулсан гэрээнээс үүсэх үр дагаварыг Б өөрөө хүлээгээд хариуцлагаа биелүүлсэн. М нь 100 сая төгрөгийн хөрөнгө оруулсан атлаа 110 сая төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээд 10 сая төгрөгийг хувьдаа ашигласан. Тэгсэн атлаа одоо 110 сая төгрөг болон хүү, алданги зэргийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа байтал эрүүгийн хэрэг үүсгэгдээд ял шийтгэгдээд байгааг ойлгохгүй байна. Мөн Птай үүссэн харилцааны хувьд талуудын хооронд үүссэн тохиролцоо амлалтыг баталгаажуулах гол баримт бичиг нь өөрөө бичгээр хийсэн хэлцэл байдаг. Аливаа амлалтыг бичгээр баталгаажуулах хуулийн хатуу зарчмыг баримтлаагүй нь аливаа этгээд хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдэгтэй нэгэн адил юм. Хохирогч П мэдүүлэхдээ “бид хоёр бичгээр баримт үйлдэж байгаагүй. Би хэдэн төгрөг өгсөн болохоо мэдэхгүй байна. Гэхдээ 48 сая төгрөг байхаа” гэснийг прокуророос үнэн зөв мэдүүлэг гэж үзээд Быг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй талаар тайлбар хэлье. Прокурор яллах дүгнэлтдээ “ТГ” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэр байгуулах эрх аваагүй байхдаа худал амалсан” гэж дүгнээд ялласан. Гэтэл 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл авах шаардлагатай талаар огт хуульчлагдаагүй. Мөн Компанийн тухай хуульд “компани үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно” гэсэн болохоос биш эрхлэж буй үйл ажиллагаа болгоноо дүрмэндээ тусгах талаар хуульчлаагүй. Нэмээд хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар болон Айврохомайнз, Рио Тинто нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь “ОТ” ХХК нь өөрөө Монгол Улсад байршилтай гуравдагч этгээдийн зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулагчид баяжмалыг тэргүүн ээлжинд нийлүүлэх буюу орон нутгийн компанид тэргүүн ээлжинд эрх олгож давуу байдал үүсгэж гэрээ байгуулана гэдэг зүйл тусгагдсанаас биш “ОТ” ХХК-аас гарсан овоолгыг ашиглахдаа Төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, “ОТ” ХХК-асс эрх авах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл ямар үндэслэлээр тусгай зөвшөөрөл аваагүй, эрх аваагүй гэж хуулийн аль заалтыг зөрчөөд байгаа талаар прокуророос яллах дүгнэлтдээ тусгаагүй. Мөн прокуророос “компанийн дүрэмд зааснаар хувьцааны үнэлгээ 1000 төгрөг байхад үүнийг 100 сая төгрөг гэж үнэлсэн” гэж буруутгасан. Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа бизнесийн эрх зүйн практикт компаниуд хэзээ ч дүрмийн сандаа тухай бүр буюу компанийн үйл ажиллагаа өргөжих дутамд нэмэлт оруулдаггүй. Анх компани үүсгэн байгуулагдах үед бүртгүүлсэн дүрмийн сангийн үнэлгээ хэвээр байдаг бөгөөд үйл ажиллагааны явцад компани ашиг олоод амжилттай явж байгаа тохиолдолд үнэлгээ нь тухайн зах зээлд явуулж байгаа үйл ажиллагаа хөрөнгийн хэмжээ нь тусгай зөвшөөрөл гэдэг зүйлүүдэд үндэслээд хувьцааны үнэ нь өөрөө зах зээлийн нөхцөл байдлыг дагаад өсөж байдаг. Энэ үнийг талууд өөрсдөө гэрээний чөлөөт байдлын зарчимд тулгуурлаад сайн дураараа тодорхойлдог. Б М хоёр хоорондоо 1 хувийн хувьцааг 100 сая төгрөг гэж тогтоосон нь өөрөө дүрмийн санд хэдэн төгрөг гэж дурдсан байгаатай огт хамааралгүй.
3. Яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Бын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй. Учир нь, залилах гэмт хэргийн онцлог нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буцаан төлөх санаа зорилгогүй байх ёстой. Хохирогч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 1 дүгээр сард мөнгөө өгчих юм бол 2020 онд шав тавилт тавихаар төлөвлөсөн” гэсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж эхэлсэнээр 1 хувийн ашиг өгнө гэж хэлсэн” гэсэн байдаг. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “Б нь ирээдүйд үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр ашиг аваад байх боломжтой гэж итгүүлэн залилсан” гэж дурдсан. “ОТ” ХХК-ийн овоолгод түшиглэсэн үйлдвэр барих нь өөрөө дан ганц “ОТ” ХХК-тай гэрээ байгуулаад шууд үр ашигаа өгч эхлэх төсөл биш. Бын хувьд сүүлд 2023 оны 12 дугаар сард үйлдэгдсэн яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө М болон П нарын хохирлыг өгсөн байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу цагаатгаж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Мийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч байхгүй байхад хохирогч тэгж хэлсэн, ингэж хэлсэн гээд ярьж байгаа тул хохирогч Мийн мэдүүлгийг уншъя. Хохирогч М 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ “Анх Боос асуух гэж байсан зүйл бол шатахууны импорт, тээвэрлэлтийн талаар асуух зүйл байсан учраас очиж уулзсан. Гэтэл Б ийм хэцүү бизнес хийж өөрийгөө зовоож байхаар надад бэлэн болсон ажил байна. Миний хувьд Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэс боловсруулах үйлдвэр барих гээд бүх ажил нь бэлэн болсон байгаа. Та миний эзэмшлийн 51 хувийн хувьцаанаас худалдаж аваад ашиглалтад орохоор нь сар бүр хувиа аваад явж байвал танд илүү ашигтай юм биш үү гэх саналыг тавьсан. Б Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх “ОТ” ХХК-ийн зэсийн овоолгод чиглэн дахин боловсруулах үйлдвэр барих гэж байгааг зураг, техник, эдийн засгийн үнэлгээ зэрэг баримтуудыг үзүүлсэн. Тэгэхээр нь би хувьцаагаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд, хоёулаа тохиролцъё. Жишээ нь 5 хувь нь 500 сая гэсэн. Энэ уулзалтаас хойш хэд хоногийн дараа Бтой уулзахад “надад асуудал их байна. Хүмүүст өгөх өр байна. Ер нь та уг ажлыг авсанаар алдахгүй шүү. Та манай компанийн хувьцааг худалдаж авах юм бол цаашдаа байнгын орлоготой сар болгон 100 сая төгрөг аваад явах боломжтой” гэсэн санал тавихаар нь итгээд “ТГ” ХХК-ийн 1 хувийн хувьцааг 100 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би байраа барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаад өгье. Чамд итгээд би зээлээ төлөөд явж байя гэхэд Б “болох байлгүй дээ” гэж хэлсэн. Ингээд 110 сая төгрөгийг зээлээд Бын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн” гэсэн байна. Тэгэхээр Б нь Мтэй ямар хамааралтай вэ гэхээр Мийн төрсөн ахтай Б нь нэг ангид суралцаж байсан. Ахтай нь маш ойр харилцаатай байсан байдаг. Иймд урдын харилцааны итгэлийг Б ашигласан. М болон Мийн эцэг нь Бод итгэсэн. Итгэсэн тул байраа барьцаанд тавиад 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Бын данс руу мөнгийг шилжүүлсэн. Бын данс руу 97 сая төгрөг шилжүүлээд 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Б өөрийнхөө дансанд орсон мөнгийг хувьдаа зарцуулаад дууссан талаарх баримт хэрэгт авагдсан. Төсөл гээд зүйл ярьж байна. Үүсмэл орд ашиглах талаарх төслөө удаа дараа эрх бүхий байгууллагад хандан танилцуулж явсан байдаг. Эрх бүхий байгууллагуудаас “тийм байж болох юм” гэсэн хариу л өгсөн байдаг. Түүнээс биш “ТГ” ХХК нь үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тухайн үед “ТГ” ХХК-ийн дүрмийн санд 1.000.000 төгрөг байсан. 1 хувийн хувьцаа нь 10.000 төгрөг байхад 1 хувийн хувьцаагаа 100 сая төгрөгт худалдсан. Мөн хувьцаагаа Улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нөгөө эзэмшигч болох Эрдэнэ-Очир нь 49 хувийн хувьцааг эзэмшдэг. Б 51 хувийн хувьцааг эзэмшдэг юм байна. Одоо хүртэл компанийн хувьцаа эзэмшигчээр Мийн нэрийг оруулсан асуудал байхгүй. “ТГ” ХХК-ийн хувьд татвар төлдөггүй. Үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлж болно. Хохирогч М нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан талаарх баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс баримтуудыг үнэлээд шийдвэр гаргасан. Банк бус санхүүгийн байгууллагын хүү, алдангийг яагаад төлүүлэх шаардлагатай вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Бодит хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврын хор уршгийг зайлшгүй төлөх ёстой. Иргэний хуульд ч төлөх үүрэгтэй гээд заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М зээлийн хүүгээр хохирч байна. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 110 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хүүг нь өнөөдөр хүртэл төлж байна. 62,235,200 төгрөгийг төлсөн гэж шүүх шийдвэрлэсэн. Учир нь, шүүгдэгч талаас шүүхийн дансанд байршуулсан байдаг. М нь 5 жил гаруй хугацаанд хохирсон. Ямар ч ашиг байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээрээс тогтооно гэж заасан. Шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хурал үндсэндээ 3 хоног явагдсан. “ОТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б гэх хүнээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Ямар нэгэн байдлаар худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол шалгуулах эрх нь нээлттэй байгаа. Төсөл хэрэгжүүлнэ гэж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төслийг удна гэдгийг мэдэж байсан гэж байна. Төсөл 5 жил, 10 жилийн дараа хэрэгжинэ гэсэн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй. Төсөл хэрэгжих нь удах талаар илтэд илэрхий баримт бичиг байдаг бол удахыг нь мэдсэн байна гэж үзэх үндэслэл болох байх. Харин эсрэгээрээ Бын тухайд хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар хэрхэн итгүүлэн хуурсан гэдэг шинж нь илэрхий харагдаж байна гэж үзэж байна. Бүх зүйл бэлэн болсон байгаа. “ОТ” ХХК-ийн гадаад захирлууд нь шинэ жил болох гэж байгаатай холбоотой нутаг буцсан. Буцаад ирэхээр нь гэрээ байгуулна. Ингээд үйлдвэр баригдах ажил явагдана. Ханбогд сумын 70 жилийн ойгоор шав тавих ёслолын ажил явагдана гэх мэтээр итгүүлэн хуурсан шинж нь харагдаж байна. Мөн зээлийн гэрээ 117 хоног гэж хийгдсэн гэх юм. Зээлийн хугацаа нь зээлдэгчийн эргэн төлөлтийн нөхцөл, зээлийн графикийг хувь хүний орлогыг хараад тогтоож байгаа. 117 хоног гэж тогтоосон нь хэрэгт ямар хамааралтай юм бэ ойлгосонгүй. Төсөл хэрэгжсэн талаарх баримт одоо ч байхгүй байна. Сая шинээр гаргаж өгч буй баримтууд нь тухайн үед байгаагүй баримтууд байна. 100 сая төгрөгийг хохирогчоос авсанаас хойш хөөцөлдөж авсан баримтууд байдаг. “ТГ” ХХК-ийн Аудитын дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Уг дүгнэлтэд компанийн нэр “ТГ” ХХК гэж байдаггүй. Өөр нэртэй компани байсан. Аудитын дүгнэлт гаргаж байгаа байгууллага компанийн нэрийг андуурч гаргана гэж байхгүй. Өөр компани дээр гаргасан аудитын дүгнэлтийг гаргаж өгсөн байх магадлалтай. 110 сая төгрөг зээлсэн гэж байна. Зээлийн эргэн төлөлтийн бүх баримтуудыг үндэслээд энэ нь өөрөө нотлох баримтаар тогтоогдсон учраас гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар мөн юм гэж үзээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн саналаа гаргасан. Мөн харьяаллын асуудлыг ярьлаа. Харьяаллыг Нийслэлийн прокурорын газраас тогтоосон байдаг. Харьяалал тогтоох журмыг Улсын ерөнхий прокуророос баталсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан байдаг. Энэ хүрээндээ харьяалал тогтоох журмынхаа дагуу харьяаллыг тогтоосон байгаа. Гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хуулиараа хэд хэдэн мөрдөгч, хэд хэдэн мөрдөн шалгах байгууллагад даалгах эрх нь байгаа. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулсан захирамж, тогтоолыг өмгөөлөгч Б.Баатарсайханаас уншиж танилцууллаа. Хуульд хэд хэдэн мөрдөн шалгах байгууллагад даалгаж болно гэж заасан байхад мөн шийдвэрээ өөрөө уншиж танилцуулаад байгаа атлаа хууль зөрчсөн гэж байгааг ойлгохгүй байна. Мөрдөн шалгах байгууллагын ачааллаас шалтгаалаад ийм шийдвэр хуулийн дагуу гарсан. Хууль зөрчөөгүй. Хувийн сонирхлоор хэргийн харьяаллыг тогтоосон гэж үзэж байгаа бол мөн гомдол гаргах эрх нь нээлттэй. Залилах гэмт хэргийн бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн дундаас ялгарах гол шинж нь хохирогч эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг. Шүүгдэгч Б болон түүний өмгөөлөгч нараас удаа дараа “хохирогч М нь өөрөө санал тавьж, өөрөө мөнгөө шилжүүлсэн” гэж яриад байна. Энэ нь өөрөө залилах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаа. Өөрөө мөнгийг шилжүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдээгүй гэх нөхцөл байдал болохгүй. Хэрэгсэхгүй болгох шийдвэр яг энэ үндсэн гэмт хэргийн тухайд гараагүй. Яллах дүгнэлт хүчингүй болсонтой андуураад байх шиг байна. Бод холбогдох хэд хэдэн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод тухайн хэргийг нэгтгээд буцаагаад яллах дүгнэлт үйлдсэн. Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт хүчингүй болсон асуудал биш. Буруу тайлбарлаад байна. Иргэний эрх зүйн маргаан гэж үзээд байна. Сая 1 хувийн хувьцааг 100 сая төгрөгөөр тогтоосон шийдвэр байгаа юу гэж шүүгч асуусан. Асуултад хариулж чадсангүй. 1 хувийн хувьцаагаа шилжүүлье гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоо%D