| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04929/И |
| Дугаар | 191/ШШ2025/04941 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04941
| 2025 06 02 | 191/ШШ2025/04941 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н******* ф******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н*******-*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н******* ф******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Б.Н*******-*******э нь 2023 оны 07 сарын 27 -ны өдөр ******* дугаартай зээлийн эрхийн гэрээ 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, 3,5% хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан болно.
Дээрх зээлээ төлөлгүй 593 хоног өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй.
Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 сард нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32024/08920 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна.
Иймд Б.Н*******-*******э /*******/-Г эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н******* ф******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч Н******* ф******* ББСБ ХХК нь Б.Н*******-*******ээс зээлийн гэрээний үүрэгт 2,925,135 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хүсэлт гаргагч нь өөрөө Б.Н*******-*******эийн хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.
2. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н*******-*******ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ын Н*******-*******э /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б*******ын Н*******-*******э /рд:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг ийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:*******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ