Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 130

 

Б..............гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т..............т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/01175 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Б..............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т..............т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 18.480.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул онлайнаар, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.............. нь зээлдэгч Т..............т 4.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл 15%-ийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5%-алданги төлөхөөр 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж гэрээ байгуулсан болно.

 

Зээлдэгч Т.............. нь 1 сарын хугацаа өнгөрсөн боловч мөнгөө төлж чадахгүй байна гээд сунгалтыг 2014 оны11 сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 сарын-23-ны өдөр хүртэл, 2015 оны 11 сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл, 2016 оны 11 сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл, 2017 оны 11 сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл тус тус 3 жил 3 сараар сунгалтыг удаа дараа хийж байсан юм. Учир нь Т.............. надаас үндсэн мөнгө дээр чинь 3 жил 3 сарын хүүг төлнө гээд гуйсаар байгаад гэрээгээ сунгуулсан байдаг. Гэтэл одоо нэг ч төгрөг өгөхгүй өнөөг хүрч байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Одоо би хүүгээ 8% болгож багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-05-25-ний өдрийн 00688 дугаартай шийдвэрээр Т..............ийг оршин сууж байгаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгахаар шийдвэр гарсан ба түүнийг эрэн сурвалжилж олоод Хүрэнбулаг Меttle town 24 тоотод оршин сууж байгааг тогтоосон байна.

Иймд Т..............ээс үндсэн мөнгө 4.000.000 төгрөг, хүү 4.000.000 төгрөг х 8%=320.000 төгрөг х 3 жил 3 сар = 11.520.000 төгрөг + 960.000 төг =12.480 000 төгрөг алдангийг хуульд нийцүүлвэл 2.000.000 төгрөг нийт 18.480.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б..............гийн нэхэмжлэлтэй 18.480.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4.0 сая төгрөгийг би хамаатны эгч болох Гүндэгмаад ............. эгчид хэлж авч өгсөн. Б.Хоролмаа, Л.Гүндэгмаа нар уулзалдаж цувуулж авахаар тохирлоо гэж байсан. Б.............. бид хоёр гэрээний сунгалт нэг цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Нэг өдөр 7 цагт би бичиж өгсөн. Надад 1 хувь өгөөгүй. Мөнгийг нэхэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул би энэ мөнгийг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө одоогоор ажил орлогогүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/01175 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т..............ээс 4.000.000 төгрөг гаргуулан Б..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т..............ээс 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/01175 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхээс зээлийн гэрээний сунгалт гэснийг гэрээ сунгагдаагүй гэж дүгнэсэн атлаа гэрээг сунгаж байна гэж гарын үсэг зурсан нь үүрэг зөвшөөрч байна гэж үзэх бөгөөд хугацаа тасалдсан гэж үзнэ гэсэн нь ойлгомжгүй хуулийн үндэслэлгүй байна. Иймд Т..............ээс 4.000.000 гаргуулан Б..............д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан байна. Гэхдээ шийдвэрт нэхэмжлэгч намайг гэрээний сунгалтыг нэг өдөр бичээд гарын үсэг зуруулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Т.............. нь гэрээний сунгалтыг нэг өдөр бичээгүй, мөнгөө өгөхгүй удаад байсан болохоор удаан хугацаагаар төлөлтийг хүүгийн хамт төлнө гэж сунгалтыг хийхийг хариуцагч өөрөө санал тавьж байнга гуйдаг байсан болохоор 1 жилээр хийсэн юм. Тэгээд жил бүр гэрээний сунгалтыг хийж гарын үсэг зурдаг байсан.

Хариуцагч гарын үсгийг хүлээн зөвшөөрдөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэг өдөр зуруулсан гэж хэлээд байгаагаа нотлоогүй, зөвхөн гүтгэж гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хариуцагч талаас нэг өдөр зуруулсан гэж маргаад байгаа юм бол түүнийгээ нотлох хэрэгтэй шүү дээ.

Намайг хуурч мэхлээд мөнгийг маань хүүтэй нь төлнө гэж итгэл төрүүлчхээд одоо болохоор үндсэн мөнгөө ч өгөхгүй маргаад байгаад гомдолтой байна. Хүнээс мөнгө авах болохоороо эгчээ надад туслаач гээд гуйгаад авчхаад одоо болохоор шүүх хурал дээрээ ч ирэхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо бүгдийг нь өгөхгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаад гомдолтой байна.

Т.............. өөрөө шүүх хуралд ирсэн бол өөдөөс хараад арай ч ингэж худлаа хэлж чадахгүй гэж бодож байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.............. нь хариуцагч Т..............ээс зээлийн гэрээний үүрэгт 18.480.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т.............. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Т.............. нь нэхэмжлэгч Б..............гээс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлж авсан байх ба зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний ард 4 удаа сунгалт гэсэн бичвэр хийж, хариуцагч Т.............. нь гарын үсэг зурж баталгаажуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 сая төгрөгийг 3 жил 3 сарын хүүний хамт төлөхөөр дурджээ.

Нэхэмжлэгч Б.............. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ болон сунгалт гэсэн хэсэгт үндэслэжээ.

Шүүх гэрээн дээрх сунгалтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг өдөр ирж бүх баримт дээр гарын үсэг зуруулсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, гэрээний сунгалт нь  гэрээний нэгэн адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй, сунгалтыг үндсэн гэрээ дуусахаас өмнө нэгэн адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно, гэрээнд заасан нөхцөл цаашид хэвээр үргэлжлэх, эсхүл өөрчлөгдөх эсэх, гэрээг ямар хугацаатай сунгах талаар талууд тохиролцон гарын үсэг зурснаар гэрээ сунгагдсан гэж үзнэ гэсэн дүгнэлт хийж, сунгагдсан хугацааны зээлийн хүү алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэн үндсэн зээл 4.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 14.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний сунгалт нь хуулийн дагуу хийгдээгүй тул нэхэмжлэгч хүү алданги нэхэмжлэх эрхгүй болох талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2., “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно”. 232 дугаар зүйлийн 232.3., “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заажээ.

Хариуцагч Т.............. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй түүнийг хожим 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд  хариуцагч Т..............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/01175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т..............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын 79.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ