Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 49

 

Орхон аймгийн .............ын

хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч

............. индустриал ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай.

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00189 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн .............ын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............. индустриал ХХК-д холбогдох,

.............ын шимтгэлийн өр 115.618.141.51 төгрөг, алданги 57.809.070.76 төгрөг, нийт 173.427.212.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

............. индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн .............ын хэлтсийн дарга Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

............. Индустрал ХХК нь 2017-2019 онуудад хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг .............ын хэлтэст тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 115.618.141.51 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд .............ын шимтгэлийн өр 115.618.141.51 төгрөг түүнд ногдох алданги 57.809.070.76 төгрөг, бүгд 173.427.212.26 /нэг зуун далан гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин зургаан мөнгө/-ийг ............. индустрал" ХХК болон захирал Д.Нансалмаа нараас гаргуулж .............ын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ............. индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус аймгийн .............ын хэлтсийн 173.427.212.26 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцав. Уг асуудлыг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00189 дугаар шийдвэрээр:

.............ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ............. индустриал ХХК-аас .............ын шимтгэлийн өр 115.618.141.51 төгрөг, алданги 57.809.070.76 төгрөг, нийт 173.427.212.26 төгрөг гаргуулан Орхон аймгийн .............ын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ............. индустриал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 1.025.086 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............. индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Алдангийг зөвтгөн тооцож бууруулж өгөхийг хүссэн боловч шүүх анхаараагүй, хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзаж, төлбөл зохих мөнгөн дүнг бууруулах эрхтэй, гэвч энэ эрхээ эдлэсэнгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн .............ын хэлтэс нь .............ын шимтгэлийн өр 115.618.141.51 төгрөг, алданги 57.809.070.76 төгрөг, нийт 173.427.212.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ............. индустриал ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаа нь “... уг төлбөрийг төлөх боломжгүй ...” гэх тайлбар гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............. индустриал ХХК нь 2017-2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны .............ын шимтгэл 115.618.141.51 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан ............. индустриал ХХК-ийн хүсэлт, улсын байцаагчийн албан шаардлага, .............ын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар  тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч байгууллага нь алданги 57.809.070.76 төгрөг нэхэмжилсэн боловч 2017, 2018 онуудад алдангийн хэмжээг хэрхэн тооцсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагад хэдэн төгрөгийн алданги төлүүлэх талаар тодорхойлоогүй байна.

.............ын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан .............ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туай хуулиар өөрчилсөн нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч ............. индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн  гаргасан “... шүүх төлбөл зохих мөнгөн дүнг бууруулж өгнө үү? ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00189 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... .............ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.1., 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ............. индустриал ХХК-аас Нийгмийн .............ын шимтгэлийн өр 115.618.141.51 төгрөг, алданги 28.904.535 төгрөг, нийт 144.522.637 төгрөг гаргуулан Орхон аймгийн .............ын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28.904.536 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... улсын тэмдэгтийн хураамжаар 1.025.086 төгрөг ...” гэснийг “...улсын тэмдэгтийн хураамжинд 880.563 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ............. индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446.995.35 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ