Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00640

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.У.К.ДХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00026 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.У.К.ДХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.ХСӨХ-нд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27,341,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37,000,000 төгрөг гаргуулах, гараашийн дам нурууг шинээр хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч З.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Э.У.К.ДХХК нь 2019 оны 05 сарын 07-ны өдөр О.ХСӨХ-той №АО1905/07-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1,149 м.кв талбайг 1 м.кв-ыг 32,400 төгрөгөөр тооцон нийт 37,227,600 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 2.8, 2.9-д заасны дагуу урьдчилгаа 50%, ажлын явцад 25%, ажил дуусч хүлээлцсэний дараа 25%-ийг төлөхөөр тохиролцсон. Улмаар 2019 оны 06 сарын 01-ний өдөр ажил дуусч, хариуцагчийн төлөөлөгч гэх гурван хүн дээвэр дээр гарч биечлэн үзэж танилцан, ажил хүлээлцсэн актад З.Лхагвасүрэнгээс гадна 5-6 хүн гарын үсгээ зурсан. СӨХ-ны гүйцэтгэх захирал тухайн актыг нийт гишүүдэд танилцуулна гэж авч үлдээд 1 хувийг өнөөдрийг хүртэл Э.У.К.ДХХК-д өгөөгүй. Тухайн ажилд 1,260-аад м.кв PVC мембран материал, 1,250 м.кв орчим гео даавуун зөөлөвч, 2,000 илүү жижиг даруулга, 400-аад метр урт даруулга төмөр, тэлэгч шрупууд, силикон, нимгэн төмөр, ажлын цалин, өдрийн хоол, түлш шатахуун зэрэг 31,877,500 төгрөгийн биет зардал гарсан.

Иймд хариуцагч О.ХСӨХ-оос гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 18,227,600 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 9,113,800 төгрөг, нийт 27,341,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: О.ХСӨХ-ны оршин суугчид 2 давхар, 80 автомашины гарааштай. Авто гараашийн дээврээс ус алддаг тул 2019 онд Э.У.К.ДХХК-ийн 6 жилийн баталгаа, үндсэн материал, ажлын дадлага туршлагад нь итгэл үзүүлэн засварын ажлыг хийлгэхээр 2019 оны 04 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус компани нь бэлтгэл ажил болох хуулалт, хатаалт хийлгүйгээр шууд хулдаасаа тавьж, хурдан хугацаанд ажлыг хийж 2019 оны 06 сарын 01-ний өдөр ажлаа дууслаа гэж хэлсэн боловч гараашийн дээврээс тасралтгүй ус гоожиж, СӨХ-ны ажилчдад ажлын ачаалал, хүндрэл учруулсан. Ажлын хөлс нийт 37,227,600 төгрөг, үүнээс санхүүжилт олгосон дүн 19,500,000 төгрөг бөгөөд гэрээний 4.2-т заасан заалт хэрэгжсэн гэж үзэж байна. Гэрээний 4.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй, ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл, албан ёсоор акт үйлдэх, хүлээлцэх нөхцөлийг ажил гүйцэтгэгч тал бүрдүүлээгүй тул гүйцэтгэгч талын чанаргүй хийсэн ажлын үр дүнд өнөөдөр ч ус гоожсоор байна. Ажлын чанар байдлын талаар гүйцэтгэгчид албан тоотоор 2019 оны 07 сарын 25-ны өдөр, 2020 оны 04 сарын 08-ны өдөр шаардлага хүргүүлсэн боловч гүйцэтгэгч тал өнөөг хүртэл хариу өгөөгүй, гологдол чанаргүй хийсэн ажлаа засварлах, харилцан ярилцах ойлголцох үйлдлийг нэг ч удаа хийгээгүй. Гүйцэтгэгч тал гэрээний 3.6-д заасны дагуу 72 сарын турш гологдол чанаргүй хийсэн ажлаа өөрийн хөрөнгөөр засварлах үүрэгтэй ба энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй. Гараашийн таазны хэсэгт өрөмдөж цоолсон, энэ талаар асуухад бид ажлаа мэдэж байна гэж хэлсэн. Дараа нь та нар энэ хэсгүүдийг нөхөн засна биз дээ гэхэд засна гэж хэлсэн. Гэтэл өнөөг хүртэл тус газраар ус гоожсоор гараашийн дотор талын дийлэнх хэсэг өнгө үзэмжээ алдаж, барилгын үндсэн хийцэд өөрчлөлт орсон. СӨХ-ны зүгээс дээврээс ус гоожилтыг зогсооход зориулан мөнгө төлж, гэрээ байгуулсан ч өнөөдөр ч гэсэн ус гоожиж байхад үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй.

Иймд гэрээнд заасны дагуу чанарын шаардлага хангасан үйлчилгээг авч албан ёсоор ажил хүлээлцэх акт үйлдсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь төлөх болно.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2019 оны 05 сарын 07-ны өдөр О.ХСӨХ нь Э.У.К.ДХХК-тай Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гандийн гудамж, Оддын хотхонд байрлах 1,149 м.кв гараашийн дээврийн их засварын ажлыг 1 м.кв талбайг 32,400 төгрөгөөр тооцож, ажил дуусч талууд актаар хүлээлцэхдээ дахин хэмжилт хийж эцсийн байдлаар нийт талбайг гарган төлбөр тооцоог хийхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Э.У.К.ДХХК нь гараашийн ажлыг биет байдлын доголдолгүй, хамгийн сүүлийн үеийн технологи болох PVC мембран дээврийн материалаар хийж гүйцэтгэх, уг ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаад ажлыг актаар хүлээлцэж О.ХСӨХ-нд хүлээлгэн өгөх, О.ХСӨХ нь гэрээний нийт үнэ болох 37,277,600 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын нэг хоногт багтаан гүйцэтгэгч талын дансанд хийх, биет байдлын доголдолгүй гараашийн ажлыг хүлээн авч акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг гэрээнд заасан. О.ХСӨХ гэрээний үүргээ биелүүлж 19,500,000 төгрөгийг Э.У.К.ДХХК-д шилжүүлсэн. Гэтэл Э.У.К.ДХХК нь огт чанарын шаардлага хангахгүй, байнгын дусаал гоожсон, сууц өмчлөгчийн хувийн автомашиныг гэмтээсэн, мэргэжлийн биш, технологийг огт мөрдөөгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, гараашийн зорилгоор ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой ажил хийсэн тул Э.У.К.ДХХК-аас засварын ажлаа гүйцэт хийж, ус гоожилтыг зогсоож, гэрээнд заасны дагуу актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл зугтаасаар байгаа.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 37,000,000 төгрөгийг Э.У.К.ДХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Э.У.К.ДХХК нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс жил бүр борооны улирал дуустал ус гоожиж байгаагаас авто гараашийн үндсэн хийц болох дам нуруунд нөлөөлөн тулгуур төмөр арматур хэсэг зэвэрч, шавар хэсэг нь нурж байгаа нь олон төрлийн асуудлыг үүсгэж байна. Иймд Э.У.К.ДХХК-аар гараашийн дам нурууг шинээр хийлгүүлж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 05 сарын 27-ны өдөр ажил хийгдэж дууссан. Манай талаас акт үйлдэн гарын үсгээ зурж өгсөн. Хэрэв ажил нь доголдолтой байсан бол манайд мэдэгдээд хэлэх байсан. Хамгийн сүүлийн төлбөрийг ажил хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш шилжүүлсэн. Үнэхээр ажил доголдолтой байсан бол О.ХСӨХ ажлыг хүлээж аваад төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан. Шинжээч таван үзүүлэлтээр маш тодорхой дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу Э.У.К.ДХХК нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн гэж харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлээр 37,000,000 төгрөгийн хохирол шаардаад байгаа боловч 37,000,000 төгрөгийн ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Ус гоожилтоос болоод дам нуруу гулзайх асуудал байхгүй. Үүнийг ямар ч барилгын шинжээч хэлнэ. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас болж гараашийн дам нуруу гулзайсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч О.ХСӨХ-оос 8,420,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У.К.ДХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,920,700 төгрөгийн болон хариуцагч О.ХСӨХ-ны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37,000,000 төгрөг гаргуулах, гараашийн дам нурууг шинээр хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,402 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ХСӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 149,681 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.У.К.ДХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

6.   Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгч хэргийн үйл баримтыг ойлгоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 18,320,700 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

а. 2019 оны 05 сарын 07-ны өдрийн АО-1905/07-01 дугаар гэрээгээр нэхэмжлэгч тал Оддын хотхонд байрлах 1,149 м.кв талбайтай гараашийн дээврийн их засварын ажлыг гэрээний хавсралтад заасан төсөв, материалын хэмжээнд буюу 37,227,600 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 05 сарын 12-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.

б. Шүүх Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 02-07-094/499 дугаар гараашийн барилгын дээврийн тухай дүгнэлтийг буруу дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар гаргасан Барилгын төсөвчдийн холбооны 2021 оны 09 сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг огт анхаарч үзэлгүйгээр ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

в. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэн О.ХСӨХ-нд хүлээлгэн өгсөн, ажил хүлээлцсэн актад хариуцагч тал гарын үсэг зурсан боловч уг баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Тус баримтаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байхад шүүх доголдолтой үр дүн шилжүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй бөгөөд одоог хүртэл гараашийн дээврээс ус гоожиж байгаа. О.ХСӨХ нь энэ талаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан, талууд энэ талаар маргаагүй. Гараашийн дээврээс ус гоожихыг болиулах зорилгоор ажил гүйцэтгүүлсэн байхад одоог хүртэл ус гоожсоор байгаа тул дээврийг бүхэлд нь янзлахаар тохиролцоогүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.   Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгэж дууссан гэдэг боловч ус гоожсон хэвээр байгаа нь шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл ажлыг хүлээлгэж өгсөн талаар акт байхгүй.

б. Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гүйцэтгэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир гараашид тасралтгүй ус гоожиж байгаа нь барилгын үндсэн хийц болох дам нуруунд өөрчлөлт орж, зарим хэсэгт нуралт үүсч, оршин суугчдын автомашинууд дээр ус гоожиж, төлбөрийн асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч ажлаа чанаргүй хийж гүйцэтгэсэн болох нь шүүхийн үзлэг, оршин суугчдын гарын үсэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа.

в. Хариуцагчийн зүгээс ажлын үр дүн, гүйцэтгэлийг удаа дараа шаардаж байсан нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

г. Нэхэмжлэгч нь дээврийн ажлыг хуулалт, хатаалт хийлгүйгээр хийж гүйцэтгэсэн гэж гэрч мэдүүлсэн. 2021 оны 11 сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн. Мөн нэхэмжлэгч нь удаа дараа худал тайлбар гаргаж, хариуцагчийг илтэд гүтгэж байгаа нь үндэслэлгүй.

д. 2021 оны 12 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрийг 2 сарын дараа буюу 2022 оны 02 сарын 24-ний өдөр гардаж авахад тус хурлын тэмдэглэл гараагүй байсан, 2022 оны 03 сарын 04-ний өдөр дахин очиход мөн адил хурлын тэмдэглэл гараагүй, албажаагүй байсан нь эргэлзээ, хардлагыг төрүүлж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

Давж заалдах гомдолд нэхэмжлэгч гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь гэрээгээр тохиролцоогүй ажлыг шаарддаг ба дам нуруу гулзайх гэдэг нь гараашийн үндсэн бүтцийн нэг хэсэг байхад дээврийн ажил хийхдээ үүнийг гулзайлгасан гэж байгаа нь ойлгомжгүй. Гэрээгээр гараашийн дотор заслын ажлыг хийхээр тохиролцоогүй. Тус гараашийн таазыг өрөмдөж цоолсон, дам нуруу дунд тогтсон усыг гаргаад дээврийг бэхлэхэд ус гоожихгүй. Дээврийн ажил доголдолгүй талаар шинжээчийн дүгнэлт маш тодорхой гарсан. Хариуцагч тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хуульд заасан журмын дагуу нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Э.У.К.ДХХК нь хариуцагч О.ХСӨХ-нд холбогдуулан, ажлын хөлсний үлдэгдэл 18,227,600 төгрөг, алданги 9,113,800 төгрөг, нийт 27,341,400 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж, үндэслэлээ ...гэрээнд заасны дагуу 1,149 м.кв талбай бүхий гараашийн дээврийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч актаар хүлээн авсан боловч гарын үсэг зурсан хувийг өгөөгүй, дээврийн их засварын ажил доголдолгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамтаар гаргуулна... гэж тайлбарлажээ. /1хх 1-2/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч О.ХСӨХ бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...дээврийн их засварын ажлыг ус гоожихгүй болгохын тулд хийлгэсэн боловч ус гоожсон хэвээр байгаа, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээн аваагүй, нэхэмжлэгч нь дээврийг хуулж хатаалт хийлгүйгээр ажлаа гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэж тайлбарлан маргаж /1хх 35-36/, гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37,000,000 төгрөг гаргуулах, гараашийн дам нурууг шинээр хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. /1хх 87-88/

 

4.   Хэргийн 4-6 дугаар талд авагдсан 2019 оны 05 сарын 07-ны өдрийн №АО-1905/07-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Э.У.К.ДХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, М.Гандийн гудамж, Оддын хотхонд байршилтай гараашийн 1,149 м.кв талбай бүхий дээврийн их засварын ажлыг хийж гүйцэтгэх, О.ХСӨХ нь ажлын хөлс 37,227,600 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. /1хх 4-6/

 

5.   Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

5а. Нэхэмжлэгч Э.У.К.ДХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь тогтоогдсон. /1хх 8-10/

5б. Гэрээгээр харилцан тохиролцсон ажлын хөлс болох 37,227,600 төгрөгөөс нийт 19,000,000 төгрөгийг захиалагч талаас гүйцэтгэгч талд шилжүүлэн өгсөн болох нь Э.У.К.ДХХК-ийн захирал Ц.Энхбаярын эзэмшдэг Хаан банк дахь 5079050261 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /1хх 23-27/

5в. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй О.ХСӨХ-ны зүгээс гэрээний зүйл нь тус хотхонд байршилтай гараашийн дээврийн ус гоожилтыг зогсоох үр дүн гаргах ажил гүйцэтгэл байсан нь нэхэмжлэгчийн гаргасан ...Бид үзлэг хийгээд ийм дээврийн доор их хэмжээний шар ус хуримтлагдсан байдаг тухай хэлээд 10-аад газар дотор талын таазнаас өрөмдөж үзүүлсэн. Өрөмдөж цоолсон нүхнээс крантаар гоожиж байгаа мэт их хэмжээний ус гоожиж, ... өнөө хэр бүрэн гоожиж дуусаагүй байгаа... гэсэн тайлбар /1хх 1/, хариуцагчийн гаргасан ...гараашийн дээврээс ус алддаг тул... засварын ажлыг хийлгэхээр ... ажлын гэрээг хийсэн... гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

5г. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 02-07-094/499 тоот дүгнэлтэд ...Шалгалтаар дээврийн хар цаасыг бүрэн хуулж ус, уур тусгаарлах хуйлмал PVC мембран /цагаан саарал өнгөтэй/ материалаар дээврийн хучлага шинээр хийгдсэн, цоорсон, наалт салсан, ус нэвчих нөхцөл байдал илрээгүй... гэж /1хх 49-50/, шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтэд ...Дээврийн нийт талбай полимер мембран материалаар хучигдсан бөгөөд цоорсон, хагарсан, зүсэгдсэн гэх гэмтэл байхгүй, ... ус тогтсон хэсгүүдийг шалгахад доош нэвтрэх боломжгүй байлаа... гэж тус тус дүгнэсэн байх боловч захиалагч О.ХСӨХ-ны хүлээж байсан үр дүн бүрэн гараагүй буюу гараашийн таазнаас ус гоожилт зогсоогүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. /1хх 113-139/

5д. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд акт үйлдэж хүлээн авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, уг тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн тайлбарыг гаргасан.

5е. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул алданги 9,113,800 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Иймд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ажил гүйцэтгэгч Э.У.К.ДХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд гараашийн таазны ус алдалт зогсоогүй буюу үр дүн гараагүй байх тул анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн 8,420,700 төгрөгөөс илүү хэмжээгээр ажлын хөлсийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

 

6.   Гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37,000,000 төгрөг гаргуулах, гараашийн дам нурууг шинээр хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

6а. Өмнө дурдсанчлан Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр Э.У.К.ДХХК гараашийн дээврийг PVC мембранаар хучих ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг тогтоосон, гараашийн таазнаас ус гоожиж байгаа шалтгаан тогтоогдоогүй учир гэрээнээс татгалзаж, хохирол 37,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага үндэслэлгүй.

Түүнчлэн, ажил гүйцэтгэгч нь гараашийн дам нурууны засварын ажлыг хийж гүйцэтгээгүй, түүний хийж гүйцэтгэсэн дээврийн их засварын ажлын улмаас гараашийн дам нуруу гулзайж, хонхойсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир гараашийн дам нурууг шинээр хийлгүүлэх сөрөг шаардлага мөн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхээс Э.У.К.ДХХК-д холбогдуулан гаргасан О.ХСӨХ-ны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдоос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252,560 төгрөг, хариуцагчаас төлсөн 562,831 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР