| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04205/И |
| Дугаар | 191/ШШ2025/04927 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04927
|
2025 06 02 |
191/ШШ2025/04927 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* овогт Д******* Ж******* /рд:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Ж******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д******* овогтой Ж******* 1985 оны 04 дүгээр сарын 19-нд төрсөн. Миний бие 1980 оны 05-р сард Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигчаар ажилд ороод 1984 оны 05-р сард цэрэгт татагдаж, 1987 оны 06 сарын 25-наас цэргийн албанд явж ирээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрт 2000 он хүртэл ажиллаж байсан. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт байхгүй байна. Одоо тэтгэвэртээ гарах гэтэл 1980-1990 он хүртэл баримтууд олдохгүй тэтгэвэртээ гарах боломжгүй болоод байна. Иймээс Д******* овогтой Ж******* намайг 1980 оны 5 сараас 1984 оны 05 сар, 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн ам бүл, оршин суух хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 131, 128 дугаар лавлагаа, хүсэлт гаргагчийн нэр бүхий Хүнсний 4-р дэлгүүр 1995-2000 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан архивын лавлагаа, Д.Ж*******ы хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан С.Д*******, Б.Я******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилласан жилээ шүүхээр тогтоолгсон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн,
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Ж*******ы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтын хуулбар, мөн иргэний үнэмлэх шинэчлэн авах үедээ бөглөсөн анкетыг авч, хүсэлт гаргагчтэй хамт ажиллаж байсан С.Д*******, Б.Я******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Ж******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар ийнхүү хүсэлт гаргах эрхтэй байна.
2. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч Д.Ж******* нь
-1980 оны 5 сараас 1984 оны 05 дугаар сар хүртэл,
-1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр архивт хадгалагдаагүй ба хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаагаар тэрээр хүсэлтэд дурьдсан хугацаанд цэргийн алба хаасан байна.
Түүнтэй хамт ажиллаж байсан гэх гэрч С.Д*******, Б.Я******* нарын мэдүүлгээс үзэхэд тэрээр цэргийн алба хаахаас өмнө болон цэргийн албаа хааж ирээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигчийн ажлаа хийсэн болох нь тогтоогдож байгаа ба түүний Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж байгаа ХААТР маягтуудад түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигч гэж бичигдсэн, хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд 1980 оноос эхэлж ажилласан бичвэр бичигдсэн байна.
Эдгээр баримтыг харьцуулан дүгнэж хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б******* овогт Д******* Ж******* /рд:*******/-ыг 1980 оны 5 сараас 1984 оны 05 дугаар сар, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан болохыг тогтосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ