| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2319004110161 |
| Дугаар | 2024/ДШМ/52 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/52
Н.О холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Хохирогчийн өмгөөлөгч: Э.Э,
Яллагдагчийн өмгөөлөгч: З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/507 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Н.О холбогдох 2319004110161 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагчийн биеийн байцаалт:
Н.О,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч Н.О нь 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 08 цагийн үед Дорноговь аймгийн * байранд эхнэр Ж.Н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…хохирогчоос шүүхэд ирүүлсэн Дорноговь аймгийн *сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудасны хэсэг газрын үзлэг гэсэн хэсэгт "баруун шанааны дагуу эмзэглэл хавдартай" гэж тэмдэглэгдсэн байна. Харин Бриллиант эмнэлгийн компьютерт томографын шинжилгээнд "зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн, хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэжээ. Иймд шинжээч эмч Э.А хохирогчид учирсан гэмтэл дээрх 2 үзлэгээр тохирч байгаа эсэхийг тодруулж мэдүүлэг авах,
Бриллиант эмнэлгийн компьютер томографын дүгнэлт бичсэн эмч М.Энхтуяагаас хохирогч Ж.Н учирсан гэмтэл нь шинэ, хуучин гэмтэл аль нь байсан эсэх талаар гэрчээр мэдүүлэг авах,
Мандах сумын Эрүүл мэндийн Төвийн эмч Ч.Чулуунцэцэгээс Ж.Н анх үзүүлэх үеийн нөхцөл байдлыг тодруулах,
хохирогч Ж.Н энэ гэмтэлтэй холбоотой өвчний эмнэлгийн баримтыг хэрэгт хавсаргах,
гэрч О.А хохирогч Ж.Н зодуулсан гэх цаг хугацаанаас хойш ямар зовуурьтай байсан, биеийн байдал ямар байсан зэрэг хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой нөхцөл байдлыг тодруулж асуух” гээд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2319004110161 дугаартай хэргийг прокурорт буцааж,
хэргийг прокурорт очтол яллагдагч Н.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хохирогч Ж.Н мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал)-ээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Н.О нь Дорноговь аймгийн * байранд хэрүүл маргааны улмаас эхнэр Ж.Н биед халдаж зодсон бөгөөд Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/520 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон,
хохирогч Ж.Н гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдрөөс хойш бусдад зодуулсан талаар мэдүүлдэггүй зөвхөн яллагдагчийн үйлдлийн улмаас тухайн гэмтэл учирсан талаар мэдүүлдэг. Гэтэл шүүх нэмэлтээр гэрч нараас мэдүүлэг авч, хохирогчийн биед учирсан гэмтэл хэзээ учирсныг тогтоолгохоор даалгасан нь зайлшгүй хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр хийгдэх ажиллагаа биш билээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхтуяа, *сумын Эрүүл мэндийн төвийн эмч Ч.Ч , О.А нар нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсаар гэрч нарыг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулан захирамжид дурдсан асуудлуудыг асууж, мэдүүлэг авах боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
6.Хохирогчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр 17 асуудлыг мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч нарын талаар хэлэлцүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Анхан шатны шүүх гэрчүүдийг гэм буруугийн шүүх хуралдаанд дуудан ирүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлд зааснаар гэрчүүдээс мэдүүлгийг сонсож мөн хуулийн 35.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжээч эмчээс мэдүүлэг авах, захирамжид дурдаж байгаа хохирогчид учирсан гэмтэл нь дээрх хоёр үзлэгтээ тохирч байгаа эсэхийг тодруулах, хохирогч Н учирсан гэмтэл нь шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг нь тогтоох, Н анх үзүүлсэн үеийн биеийн байдлыг тодруулах, Н нь зодуулсан гэх цаг хугацаанаас хойш ямар зовуурьтай байсан, биеийн байдал нь ямар байсан зэргийг тогтоож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч Алтанцэцэгийн шинжээч томилуулах хүсэлтийг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 507 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт хүсэлтийг хангах эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Захирамжлах хэсэгт уг хүсэлтийг бүрэн хэсэгчлэн эсхүл хангахаас татгалзах тухай шийдвэрийн алийг гаргаснаа тусгаж заагаагүй байна.Захирамжид урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шийдвэрээ зааж тусгаагүй, хууль зөрчсөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
7.Яллагдагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамж бол үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа, хэргийн үйл баримтаас харахад хохирогчийн мэдүүлгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үйл явдал болсон талаар мэдүүлсэн. Гэхдээ хохирогчид учирсан гэмтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичлэгээр уг хацар ясны гэмтэл тогтоогдлоо гэж тогтоогддог. Гэтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр учирсан гэмтлийг 11 дүгээр сарын 18-ны өдөр үзүүлсэн дүгнэлтээр шинэ хуучин гэмтлийн аль нь гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны эмчид үзүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн зүгээс анхан шатны эмчид үзүүлсэн гэх бичгийг хийсэн. Энэ бичгийг ямар байдлаар аваад хэрэг шүүхэд ирсний дараа өгөөд байгаа нь учир дутагдалтай. Тэгэхээр шинжээчээс мэдүүлэг авах нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой гэж захирамжид заасан нь үндэслэлтэй байна. Мөн томографын эмч Энхтуяагаас мөрдөн шалгаж ажиллагааны шатанд нэг ч мэдүүлэг аваагүй. Гэрчийн мэдүүлэг авагдаагүй, шинэ хуучин гэмтлийн аль ч тогтоогдоогүй байхад энийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэргийг прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Хэргийн бүх ажиллагаа болон хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан судалж, үзвэл “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Тодруулбал прокуророос “...яллагдагч Н.О 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн үед Дорноговь аймгийн * байранд эхнэр Ж.Н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх боловч Дорноговь аймгийн * сумын эмч Э.Чулуунцэцэг “Эрүүл мэндийн бүртгэл”-ийн маягт/1хх152,153/-д “...Ж.Н , яаралтай тусламжид ирсэн огноо 2023-11-02-ны өдөр, хэсэг газрын үзлэг, баруун шанааны дагуу эмзэглэл хавдартай, цаашид онош тодруулахаар АНЭ гэмтэлд илгээв” гэж тэмдэглэгджээ.
Харин Бриллиант эмнэлгийн эмч М.Энхтуяа нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Н толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний талаарх дүгнэлт/1хх40/-дээ “...зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй, хамрын таславч зүүн тийш мурийлттай” гэсэн нь,
мөн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Анхбаяр нь дээр дурдсан “Бриллиант” эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариунд үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/320 дугаар дүгнэлт/1 хх 39/ гаргасан ба “...Ж.Н биед зүүн хацар ясны хугарал...гэмтэл тогтоогдлоо” гэсэн нь дээр дурдсан Дорноговь аймгийн Мандах сумын эмч Э.Чулуунцэцэгийн хийсэн “хэсэг газрын үзлэг, баруун шанааны дагуу эмзэглэл хавдартай” гэснээс зөрүүтэй өөр байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.
Тиймээс шүүгчийн захирамжид “...шинжээч эмч Э.Анхбаяраас хохирогчид учирсан гэмтэл нь дээрх 2 үзлэгээр тохирч байгаа эсэхийг тодруулж мэдүүлэг авах,
Бриллиант эмнэлгийн компьютер томографын дүгнэлт бичсэн эмч М.Энхтуяагаас хохирогч Ж.Н учирсан гэмтэл нь шинэ, хуучин гэмтэл аль нь байсан эсэх талаар гэрчээр мэдүүлэг авах,
*сумын Эрүүл мэндийн Төвийн эмч Ч.Чулуунцэцэгээс Ж.Н анх үзүүлэх үеийн нөхцөл байдлыг тодруулах,
хохирогч Ж.Н энэ гэмтэлтэй холбоотой өвчний эмнэлгийн баримтыг хэрэгт хавсаргах,
гэрч О.А хохирогч Ж.Н зодуулсан гэх цаг хугацаанаас хойш ямар зовуурьтай байсан, биеийн байдал ямар байсан зэрэг хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой нөхцөл байдлыг тодруулах” гэсэн нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл эдгээр дурдсан нөхцөл байдал нь хэргийн “Нотолбол зохих байдал”-д хамаарах төдийгүй мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцэх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/507 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Н.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэд
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА