Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 38

 

Б..............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ............. ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............. ХХК-д холбогдох,

Б.............., ............. ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөгийг буцаан гаргуулах, гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 25.064.333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Б.............. нь “.............” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн орон сууцыг 67.550.000 төгрөгөөр авах болсон. Ингээд урьдчилгаа төлбөр 40.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр төлж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн. Ингээд сар бүр 500.000 төгрөгийг төлөх ёстой байсан ба 3 сарын төлбөр 1.500.000 төгрөгийг төлсөн. Ингээд дараагийн төлбөр төлөх хугацаа болох үед буюу 2015 оны 09 сард дулаан өгөх үед паарнаас ус гоожиж манай гэрийн шал доод айл зэрэг халуун усанд автаж, уг асуудалд тухайн компани буруутай эсэхийг шийдвэрлэтэл төлбөрийг зогсоох, ус дулааны мөнгө төлөхгүй байх тохиролцоонд хүрч нэг мөр асуудлыг шийдвэрлэх өөр байраар солих зэрэг асуудлыг удирдлагын төвшинд шийдвэрлэнэ, Эзэн маань Хятад улсад байх тул асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна гэсээр 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүрсэн. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин шалнаасаа ус алдаж доод талын хэд хэдэн айл руу ус урсан орж, тухайн байр бүхэлдээ усанд автаж хүн амьдрах боломжгүй болж уг өдөр орон сууцнаасаа шилжих болсон. Ингээд асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй ба тухайн орон сууцны шалыг ховхлон ус алдалтыг зогсоох ажиллагааны явцад шалнаас мөөгөнцөртөж, хөгц үүссэн хүн амьдрах боломжгүй болсон нь тодорхой болсон. Би ам бүл 5-уулаа амьдардаг нийт 3 хүүхэдтэй бөгөөд бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба хүүхдүүд маань мөөнгөнцөр чийгшилт удаан хугацаанд байснаас гарч байгаа харшил нь үүссэн байх магадлалтай гэх оношийг ус алдах үед мэдсэн. Энэ үед хүү маань харшил нь улам нэмэгдсэн. Шал ховхлох үед шал мөөгөнцөртсөн, хана даган мөөгөнцөртсөн нь тогтоогдож, хүн амьдрах боломжгүй орон сууцанд амьдарч байгаагаа мэдсэн. Иймд 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, миний орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөгийг гаргуулах, халуун ус алдалтаас болж тоос сорогч, нөүтбүүк, 5 хаалгатай шкаф, ширээ, тумбочка, унтлагын ор, гал тогооны тавилга зэрэг эвдэрч ашиглах боломжгүй болсон тул эд зүйлийн үнэ 5.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нийт “.............” ХХК-иас 56.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.  

Нэхэмжлэгч Б.............. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...Орон сууцыг ашиглах боломжгүй болсны дараа буюу биднийг 2018 оны 06 сард өөр байранд оруулсны дараа бидний байшинг засах боломжтой, тохиролцъё гэж өөрсдөө биднийг дуудсан ба өөрийгөө захирал гэх эрэгтэй ирсэн гээд анх намайг дуудсан. Ингээд засварлах боломжтой засварлаад оруулъя гээд намайг хэдэн төгрөгний засвар гарахаар байна, тооцоогоо бидэнд гаргаад өг, мөн бид нар тооцоолъё, ажилтнаараа засуулна гэсэн. Ингээд бид тооцоог хийж очиход ажилтан байхгүй болчихлоо гээд та нар өөрсдөө засварлачих, бид та нарын тооцоог харлаа үзлээ, зөвшөөрч байна гээд өөр байранд биднийг оруулахаар болж, 2.731.000 төгрөгийг надад өгсөн. Ингээд уг мөнгийг хүлээн авсны дараа мэргэжлийн засварчнаар хийлгэхээр болж, засварт шаардлагатай гэх материалыг засварчны хамт явж, худалдан авч засвар хийхээр болсон. Засварын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хийж эхлэн шалыг өрөмдөж шугам хоолойнуудыг суулгах 30 см өргөнтэй, 06-10 см зузаантай сувгийг техникийн багажаар мэргэжлийн ажилтнууд ухаж, пyс 105 мм хоолойг шинээр авч, ухсан сувгийн хоолой шинэчлэн хийсэн. Шинэчлэн хийсэн хоолойны халаалтыг суурилуулан системийг холбосон. Мөн баннын битүү ханыг нурааж холболтыг хийсэн. Ингэж хийхэд засварын ажлын хөлс 450.000 төгрөг болсон. Гал тогооны ханыг ухаж ханын хоолойтой холбон бэхлэх явцад ханын далд хоолой чанарын шаардлага хангаагүй ус шүүрч байсан. Ингээд уг асуудлын талаар дахин тухайн компанийн ажилтанд хандахад шүүхээр яв бид эвлэрэх боломжгүй байна гэсэн. Уг орон сууцны шугам хоолой сан техникийн материалыг солиод ч тухайн байрыг ашиглах боломжгүй болох нь дээрх байдлаас бүрэн мэдсэн. Учир нь тухайн сангийн хоолой нь шалан дор болон хананд буруу байрлуулснаас дахин ус алдах магадлалтай, орон сууцны зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. Ингээд уг маргаанаа шүүхээр хэлэлцүүлэхээр хариуцагчийн хүсэлтийн дагуу явуулж байгаа билээ. Уг байрны шалны хоолойг засварласнаар гадна бүх өрөөний хана, шаланд үүссэн мөөгөнцрийг үрж, хусаж угааж арилгах арга хэмжээг авсан боловч, шинжээчийн дүгнэлтээр арилаагүй болох нь тогтоогдсон ба нэгэнт үүссэн мөөгөнцөр арилах боломжгүй гэсэн. Тухайн засварын мөнгийг аваад засварын материал ПҮС хоолой 105 мм -210.000 төгрөг, бүрээс хоолой 105 мм-52 500, паар- 480.000 төгрөг, ажлын хөлс 450.000.төгрөгийг өгч хоолойг хийлгүүлсэн байгаа. Иймд нэхэмжпэлийн шаардлагаас 1.192.500 төгрөгийг засварын материал болон хөлсөнд зарцуулсан учир өгөх боломжгүй, харин 1.538.500 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.  

Нэхэмжлэгч Б.............. сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Орон сууцыг худалдан авах гэрээний дагуу миний бие 51.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоо болтол өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, тухайн орон сууцыг ашиглах боломжгүй болсны дараа буюу биднийг 2018 оны 06 сард өөр байранд оруулж, засвар хийж, тохиролцохоор болсон боловч эвлэрлийн гэрээг байгуулахаас татгалзаж өнөөдрийг хүртэл засвар хийж өгөөгүй, засах боломжтой тохиролцъё гэж бидэнтэй тохиролцож байна гэж 2.731.000 төгрөг шилжүүлснээс хойш орон сууцыг хүн амьдрах боломжтой болгож өгөхийг хүсэхгүй харин ч биднийг өөр өөр байранд удаа дараа шилжүүлж байна. Орон сууцны гэрээний дагуу 51.500.000 төгрөгийг минь авсан атал өнөөдрийг хүртэл тухайн орон сууцандаа оршин сууж амьдрах, өмчлөх эзэмших эрхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Өөр өөр орон сууцанд оруулж, засвар үйлчилгээг нэн даруй эхлүүлсэн боловч засварын ажлын явцад, ханын далд байрлах хоолой чанарын шаардлага хангаагүй ус шүүрч байснаас дахин маргаан үүсч, уг асуудлын талаар дахин тухайн компанид хандахад шүүхээр яв гэсэн хариу өгч, бид байрыг өнөөдрийг хүртэл ашиглах, эзэмших, өмчлөх боломжгүй болсон. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн байрны сангийн хоолой нь шалан дор болон хананд буруу байрлуулснаас дахин ус алдах магадлалтай, орон сууцны зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. Ингээд уг маргаанаа шүүхээр хэлэлцүүлэхээр хариуцагчийн хүсэлтийн дагуу явуулж байгаа билээ. Хариуцагч надаас авсан 51.500.000 төгрөгийг буцаан өгөхгүй гэсээр өнөөдрийг хүрч байна. Уг орон сууцны шалны хоолойг засварласнаас гадна бүх өрөөний хана, шаланд үүссэн мөөгөнцрийг үрж, хусаж угааж арилгах арга хэмжээг авсан боловч, шинжээчийн дүгнэлтээр арилаагүй болох нь тогтоогдсон ба нэгэнт үүссэн мөөгөнцөр арилах боломжгүй гэсэн. Бид орон сууц худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцанд тохиролцсон урьдчилан тохиролцсон төлбөрийг шилжүүлж, орон сууцаа эзэмшиж, орон сууцандаа орсон. Сүүлийн 1 жилийн хугацаанд амьдрах боломжгүй болж өнөөдрийг хүрч байна. Бид тухайн орон сууцыг хөлслөө ч үгүй, хөлслөх гэрээ ч бидний хооронд байхгүй. Бид өөрийн худалдан авсан байрандаа зардал хэмнэх шаардлага ч байхгүй, бид одоо орох оронгүй байгаа нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч өөр өөр байранд шилжүүлэн амьдруулж байгаагаа мэдсээр байж надаас үндэслэлгүй 22.333.333 төгрөг нэхэмжилсэн нь байна. Хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанийн тухайд Б..............тэй 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж 7-р хорооллын 8-14 тоот байрыг 67.550.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон тус орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн. Ингээд ............. нь урьдчилгаа 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг төлж цаашаа хэрэглээний мөнгө болон зээлийн төлбөрөө сар бүр төлөх ёстой байсан боловч 3 удаа сарын 500.000 төгрөг төгрөг төлөөд гэрээгээ зөрчин төлбөрөө төлөхөө байсан. Төлбөр төлөхгүй байгаа шалтгаанаа паарнаас ус алдсан гэж тайлбарладаг. Энэ нэхэмжлэлийг гардаж авахаас өмнө бид .............тэй уулзсан. Бид хэн хэнийхээ санал хүсэлтийг хүлээн авч хоорондоо зөвшилцөн, үүсч байгаа асуудлыг аль болох нааштай байдлаар шийдвэрлэхээр тохироонд хүрч ус алдсан засварын зардалд 2.731.000 төгрөг өгөөд эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Одоо .............тэй тохиролцон эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой гэж үзэж байна. Хэрвээ тохиролцохгүйд хүрвэл бид сөрөг нэхэмжлэл гаргана. Бид дээрх орон сууцаа бүхэл бүтэн 3 жил ашиглуулчихаад зүгээр л гэрээгээ цуцлаад мөнгийг нь өгөөд явуулах боломжгүй юм. Иймээс тохиролцож эвлэрэхгүй гэвэл сөрөг нэхэмжлэл гаргаж орон сууц ашиглалтын зардал болон гэрээний дагуу бусад алданги хохирлоо гаргуулах болно гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.............. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууцанд ус алдсан тул засвар хийлгэх шаардлагатай байна хэмээн гуйж 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр компаниас 2.73.000 төгрөг авсан. Ийнхүү авсан 2.731.000 төгрөгийг орон сууцны засварт зарцуулаагүй. Одоог хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 8-р байрны 14 тоот орон сууц нь засвар хийгдээгүй байгаа төдийгүй Б.............. нь орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөг, эд зүйлийн үнэ 5.000.000 гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэгэнт Б.............. 2.731.000 төгрөгийг компаниас авахдаа орон сууцанд засвар хийлгэнэ гэж авсан атлаа орон сууцны засварыг огт хийлгээгүй байгаа тул 2.731.000 төгрөгийг компанид буцаан төлөх үүрэгтэй юм. Иймд Б..............ээс 2.731.000 төгрөг гаргуулж “.............” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Б.............. нь компанийн өмчлөлийн орон сууцыг худалдан авах зорилгоор гэрээ байгуулан орон сууцыг өөрийн эзэмшилд авсан. Компанийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлж дуусгах талаар шаардлага тавьдаг боловч өдийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй төдийгүй өөрийн орон сууцны үнэ болгон төлсөн мөнгийг компаниас буцаан авах нэхэмжлэл гаргасан. Үүнийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд компанийн зүгээс орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж түүний өөрийн зардлыг хэмнэж компанийн орон сууцанд амьдарсан 1340 хоногийн хугацааны төлбөр 22.333.333 төгрөгийг гаргуулж “.............” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. Б..............ээс нийт 25.064.333 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00082 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1., 496 дугаар зүйлийн 496.1, 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг тус тус баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож Б.............., “.............” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “орон сууц зээлээр худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “.............” ХХК-с 49.961.500 төгрөг гаргуулан Б..............д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол 5,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Б..............ээс 1.538.000 төгрөг гаргуулан “.............” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23.525.833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 450 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 328.316 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 440.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 39 558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай шүүхийн тогтоол нь шийдвэрийн хүчин төгөлөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд хуулийн 56.5.-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч тал уг гэрээг Иргэний хуулийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хүсэл зориг огт байгаагүй ба хариуцагч талаас ч энэ талаар ямар нэгэн байдлаар маргасан мэтгэлцсэн зүйл огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл талууд хоорондоо орон сууцыг өмчлөх эрхийн талаар буюу өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар маргаагүй байтал шүүх Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохтой холбоотой зохицуулалтыг хэрэглэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох замаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг харуулж байна. Орон сууцанд амьдарсан хугацаа буюу 1340 хоногийн мөнгө 22.333.333 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Б..............ийн буруутай байдал нотлогдоогүй тул хариуцагчийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу шаардсан 22.333.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан шаардах эрх нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг биш бөгөөд хэн нэгэн этгээд энэхүү үүрэг үүсэхэд буруутай байхыг шаардахгүй. Тодруулбал Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1. Хэн нэгэн этгээд өөр этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно, 496.2. Хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийг компанийн өмчлөлийн орон сууцанд 1340 хоног үнэ төлбөргүйгээр амьдарсан үйл баримтыг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Лхам оролцсон бөгөөд шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хуралдаан завсарлах хүртэл иргэдийн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4. д заасан дүгнэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй. Учир нь шүүхээс иргэдийн төлөөлөгч Д.Лхамаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.3-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт байгаа эсэх байгаа бол шүүх хуралдаанд уншиж сонсгох боломжийг олголгүй хуралдааныг завсарлуулсан болно. Ийнхүү Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэсэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.............. нь хариуцагч ............. ХХК-д холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөг,  гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 25.064.333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.............. хариуцагч ............. ХХК нар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  “орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, хариуцагч компани Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-р хороолол 8-р байр 14 тоотод байрлалтай 45 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөр 40.000.000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд 11.500.000 төгрөг, нийт 51.500.000 төгрөг төлсөн. Орон сууцны засварт тооцож 2.731.000 төгрөг авсан ба талууд энэ талаар маргаагүй байна. 

Шүүх  талууд “Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж  Иргэний хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,  нэхэмжлэгчид  5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр уг хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь зөв болно.

Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д “... хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөгийг буцаан гаргуулахдаа байрны засварын төлбөрөөс 1.538.000 төгрөг хасч тооцсон атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг засварын үнийг нэхэмжлэгч Б..............ээс гаргуулж шийдвэрлэсэн дээрх төлбөрийг давхардуулан тооцсон гэж үзэхээр байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны хөлс 22.333.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүх “... нэгэнт гэрээний зорилго талуудын  хэн алины хүсэл сонирхлын  дагуу биелэгдэх боломжгүй, талууд хэн аль хүсэхгүй байх тул  хариуцагчийн гаргасан 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч Б..............ийн буруутай байдал нотлогдоогүй тул хариуцагч Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу шаардсан 22.333.333 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “... Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно ...гэж заасан ба энэхүү хуулийн зохицуулалт нь орон сууцны хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт хамааралгүй юм.

Энэхүү иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан дүгнэлт авагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч М.Мэндбаярын гаргасан “... шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг танилцуулаагүй, бичгээр гаргасан эсэхийг зохигчдод тайлбарлаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах  боломжтой болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч компаниас гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцанд удаа дараа гэмтэл гарч цаашид  ашиглах боломжгүй болсон тул  байрыг  буцааж хүлээн авсан, нэхэмжлэгч тухайн байранд 2015 оны 06 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч уг байрыг эзэмшиж амьдарсан, байрны засвар хийхээр авсан мөнгөнөөс 1.538.000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр “... тухайн орон нутагт 3 өрөө орон сууц хөлслөх сарын төлбөрийн хэмжээг сард 300.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгч Б..............ээс 3 жилийн хугацааны орон сууцны хөлс 10.800.000 төгрөг, засварын төлбөр 1.538.000 төгрөг, нийт 12.338.000 төгрөгийг гаргуулж, үлдэх 12.726.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00082 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 287 дугаар зүйлийн 287.1., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг тус тус баримтлан ............. ХХК-иас 51.500.000 төгрөг гаргуулж, Б..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 12.338.000 төгрөг Б..............ээс гаргуулж ............. ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12.726.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 415.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 212.358 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 440.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ