| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419001940233 |
| Дугаар | 2024/ДШМ/55 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/55
Ж.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Б давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Ж.Б холбогдох 2419001940233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Б,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн * баг Хөрс шатахуун түгээх станцын урд талын босоо тэнхлэгийн А0102 дугаартай авто зам дээр * улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёото Алфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх, 12.4 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна талд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх, 12.6 /в/ дэх хэсэгт заасан “Хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтуудыг зөрчиж замын зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас С.Ө эрүүл мэндэд "...1 дүгээр нугалмын их бие, зүүн талын ламин дайрсан шахагдсан бяцарсан хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуунд зулгаралт..." бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
шүүгдэгч Ж.Б оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б замын зардалд 2.126.759 төгрөг, эмчилгээний зардал 1,710,562 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,220,000 төгрөг, нийт 15,057,321 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ө олгож, хохирогчийн нэхэмжилсэн ББСБ-аас авсан зээлийн төлөлтөд 15,363,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Ж.Б давж заалдсан гомдолдоо: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 гаар зүйлд зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул энэ талаар маргахгүй.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь эсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ял оноосон. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байна, эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.
6.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулна гэж заасан учраас шүүгдэгч Ж.Б гаргасан гомдол нь үндэслэлгүй байна анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Ж.Б тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шударга ёсны зарчим” болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцжээ.
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж, тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн * баг Хөрс шатахуун түгээх станцын урд талын босоо тэнхлэгийн А0102 дугаартай авто зам дээр * улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёото Алфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх, 12.4 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна талд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх, 12.6 /в/ дэх хэсэгт заасан “Хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчиж, зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ө эрүүл мэндэд "...1 дүгээр нугалмын их бие, зүүн талын ламин дайрсан шахагдсан бяцарсан хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шуунд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С.Ө мэдүүлэг, техникийн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, иргэний нэхэмжлэгч Ч.Цоодолын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн байна.
4.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч “...эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, хангах үндэслэлгүй.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус хуульчилсан учир шүүгдэгчийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хассан” ялаас чөлөөлөх үндэслэлгүй.
Түүнчлэн зам тээврийн осолд холбогдсон жолооч нь “...тухайн ослын талаар цагдаагийн байгууллага/ажилтан/-д яаралтай мэдэгдэх үүрэгтэй учир энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзэхгүй мөн шүүгдэгч Ж.Б гэмт хэргийн улмаас хохирогч С.Ө учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул эдгээр дурдсанд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанд үндэслэн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрх хасах ялаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
5.Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн.....27.10 дугаар зүйл/Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж,
мөн хуулийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байна” гэж тус тус хуульчилсан бөгөөд хэрэгт хохирогч С.Ө сэтгэцэд гэмтэл учирсныг нотолсон баримтгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “...шүүгдэгч Ж.Б сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,220,000 төгрөг гаргуулан хохирогч С.Ө олгох” гэснийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “сэтгэцэд учирсан хохирол гаргуулахтай холбоотой 11,220,000 төгрөг” гэснийг хасаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/198 шийтгэх тогтоолын 7 дугаар заалтын “...511 дүгээр зүйлийн 511.3-т ...сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,220,000 төгрөг, нийт 15,057,321 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ө олгож,” гэснийг хасаж,
8 дугаар заалтад “Хохирогч С.Ө сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,220,000 төгрөг гаргуулахтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.” гэж өөрчилж, 8,9 дугаарыг 9, 10 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА