Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Д..............ийн хүсэлттэй,

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 142/ШШ2019/01499 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д..............ийн хүсэлттэй

Ажилласан жил сэргээн тогтоолгох” тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч Д..............ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.............., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Хүсэлт гаргагч Д.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.............. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Д.............. нь 1969 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1987 онд 10 дугаар анги төгсөөд 1987 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын НААҮ төвд оёдолчиноор орж ажилласан болно. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдэж үрэгдсэн, Увс аймгийн архиваас Баруунтурууны НААҮ-ний төвийн ажилд авсан, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул 1987 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 33-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тодорхойлж өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01499 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Савар овогт Доржсүрэнгийн ............. /регистрийн дугаар ОР69101506/-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Д.............. давж заалдсан гомдолдоо:

Д.............. миний бие 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Миний ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Д.............. нь Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.............. нь Увс аймгийн Хяргас суманд 1969 онд төрсөн бөгөөд 1987 онд 10 дугаар анги төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баруун туруун сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд оёдолчноор орж ажилласан ба тухайн үед ажилд орсон болон ажлаас гарсан тушаал олдоогүй, хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн учраас шүүхээр ажиллаж байсан хугацаагаа сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогджээ.

Шүүх Д..............ийг Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан тухай ямар ч бичгийн нотлох баримт байхгүй, гэрчийн мэдүүлгийг нотлосон нотлох баримт байхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд гэрч Ж.Баттогтох нь Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1980 оны 02 дугаар сараас1991 оны 01 дүгээр сар хүртэл мөн Ц.Жиржгээ нь 1979 оноос 1991 онуудад тус төвд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан үед хүсэлт гаргагч Д.............. нь оёдолчноор ажиллаж байсан байна. Хэрэгт хэдийгээр Д..............ийг оёдолчноор ажиллаж байсныг нотлох бичгийн нотлох баримт авагдаагүй боловч түүний оёдолчноор ажиллаж байсан нь гэрч Ц.Жиржгээгийн мэдүүлэг, Ц.Баттогтохын тодорхойлолт, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эдгээр нотлох баримтыг үндэслэн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 142/ШШ2019/01499 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Савар овогт Доржсүрэнгийн ............. /регистрийн дугаар ОР69101506/-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Савар овогт Доржсүрэнгийн ............. /регистрийн дугаар ОР69101506/-ийг Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Т..............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ