Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Ц.Сүхбат;

шүүгдэгч: С.Гантөгс (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сосорбурамын Гантөгс холбогдох эрүүгийн 1809009330236 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14 дүгээр гудамжны 734 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ67101615 регистерийн дугаартай, Борлог овогт Сосорбурамын Гантөгс.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Гантөгс нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14-374 тоотод эхнэр Р.Одгэрэлтэй “муу мах авсан” гэж маргаж улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, тус гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Одгэрэлийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гантөгс мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийг 6-7, 12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2596 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/, С.Гантөгсийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, С.Гантөгсийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-32/, С.Гантөгс, Р.Одгэрэл нарын хүсэлт /хх-ийн 33-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Гантөгс нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14-374 тоотод эхнэр Р.Одгэрэлийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Р.Одгэрэлийн /хх-ийн 7, 13/: “... Намайг гэртээ ирэхэд манай нөхөр болох Гантөгс нь шалан дээр, Од гэх найз нь орон дээр согтуу унтаж байсан. Би Одыг “хариач” гэж хэлсэн чинь боссон. ...Манай нөхөр надад “манай найзыг хөөлөө" гэж хэлснээ “чиний авсан мах чинь муу мах байна” гэж хэлэхээр нь би “эргүүлээд солих гэж байхад чи эвдээд чанасан байна ш дээ” гэж хэлсэн. ... Нөхөр бид хоёр махнаас болж маргалдсан. Манай нөхөр намайг босож ирээд толгой хэсэг рүү балбаад намайг багалзуурдаад “ална” гээд байсан. ... Миний нүүрэн тус газар гараараа цохиод толгой руу 5-6 удаа цохиод байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

С.Гантөгсийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 14, 20/: “... Гэр бүлийн жижиг маргаанаас болоод муудалцаад түлхэх гэж байгаад цохисон. Би  эхнэр Р.Одгэрэлийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

С.Гантөгсийн буруутай үйлдлийн улмаас Р.Одгэрэлийн биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, доод уруулд язралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2596 тоот дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

“Муу мах авлаа” хэмээн буруутгаж өөрийн эхнэр Р.Одгэрэлийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Гантөгсийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Гантөгсийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Р.Одгэрэл нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх С.Гантөгсийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Борлог овогт Сосорбурамын Гантөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантөгсийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантөгсөд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантөгс торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гантөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ