Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2026/0007

 

 

 

 

 

 

      2026        03          25                                     125/ШШ2026/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2003 онд Ховд аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар орсон. Улмаар 2011 онд манай цэцэрлэгчийн эрхлэгч өндөр насны тэтгэвэртээ гарсан учир манай сумын Засаг дарга уг албан тушаалыг санал болгосноор би холбогдох шалгалт өгч тэнцээд 2011 оноос хойш Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн.

Миний хувьд ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийг 2018 онд аймгийн шилдэг цэцэрлэг, 2022 онд аймгийн шилдэг цэцэрлэг болгосон. Манай цэцэрлэгийн багш нарын тухайд 2023, 2024 онуудад аймгийн шилдэг багш шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг багшаар тус тус шалгарч байсан.

Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр намайг өөрийн хүсэлтээ өгөөгүй байхад Ховд аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байсан ******* намайг ажлаас чөлөөлсөн. ******* даргын хувьд анх ажилд орсон өдрөөсөө эхлэн намайг дуудаж өргөдлөө гэж хэлж дарамталж байсан. Ирэх боломжгүй бол мэйл хаягаар ч болов хүсэлтээ өг гэж хэлж байсан. Тэгээд миний хувьд ******* даргатай өөрийн биеэр ирж уулзсан.

Гэтэл миний ажлыг шалгаж үзээгүй байж намайг өргөдлөө өг гэдэг шаардлагыг тавьсан. Миний хувьд өргөдөл өгөх боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дарга над руу залгаж ажил хүлээлцэх хүмүүс явж очиж гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2 цагийн дараа ажлын хэсэг ирж миний ажлыг хүлээлцүүлсэн учир би шүүхэд хандсан. Гэтэл шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаанд хариуцагч ******* нь буруу шийдвэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир би 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эргэн ажилдаа томилогдсон.

Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр намайг буцааж ажлаас чөлөөлсөн. Ингэж ажлаас чөлөөлөхдөө намайг аудитын дүгнэлт, ёс зүйн зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан гэх үндэслэлүүдээр чөлөөлсөн байсан.

Миний хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа авч явсан, ёс зүйн зөрчил гаргасан зүйл байхгүй, энэ талаар тогтоосон баримт байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байх ба миний бие дээрх зөрчил гаргаагүй.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “Хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал. Тиймээс миний бие тушаалын тушаах хэсэгт дурдсан зөрчлийн гаргаагүй, мөн сахилгын зөрчил биш юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

2.2. Хариуцагч, Ховд аймгийн Боловсролын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актууд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.6 дахь заалт, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалд эрхэлдэг. Төрийн үйлчилгээний албан тушаалд эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд болон энэхүү хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан.

Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний байгууллага буюу Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан, өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тус хуулийн үйлчилгээг хамрах хүрээг зааж өгсөн. Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан учраас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээний тогтоосон актууд энэ хуулийн 2.5 дахь хэсэгт зааснаар бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ” гээд хуулийн эрэмбэ дарааллыг тогтоосон.

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад, нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилд аваад 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн байдаг.

Маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалтыг баримталсан, гэхдээ аль заалтыг зөрчсөн гэдгийг салгаж, зааглаж өгөөгүй, тушаал нь өөрөө эрх зүйн акт болохынхоо хувьд тушаалын үндэслэл болон тушаах хэсэг хоорондоо нийцсэн байх ёстой.

Мөн тушаалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 заасан заалтыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт хязгаарлалт зөрчсөн, шийдвэр гаргахад нөлөөлсөн эсэх талаар эрх бүхий байгууллага буюу Авлигатай тэмцэх газрын дүгнэлтээр тогтоосон байхыг шаарддаг ба Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гараагүй, тус байгууллагаас өөр Санхүүгийн хяналт дотоод аудитын газар тогтоохгүй тул дээрх хуулийн заалт баримтлан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэсэн байна.

Энэ талаар ямар ч баримт байхгүй, үйл баримтаар тогтоогоогүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол ёс зүйн хорооноос дүгнэлт гараагүй, мөн ёс зүйн дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар дурдаагүй байна.

Нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан гэж үзэж дотоод аудитын төлбөрийн акт ирүүлсэн байна. Тус актаас үзвэл 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой акт тогтоосон, ингэхдээ 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн акт тогтоосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой, уг хуульд заасан 1 сарын хугацаа хэтэрсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан. Маргаан бүхий акт гаргахдаа дээрх хуульд заасан мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагаа явуулсан үйл баримт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга *******аас шүүх хуралдаанд оролцохгүй, шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “...удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж ажилласан, байгууллагын эд хөрөнгө хувьдаа ашигласан зүйл байхгүй, энэ талаар баримтаар тогтоогдоогүй, Ховд аймгийн Боловсролын газрын даргаар ******* томилогдсоноос хойш ажлаа өг гэж дарамталж эхэлсэн ба 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар ажлаас халсан тул шүүхэд хандсан, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилохдоо Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар дугаартай шийдвэрийг үндэслэн ажилд томилсон хэдий ч шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлж хэлбэрийн төдий ажилд томилсон, маргаан бүхий актад ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж дурдсан хэдий ч ёс зүйн дэд хорооноос дүгнэлт гараагүй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн актууд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан, сонсох ажиллагаа явуулаагүй...” гэх агуулгаар,

4. Хариуцагчаас “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актууд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.6 дахь заалт, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

5. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн тухайд:

5.1. Нэхэмжлэгч ******* нь анх Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ховд аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон.

5.2. Боловсролын ерөнхий хуулийн /2023 оны 7 сарын 07-ны өдөр баталсан/ 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж зааснаар Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

5.3. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35-02/03 дугаартай удирдамжаар Ховд аймгийн ******* сумын төрийн байгууллагуудын 2022-2024 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж, хяналт шалгалтаар Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой 7 актаар төлбөр тогтоосон байна.

5.4. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч *******аас тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2025/0056 дугаартай захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

5.5. Улмаар Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн актуудаар төлбөрийн акт тогтоосон зэрэг ёс зүйн болон санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

 

6. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

6.1. Маргаан бүхий актын “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэлийн тухайд:

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

6.3. Шүүхээс маргаан бүхий актын дээр дурдсан үндэслэлд хамаарах баримт ирүүлэхийг хариуцагчаас шаардсан хэдий ч Ховд аймгийн Боловсролын газрын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаар албан бичгээр “...******* нь утсаа авдаггүй, ******* сумын Засаг дарга Б.Баатарбилэгээс сум орон нутгаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хамтарч ажилладаггүй зэрэг гомдлуудыг утсаар мэдүүлсэн, энэ талаар баримт байхгүй...” гэх хариу ирүүлсэн, гэрч *******гийн “...******* сумын Засаг дарга Б.Баатарбилэгээс Боловсролын газрын даргаар ажиллаж байсан *******д ******* сум орон нутгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцдоггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй зэргээр удаа дараа утсаар гомдол мэдүүлж байсан...*******ын удаа дараа дуудуулсан боловч ирээгүй...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд маргаан бүхий актад дурдсан “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн

хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

6.4. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь нотлох баримт цуглуулах, үнэлэх замаар маргаан бүхий актад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ба хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлэх замаар “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан...” гэх нөхцөл байдлыг баримтаар тогтоож, холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан хэдий ч маргаан бүхий актын уг үндэслэлд хамаарах баримт байхгүй болох нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-д дурдсан үйл баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

6.5. Иймд хариуцагч нь маргаан бүхий акт гаргахдаа “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны хэрэгслийг дур мэдэн хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэлд хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

6.6. Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актууд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.6 дахь заалт, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн...” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актуудыг үндэслэн санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

6.7. Маргаан бүхий актын “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн актуудаар төлбөрийн акт тогтоосон, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан...” гэх үндэслэлийн тухайд:

6.8. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгийн 2022-2024 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 36.471.567 /гучин зургаан сая, дөрвөн зуун далан нэгэн мянга, таван зуун жаран долоо/ төгрөгийн зөрчил илрүүлснээс, 14.271.567 /арван дөрвөн сая хоёр зуун далан нэгэн мянга, таван зуун жаран долоо/ төгрөгийн нийт 7 төлбөрийн акт тогтоож, 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн зөрчилд зөвлөмж өгчээ.

6.9. Үүнээс хариуцагч маргаан бүхий акт гаргах үндэслэлээ “...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актуудаар төлбөр тогтоосон, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан...” гэж үзэж нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

6.10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар албан бичгээр ******* сумын цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын материал болох 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/01 дугаартай Хяналт шалгалтын танилцуулга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/11, 35-02/12, 35-02/13, 35-02/14, 35-02/15 дугаартай төлбөрийн актуудыг Ховд аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн байна.

6.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.10-д дурдсан үйл баримтаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзлээ.

6.12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчил гаргасан гэдгийг мэдсэн өдрөөс хойш буюу 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий акт гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан хөөх хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.

6.13. Маргаан бүхий актын үндэслэлд хамаарах Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10 дугаартай актаар хүүхдийн хоолны зардлаас шилжүүлсэн цахилгааны төлбөр 115.653 төгрөгийг эрхлэгч, нягтлан бодогч нараар, 35-02/14 дугаартай актаар илүү тооцож олгосон урамшуулалт цалин 10.978.325 төгрөгийг нэр бүхий 29 ажилтнаар, 35-02/15 дугаартай актаар түлшний хөнгөлөлт 800.000 төгрөг, урамшуулалт цалин 698.224 төгрөг, нийт 1.498.244 төгрөгийг *******аар тус тус төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон, нэхэмжлэгч нь дээр дурдсан төлбөрийн акттай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцсан, дээрх актуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

6.14. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж төсвийн шууд захирагчийн үүргийг нэрлэн зааж, 70.5-д “Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,

Нэхэмжлэгч *******ын Ховд аймгийн Боловсролын газрын дарга В.Сайнбаяртай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т мөнгө буюу бараа материал, техник хэрэгсэл, эд хөрөнгө хариуцаж байгаа ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу ноцтой зөрчил гэх ойлголтод хамааруулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцална гэж тус тус заасан байна.

6.15. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай төлбөрийн актуудаар нийт 12.592.222 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон, уг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т заасантай нийцсэн тул маргаан бүхий Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.16. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь улсын байцаагчийн актуудаар тогтоогдсон, энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байгаа тул “...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35-02/10, 35-02/14, 35-02/15 дугаартай актуудаар төлбөр тогтоосон, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан...” гэж үзэж нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

6.17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.МЯНГАНБАЯР