| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2016/0571/э |
| Дугаар | 279 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ;
шүүгдэгч: Б.Жавхлантөгс (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасандоржийн Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн 1803000010093 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрс ажиллагааны техникч мэргэжилтэй, 1 дүгээр төв эмнэлэгт рентгений техникч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 2 дугаар гудамж 20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЧГ87050917 регистерийн дугаартай, Боржигон овогт Баасандоржийн Жавхлантөгс.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Жавхлантөгс нь 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 03 цаг 55 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а-д заасныг зөрчин 1,12 хувийн согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны замд “Toyota Corolla Rumion” маркийн 5918 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 9.2, 2.3 б заалтуудыг зөрчсөнөөс зорчигч Д.Түвшинбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жавхлантөгс мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Ахиж ийм асуудал гаргахгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 11/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12/, хохирогч Д.Түвшинбаяр /хх-ийн 28-29/, гэрч Г.Пүрэвжав /хх-ийн 34/, Л.Мөнхцэцэг /хх-ийн 35/, Б.Ганхөлөг /хх-ийн 37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15194 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, техникийн шинжээчийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45/, Б.Жавхлантөгсийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-54, 60-72, 84-85 /, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 58/, Б.Жавхлантөгсийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 59/, Б.Жавхлантөгсийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 03 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны замд “Toyota Corolla Rumion” маркийн 5918 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явж Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.3б, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Д.Түвшинбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Түвшинбаярын /хх-ийн 28-29/: “... Караокед Жавхлантөгс ах бид хоёр 0,5 литрийн “Соёрхол” архи хувааж уусан. ... Баарны хажууд байдаг буудалд орж Пүрэвжав ах бид гурав 0,75 литрийн архи, 1 том 2 литрийн пиво хувааж уусан. Жавхлантөгс ах машиндаа орж суугаад машинаа асаачихсан “Түвшөө суу” гэсэн. Би жолоочийн хажуугийн суудал дээр орж суусан. Нэг мэдсэн чинь гүний худгийн хажуугаар дээшээ шинэ зам руу чиглээд маш хурдтай явж байсан. Жавхлантөгс ах жолооны хүрд дээрээ гараа тавьсан дээр нь толгойгоороо налсан байсан. Уг нь баруун гар тийш эргэх ёстой байтал шууд чигээрээ яваад замын хашлага даваад төмөр хаалга мөргөөд цаад талд байсан контейнер мөргөөд зогссон. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Пүрэвжавын /хх-ийн 32-33/: “... Зочид буудлынхаа хажуугийн дэлгүүрээс 2 литрийн пиво 1 ширхэг, 0,5 литрийн архи 1 ширхэгийг аваад орсон. Жавхлантөгс ах нилээн согтоод харц нь ширүүн болоод байхаар нь би “одоо та унтаа” гээд ор луу нь хөтөлж аваачсан...” гэх мэдүүлгээр,
Д.Түвшинбаярын биед “баруун суудал ясны хугарал, тархи доргилт, хамарт цус хуралт” бүхий мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15194 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 39/,
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 91 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 44/: “Тоуота Corolla Rumion” маркийн 59-18 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Жавхлантөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгсэлийн зорчигч Д.Түвшинбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлөөгүй байна” гэснээр,
Б.Жавхлантөгсийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 75-76/: “ … 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед ажлаа тараад ажлын дүү болох Түвшинбаярын хамт хорооллын ахуйн үйлчилгээний орчим Караокед түүний найзууд дээр очсон. … Буудлын хажуугийн дэлгүүрээс 0,75 литрийн архи 1 шил, 2,5 литрийн Нийслэл пиво авч Пүрэвжав, Түвшинбаяр бид 3 буудалд орж уусан. …Түвшинбаяр бид хоёр “Пүрэвжавын гэр рүү ялъя” гээд буудлаас гарч би машинаа барьж явсан. Түвшинбаяр миний хажуугийн суудалд сууж явсан. Авто молл автомашины дэлгүүр өнгөрөөд шинэ зам руу эргэх ёстой байтал би эргэхгүй тэр чигээрээ яваад хоосон барилгын хашаа руу мөргөж зогссон. Түвшинбаяр хөл өвдөөд байна гээд өөрийнхөө утсаар түргэн дуудсан. …Рентген зураг авхуулаад эмч Түвшинбаярыг “зүгээр байна” гэж хэлэхээр нь бид харьсан. Маргааш нь ажил дээр буюу 1-р эмнэлэгт Түвшинбаяр өөрөө компьютер томографикийн зураг авхуулсан байсан. Зургаар нь дунд чөмөг буюу аарцаг ясны хавиар хугаралтай гэж гарсан байсан…” гэх мэдүүлгээр болон 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хохирогч, гэрч нар болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Жавхлантөгс нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг (Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг) зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Жавхлантөгсийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Түвшинбаяр нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин хохирогч Д.Түвшинбаяр нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт хураагдан ирсэн Б.Жавхлантөгсийн жолоочийн ¹686339 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баасандоржийн Жавхлантөгсийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Жавхлантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Жавхлантөгсийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жавхлантөгсөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Д.Түвшинбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн Б.Жавхлантөгсийн жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жавхлантөгсөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ