| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2016/0571/э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Д.Мөнхтогоо,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Шүүгдэгч: А.Намуун, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Намуунд холбогдох эрүүгийн 1709024690061 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэ-Булган суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын 7 дугаар гудамж 3288 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, АЮ99113009 регистерийн дуугаартай, Боржигин овогт Авралтын Намуун.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч А.Намуун нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50-55 УБЯ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн автомашин дотроос иргэн Б.Цэнгүүний “Ай фоне 6 эс плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Намуун мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Цэнгүүн /хх-ийн 13-18/, гэрч А.Нямгэрэл /хх-ийн 24/, Б.Амарсайхан /хх-ийн 26/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/, хохирол төлсөн баримт /хх-ийн 28/, А.Намууны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-39, 43/, А.Намууны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Намуун нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт 5055 УБЯ дугаартай “Тоёота марк 2” маркийн автомашин дотроос Б.Цэнгүүний “Ай фоне 6 эс плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Цэнгүүний /хх-ийн 14, 16/: “... 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад Сансрын колонкийн “Ундрам” плазагийн урд талаас 20 орчим насны, дээгүүрээ цагаан өнгийн шубатай, хар өнгийн түрийтэй гуталтай, эмэгтэй хүн гар өргөж машины урд талын суудалд суусан. ...Тэгээд Баянбүрдийн тойргоос хойш яваад 39 дүгээр сургууль болон 57 дугаар сургуулийн голд байх улаан тоосгон 1 давхар дэлгүүрийн гадна тэр эмэгтэй “бууна” гээд зогсоосон. Тухайн үед таксины мөнгө 3000 төгрөг гарлаа гэхэд надад 10.000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр рүү мөнгийг нь задлуулах гээд орсон. Би дэлгүүрт ороод 5 минут орчим болоод гараад ирэхэд тэр эмэгтэй машинаас буугаад явчихсан байсан. ... Машины голын хайрцаганд байсан “Ай фоне 6 эс плас” загварын гар утсыг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Нямгэрэлийн /хх-ийн 24/: “... Намуун гэрт орж ирээд “ахаа би ийм гар утас “Сансар” орчмоос олсон” гээд хар өнгийн гэртэй голд өнгийн “Ай фоне 6” загварын хуучин гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би “наадах чинь үнэтэй утас байна, маргааш аваад “Тэди” төвөөс асуугаад өгье” гэсэн. Маргааш нь би “Тэди” төвийн 4 давхарт гар утасны программ хангамж гэсэн лангуу дээр очоод уг утас нь айди кодтой талаар асуухад “айди код байна” гэсэн. Мөн “программ уншуулаад айди код гарахгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө ахыг “та наад гар утсаа янзлаад өгөөч” гээд үлдээчихсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Амарсайханы /хх-ийн 26/: “... Энэ Нямгэрэл гэх хүүхэд над дээр “гар утасны код тайлуулах” гэж ирж байсан. Надаар дэлгэцний код тайлуулсан. Түүнээс надад зарах гэж байгаагүй ...” гэх мэдүүлгээр
А.Намууны яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22, 45/: “... Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад Сансрын клонкийн буудлын хойд талаас 100-н айл зүг рүү такси барьсан. …Би хохирогч Цэнгүүний “Ай фоне 6 эс” маркийн гар утсыг авсан нь үнэн. Авсан “Ай фоне 6 эс” маркийн гар утсаа ах Нямгэрэлд “би гар утас олсон” гэж хэлж өгөөд “Тэди” төв рүү явуулсан. Ах хохирогч Цэнгүүний гар утасны “кодыг тайлах боломжгүй” гээд буцаад аваад ирсэн. ... 2 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа 14 цагийн үед гараад явж байтал тэр залуу ирээд намайг цагдаад аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Намуун нь Б.Цэнгүүнийг “мөнгө задлуулахаар” явсныг далимдуулан эд зүйлийг нь хулгайлсныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө хулгайд алдсанаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Намууны дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч А.Намууныг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэж бичигдсэн боловч шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэргээр гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан нь тогтоогдож байх тул үүнийг шүүх хуралдаанаар залруулсан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
А.Намуун нь “Ай фоне-6” маркийн гар утас, 500.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлж хохиролыг барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Намуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Авралтын Намууныг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намууныг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намуунд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намуун нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Намуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ