| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2026/0015/З |
| Дугаар | 122/ШШ2026/0015 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 122/ШШ2026/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн Б.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 11,892,000 төгрөгийг олгохгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амарбаясгалан (цахимаар), хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* (цахимаар), Х.******* (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Амарбаясгалангаас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 11,892,000 төгрөгийг олгохгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгчээс сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахаар ******* сумын Засаг даргад өргөдөл гаргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт удаа дараа хандсан боловч албан ёсны хариу ирүүлээгүй гэх тайлбарыг хийж 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн ******* овогтой Амарбаясгалан /*******/ миний бие ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 тоот захирамжаар Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно.
Миний бие Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтын дагуу улс төрийн нөхцөл байдлаас хамааран ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмж авах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.
******* сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт удаа дараа өргөдөл өгсөн боловч одоог хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна.
Иймд ******* сумын Засаг дарга Ч.*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож улс төрийн нөхцөл байдал сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 11,892,000 (арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянган) төгрөгийн тэтгэмжийг олгохыг даалгаж өгнө үү. Бусад аймгийн хувьд дээрх тэтгэмжийг хуулийн хүрээнд олгосон байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын Амарбаясгалан миний бие 2020 оны 12 дугаар сард орон нутгийн сонгуулиар Засаг даргын орлогчоор томилогдсон. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд Засаг даргын орлогчийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр намайг улс төрийн албан хаагч гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл надад хариу өгөөгүй. Би өөрийгөө улс төрийн сонгуулийн нөхцөл байдлаас шалтгаалан үүрэгт ажлаа өгсөн, улс төрийн албан хаагч гэж үзэж байгаа бөгөөд 4 жилийн хугацаанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл боломжоор хангагдаж, өөрт оногдсон үүрэг хариуцлагыг хүлээж ажилласан.
Надад олгогдох ёстой тэтгэмжийн талаар удаа дараа санал тавьж, өргөдөл гаргасан. Гэтэл 2 жилийн хугацаанд надад ямар ч хариу өгөөгүй. Намайг Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд улс төрийн албан хаагч, багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, орлогч дарга зэрэг албан тушаалтнууд сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг 2024 оны орон нутгийн төсөвт суулгаж, бүгдэд нь тэтгэмж олгосон байдаг. Гэвч зөвхөн надад л олгохгүй байгаа юм. Яагаад надад олгохгүй байгааг гайхаж байна. Иймд хуулийн хүрээнд надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т Засаг даргын орлогч гэх нэршил байхгүй учраас өгөх боломжгүй гэх тайлбарыг хэлж байна. Тус хуульд зааснаар улс төрийн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд тэтгэмж олгоно гэсэн байдаг. Миний бие сонгуулийн үр дүнгээр ажлаа өгсөн. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалтан гэдэгт бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын орлогч, бүх шатны Засаг дарга нар гэж зааж өгсөн. Би энэ асуудлыг л яриад байгаа юм. Мөн би Аудитын даргатай уулзсан. Аудитын газрын гаргасан дүгнэлт дээр ямар хуулийн заалтыг үндэслэж, юу нь болохгүй болоод орлогч дарга нарт тэтгэмж олгохгүй байгаа талаарх асуудал нь тодорхойгүй байсан. Зүгээр л олгож болохгүй гэж акт тавьсан л зүйлийг надад харуулсан. Гэтэл Өвөрхангай аймагт бүх сумдын орлогч дарга нарт тэтгэмж олгосон байна. Бусад аймагт олгож болоод байхад яагаад манайд олгож болдоггүй юм бэ? Мөн намайг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөөгүй гэж үзэж байгаа бол ямар шалтгаанаар ажлаас чөлөөлснийг нь ойлгохгүй байна гэв.
3.3. Хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, С.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Амарбаясгалангаас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож улс төрийн нөхцөл байдал сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 11,892,000 (Арван нэг сая найман зуун ерэн хоёр мянга) төгрөгийн тэтгэмж олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:”, 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох;”, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасантай нийцэхгүй байх тул тус сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Амарбаясгаланд 1 удаагийн буцалтгүй тусламж олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг сонгуулийн үр дүнгээр томилогддог улс төрийн албан хаагч байсан гэдэгтэй бид маргахгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Бүх шатны Засаг дарга гэдэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга гэсэн шаталсан бүтэцтэй байдаг. Дээрх хуулийн заалтад Засаг даргын орлогч гэх нэршил байхгүй учраас бидний зүгээс тэтгэмж олгох боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.
Төрийн албаны тухай хуулиар орлогч дарга нар улс төрийн албан хаагч гэдэг нь тодорхой байгаа. Гэхдээ тэтгэмж олгохтой холбоотой асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Бид тухайн нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэж хариу тайлбартаа дурдсан гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс төсөв санхүүтэй холбоотой тайлбар өгье. 2020 онд дээрх хуулийн заалт өөрчлөгдөөгүй байсан. 2024 оны төсвийн хэлэлцүүлгээр нийт албан тушаалаараа төсөв батлуулсан байдаг. 2024 онд тэтгэмж олгох үед аймгийн хэмжээнд дээрээс буюу төсвийн мэргэжилтнүүдээс “орлогч дарга нарт олгож болохгүй, түр хүлээж бай” гэх шийдвэр ирсэн. Тухайн шийдвэрийн хүрээнд зөвхөн орлогч дарга нарын тэтгэмжийг олгоогүй байсан. 2023 оны санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан хамгаалах үед Төсвийн тухайн хуулийн 6.4.1-т заасныг үндэслэл болгож орлогч дарга нарт тэтгэмж олгохгүй гэх чиглэлийг Төрийн Аудитын газраас ирүүлсэн. Өмнө нь 2, 3 сумд Төрийн сангийн зөвлөмжийг зөрчиж орлогч дарга нарт тэтгэмж олгосон байдаг. Үүн дээр Төрийн аудитын газраас акт тавьж эргүүлж төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Бусад сумдад Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот акт ирсэн байдаг.
Би хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2024 оны 12 сард ажилдаа орсон. Нэхэмжлэгч надтай 2025 оны хавар ирж уулзан, тэтгэмжээ авч чадаагүй талаараа хэлсэн. Тухайн үед нь би дээрээс олгож болохгүй тухай шийдвэр ирсэн гэж тайлбарласан. Дараа нь нэхэмжлэгч өргөдөл өгөхөд нь бидний зүгээс Төрийн аудитын газрын албан шаардлага гараагүй байсан учраас хариу өгч чадаагүй байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Төрийн аудитын газраас тавьсан акт дээр хуулийн зүйл заалтыг тодорхой бичиж өгсөн байна. Үүнийг бүтэн дурдвал Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Тамгын газрын 2025 оны Санхүүгийн тайланд аудит хийхэд дараах зөрчил илэрлээ. Үүнд сумын Засаг даргын орлогч сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдөхөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 11,220,000 төгрөг олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т зааснаар “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.3-т зааснаар “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, Монгол улсын ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3.8-т “Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн” гэсэн байна. Мөн дээрх олгосон тэтгэмжийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Засаг даргаар төлүүлж, аймгийн Төрийн сангийн хүү, торгуулийн орлогын тоот дансанд төвлөрүүлэхийн үүрэг болгосон акт тогтоогдсон байна. Тэгэхээр бид тэтгэмжийг олгохгүй байгаа шалтгаан нь буруу шийдвэр гаргавал дараа нь өөрөө төлбөр төлөх ёстой болно. Бид Төсвийн хэмнэлтийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчил гаргахгүй байх үүднээс тэтгэмжийг олгоогүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтын дагуу улс төрийн нөхцөл байдлаас хамааран ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмж авах бүрэн үндэслэлтэй ... “ гэж, харин хариуцагчаас “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасантай нийцэхгүй тул сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Амарбаясгаланд нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
3. Нэхэмжлэгч Б.Амарбаясгалан нь ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар албан тушаалаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 3-4-р хуудас/
4. Нэхэмжлэгчээс сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахаар ******* сумын Засаг даргад 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өргөдөл гаргасан байх ба хариуцагчаас албан ёсоор хариу өгөөгүй, харин сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга Х.******* уг тэтгэмжийг олгох боломжгүй талаар амаар хариу өгсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-р хуудас/
5. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн улс төрийн албан тушаал” гээд 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж тус тус заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сумын Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх улс төрийн албан тушаалтан мөн боловч сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй албан тушаалтанд хамаарахгүй байна.
7. Өөрөөр хэлбэл, нэгжийн удирдлагын нийгмийн баталгааг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга, бүх шатны Засаг даргын хувьд сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байхаар тусгайлан зохицуулсан гэж үзнэ.
8. Тухайн тохиолдолд, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Б.Амарбаясгаланд нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэхгүй бөгөөд хариуцагчийн татгалзал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглох” гэж заасантай нийцсэн байна.
9. Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимтай ба захиргааны байгууллага хуульд тусгагдаагүй буюу хуулиар зөвшөөрснөөс бусад тэтгэмжийг төрийн албан хаагчид олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн сумын Засаг даргын орлогчид нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амарбаясгалангаас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 11,892,000 төгрөгийг олгохгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД