Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 764

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Огэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “3 дугаар” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Г.Х*******, Б.Г*******, Б.Г*******

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд /хуучин нэрээр/ 

Гуравдагч этгээд: Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл

Нэхэмжлэлийн шаардлага:  “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас болон 2013/37 тоот гэрчилгээний 1554,5 ам метр газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нарт 1554,5 ам метр газарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн захирал Б.Д*******, түүний өмгөөлөгч О.М*******, гэрч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нарыг оролцуулан хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г*******ын Х******* би Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны гэр хороололд буюу Зайсанд амьдарч байгаа 612 өрхийн оршин суугчдын нэг билээ. Энэ газарт манайх өөрсдийн дур зоргоор амьдраагүй юм. Учир нь талийгаач нөхөр Аын Б одоогийн ХААИС-ийн механикийн тэнхмийн эрхлэгч, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга секторын эрхлэгч зэрэг албыг хашиж байсан тул байгууллагаа бараадан Зайсанд 1976 оноос амьдарч байгаа болно. Бид өөрийн гэсэн байр орон сууцгүй байсан тул орон сууцтай болгож өгөхийг хүсч хороо, дүүрэг, Нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Их хурлын гишүүд, Ерөнхий сайдад маш олон удаа өргөдөл хүсэлт гаргаж байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э хаана ч газар эзэмшиж болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн учир ажлын газартаа ойр байхыг хичээж олон жилийн хур 10 машин хогийг өөрсдийн хүч, хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг дэх хогийн цэг рүү зөөж цэвэрлэн Газрын тухай хуулийн заалтын дагуу одоогийн амьдарч буй газраа эзэмшин жижиг байшин барих болсон. Олон жил өөрийн гэсэн байр сууцгүй явж байгаад байр байшинтай болсонд хамт олон ч баярлаж Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технилоги, үйлдвэрлэлийн нэгдлийн тухайн үеийн удирдлага болох Т, А нар гэрт ирж хадаг уяж сүүгээр мялааж байв. 

Гэтэл тус нэгдлийн одоогийн удирдлага манай байшин барьсан газрыг байгууллагын агуулах байсан газар гэх мэтээр тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Дүүргийнхээ газрын албанд газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гарган өгснөөр дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээнд 300 ам метр газрыг эзэмшүүлэх захирамж ч гаргаж байсан. 

Мөн Нийслэлийн Засаг дарга Б 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/477 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад манай газрын кадастрын зургийг баталгаажуулж өгөх хүсэлт тавьж байсан болно.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.О надад газрын минь эзэмшүүлэх талаар хэлж байсан атлаа Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлийн цуглуулсан худал хуурмаг бичиг баримтад үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар эзэмшүүлэх тушаал гаргаснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тус нэгдэлд 2013/37 тоот гэрчилгээ олгожээ.

А-289 дүгээр тушаал ямар ч үндэслэлгүй юм. Учир нь ХААЯ-ны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар одоогийн тус нэгдэлд олгосон гэх газар өөр байршилтай нь Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаанд байгаа зургаас маш тодорхой харагдаж байгаа бөгөөд уг газрын одоо “А” компани эзэмшиж байгаа болно. 

Ер нь тухайн үеийн ХААЯ-ны сайдын 1976 оны 404 дүгээр тушаалаар тус нэгдэлд 0,28 га газар олгосон биш харин Сангийн аж ахуйнд аж ахуйн дотоод тооцоог зохион байгуулах үлгэрчилсэн түр журам баталжээ. Иймд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технилоги, үйлдвэрлэлийн нэгдлийн одоогийн удирдлага ХААЯ-ны сайдын 1976 оны 404 дүгээр тушаал гэсэн худал хуурмаг бичиг баримтаар бусдын газрын өөрийхөө газар мэтээр үндэслэлгүй ойлголт төрүүлж гэрчилгээ авсан байна. Ер нь тус нэгдлийн удирдлага булхайгаа илэрхээс эмээн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1204 дүгээр захирамжаар дагуу уг газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхгүй байгаа болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/4440 тоот албан бичгээс үзэхээр Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гэх газар тус яамны мэдээллийн санд бүртгэгдээгүй аж.

Бид хогийг нь цэвэрлэсэн газар дээрээ байшин барьж орохын өмнө Мал аж ахуйн хүрээлэнгийн бичиг хэргийн агуулахыг цэвэрлэж янзлаад хэсэг хугацаанд амьдарч байсныг болон нас барсан нөхөр маань эхнэр, хүүхдүүдээ гудамжинд гаргачихгүй тулд өөрийн ажиллаж байсан Мал аж ахуйн хүрээлэн болон тус нэгдлээс албан бичиг, тодорхойлолт авч байсныг одоогийн нэгдлийн удирдлага буруугаар ашиглаж өөрийнхөө газар дээр амьдарч байгаа гэж худал тайлбарлаж байгаа болно.

Харин тус нэгдэл Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгээс тасарч гарсны хувьд Хөдөө аж ахуйн техникийн хүрээлэнгийн манай ард буй цех, гараашийн жижиг газрын эзэмшиж болох юм.

Иймд би Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад энэ асуудлыг хянан үзэж надад манай байгаа газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 тоот албан бичгээр боломжгүй тухай хариу өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хороонд миний адил амьдарч байгаа 446 иргэнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 онд газар эзэмшүүлсэн болно. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оы 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас 1554,5 метр газарт давхацсан хэсэг буюу уг тушаалын дагуу Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн нэгдэлд 0,28 га газар эзэмшүүлэхээр олгосон 2013/37 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгох, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны дугаар гудамжийн дахь 1554,5 ам метр газрыг нэхэмжлэгч Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нарт  эзэмшүүлэхийг даалгах” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлалын болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл Г.Х******* нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан “Монгол Улсын иргэн шудрага, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ 1.Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан албан татвар төлөх, үүргээ биелүүлээгүй. 

Иргэн Г.Х*******гийн оршин суугаа гэх газар нь 1966 онд байгуулагдсан 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар юм. “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл” төрийн өмчит ААТҮГ-т 1966 оноос хойш ашиглаж буй газрыг баталгаажуулж Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0,28  га газрыг туршилтын механик цех, лабораторын зориулалтаар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчсөн иргэн Г.Х*******д газар ашиглах эрх олгох боломжгүй юм. Иймд Г.Х*******гийн газар ашиглах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технилоги үйлдвэрлэлийн нэгдлийн захирал Б.Д******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

Иргэн Г.Х******* өргөдөлдөө Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технилоги үйлдвэрлэлийн нэгдлийн захирал Б.Д******* гэгч миний эзэмшлийн газрыг ХААТШУТҮН-ний газрын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О 201337 тоот гэрчилгээ олгожээ, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны дугаар гудамжны дахь 1554,5 ам метр газрыг эзэмших гэжээ. Иргэн Г.Х******* нь дэндүү хуулийг хэтрүүлж ойлгожээ. Уг асуудал хуулийн дагуу байх ёстой. Би 2013 оны 5 дугаар сард ХААТШУТҮН-ний нэгдлийн захирлын ажлыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гийн тушаалаар томилогдон ажиллаж байна. Энд газар эзэмших асуудал аль эртнээс шийдэгдсэн. Шав тэмдэг тавьсан. Эдэлбэр талбай хил хязгаарын цэгүүдийн солбилцол тодорхойлж улаан шугам тавьсан акт 2008 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр “Т” ХХК-ний захирал Б.Э, ахлах инженер Д, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ 2008 онд гарсан. Энэ бүх процесс хуулийн дагуу явагдсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга З гэгч сонгуульд нэр дэвшиж гарахын тулд бөөндөж 237 айл 0,3 га газар эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд агуулахын барилгыг засварлаад амьдарч байсан А овогтой Б тухайн газрыг 1421 м2 сунгаж хашаа татан байгууллагын газарт эзэн болсон. 

Энэ нь хууль бус Нийслэлийн Засаг дарга 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/607 дугаар захирамжаар 300 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгч  болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авахгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж нэр бүхий айл өрхийн оршин сууж байсан газрыг ашиглах эрхийг гэрчилгээжүүлэн баталгаажуулсан бөгөөд харин иргэн Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нарын тухайд оршин сууж байгаа газар нь Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн 0.28 га газартай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр баталгаажуулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Г.Х******* Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “ Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу олон жилийн хур хогтой хогийг өөрсдийн хүч, хөрөнгөөр Сонгино хайрхан дүүрэг дэх хогийн цэгрүү зөөж цэвэрлэн одоогийн амьдарч буй газраа жижиг байшин барин амьдрах болсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Г.Х*******  газар эзэмших хүсэлтээ дүүрэг болон Нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан болох нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 6/4440 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/477 дугаар албан бичиг, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хандаж байсан талаарх тайлбарыг хариуцагч маргаж үгүйсгээгүй бөгөөд дээрх иргэдийн цаг хугацааны хувьд эхэлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А-289 дүгээр тушаалаар “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технилоги үйлдвэрлэлийн нэгдэл”-д ашиглуулсан 0,28 га газартай давхацсан гэж үзэж 2015 оны Б/235 дугаар тушаалын зохицуулалтад хамааруулж газар ашиглах эрхийг баталгаажуулан гэрчилгээжүүлээгүй нь хууль бус болсон байна  гэж  шүүх дүгнэв.

Маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч нарын олон жил амьдарсаар ирсэн газар болон гуравдагч этгээд ашиглуулахаар олгосон газрууд нь хоорондоо давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт хариуцагчаас ирүүлсэн кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулсан зураг гэх зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Г.Х******* 1976 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо -од одоог хүртэл гэр бүлийн хамт оршин сууж байгаа болох нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаар албан бичиг, Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт дээр дурдсан хугацаанаас эхлэн амьдарч, газар ашиглах тухай хүсэлтээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа үйл баримтаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Г.Х*******гийн үр хүүхдүүдийн хамт олон жил амьдарсан газрыг гуравдагч этгээд Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технилогийн үйлдвэрлэлийн нэгдэлд ашиглуулахаар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа маргаан бүхий газар нь 2013 онд гуравдагч этгээд “Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн нэгдэлд ашиглуулахаар олгосон газартай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлээр гэрчилгээ олгож, бүртгэлжүүлэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах, 2/ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж тус тус зааснаар төрийн бодлого, Засгийн газрын хурлаар хэлэлцсэн асуудлыг хүрээнд гарсан дээрх сайдын тушаалын агуулгыг зөрчиж, олон жил амьдарсан иргэдийн эрхийг хангахгүйгээр сүүлд авсан газар ашиглах эрхтэй этгээдийн газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас болон 2013/37 тоот гэрчилгээний 1554,5 ам метр газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж , нэхэмжлэгч нарын давхацсан хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгч Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нарт 1554,5 ам метр газарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Х*******, Б.Г*******, Б.Г******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин ногоон, хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалаас нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ