Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 34

 

 

Б.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч Ө.Хишигтогтох, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжтай Б.*******д холбогдох эрүүгийн 201621000066 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 20-23 ны хооронд Ховд аймгийн ******* сумын Чацаргант багийн ******* гэх нэртэй газраас ховор амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар “ Хэргийг мөрдөн байцаалтад буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын хүрээнд шүүгдэгч Б.******* нь ховор ан амьтан болох 1 тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг тогтоох, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр буюу шүүгдэгчийн субьектив санаа зорилгыг, мөн хуулийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу янгир ямааг буудах болсон шалтгааныг нарийн шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан Б.*******ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг, мөн гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсвэл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ. Б.******* нь янгир ямааг буудах үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг ухамсарлаж байсан ба тухайн гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр агнасан гэж үзнэ. Мөн ховор ан агнах зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас олгодог ба хамуутай янгир агнасан гэж мэдүүлж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 801.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэр нотлогдсон гэж үзэж байна. Эд мөрийн баримт болох буунд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх буу одоо хаана байгаа нь тодорхойгүй, Б.*******ы өөрийнх нь эзэмшлийн буу мөн эсэхийг тодруулаагүй, хаана, хэнээс хураан авсан эсэх нь тодорхой бус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг зөрчсөн байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Б.******* нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Тоз-8 маркын бууг өөрийн хэмээн удаа дараа тогтвортой мэдүүлж байсан ба уг бууг эд мөрийн баримтаар хураагдсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасан байх ба гэрч Б.Отгонбаярын буудаад алаач устгаач тэгэхгүй бол малд чинь халдаан гэх мэдүүлгээс өөр түүний мэдүүлгийг баталсан, нотолсон баримт болон мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид дурдагдсан заалт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Б.*******д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

            Уг хэргийн эд мөрийн баримт болох Б.*******ы эзэмшлийн буу хаана байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгслийг хураах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

            Прокурорын эсэргүүцэлд Янгир ямааг агнасан бууг өөр хэрэгт хураагдан шүүхэд шилжсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шүүхээс эрүүгийн 201621000065 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ уг бууны талаар шийдвэр гаргасан тул тухайн бууг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхээс дахин шийдвэр гаргах шаардлагагүй гэжээ.

            Гэтэл уг бууны асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр энэ хэрэгт байхгүй тул ямар хэрэгт холбогдуулан шүүхэд шилжсэн, шүүх уг бууны асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.

            Гэрч ******* нь мөрдөн байцаалтанд удаа дараа “...Би Б.*******д наадахаа  буудаад алаач, устгаач тэгэхгүй бол малд чинь халдана гэж” хэлсэн талаараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд  энэ талаар шүүгдэгч Б.******* гэрч ******* нарын мэдүүлэгт зөрүү байхгүй байхад гэрч *******ын үйлдлийг шалгалгүй орхигдуулсан байна.

Энэ нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино.” гэх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг хангаагүй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурсан ажиллагаануудыг нэмэлт мөрдөн байцаалтаар хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх зүйтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 27 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.*******ыг бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                               М.НЯМБАЯР                                                                        

                                    ШҮҮГЧИД:                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                     Б.ДАМБА