Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

Г.Б, Д.Снарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э

Шүүгдэгч: Г.Б, Д.С ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э ийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Б, Д.Снарт холбогдох 2419000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.Г.Б, 

1.2.Д.С,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б, Д.С нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн *  гэх газарт оршин суух Д.Э эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн *  гэх газарт оршин суух Ц.Ж эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн онгойлгон хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын сав зэрэг нийт 1,065,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газарт оршин суух Б.Ц өвөлжөөнд байх хаалга нь уяатай Монгол гэрийн хаалганы уяаг тайлж хууль бусаар нэвтэрч, хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, мөн амбаарын цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч дотор нь байсан гагнуурын мотор зэрэг нийт 1,180,000 эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газарт оршин суух В.Ц гэрийн гадаа байсан 4 шуудай үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч нийт 2,470,000 төгрөгийн эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * оршин суух У.Н эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан суран хазаарыг хулгайлан авч 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газар оршин суух Г.Х эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч Х.О гэсэн бичигтэй 0,5 литрийн виски архи 1 ширхэг. 0,7 литрийн цагаан архи 1 ширхэг, 12 вольтын өсгөгч зэрэг нийт 85,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Г.Б, Д.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Өөлд овогт Ганхуягийн Батбаяр, шүүгдэгч Хардал овогт Доржготовын Сансархүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б ыг 2 /хоёр/ жил хорих ялаар, шүүгдэгч Д.Сансархүүг 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.С д нарт оногдуулсан тус бүрийн 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ын цагдан хоригдсон 50 хоног, шүүгдэгч Д.Сансархүүгийн цагдан хоригдсон 50 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.Снарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Снараас 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгож,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ. 

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг орхигдуулсан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгайлан хамгаалсан байр гэж өөрчлөлт оруулж, өгнө үү” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Б, Д.Снарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн боловч шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаа, яагаад ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх боломжгүй байгаа талаар тогтоолд огт дүгнээгүй, уг заалтыг хэрэглээгүй, шүүгдэгч нарын үйлдэлдээ үнэхээрийн их гэмшдэг, мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах үүднээс Сайншанд суманд байр түрээслэн амьдарч хаашаа ч явалгүй хэргээ шийдвэрлүүлж байсан хувийн байдал, ар гэрийн гачигдал зовлон зэргийг урьд нь удаа дараа хүсэлтээрээ илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой. Мөн шүүгдэгч нарыг тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж тээврийн хэрэгслийн үнэ болох 24 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгч нар бой хийдэг ажилтай байсан, тухайн үед ч гэсэн Алтанбагана гэх хүний Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ирж бой хийж өгөөч гэж ярьсны дагуу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бой хийчихээд буцаж байсан болохоо анхнаасаа мэдүүлдэг. Гэрч Алтанбаганын мэдүүлэг ч хэрэгт авагдсан байдаг, шүүгдэгч нар мал нядалгааны ажлаар Хөвсгөл суманд ирчихээд буцаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон, анхнаасаа хулгай хийх зорилгоор тээврийн хэрэгслийг унаж яваагүй, иймд тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7.Шүүгдэгч Д.Сансархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

8.Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, өмгөөлөгч М.Э ийн гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан8 эх сурвалжийг магадлан, хэргийн бүх ажиллагааг хянахад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, зөрчил тогтоогдсонгүй.

2.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас  шүүгдэгч Д.С, Г.Б нар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн *  гэх газарт оршин суух Д.Э эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн *  гэх газарт оршин суух Ц.Ж эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн онгойлгон хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан хөөрөг, дайлан, хүрэм, 2 ширхэг суран тархитай хазаар, улаан өнгийн 500 граммын сав зэрэг нийт 1,065,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газарт оршин суух Б.Ц өвөлжөөнд байх хаалга нь уяатай Монгол гэрийн хаалганы уяаг тайлж хууль бусаар нэвтэрч, хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, мөн амбаарын цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч дотор нь байсан гагнуурын мотор зэрэг нийт 1,180,000 эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газарт оршин суух В.Ц гэрийн гадаа байсан 4 шуудай үхрийн борцыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч нийт 2,470,000 төгрөгийн эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * оршин суух У.Н эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч, авдар дотор байсан суран хазаарыг хулгайлан авч 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Дорноговь аймгийн * гэх газар оршин суух Г.Х эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг лапатик төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч Х.О гэсэн бичигтэй 0,5 литрийн виски архи 1 ширхэг. 0,7 литрийн цагаан архи 1 ширхэг, 12 вольтын өсгөгч зэрэг нийт 85,000 төгрөгийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдаж, шүүгдэгч Д.С, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэдийгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөв бичиж, гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байх боловч хохирогч Б.Ц эзэмшлийн амбаарт нэвтэрч эд зүйлс хулгайлсан үйлдлийг буюу “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг бичилгүй, орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй.   

Тиймээс энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “...байранд” гэсэн үгнээс  “д”-г хасаж, “байр” гэж, үүний араас “тусгайлан хамгаалсан байр, агуулахад” гэж нэмж, өөрчлөлт оруулахаар тогтов.

4.Мөн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э  “...шүүгдэгч Г.Б, Д.Снарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү, шүүгдэгч нар мал нядалгааны ажлаар Хөвсгөл суманд ирчихээд буцаж байсан, анхнаасаа хулгай хийх зорилгоор тээврийн хэрэгслийг унаж яваагүй, иймд тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4.1.Шүүгдэгч нар “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж,  2024 оны 03 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Э,  Ц.Ж, Б.Ц, В.Ц, У.Н, Г.Х нарын эд зүйлсийг, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан” нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон, тогтоогджээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б, Д.Снар тээврийн хэрэгсэл ашиглан богино хугацаанд хохирогч нарын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад очиж улмаар  лапатик төмөр хэрэглэн орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах руу нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан байх тул  тэднийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн, хамгаалалт бэхэлгээг эвдсэн мөн өөрсдийн  үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч чадахгүй хөрөнгөнд хүрэх, зөөж, тээвэрлэх зорилгоор машин механизм зориуд ашигласан гэж үзэх үндэслэлтэй.

4.2.Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд оногдуулах хорих ялын хэмжээг “...хоёр жилээс найман жил” гэж хуульчилсан ба Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б ,  шүүгдэгч Д.С тус бүр  2 /хоёр/ жил хорих ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

5.Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг ханган шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Снарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 104 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/167 шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг “...байр, ... тусгайлан хамгаалсан байр, агуулахад...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Снарын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

ШҮҮГЧ                                   О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА