2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04929

 

 

 

 

 

2025 06 02

191/ШШ2025/04929

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч:  Ш******* ф******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ш******* ф******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ш******* ф******* ББСБ ХХК нь иргэн Б.Э******* /рд:*******/ 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,382,083.46 /Нэг сая гурван зуун наян хоёр мянга наян гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны 102/Ш32024/22957 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иймд хариуцагч иргэн Б.Э*******ын оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд итгэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, зээл төлөлтийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй байна.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ш******* ф******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.

 

Хүсэлт гаргагч Ш******* ф******* ББСБ ХХК нь Б.Э*******аас зээлийн гэрээний үүрэгт 2,132,540.19 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Залуус хороолол хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хүсэлт гаргагч нь өөрөө Б.Э*******ын хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.

 

2. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* овогт Б*******ы Э******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т******* овогт Б*******ы Э******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:/-д мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ